“Менежерүүд” маргаанаа эцэслэж, даалгавраа авлаа

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг тухайн онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох, харилцан мэдээлэл солилцох, Засгийн газрын гишүүд, аймгийн удирдлагууд хэрхэн хамтран ажиллах талаараа он гарангуут ярилцдаг уламжлалтай.

Энэ дагуу аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар болж байна. Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх анхны жилийн уулзалтад Засаг дарга нар бүрэн цуглажээ. Маргаан дагуулж байсан Увс, Сүхбаатар аймгийн удирдлагуудын асуудал үндсэндээ шийдэгдэж, орон нутагт Засгийн газрын элч, төлөөлөгч болон ажиллах “менежерүүд”-ийн баг бүрэн болж, төрийн үйл ажиллагааг гацааж, улстөржихгүйгээр явуулах нөхцөл бүрдсэн байна. Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханыг Засаг даргаар батламжилсан Ерөнхий сайдын захирамж Үндсэн хуулийн цэцэд очихтой хамт шийдвэрээ хүчингүй болгосон Ж.Эрдэнэбат сайд түүнийг хоёр дахиа Засаг даргаар батламжилсан байна.

Мөн Сүхбаатар аймгийн Засаг даргаар З.Энхтөрийг сонгосон ИТХ-ын шийдвэр нь хууль бус гэж шүүхэд хандсан экс Засаг дарга Ж.Батсуурийн нэхэмжлэлийг Дээд шүүх хүчингүй болгосноор асуудал эцэслэж буй хэрэг. Аймгуудын удирдлагуудад бүх сайд мэдээлэл хийсэн бөгөөд өнөөдөр сайд болон Засаг дарга нар хамтран ажиллах гэрээ байгуулна.

Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон Засгийн газрын бүтцийн бүх гишүүн, ажилтан албан хаагч батлагдсан төсөвтөө багтаан үр дүнтэй, харилцан уялдаатай, тансаглалаас татгалзан, үлгэр жишээ ажиллах ёстой. Та бүхэн салбарын сайд бүртэй гэрээ байгуулж байгаа нь хариуцлагын зарчмыг улам чангатгаж, сахилга батаа сайжруулахын төлөө хийж буй алхам юм. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудыг 2017 оны батлагдсан төсвийн хүрээнд ярилцана гэдгийг анхаарах хэрэгтэй” хэмээн онцгойлон анхааруулсан.

Гэвч бараг бүх Засаг дарга аймаг, сумынхаа тэр сургууль, энэ цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгөөч гэж зовлон тоочиж байлаа. Аймаг, нийслэлийн удирдлагууд өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзах бөгөөд үдээс хойш бүх Засаг дарга БНСУ-ыг зорих гэнэ. Тэд тэндхийн “Шинэ тосгон” хөдөлгөөний туршлагаас судлах аж.

Зарим аймгийн Засаг даргатай уулзаж, цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

ТӨЛӨӨЛӨГЧИЙН ТОО ТЭНЦҮҮ БАЙГАА УЧРААС ХУРАЛ ЯВУУЛАХАД АМАРГҮЙ БАЙХ БОЛОВ УУ

З.Энхтөр (Сүхбаатар аймгийн Засаг дарга):

-Намайг Засаг даргаар томилсон ИТХ-ын анхдугаар хуралдаан хууль зөрчөөгүй болохыг өнгөрөгч сарын 20-нд Дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн. Улмаар бид ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаанаа арванхоёрдугаар сарын 21-нд хийж, 2016 оны төсвөө тодотгож, хүлээгдэж байсан зарим асуудлыг шийдвэрлэсэн. Одоо бид 2017 оны төсөв, төлөвлөгөөгөө, Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг томоохон асуудлаа ойрын хугацаанд хэлэлцэн батална. Эдгээр баримт бичгийн төсөл бэлэн болсон, зөвхөн хуралдах л үлдээд байна. ИТХ дахь МАН-ын нэг төлөөлөгчийн бүрэн эрхийг аймгийн Сонгуулийн хорооноос түдгэлзүүлсэн талаар шүүхийн шатанд маргаан үүсгээд явж байгаа. Энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэх байх. Энэхүү төлөөлөгчийн бүрэн эрхийг сэргээхээр шийдвэрлэвэл Сүхбаатар аймгийн ИТХ-д МАН 17, АН 16 төлөөлөгчтэй болох юм. Одоогоор төлөөлөгчдийн харьцаа 16:16 байгаа.

-МАН-ын нэг төлөөлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн гээд дахин сонгууль явуулж, АН-ын нэр дэвшигч ялалт байгуулсан биз дээ?

-Сонгуулийн дараа буюу долдугаар сарын 19-нд ИТХ-ын 33 төлөөлөгч бүгд бүрэн эрхтэй байсан. Долдугаар сарын 29-нд Сонгуулийн хорооноос МАН-ын нэг төлөөлөгчийн бүрэн эрхийг хүчингүй болгосон. МАН-ын төлөөлөгч Сонгуулийн хорооны шийдвэртэй холбоотойгоор шүүхэд хандаад байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ маргаан эцэслэсний дараа дахин сонгуулийн дүнг хүлээж авах, эсэх нь тодорхой болох юм. ИТХ дахь МАН, АН-ын төлөөлөгчдийн тоо тэнцүү байгаа учраас хурал явуулахад амаргүй байх болов уу. Гэхдээ аймаг болон иргэдийнхээ эрх ашгийн үүднээс төсөв, үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрөө батлаад явах нь зүйтэй. Энэ сардаа багтаагаад эдгээрийг баталж чадвал асуудал үүсэхгүй байх. Гэхдээ өнгөрөгч таван сарын хугацаанд дээрх маргаанаас болж ажил цалгардсан, хариуцлага алдсан зүйл байхгүй ээ.

500 ТОНН ТЭЖЭЭЛ НӨӨЦӨД НЭМЖ БЭЛТГЭСЭН

А.Гылымхан (Баян- Өлгий аймгийн Засаг дарга):

-Өнгөрөгч арваннэгдүгээр сарын сүүлчээр уулархаг нутгаар буюу Булган, Сагсай суманд нэлээд цас орсон. Засгийн газар болон хөрш, зэргэлдээ аймгийн сумдад санал тавьж, оторт гарах асуудлыг шийдсэн. Одоогоор Булган аймгийн 60 мянга орчим мал Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут суманд оторлож байна. Одоо нэмж цас орохгүй бол гайгүй ээ. Ер нь өвлийн бэлтгэлээ сайн базаасан. Өвс, тэжээлийн нөөцийг сум бүр сайтар бэлдсэн. Сая 500 тонн тэжээл нөөцөд нэмж бэлтгэсэн. Улс орны эдийн засаг хүнд байна. Бүгдийг төр, засгаас авна гэлгүй, нөхцөл бололцооныхоо хэрээр базааж, бэлтгэн ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч өнгөрсөн онд гарсан байгалийн гамшигтай холбоотойгоор нэлээд зардал гарсан. Эдгээрийг Засгийн газраас шийдэж өгөх шаардлагатай байна.

МАЛААС ИЛҮҮ ЗЭРЛЭГ АМЬТНАА ХАМГААЛАХ АСУУДАЛ СЭТГЭЛ ЗОВООЖ БАЙНА

Д.Батсайхан (Увс аймгийн Засаг дарга):

-Төсөв хүнд байгаа ч нөөц, бололцоондоо тохируулаад ажиллаж байна. Увс аймагт хүнд өвөл болж байна. Цас нэлээд орсон, хүйтэн байгаа. Энэ сарын 17-ноос дахин хүйтрэх төлөвтэй. Улмаар зэрлэг ан амьтан амьдрах нөхцөлгүй болж, суурин газар руу орж ирж байна. Малчин, Хяргас, Зүүнговь сумын нутгийн төв суурин газарт буга, согоо ороод ирчихсэн байна. Тиймээс бид байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагад хандсан. Орон нутгийн нөөцөөс өвс, тэжээл тавьж өгсөн. Өөрөөр хэлбэл, малаас илүү зэрлэг ан амьтнаа хамгаалах асуудал сэтгэл зовоож байна. Малын отор, нүүдэл бараг хоёр сарын өмнөөс эхэлсэн. 200 гаруй км явж, өөр аймгийн нутагт отор хийж буй учраас малчид болон бидэнд зардал, чирэгдэл их гарч байгаа.

-Энд ирсэн байхыг бодоход Ерөнхий сайд таныг Засаг даргаар батламжилсан хэрэг үү?

-Өнгөрсөн хугацаанд Увс аймагт улстөржилт хэрээс хэтэрсэн. Мөрдөн мөшгиж, шүүхээс ял оноосон. Тэр дагуу Ерөнхий сайдын шийдвэр Цэцэд очсон. Шүүхээс ялтайд тооцох хугацаа дууссан гэж үзсэн учраас ИТХ дахин хуралдаж, Засаг даргаар дэвшүүлснийг Ерөнхий сайд батламжилсан.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай