Ш.Туяа: Охиныхоо сонирхол, авьяасыг үгүйсгэж чадаагүй

Хошин урлагийн тайзнаас үзэгчдийн танил болж, өдгөө “U” фильм байгуулан, дэлгэцийн дөрвөн ч бүтээлээ олны хүртээл болгож, “Итгэлийн танхим” ТББ-аараа дамжуулан зургаан эмнэлгийг тохижуулан “гялалзаж” яваа уран бүтээлч бол Г.Ундармаа. Уран бүтээлийнхээ их ажлын хажуугаар сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж яваа энэ бахархмаар бүсгүйн ээж Ш.Туяаг “Ижий” буландаа урилаа.

Говь-Алтай аймгийн ардын дуу, бүжгийн “Алтай” чуулгад 30 жил тасралтгүй ажилласан түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Төрсөн нутаг, усны тань тухай асуултаар ярилцлагаа эхэлье. Таны хүүхэд нас хаана өнгөрөв?

-Би Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул. Миний аав, ээж ч энэ нутагт төрж, өссөн юм.

-Та санаандгүй тохиолдлоор урлагт хөл тавьсан юм билээ. Тэр тухайгаа дурсаач.

-Намайг наймдугаар ангид ордог жил ардын дуу, бүжгийн “Алтай” чуулга байгуулагдсан юм. Нэг өдөр манай сургуульд хотоос хүмүүс ирж анги бүрээр орж хүүхдүүдийг ажиж явав. Хүүхэд юм болохоор ариун цэвэр, дэг журам шалгаж яваа юм байлгүй л гэж бодлоо. Гэтэл тэр хүмүүсийн нэг нь манай ангийн хүү бид хоёрыг заагаад “Энэ хүүхдүүдийн нэрийг тэмдэглээд ав” гэдэг юм байна. Дотор пал гээд л явчихсан.

Одоо бодоход Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Гочоосүрэн тэргүүтэй алдартнууд байсан билээ. Хэд хоногийн дараа сургуулийн захирал өрөөндөө дуудлаа. Яваад очтол “Соёлын ордонд яваад оч. Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулга байгуулж байгаа. Тэнд очиж шалгуул” гэв. Багаасаа урлагт сонирхолтой, сургуулийнхаа урлагийн үзлэгт байнга шүлэг уншиж, бүжиглэж оролцдог болохоор шалгуулахдаа эмээгээгүй.

-Ингээд л наймдугаар ангийн сурагч чуулгын бүжигчин болчихсон уу?

-Тэр үед би 15 настай байлаа. Тиймээс чуулгын удирдлагууд манай аав, ээжээс зөвшөөрөл авч байж намайг бүжигчнээр элсүүлсэн. Эхэндээ ч сургуулиасаа гарч бүжигчин болно гэхэд эвгүй санагдсан. Гэхдээ урлагт сонирхолтой, дээр нь аав, ээж маань зөвшөөрчихсөн болохоор чуулгад ажиллахаар шийдсэн дээ.

Ингэж л анх Алтай чуулгын босгыг давж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Гочоосүрэн, Гавьяат жүжигчин Д.Нанжид, Б.Дэлэгдорж зэрэг мундаг багшаар хичээл заалгасан.

-Тайзан дээр бүтээсэн анхны дүр тань хэн байсан бэ?

-“Орос бүжиг” гэж гоцлол бүжиг бүжиглэдэг байсан. Хостойгоо үнсэлцээд төгсдөг. Тэгэхэд хүүхэд болохоор чадахгүй, багшдаа их загнуулж билээ. Тэр миний анхны дүр байсан юм.

-Анхны цалингаа юунд зарцуулж байв. Тэр үеийн бүжигчид хэдэн төгрөгийн цалин авдаг байсан бэ?

-Дагалдан жүжигчин болоод 250 төгрөгийн цалин авч байлаа. Анхны цалингаасаа аав, ээждээ 100 төгрөг өгч, дүү нартаа цүнх авч, дотор нь дүүрэн чихэр, жимс хийгээд явуулж байсан санагдана.

-Мэргэжлийн сургуульд нь сураагүй болохоор шантрах үе бишгүй л гарсан байх даа.

-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ хэзээ ч больё, орхиё гэж бодож байгаагүй. Зовж бүтээсэн дүр хамгийн сайн нь болдог юм билээ. “Оч” бүжгийн цомнолыг манай чуулгад тавилаа. Уг цомнолд ганц хүүгээ ном сургахаар ламд шавь оруултал багш нь хүүг зодож амийг нь хороодог. Тэрийг мэдсэн ээж нь гансарч шаналсаар галзуурдаг тухай өгүүлдэг юм.

Энэ цомнолд ээжийн дүрийг бүтээхэд их шантарч байсан даа. Бүжгээр галзуу хүний дүрийг илэрхийлэх амаргүй юм билээ. Дээр нь тухайн үед би таван сар гаруйтай хөл хүнд байлаа. Гэхдээ бид азтай. Учир нь, хүмүүсийн хообий, ажил хоёр тусдаа байдаг бол би хүсэл мөрөөдөл дундаа амьдарсан.

-Ханийнхаа тухай яриач. Анх хэрхэн танилцаж байв?

-Миний ханийг Л.Гончиг гэдэг. Баянхонгор аймгийнх. Манай нутгийн Анагаах ухааны сургуульд багшлахаар ирсэн юм. Нэг өдөр би эмнэлэгт хэвтэж байгаа хүнд хоол, цай өгчихөөд гарах гэтэл нэг цэвэрхэн, соёлтой залуу хаалга нээж өглөө. Манай нутагт харагдаагүй хүн байхаар нь дотроо “Энэ сүрхий соёлтой залуу хаанаас гараад ирсэн юм бол” гэж бодоод л өнгөрсөн.

Манай чуулгын гэрэлтүүлэгч залуутай найз байсан юм билээ. Түүнээс миний тухай их асуудаг байсан гэсэн. Үргэлж миний хооллодог цайны газарт орж ирж тааралддаг байлаа.

Тэгээд нэг л мэдэхэд танилцаж, болздог болсон доо. Удалгүй нэг гэртээ орж, охиноо төрүүлсэн. Тэр цагаас хойш бид 40 гаруй жил хамтдаа сайхан амьдарсан. Одоо бодоход хүний хань гэдэг яг л заяадаг юм билээ.

-Бүжигчин хүнд биеийн галбир их чухал. Тийм ч болохоор олон хүүхэд төрүүлдэггүй байх?

-Бүжигчин хүн олон хүүхэд төрүүлэх хэцүү. Биеийн галбираа алдахаас гадна бэлтгэл сургуулилалтаа таслах болно. Би охиноо 22, хүүгээ 26 настайдаа төрүүлсэн. Тухайн үед уран бүтээлүүд их чанартай бүтдэг байсан даа. Нэг шинэ уран бүтээл үзэгчдэд хүргэхийн тулд олон ч хяналт, шалгалт давж байж тоглох эрх авдаг байлаа.

Чуулгынхаа гоцлол бүжигчин, бүх тоглолтод оролцдог байсан болохоор хөл хүнд боллоо гэхэд багш нар загнадаг л байлаа. Насныхаа залууд хүүхдүүдээ төрүүлсэндээ баярладаг шүү.

-Олон хоногоор томилолт, тоглолтоор явах үе бишгүй байсан байх. Нөхөр тань ар гэрээ даагаад үлддэг байсан байх даа.

-Тэр үед хатуу байжээ. Заавал бригадаар явах ёстой. Гоцлол бүжигчин учраас миний нэр жагсаалтын эхэнд бичигддэг байв. Тэгэхдээ бүр 45-60 хоногоор явна.

Энэ үед хань маань хүүхдүүдээ хардаг байсан. Бүр боломжгүй үедээ хүүхдээ аваад явна. Зил-153 машины тэвшинд суугаад сумаас сум руу, өвөл, зунгүй л явдаг байлаа. Охин маань надтай байнга л хамт явсан даа.

-Тэгвэл та л охиноо урлагт уруу татжээ?

-Миний охин их сэргэлэн хүүхэд байлаа. 4-5 настайдаа надтай бригадаар явахдаа тоглолтын гараа бүрт миний ээмэг, зүүлт, хувцас, өмсгөлийг бэлдээд тавьчихдаг, тоглолтын дарааллыг цээжилчихээд “Одоо тэр номер гарна. Таны бүжиг болох гэж байна” гээд хүн бүрт сануулаад л гүйж явдаг байв. Угаас урлагийн хүн болох л байсан байх.

-Жүжигчин болно гэхэд нь эсэргүүцээгүй юү?

-Эхэндээ жаахан дурамжхан хүлээж авсан шүү. Урлаг ямар хатуу, ялангуяа эмэгтэй хүнээс ямар их золиос шаарддагийг мэдэх учраас тэр. Гэхдээ охиныхоо сонирхол, авьяасыг үгүйсгэж чадаагүй.

-Г.Ундармаа багадаа авьяаслаг охин байсан уу?

-Урлагт их дуртай охин байсан. Байрныхаа хүүхдүүдтэй нийлж театр байгуулаад гэрийн гадаа дуулж, бүжиглэнэ.

Нэг удаа бригадаар яваад ирсэн чинь бүжгийн уралдаанд оролцоод алтан медаль авсан гээд сууж байлаа. Их авьяастай, миний охин.

-Бүжигчид эрт “чөлөөндөө” гардаг шүү дээ. Дуртай зүйлээ хийж чадахгүй, гэнэт гэртээ суухад эвгүй санагдаж байв уу?

-Ёстой эвгүй. Эхэндээ ч шөнө бүр л тайзан дээр бүжиглэж байна, эсвэл тоглолт руугаа явж байна гэж зүүдэлнэ. Үргэлж хөдөлгөөнтэй амьдардаг байсан болохоор бие хөшиж байх шиг санагдаад л. Тиймээс аль болох өөрийгөө завгүй байлгаж, сатааруулахыг хичээдэг байлаа.

-Сайхан бүжиг үзэх нь хүнд уян хатан зан төлөвшүүлэхэд тустай гэж сонсож байсан юм байна.

-Хэрвээ бүжгийг хөдөлгөөн гэж үзвэл хүн эхийн хэвлийд байхаасаа л бүжиглэж эхэлдэг. Тиймээс бүжгийн урлаг хүн бүхэнд ойрхон байдаг. Тиймээс ч хүнийг хүмүүжүүлэх боломжтой урлаг.

-Монгол ардын бүжиг бусад улс үндэсний бүжгээс юугаараа онцлогтой вэ?

-Үүнийг гаднаас нь харж тайлбарлах учир дутагдалтай. Газар нутаг, түүх, соёлоосоо улбаалаад үндэстэн бүрийн бүжиг өөр. Нүүдэлчдийн соёл бусдаас өөр учир ялгаатай гэж тайлбарлах хэрэгтэй байх.

Манай ардын бүжиг хөл, гарын уран нарийн хөдөлгөөн, нүүрний хувирал зэрэг нь илүү шүү.

-Танайх Улаанбаатар хотод хэзээнээс суурьшсан юм бэ?

-1996 онд охиноо СУИС-д элсэлтийн шалгалт өгч тэнцэхэд бид нутгаасаа гарсан даа. Эрдэнэтэд хэдэн жил амьдраад, дараа нь Улаанбаатарт нүүж ирсэн.

-Жүжигчин гэдэг хэцүү мэргэжил. Цаг наргүй, өвөл, зунгүй, хот, хөдөөгүй л ажиллах хэрэг гарна. Нойр, хоолоо хугаслах нь энүүхэнд. Охиноо ингэж ажиллаж байгааг хараад өрөвддөг үү?

-Гаднаас нь харахад сайхан мэргэжил. Дуулаад, бүжиглээд л. Гэхдээ түүний цаана асар их хүч хөдөлмөр, тэвчээр, ур ухаан байдгийг тэр бүр хүмүүс анзаардаггүй.

Жүжигчин хүн гэр бүлдээ цаг зав гаргаж, анхаарал хандуулахаас гадна өөрийн бүтээх дүрээ сайн болгохын тулд ухаанаа зарж, сэтгэл зүрхээ зориулдаг.

-Тийм болохоор охиноороо их бахархдаг байх даа?

-Охиноо урлагийн хүний гэгээн, цагаан, сэтгэл сайхантай, өрөвч зан чанаруудыг өөртөө шингээснийг хараад бахархдаг. Хүн сэтгэлийн амар амгаланг эдлэх л хамгийн сайхан гэж би боддог.

Миний охин эзэмшсэн мэргэжил, хийж буй ажилдаа эзэн болж, сэтгэл хангалуун амьдарч байгаа. Ханиа зөв сонгон, тэгш амьдарч байгаа нь бахархал шүү дээ.

-Г.Ундармаа хэр сайн эгч вэ. Эрэгтэй дүүтэй гэсэн байх аа?

-Мундаг шүү. Дүүдээ маш сайн анхаарал тавина. Ер нь миний хоёр хүүхэд нэг нэгэндээ амь. Багаасаа л тийм байсан. Манай хүү гурван хүүтэй. Тэдний дунд хүү бараг л Ундармаагийн хүүхэд шиг л байдаг. “Ээж ээ” гэж дууддаг. Ундармаа ч байнга л дагуулаад явж байдаг юм.

-Та хүүхдүүддээ юуг хамгийн их захидаг вэ?

-Багад нь хүүхдүүддээ хувийн зохион байгуулалттай, аливаад сэтгэлээсээ ханддаг бай гэж хэлдэг байлаа. “Орой унтахдаа маргааш хийх ажлаа төлөвлө. Тэгвэл өглөө зорилготой сэрдэг юм” гэж аав нь заасан.

Би аливаа зүйлийн тунг тохируулж амьдар. Хэтэрхий сагсуурч, өөртөө эрдэж болохгүй. Гэхдээ уруу дорой, унжгар байж бас болохгүй. “Би чадна. Бүх зүйл сайхан болно” гэсэн өөдрөг бодолтой байхыг хүүхдүүддээ захидаг.

-Жүжигчин Г.Ундармаагийн тохижуулсан “Итгэлийн танхим”-ын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Охиныхоо хийж буй энэ сайхан ажлыг дэмждэг биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Миний охин сайн үйлс бүтээж байгаа нь үр хойчид маань буян болж үлдэнэ.

-Охиныхоо тоглолт, киног алгасалгүй үздэг байх. Та урлагийн хүний үүднээс санал, шүүмжлэл хэлдэг үү?

-Анх тэр үзэгдлийн тэрийг тэгчихвэл гээд л алдааг нь олж хараад байдаг байлаа. Харин сүүлийн үед огшоод байдаг болсон. Тоглолт, кинонуудыг нь үзээд “Миний охин сайн жүжигчин болжээ” гэж бахархаж суудаг даа.

-Ямар дүрд нь та илүү дуртай вэ?

-“Single ladies-2” кинонд миний охины “Гийнгоо” дууг караокэд дуулж буй хэсэг гардаг даа. Дуулж дуусаад нэг их хөөрхөн царай гаргадаг юм. Тэр хэсгийг үзэх их дуртай. Киноны дүр гэхээсээ илүү өөрийнх нь араншин харагдаад байдаг.

-Охины тань ямар зан тантай төстэй вэ?

-Би Ундармааг бодвол даруу талдаа. Манай охин их сэргэлэн шүү дээ. Аавыгаа дуурайчихсан. Би аливааг их төлөвлөж, бодож байж хийдэг юм. Тэр зан нь надтай төстэй шүү.

-“Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй” гэдэг дээ. Г.Ундармаад таны тэсэж чаддаггүй муу зуршил байдаг уу?

-Ажил, амралтаа хослуулж чадахгүй байгаа нь таалагддаггүй. Амарна гэж ер байхгүй. Өдөр утсаар ярихад “Хоолоо идэж амжаагүй л явж байна” гэх жишээтэй.

Ажил, ажил гэж гүйж яваад шургаад унах вий гэж эмээдэг юм. Бас хэт шударга зантай. Цаад хүн нь гомдчих вий гэж бодолгүйгээр санаснаа шулуухан хэлчихдэг. Энэ өөрийнхөөрөө зан нь хүмүүсийн дургүйг хүргэх вий дээ гэж санаа зовдог.

-Охиныг тань сайн, муугаар хэвлэлд бичдэг. Үүнд та эмзэглэдэг үү. Охиноо өмөөрмөөр санагддаг уу?

-Өөрөө урлагийн хүн болоод ч тэр үү, огт эмзэглэдэггүй. Арван хуруу тэгш байна гэж байхгүйгээс хойш бүгдэд таалагдах гэж хичээх ч хэрэггүй.

-Таны охиныг танихгүй хүн ховор. Энд тэнд явж байхад хүмүүс охины тань тухай ярилцахыг сонсож байсан уу. “Энэ миний охин” гээд бахархаж хэлмээр санагддаг байх.

-Тийм үе байдаг шүү. Гэхдээ хэлээ хазаад л өнгөрдөг. Би тусдаа, Ундармаа тусдаа ертөнц. Охиныхоо ертөнцийг би хүмүүст сайрхаж яах ч юм билээ.

-Та хамгийн сүүлд хэзээ хүүхдүүдээ өвөртөлж унтсан бэ?

-Өнгөрсөн долоо хоногт, “Амьдралоги” киноных нь нээлтийн өмнөхөн охиноо өвөртөлж унтсан шүү. Одоо ч охиноо үнсэх биш, охиндоо үнсүүлдэг болж. Гэрт ирээд явахдаа, уулзах бүртээ л ээжийгээ үнсдэг юм.

Хүү маань ч бас надтай унтах дуртай. Манайд ирэхээрээ эрхэлж, эрхэлж л явдаг юм. Хүүхдүүдээ хэчнээн том болсон ч тэвэрч, өвөртөлж унтах сайхан. Багынх нь хөөрхөн үе нүдэнд харагдаад л, хэрхэн сахилгагүйтэж, хөглөж байсан нь санагддаг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

Илгээх

Энэ тухай