Хоол хүнсээр дархлаагаа хэрхэн дэмжих вэ

Хоол хүнсээр дархлаагаа хэрхэн дэмжих вэ

Ер нь өвчнийг эдгээхээс урьдчилан сэргийлэх нь хялбар, бас санхүүгийн хувьд дарамт багатай байдаг шүү дээ. Гадны ховор бараа биш харин дэлгүүр болгонд зарагдаж буй энгийн хүнсний ногоогоор дархлаагаа дэмжинэ гэхээр сайхан сонсогдоно, тийм биз?
Хоол хүнсэндээ анхаар.
Аливаа нян вирустэй тэмцэхийн тулд хүний биемахбодод энерги хэрэгтэй байдаг. Гэтэл ихэнх энерги бидний идсэн хүнд хоолыг боловсруулахад зарцуулагдаж байдаг гэхээр ямар хэрэг байхав дээ тийм ээ?
Хэрэв эргэн тойронд чинь хүмүүс ханиад тусаад байвал, эсвэл та ханиад хүрэх гээд байх шиг байгаа бол юуны өмнө хоол хүнсэндээ анхаарахыг зөвлөе. Фаст-фүүдээс эхлэн элдэв амттан, лаазалсан гэх зэрэг үйлдвэрийн аргаар бүтсэн хоол хүнснээс аль болох татгалзаж үз! Ийм хоолны дараа ядраад ч байгаа юм шиг, нэг л нозоорч, хэвтэж амрахаас өөр юм бодогддоггүй гэдгийг та анзаарсан л байлгүй дээ.
Өдөрт хоёрхон удаа их хэмжээгээр идэж байснаас өдрийн туршид хэд хэдэн удаа гэхдээ бага багаар хооллож сур. Шинэ ургацын, органик ногоо элбэг энэ үеийг ашиглан жимс ногоог аль болох түүхийгээр нь идэхийг хичээгээрэй.
Дархлаа дэмжигч хүнсний зүйл түлхүү хэрэглэ.
Намрын энэ өдрүүдийн хамгийн гоё нь гэвэл миний хувьд шинэ ургацын жимс, ногоо байдаг. Хаяг нь тодорхойгүй гадаад ногоог бид арга буюу өвөлжингөө идэхээс хойш ядаж намартаа организмаа органик жимс, ногоогоор бөмбөгдөж биеэ ханиад томууны улиралд бэлдэх нь зүйтэй санагддаг юм. Дархлаа дэмжигч хүнсний зүйл гэхээр уртаа жагсаалт болох тул энэ удаад хамгийн ойр буюу олдоц сайтайгаас дурьдая гэж бодлоо.
Ойн жимс: Гаднаас орж ирж буй жимс жимсгэнэтэй харьцуулахад байгалийн гаралтай эдгээр жимс нь саахар багатайгаас гадна антиоксидант маш ихээр агуулдаг. Чацаргана, аньс, нэрс зэрэг жимс олдоц гайгүй байгаа дээр авч идэхээс гадна хөлдөөх, чанамал хийх зэрэг аргаар өвлийн улиралд хэрэглэх нөөцөө бэлдээд аваарай.
Цагаан гаа: Цагаан гаа үрэвсэл дарах үйлчилгээтэйгээс гадна хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, биемахбодын өөрөө өөрийгөө цэвэрлэх процессыг дэмждэг. Өвчин намдаадаг нь түүний бас нэг давуу тал. Тийм учраас л цагаан гааг сонгино, сармисын адил өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэж байхыг зөвлөдөг юм шүү дээ.
Миний хувьд, цагаан гааг хоолноос гадна ундаа цайнд хэрэглэх бүр ч дуртай. Жишээлбэл, миний дуртай нэг жор бол цагаан гаатай цай. Японд оюутан байхдаа өвлийн хүйтэн өдрүүдэд ногоон цайнд маш нимгэн зүссэн цагаан гаа хийгээд, сайхан хандалж байгаад ууж сурснаас хойш одоо хүртэл үе үе уудаг хэвээр. Дотор сайхан халаад, даарахгүй. Ханиад томууны вирусыг хөөчихнө. За тэгээд ногоон цайтай нийлэхээрээ бөөн бөөн антиоксидант шүү дээ. Аан бас өөх шатаачихна гэж бас итгэнэ, тэрүүхэндээ Туршаад үзээрэй, гоё цай шүү!
Ногоон ногоо, байцааны төрөл зүйл: Кэйл ногоо (Emart-д зарж байна лээ шүү), буйцаа бол тэр чигээрээ байгалийн гаралтай дархлаа дэмжигч ногоо! Нимбэгнээс дутахааргүй С аминдэм агуулах тул элдэв нян вирустэй амжилттай тэмцдэг. Харин брокколи, хятад байцаа зэрэг байцааны төрөл зүйлүүд маань хүний дархлааг дэмжих олон төрлийн аминдэм, эрдэс бодисоор баялаг байдаг. Хамгийн чухлаас гэвэл холин буюу В4 их хэмжээгээрээ агуулагддаг гэх юм билээ. Холин нь хүний эд эс устаж гэмтэхээс хамгаалдаг гэж та сонсож байсан уу? Тэгэхээр маш чухал эд байгаа биз?Эдгээр ногоог аль болох түүхийгээр идэж байх нь чухал. Чанаж шарахаар ихэнхи аминдэм нь үгүй болох учраас тэр. Мэдээж байцааг дангаар нь зүгээр зажилж сууна гэдэг гунигтай л даа. Элдэв салат хачир хэлбэрээр идэж болох ч ногоогоо өөр бусад ногоо, жимстэй холиод сайхан миксердээд жүүс, смузи болгоод уух шиг үр дүнтэй бөгөөд шилдэг арга байхгүй дээ.
Ногоон цай: Энэ хорвоогийн хамгийн эрүүл гэгдэх уг цайнд маш их эрдэс, шим тэжээл агуулагдах тул хүний бие организмд бүхэлд нь эерэг нөлөөтэй. Ногоон цайг тогтмол хэрэглэснээр дархлаа сайжрахаас гадна дээр дурьдсанчлан илүүдэл жингээс салах, хавдрын өвчлөлийн эрсдэлийг багасгах боломжтой гэж үздэг аж.
Алимны цуу: Биемахбодын pH түвшин буурах тусам хүний энерги, эрч хүч буурч улмаар элдэв халдварт өртөмтхий болдог гэж эрдэмтэд баталдаг. Тэгвэл уг чухал үзүүлэлтийг хэвийн түвшинд барихад тусалдаг зүйл бол алимны цуу юм байна лээ. Элдэв хэцүү жор хайлгүй зүгээр л алимны цуугаар салатаа зуурах эсвэл устай найруулж ууж байхад хангалттай.
Шингэн сайн уу. 
Ус, ургамлын цай, ногооны смүзи, жимсний шахсан шүүс гэх мэт шингэн сайн уух хэрэгтэй. Харин дэлгүүрийн ундаа, тэр дундаа гаазтай, хийжүүлсэн ундаанаас эрс татгалзах нь зүйтэй. Тэнд хоосон саахар, химийн бодисоос өөр юм байхгүй!
Сайн амарч бай.
Хүний биемахбодыг сулруулдаг зүйл бол стресс, ядаргаа. Тэгэхээр юун түрүүнд сайн унтаж байх чухал байгаа биз? Нөгөөтээгүүр, амралтын нэг өдрийг зөвхөн өөртөө зориулаад үзээрэй. Утас, компьютераа ер асаахгүй, сошиал сайтуудаа цаг тутамд шалгахгүй. Харин салхинд гарах, үзэсгэлэн үзэх, гоо сайхнаар үйлчлүүлэх, дэлгүүр хэсэх гэх мэтээр ажлын улмаас амжихгүй байсан зүйлүүдээ амжуул. Ингэж байж бид өдөр тутмын стрессээ дарж чадна шүү дээ. Улмаар биеийн өөрийгөө хамгаалах эрч хүчийг нэмээд өгчихнө.
Уг нь энгийн зөвлөмж байгаа биз. Танд эрүүл энхийг хүсье.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай