Хулгайч

Хулгайч

Шар хадны эцэст хамаатныдаа хоночихоод ажил цуглахаас цаг хагасын өмнө гарсан ч хоцорчихов бололтой. Хотын төв бараадтал хаа ч байсан юм. Түгжрэлд цаг хугацаагаа хумслуулж яваа зовлон нэгт “нөхдийн” маань олонх гар утсаараа оролдож, чихэвчээр дуу сонсож, цонхоор ширтэж, шал гөлрөн, зарим нь өглөө дутуудуулсан нойроо энэ зуурт нөхөж буй харагдана. Дахиж олдохгүйгээр өнгөрөн оддог, одсоор ч байгаа цаг хугацааны үнийг мэддэг ч түгжрэл мэтийн зам зуурын “хулгайчид” тавиад туучихдаг хэрнээ огт харамсдаггүй нь сонин.

Хийх юмаа олж ядахдаа би тооны машин гаргаад автобусанд өнгөрүүлдэг хугацаагаа тооцоолов. Өдөрт хоёр цагийг түгжрэл дунд сулдаа ганхан жороолдог гэж бодвол жилд 730 цаг, оюутнаас гавьяаныхаа амралтыг эдлэх хүртэлх 37 жилийн хугацаанд ойролцоогоор 27.010 цагийг юу ч, бүр юу ч хийлгүй өнгөрүүлдэг аж. Монголчууд дунджаар цагт 1428 төгрөгийн цалин авдаг гэхээр 38.5 сая төгрөг “будаа” гэсэн үг.

Үүнээс гадна бид цаг хугацаа гэх энэ бэлгээ ухаалаг технологиор дамжуулж үнэгүйдүүлдэг болжээ. Нотингэмийн Трэнт их сургуулийн эрдэмтэд 18-33 насныхны дунд судалгаа хийж, хүмүүс өдөрт дунджаар таван цагийг гар утас, зурагт, компьютерт зориулдгийг тогтоосон байна лээ. Тэгэхээр бид 10 наснаасаа хойш ухаалаг технологитой нөхөрлөөд 80 насална гэж үзвэл 127.750 цаг буюу бүхэл бүтэн 14 жилийг сайн дураараа “дээрэмдүүлдэг” байх нь.

Энэ хугацаанд дунд болон их сургууль дүүргэнэ гээд бод доо. Хааяахан идэж, ууж, наргиж цэнгэн, гудамж “метрлэж”, зугаалсаар цаг хугацааны хулгайчийг аз жаргал өгдөг гэж эндүүрэн луйвардуулснаа хожим л ойлгох бололтой. Ингэж бодохтой зэрэгцээд хөдөлмөрлөсөөр түүнийхээ үр шимийг хүртэж, өдгөө төр, түмэндээ хүндлэгдэж суугаа ахмадуудаас ярилцлага авахдаа “Хэрэв буцаж залуу болбол та юу хийх вэ” гэж асуухад хэлэлцсэн мэт бүгд “Илүү ихийг л амжуулах байсан. Ямар их цагийг дэмий өнгөрүүлсэн юм бэ гэж харамсдаг” хэмээн хариулцгаасан нь санаанд буув.

Яалтай ч билээ, энэ түгжрэлийг. Гэхдээ автобусаар зорчих зууртаа нүдний дасгал хийх ч юм уу, түүх, уран зохиол, гадаад хэлний сонсдог ном ашиглаж мэдлэгээ дээшлүүлэх зэргээр цаг хугацааны хулгайчтай тэмцэх боломж бий. Харин хамгийн том дайсан залхуурлаа л эхлээд дарчихвал...

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай