Өндөржүүлсэн хамгаалалт доор шинэ оноо угтав

Олон улсад үйл явдал оргилон буцалсан 2016 оноо үдэж, 2017 оноо угтахаар Австралийн Сидней хотоос Умард Солонгосын Пхеньян хүртэл хөөрөн догдолсон олон хүн гудамж, талбайд цуглажээ. Европ болон бусад газар өнгөрсөн жилийн турш үйлдэгдсэн халдлага давтагдах аюулаас сэргийлэн дэлхийн бөмбөрцгийн олон хот аюулгүй байдлын хүч нэмэгдүүлсэн арга хэмжээн дор хуучин оноо үдэн, шинэ оноо угтан баяраа тэмдэглэлээ.

Их Британийн нийслэл Лондон хотын гудамжуудад шинэ онд шилжих шөнө цагдаагийн олон мянган нэмэлт хүч гарсан байна. Парис, Мадрид, Нью-Йоркт олон нийтийг хамарсан баярын ажиллагаа болсон төв талбайд Ницца болон Берлинд болсон шиг олон хүн цугласан газар руу гэмт этгээд автомашинтай дайран орохоос сэргийлэн бетонон, эсвэл хүнд даацын ачааны машинаар хаалт үүсгэсэн байв.

Туркийн Истанбул хотод хэв журам сахиулах 17 мянган цагдаа гудамжинд гарсны зарим нь Санта Клаус, эсвэл гудамжны худалдаачин маягаар хувцасласан тухай “Анадолу” агентлаг мэдээллээ.

Австралийн Сидней хот дэлхий даяар алдартай салютаа алдарт хөгжимчин Принс, Дэвид Боуи нарын гэгээн дурсгалд зориулан буудуулав. 1.5 сая орчим хүн гэрч нь болсон хоёр салютыг буудуулахад долоон тонн тэсрэх бодис ашиглажээ.

Номхон далайн Самоа, Тонга, Кирибати арлынхан 2017 онтой хамгийн түрүүнд буюу Гринвичийн цагаар өглөөний 10.00 цагт золгосон байна. Түүнээс нэг цагийн дараа Шинэ Зеландын Окленд хот шинэ онтой золгосноо илтгэж, төвдөө босгосон 328 метр өндөр “Sky Tower” цамхгаасаа салют буудуулжээ.

АНУ шинэ жилтэй золгоход шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсаараа дамжуулан бүх нийтэд, тухайлбал, өөрийг нь дэмждэггүй хүмүүст ч баярын мэнд дэвшүүлсэн байна.

Германы Канцлер Ангела Меркель ард түмэндээ хандаж үг хэлэхдээ исламын шашинтнуудаас үүдэлтэй терроризмыг улс орных нь хувьд гол аюул болохыг тэмдэглэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ жилийн баярыг тохиолдуулан хэлсэн үгэндээ гэр орноосоо хол улс орноо батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй иргэдээ дурсаад, тэдэнд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай