П.Сайнзориг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн бүх хэрэгт хорих ял оногдуулахаар байсныг өөрчилсөн

П.Сайнзориг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн бүх хэрэгт хорих ял оногдуулахаар байсныг өөрчилсөн

Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулийн дараа орохуйц чухал хуульд тооцогддог Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригтой ярилцлаа.

-Эрүү, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг ямар шалтгаанаар хойшлуулсан юм бэ?

-Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгыг  2015 оны 12 дугаар сард баталсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Хуулийг хэрэгжүүлэх хугацааг анх 2016  оны 9 дүгээр  сарын 1 байхаар тогтоосон. Гэвч тодорхой шалтгааны улмаас хуульд өөрчлөлт оруулж, хэрэгжих хугацааг УИХ 2017  оны 7 дугаар сарын 1 болгосон. Яагаад ингэж хойшлуулсан бэ гэхээр Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх гол процессын хуулиуд УИХ-аас ёсчлогдоогүй байсан. Үүнийг дагаад тодорхой бэлтгэл ажлууд хойшилсон, гарах ёстой байсан 80  гаруй дүрэм журам батлагдаагүй. Хуулийг хэрэгжүүлэх суурийг бэлдэх сургалт хийгээгүй байсан л даа. Хуулиа хэрэгжүүлэхийн тулд сууриа буюу бэлтгэлээ сайн хангасан байх учиртай. Энэ талд бид анхаарч ажиллаж байна. Мөн процессын хуулиудыг боловсруулж, намрын чуулганд багтаад өргөн барихаар зорьж байна. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьчихсан.

-2002 оны Эрүүгийн хуулийг шоронжуулсан хууль гэж ярьдаг байсан. “Үүнийг өөрчилсөн ялын бодлогыг шинэ төрлүүдийг нэвтрүүлсэн сайн хууль баталлаа” гэж яриад байсан шүү дээ. Яагаад дахиад нэмэлт өөрчлөлт  оруулахаар болчихов?

-Эрүү, Зөрчлийн хуулийн цэг таслал бүрийн ард хүний амь амьдрал, эрх чөлөө холбоотой байдаг их чухал хуулиуд л  даа. Тэгэхээр маш хянуур хандаж, хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх талд анхаарах шаардлагатай байсан. Эрүүгийн хуулийг засч сайжруулмаар байна гэж аль дээрээс л эрдэмтэн судлаачид дуугарч эхэлсэн. Тиймээс ч шинээр баталсан Эрүүгийн хуульд шоронжуулах байдлыг халахаар зорьсон. Гэвч эсрэгээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бүх гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заасан. Хорих ялын доод хэмжээ 7 хоногоос эхэлж байгаа шүү дээ. Монгол шиг өргөн уудам нутаг дэвсгэртэй газарт энэ заалт хэрэгжих үү. Алслагдсан аймгаас тухайн хүнийг авчрахад хэдэн хоног зарцуулагдах вэ гэдгийг бас бодолцох ёстой. Дээр нь долоо хоног ч бай долоон жил бай шоронд орж байсан гэх яриа насан туршид нь сүүдэр мэт дагахвий гэх болгоомжлол гарч байгаа. Түүнээс гадна ялын бусад төрөл хэлбэрийг илүү өргөнөөр ашиглах асуудлууд байгаа. Тодорхой зүйл анги дээр хорих ялыг оногдуулахгүй байх.  Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өөр төрлийн ял оногдуулах, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг нь хязгаарлах гээд 68 зүйл анги дээр нийтэд тустай ажил хийлгэх ял нэмж оруулахаар хөндөгдсөн. Үг, утга найруулгын нэлээд засвар хийж байгаа.

 -“Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана“ гэж ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлсэн байна лээ. Энэ чиглэлд ямар өөрчлөлт орсон бэ?

 -Улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц зарим  гэмт хэргийн шинжийг өөрчилж, ялыг бодлогыг чангатгаж байгаа. Эдийн засгийн гэмт хэрэг, Авлигын гэмт хэрэг, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлого хэт сул, зарим томьёолол нь гэмт хэрэгтний ял завшуулах боломж үүсгэсэн байсныг чангалж, гэмт хэрэгтэнд ял завшуулах нөхцлийг бүрдүүлэхгүй байхад анхаарсан.

 -Хүн хулгайлах хэрэгт оногдуулах ял мал хулгайлахад оногдуулах ялаас бага байна гэж яриад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

-Тусгай ангийн тодорхой заалтууд  зарим төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг эргэж харж үзсэн. Хүн хулгайлах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн дээр  1-5 жил хорих ял оногдуулахаар хуульчилсан байхад мал хулгайлах гэмт хэрэг дээр 2-8 жил байх жишээтэй. Энэ мэтчилэн алдаа, гажуудлыг засч сайжруулсан байгаа.

- Залилангийн хэрэгт оногдуулах ялыг чангалж байгаа гэсэн үнэн үү?

-Залилангийн хэрэг үйлдсэн этгээд хэрэг бүртгэл, шүүхийн шатанд хохирлоо барагдуулсан бол гэмт хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульд заасан байсан. Энэ нь монголчуудын “Урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө” гэгчээр нэг этгээдийг залилж, нөгөөгийнх нь хохирлыг барагдуулах замаар өрийн сүлжээ бий болох эрсдлийг үүсгэж байгаа юм. Энэ байдлыг засахад анхаарсан.

Ярилцсанд баярлалаа

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай