Г.Наранбаатар: Мөрөөдлөө үхүүлсэн хүмүүс л боломжгүй гэж хэлдэг юм

 

 

“Намайг Наранбаатар гэдэг. Нэг эхнэр, хоёр хүүтэй. АНУ-д 10 гаруй жил суралцаж, амьдарсан. Анх аав, ээжийнхээ өгсөн 800 долларыг халааслаад АНУ-г зорьсон бол одоо хоёр дээд сургууль дүүргэж, өөрийн гэсэн бизнестэй, сайхан гэр бүлтэй, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төвтэй болсон байна” гэж өөрийгөө товч танилцуулсан сэтгэлзүйч Г.Наранбаатарыг таньдаг хүн олон болжээ. Элч, энергиэр тэтгэдэг шидтэй үгсийг тэр хэлдэг. Гэхдээ таны, миний, бид бүгдийн хэлж чадах л үгсийг тэр хэрэгтэй цагт нь хэлж сануулаад байдаг юм. Он солигдох мөчид өнгөрснөө тунгааж, ирээдүйгээ төлөвлөж, хаа хүрэхээ тодорхойлохоор зэхэж байгаа та бүхэнд сайхан ярилцлагаар бэлэг барья, хүлээн авна уу.

 

-Монголын гэр бүлийг бат бөх байлгая- 

 

-800 ам.доллар халааслаад мөрөөдлийнхөө төлөө зүтгэсэн хүү арван жилийн өмнө багагүй л бартаа, саад давж туулсан байх даа. Танд туршлага болж, өөрийг тань хөгжүүлсэн энэ амьдралын түүх ч бас миний анхаарлыг татаж байна. Танд хэцүү байсан уу?

-Буусан зочид буудалдаа 500 доллараа өгч, үлдсэн мөнгө сарын дараа л дууссан. Дараа нь гадаа хонож ч үзсэн. Гэхдээ тэр үеийг би амьдралынхаа хамгийн сайхан цаг үеийн нэг гэж боддог.

Тэр үед би өлсөж сурсан, хүний үг дааж сурсан, ажиллаж сурсан.

Би онц сурдаг хүү байлаа. Улсын тэтгэлэгт тэнцсэн хэрнээ томчуудын хүүхдүүд өмнүүр минь гишгээд гадаад руу явчихсан. 16 нас хүртлээ эцэг, эхийнхээ гар  дээр хайрлуулж өссөн хүүхэд гэнэт ажил хийж, хоолны мөнгөө олно гэдэг мэдээж хэцүү байсан.

Вагоноос машин буулгаж, зөөгч хийж, пицца зөөж, машин зогсоолд байршуулдаг ажил хийж байлаа. Олон янзын ажил хийсэн.

Хүн амьдралаас нэг бол шалтаг гаргадаг, эсвэл үр дүн гаргадаг. Энэ ярилцлагыг олон залуус уншиж байгаа байх. Тийм болохоор амьдралаас шалтаг хайсан хүн үр дүн гаргадаггүйг сануулъя.

Өнөөдөр олон бүсгүй “Турмаар байна” гэж ярьж байгаа тэр агшиндаа сникерс задалж байгаа. “Тамхинаас гармаар байна” гэж ярих ч асаагуураа асаах гэж хичээж зогсоо хүнийг ч та харж байсан байх.

Олон хүн амжилтад хүрэхийг хүсдэг ч сурахад цаг зарцуулдаггүй. Түүнийгээ завгүй гэдэг үгээр хаацайлдаг. Завтай хүн сурах  ёстой юу гэвэл үгүй. Зорилгодоо хүрэхийг хүсэж байгаа хүн суралцах ёстой. Америкт байхдаа миний баримталсан гол зарчим тэр л байсан. Би амьдралаас шалтаг гаргахыг хүсээгүй, үр дүн л гаргахыг зорьсон. Хэдий хэцүү байсан ч сурахын төлөө хичээсэн. Би тэнд хоёр дээд сургуульд сурсан. Нэг нь Life university, хоёр дахь нь Өмнөд Калифорнийн их сургууль. Өвчтэй байсан болохоор хоёр дахь сургуулийнхаа төгсөх курсийн хичээлийн ихэнхийг онлайнаар авсан.


 

-Сэтгэлзүйч болгон тодорхой чиглэлээр мэргэшдэг байх. Таных юу билээ?

-Нарийн чиглэл нь гэр бүлийн засалч. Мэргэжлээрээ ажиллаад дөрвөн он, таван жил болж байна.

Монголд ирээд таксинд сууж явахдаа жолооч аав нь охиноо хажуудаа суулгачихаад ёс бус үг хэллэг хэлэхийг сонсоод Монголын нийгмийг өөрчлөх хэрэгтэй, ядаж үүнийг л болиулъя гээд эх орондоо ажиллахаар шийдсэн. Анх сэтгэлзүйн төвд хандах гэдэг ойлголт маш бага байсан. 

Харин одоо бол өөрчлөгдсөн. Манай төвөөр үйлчлүүлнэ гэдэг нэр хүндийн асуудал болсон. Монгол хүмүүсийг сэтгэлзүйн төвд ирдэг болоосой гэсэн хүслийнхээ тодорхой хувийг биелүүлж явна.

Би нэг ч хүнийг муулдаггүй. Улс төр, урлаг соёлын алдартан, олны танил эрхэм, хүмүүсийн дургүйг хүргэсэн хэнийг ч бай би муулахыг хүсдэггүй.

Би зөвхөн АРХИЙГ муулдаг. 

Мэргэжил нэгтэй найзуудыгаа би магтах дуртай. Сайн сэтгэлзүйчид Монголд олон бий. Мянга мянган хүүхдүүд эцэг, эхийнхээ буруугаас болж өнчрөл, хагацал үзэж байна. Надад  МОНГОЛЫН ГЭР БҮЛИЙГ БАТ БӨХ БАЙЛГАЯ гэдэг алсын хараа, зорилго, мөрөөдөл бий. 2012 онд сэтгэлзүйн төвөө нээж байх үед хэцүү л байсан. Сэтгэлзүйч хийгээд амьдарна, гэр бүлээ тэжээгээд явна гэдэг хэцүү бас боломжгүй. Одоо ч гэсэн хангалттай хэмжээнд хүрээгүй байгаа. Би сэтгэлзүйчээр ажиллахын зэрэгцээ машины бизнес эрхэлдэг.

2015 оны хоёрдугаар сард эхнэр бид хоёр олон улсын стандартад нийцсэн сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төвөө нээсэн. Энэ өрөөг та харж байна. Ийм төв хоёрыг нээсэн. Тэр үе их сайхан байлаа. Би барагтай бол уйлдаггүй, гэхдээ тэр үед нулимс дуслуулсан.  Энэ хүртэл явахын тулд асар их тэвчээр гаргасан юм шүү дээ.


 

-Таны лекцэнд суусан хүмүүс их сайхан сэтгэгдэлтэй байдаг. Урам авч, тэмүүлэл дүүрсэн сэтгэгдлээ тэд цахим орчинд харамгүй түгээдэг шүү.  

-“UB palace”-ийн 3000 хүний суудал дүүрсэн. Хөтлөгч Д.Одзаяа “Өмнө нь урлагийн тоглолт, шоу болоход ч ийм олон хүн цуглаж байгаагүй” гэж ярьсан. Хэдийгээр тэр лекцийг би өөрөө зохион байгуулаагүй ч энэ бүхэн надад асар их урам өгсөн.  Танхимд цугласан хүмүүс бараг хоёр минут тутамд алга ташиж байсан.

-Та өдөрт хэдэн хүнд үйлчилдэг вэ?

-Анх бие сайн байхад, хошигновол “залуу” байхад өдөрт 4-5 хүн авч чаддаг байсан. Бөөрний өвчнөөсөө шалтгаалан одоо бол өдөрт 1-2 хүн л авч байна. Гэхдээ заавал нэг жилийн турш хамтран ажиллах хүнтэй л уулзахыг боддог.

Сэтгэлзүйн зөвлөгөө болон амьдралын дасгалжуулагчийн үйлчилгээ үзүүлдэг. Сэтгэлзүйч болон амьдралын дасгалжуулагч ямар ялгаатай болохыг хүмүүс асуухыг хүсдэг байх. Энэ далимаар энгийнээр тайлбарлах гэж оролдъё.

Би “-10”, та “+10” байна гэж бодъё. Бид хоёрын голд “0” байгаа. Маш их асуудалтай нэг хүнийг “ -8” дээр байгаа гэж бодъё. Энэ хүнийг” -2”, “+1”-рүү дөхүүлэх гэж оролдож, зөвлөгөө өгч байгаа хүнийг сэтгэлзүйч гэнэ. Тухайн хүнтэйгээ “та” гэж хүндэтгэн харилцана. “Life coaching” буюу амьдралын дасгалжуулагчийн хувьд бол та тамирчин нь болно гэсэн үг. Та гэж харьцах шаардлагагүй. Загнана, таныг урагшлуулахын тулд заримдаа цохиод авч ч магадгүй.” +1” дээр байгаа хүнийг “+5” руу хүргэхийг зорино.

“Main training” бол Монголд хараахан байхгүй байна. Энэ нь өөрийнхөө амьдрал, харилцаагаар тухайн хүнд үлгэрлэхийг хэлж байгаа юм. Долоо хоногийн таван өдөр тухайн хүнээ гэртээ урьж, энгийн өдрүүдэд эхнэр бид хоёр хэрхэн харилцдагаа харуулж, гарцыг нь харуулна. Өөрийнхөө амьдралаар л танд үлгэрлэнэ гэсэн үг.


 

-Сонирхолтой үйлчилгээ байна. Гэхдээ монголчуудын хувьд эцэг, эхээсээ үлгэрлэл бий болгодог болохоор нэг талаар үйлчилгээний хэмжээнд биш ч яг энэ хувилбар бидний амьдралд мөрдөгддөг юм шиг санагдчихлаа.

Таныг ч бас өөрийнхөө амьдралыг бий болгох, ийм хүчтэй хүн болоход эцэг эхийн нөлөө асар их байсан байж таарна. Аав, ээж хоёрынхоо тухай танилцуулахгүй юу?

-Аавыг минь Гүрбазар гэдэг. Нийгмийн хамгааллын чиглэлийн бүх л номыг бичсэн хүн дээ. Хуучнаар Нийгмийн хамгааллын яам, дараа нь Мэргэжлийн хяналтын газар насаараа ажиллаад тэтгэвэртээ гарсан. Ээжийг минь Хорлоо гэдэг. Тогооч хүн. Би жирийн л айлын хүү.

-Ах дүү хэдүүлээ вэ. Та нарт адилхан ямар зан чанар байдаг вэ?

-Дөрвүүлээ. Эгч маань МУИС төгсөөд дараа нь Германд боловсрол эзэмшсэн. Дөрвүүлээ л гадаадад хамгийн багадаа арван жил амьдарсан байна.

Их зөөлөн талдаа хүмүүс. Мэргэжлийн дагуу юм болов уу би арай чанга, хатуу байж ч магадгүй. Хүн ирээд зовлонгоо ярьж байхад “Өө тийм үү” гээд хамтдаа уйлаад байж болдоггүй. 
Гэхдээ хүний амьдралд уйлах шалтгаан олонтаа гардаг. Тухайлбал би бяцхан хүүгээ ес хоног хүндээр бие засалгүй байж байгаад 10 дахь хоног дээрээ бие засахад нь уйлсан. Өмнө нь хэзээ ч би хэн нэгний баасыг хараад уйлна гэж төсөөлж байгаагүй.

Амьдралдаа хэзээ ч хэн нэгэн хүний зажилж зажилж байгаад хаясан бүлхийг нь амтархан иднэ гэж бодож байгаагүй.

Яг аав болсноосоо хойш л жинхнээсээ сэтгэлзүйч болсон доо. Гэр бүлийн үнэ цэнэ, утга учрыг илүү таньж, надаар үйлчлүүлж байгаа тэр хүний цаана байгаа үр хүүхдийг нь бодох нэмэгдэж, илүүтэй мэдрэх болсон. 


 

-Аав болохоосоо өмнө өгч байсан зөвлөгөө нь залуу сэтгэлзүйчийнх байсан байх нь.

-Өнөөдөр ч хүмүүс нэг өнцгөөсөө намайг залуу сэтгүүлзүйч гэж хэлээд байгаа. Нөгөөтэйгүүр надаас илүү овортой ч, 6-7 насаар дүү хүүхдүүдийг залуу биш гэж дүгнээд байгаа юм. Намайг хэдэн настайг мэдэхгүй болохоороо ч тэгдэг байж мэдэх юм.

Заавал бүх амьдралыг үзэж, туулчихаад сэтгэлзүйн зөвлөгөө өгөх ёстой биш л дээ. Тэгвэл 60-70 настай болж байж л зөвлөгөө өгөх боломжтой болох биз. Өнөөдөр монголд маш олон сэтгэлзүйч бүсгүйчүүд бий. Тэдний дунд хараахан гэр бүлтэй болоогүй хүмүүс олон. Гэхдээ тэд зөвлөх боломжтой.  Альберт Эйнштейн “Сэтгэлзүйн зөвлөгөө өгөхийн тулд бүгдийг нь үзэж туулах хэрэггүй. Харин өнгөрсөн зуунд амьдарч байсан сая сая хүмүүсийн бодит амьдрал дээрээс гарч ирсэн бодит туршлагыг тухайн хүндээ, тухайн хүний зан байдал, нас, хүйс, ажил мэргэжилд нь зориулж зөвлө” гэсэн байдаг.

Түүнээс биш өөрийнхөө амьдралын туршлагаар өгч байгаа зөвлөгөөг сэтгэлзүйн зөвлөгөө гэж хэлэхэд хэцүү.

Аав болсныхоо дараа би илүү сайн зөвлөгөө өгдөг болсон гэдэг нь би ажлаа чин сэтгэлээсээ мэдэрч хийдэг болсонтой холбоотой. Асуудал үүссэн гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр тус тусдаа ирээд уулзсан ч би цаана нь байгаа хүүхдийг нь боддог болсон. Нэг ч хүүхдийг өнчрүүлэхгүй юмсан, нэг гэр бүл бүтэн байгаасай гэж чин сэтгэлээсээ бодож байгаа юм.

Заримдаа би хүүгээ цэцэрлэгээс нь авахаар очдог юм. Цэцэрлэгийн хүүхдүүд хэн нь хэний аав, ээж гэдгийг их сайн мэднэ л дээ. Ихэвчлэн ээж нар хүүхдүүдээ зөөдөг, тэдний дунд ганц бие ээж цөөнгүй бий.  Тэр үед ч миний хүүг аавдаа эрхэлж байгааг харсан хүүхдүүд эмзэглэх вий гэж санаа зовдог. 

Хүүхдүүдийн тэр нүд бол энэ нийгмийн толь шүү дээ.

Монголчууд улс төр, уул уурхай, бизнесийн сургалтад суух дуртай болжээ. Байгууллага дээрээ цаг гаргаад, мөнгө төлөөд ийм хичээл заалгаж л байна. Эсвэл хувь хүний хөгжлийн тухай сургалт л авдаг.

Тийм болохоор л би фэйсбүүкт цаг гаргаад гэр бүл, эерэг хандлагын тухай бичиж байна. Гэр бүл бүтэн, эерэг зөв байвал хүүхэд зөв хүн болно. Тэдний энэ хүмүүжил ирээдүйн улс эх орны маань хөгжилд хэрэгтэй шүү дээ. 


-Асуудал болгон намайг өөрчилсөн-

 

-Таны хийж үзсэн хамгийн хэцүү ажил юу вэ?

-Яг одоо хийж байгаа ажил. Би өөрийгөө сайн сэтгэлзүйч гэж магтахгүй. Гэхдээ хүмүүс намайг тэгж боддог байх. Өчнөөн хүнд зөвлөгөө өгч үзсэн. Надаас зөвлөгөө авсан гэр бүл дунд салсан нь ч байгаа. Гэхдээ салснаасаа нийлсэн нь их. Хүн л юм чинь алдаа гаргана. Бас надаас шалтгаалахгүй салж байгаа хүмүүсийг харахдаа их эмзэглэдэг. Сэтгэлзүйч хийнэ гэдэг хэцүү. Хамгийн богино насалдаг мэргэжлийн тоонд сүмийн пастор, хоёрдугаарт нь сэтгэлзүйч бичигдсэн байсан.

Гэхдээ дандаа л ямар нэгэн асуудалтай болсон хүмүүс бидэнтэй уулздаггүй л дээ. Зүгээр л ярих, сэтгэлээ уудлах гэж ч ирдэг. Энэ бол үс засуулах хэрэгцээтэй л ижил ойлголт.

-Хүмүүсийн зовлон, бэрхшээлийг сонссон бүтэн өдрийн дараа та өөрийгөө яаж амраадаг вэ?

-Хамгийн оройдоо 16.00 цагт ажлаа дуусгаад гэртээ харьдаг. Хоёр хүүхдээ хараад бүх л асуудлыг мартана даа. 22.00 цаг хүртэл тэдэнтэйгээ хөгжилдөж, тоглоод унтсаных нь дараа фэйсбүүкт пост хийдэг. Барак Обамагийн хэлсэн нэг гоё үг байдаг шүү дээ. “Би гэрийнхээ хаалгыг тогшихдоо биеэ сайхан сэгсэрчихдэг юм аа. Гэрийн хаалганы цаана би АНУ-ын Ерөнхийлөгч биш хоёр охины аав, нэг бүсгүйн нөхөр” гэсэн байдаг.

Мэдээж миний ажлын стрессийг тэр хоёр нялх үр минь авах ёсгүй. Хүн гэртээ орохдоо аав л байх хэрэгтэй. Ямар ч бухимдал байсан түүнийг ажил дээрээ үлдээ. Би их олон сургалт хийдэг. Сургалтаа эхлэхээс өмнө би “Та хамгийн сүүлд хэзээ гэр бүлийн сургалтад суусан бэ” гэж асуудаг. Та ч бас найз нараасаа асуугаад үзээрэй. Гараа өргөх хүн ховор. Бизнес эсвэл өөрийгөө хөгжүүлэх  суусан эсэхийг нь асуухад олон хүн гар өргөдөг.  Хамгийн сүүлд хэзээ сэтгэлзүйчид очив оо гэвэл мөн л хариулах хүн байхгүй. Ингээд харахаар амьдралын чухал асуудлыг бид орхигдуулдаг юм. Тийм болохоор л нийгмийн хандлага сөрөг талдаа давамгайлаад байгаа юм байна.  

Машинаа бариад явж байхад урдуур нь өөр нэгэн машинтай хүн дайрч ороход сигналдана. “Юун сүртэй юм бэ, ганц машин оруулчихад” гээд дайрсан машины жолооч уурлана. Тэгсэн хэрнээ бас л өөрийнх нь өмнүүр хэн нэгэн дайрвал уурлана. Энэ мэтээр бухимдал үргэлжилнэ.

Нарийн боов  хийсэн нэг хүн интернэтэд “Яаж илүү гоё хийх вэ, минийх түлэгдчихлээ” гээд бичихэд л “Ажилгүй гэдгээ чи хэндээ гайхуулаад байгаа юм”  гэсэн сэтгэгдэл орж ирэх жишээтэй. Энэ бүгдийг л өөрчилцгөөе.

Хэрэв хүмүүс байнга шарсан түлсэн хоол идээд байх юм бол ходоод нь өвчилнө.  Тэгэхээр үзэж харж байгаа нь сөрөг, хандлага нь сөрөг байвал өөрсдөө ч өвчилнө. 

 

 

-Бүгдийг мэддэг, бүгдийг ойлгодог болоод төрчихсөн төгс хүн гэж үгүй. Ямар нэгэн байдлаар өөрчлөгдөх зүйлс амьдралд тохиолддог байх. Таны амьдралын замд тийм зүйл байсан уу?

-Та бид хоёрын ярилцлагыг 1980-1990 онд төрсөн залуус уншиж байгаа бол миний яриаг маш сайн ойлгоно. 1990 оны дунд үед миний найз нартайгаа хийдэг байсан зүйлийн нэг бол согтуу ирсэн аав нарыг нь хүлж унтуулах байсан. Өнөөдөр миний үйлчлүүлэгчдийн зарим нь ч ийм амьдралтай байснаа ярьдаг. Энэ нийгмийн эрээн барааныг тэгж таньсан.  Нэг их гоц гойд биш ч алтан дундаж хүүхэд байлаа. Америкт очоод хүнээр загнуулж, өлсөж, олсон мөнгөөрөө сургалтын төлбөрөө хийж, амьдарч сурсан.

Амьдралын бэрхшээл бол цаашдын амьдралд тань туршлага, сэтгэлийн тэнхээ бий болгох сорилтууд юм. Одоо ч гэсэн бэрхшээл тохиолддог.  Тэр болгонд яг энэ асуудал намайг сайжруулж байгаа шүү л гэж хэлэх дуртай. Асуудал болгон намайг өөрчилсөн.


-Бид зүрх сэтгэлээ цэнэглэхэд цаг зарцуулах ёстой-

 

-Хүнд өвчин тусахаараа амьдралаа эргэн харж ухаарлын тухай ярих хүмүүс эсвэл 40 нас хүрэхдээ заавал мэдсэн байх зүйлс гэдэг жагсаалтыг харж сэхээ авах нэгэн ч энэ нийгэмд бий. Тэгвэл бид цаг үргэлж л өөрийгөө өөрчилж, хөгжүүлж, сэтгэлээ уудалж байх ёстой юм байна шүү дээ.

-Хошигнож ойлгуулахыг хичээе. Хүнд усанд орох хэрэгцээ бий. Тэгэхгүй бол бие хиртэнэ.  Үүн шиг хүний сэтгэлзүй ч бас байнгын сэдэл авч байх ёстой. Хүмүүс арванхоёрдугаар сарын 31-нд л гэнэт сэдэл аваад байх шиг байдаг юм. Он гараад л урам зоригтой ажиллана, тэрийг хийнэ гээд л.

Би хүмүүсийг урамшуулах, хөгжүүлэх лекц уншдаг. Анзаараад байх нь ээ, ийм лекцэнд суусан хүн сар юм уу, хоёр сар цэнэглэгдсэн юм шиг хүчтэй явчихдаг. Хүн “сэтгэлээ сардаа нэг удаа угаах” хэрэгтэй. Гоё сайхан лекц хаана байна, тэнд оч.

Би өдөр бүр өөрийгөө урамшуулдаг. Гоё хөгжим сонсож, өөртөө сэдэл төрүүлдэг зүйлсийг хийхийг хичээдэг. Сайхан кино үзээд ч сэргэж болно.

Би бөөрний эмнэлэгт хэвтэж байхдаа орондоо хэвтээд өрөөнийхөө эрчүүдэд гэр бүлийн үнэ цэнийн тухай лекц уншсан. 50 гаруй насны нэг эр орондоо мэгшин уйлж,“Наранбаа би маазрахгүйгээр, архи уухгүйгээр гэр бүлийн үнэ цэнийн тухай ярьж байсан хүн хараагүй. Гэр бүлийн талаар ярихаар чинь нэг юм ойлголоо. Төрийн өндөр албан тушаалыг би олон жил хашжээ. Өнөөдөр ажлаасаа гарахад хэн нэгэн орлочихно. Найз нөхөд дундаа би нөлөөтэй хүн. Мөнгөтэй эрх мэдэлтэй. Өнөөдөр эмнэлэгт 2-3 сар хэвтэхэд миний найзууд дундах орон зайг хэн нэгэн хүн амархан орлочихож байна. Харин эхнэр, охин, хүүгийн минь зүрх сэтгэлд байгаа миний орон зайг хэн ч орлохгүй юм байна гэдгийг ойлголоо. Өнөөдөр би эхнэр хүүхдэдээ хэн байхаар дурсагдаж байгаа юм бол оо. Энэ талаар эрүүлээр бодох боломж олдлоо” гэсэн. Бид зүрх сэтгэлээ цэнэглэхэд цаг зарцуулах ёстой. 

-Та хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлэх бол. Бартаатай замаар явуулж, дархлаажуулах уу эсвэл илүү дардан зам туулуулахын тулд бүхнийг бэлдэх үү?

-Баярлалаа. Хэн ч асууж байгаагүй хэрнээ асуугаасай гэж дандаа хүсдэг байсан асуулт байна. Би эхнэртээ “ Хүн нэг л удаа амьдарна. Хоёулаа сайхан амьдаръя. Гоё хувцаслая. Гадаад болон монголоороо сайхан аялъя. Хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр зэргийг бол төлж болж байна. Түүнээс биш үнэтэй байр, машин өвлүүлэх хэрэггүй байх. Харин үр хүүхдэдээ маш сайхан зөв хандлага л өвлүүлье” гэж хэлдэг юм. Мэдлэг бол хоёрдугаар асуудал шүү. Боловсролтой, чадварлаг байлаа гээд хүнтэй зөв харилцаж чаддаггүй бол сайхан амьдарч чадахгүй. Абрахам Линкольн “Мэдлэг юуг ч өөрчилдөггүй, хандлага бүгдийг өөрчилдөг юм” гэсэн байдаг.  Гайхамшигтай үг.

Аав, ээж хоёр минь надад мөнгө өвлүүлээгүй. Эхнэр бид хоёр шар тортой хувцасаа бариад л, “Модны хоёр”-т байр түрээсэлж, амьдралаа эхэлсэн. Одоо бусдын жишгээр сайхан амьдарч байна. 


 

Ярилцлагыг бүрэн эхээр нь эндээс сонсох боломжтой.

 

-Өөрийнхөө мөрөөдлийг үхүүлсэн хүмүүс л боломжгүйн тухай ярьдаг-

 

-Та илтгэх ур чадвараа хэрхэн сайжруулсан бэ. Мэдэж байгаа зүйлээ хүнд ойлгомжтойгоор ярьж өгнө гэдэг бас давуу чанар шүү дээ.

-Би сайн ярьдаг байгаагүй. Эхнэр минь намайг “Монголишоор ярьдаг” гэдэг байсан. Шүүмжлүүлдэг болохоор би байнга хичээж, давтдаг болсон. Манай багш “Хамгийн сайн илтгэгч хүн өдөрт гурван минутыг өөртөө зориулдаг” гэж хэлж байсан. 00-д сууж байхдаа ч хамаагүй ярьж байгаагаа бичээд эргээгээд сонс. Эхлээд царайгаа голно, дараа нь хоолойгоо. Тэрийг болих хүртлээ давт гэдэг. Би одоо ч тэгж давтдаг. Ямар сул үг хэрэглэж байна, хаана нь гадаад үг хэлчихэв гээд өөртөө хяналт тавьдаг.  

Би муу сурдаг хүү байлаа. Ангидаа гоожуураараа дуудуулдаг жижигхэн биетэй. 1990-ээд оны эхэн үед багш нар аймаар зоддог байсан юм уу, манай багш ч тийм байсан юм уу. Бөгжтэй гараар нүүр нүдгүй зодуулж байлаа. Багшаасаа айгаад муу сурдаг хүү ээждээ болохоор “Э... Х... эх” гээд уншчихдаг. Багшийгаа харахаар “Э...Х.. ах” гэчихнэ. Наймдугаар ангид байхдаа уншсан хоёр ном намайг өөрчилсөн дөө. Нэгийг нь ангийн маань хүү, нөгөөг нь америк эмэгтэй өгсөн юм. Нэг нь Мартин Лютер Кингийн ном байсан. Тэр номонд бүх зүйлс боломжтой гэдгийг нотолсон түүх байсан. 

Хэрэв чи чин сэтгэлээсээ хүсвэл юу ч боломжгүй биш гэсэн байлаа. Мартин Лютер Кинг “Хэзээ нэгэн цагт миний дөрвөн хүүхэд арьс өнгөнөөсөө болж шүүмжлэгдэхгүй тэр нийгэмд бид амьдарна гэдэгт би итгэж байна. I have a dream” гэж номондоо бичсэн бас лекц уншихдаа ч хэлж байсан. Тэгвэл энэ бүхэн биелж 2008 онд хар арьстай хүн АНУ-ын Ерөнхийлөгч болсныг бид мэдэж байгаа.  

Дараагийнх нь Уилл Смитийн бодит түүх. Нэгэн ухаалаг хүн өсвөр насанд нь “Хүн амьдралаасаа хоёр зүйл гаргана нэг нь үр дүн, нөгөө нь шалтаг. Шалтаг гаргасан хүн үр дүн гаргадаггүй” гэж хэлсэн байдаг. Энэ хоёр номыг уншаад би амьдралаа өөрчилсөн. Наймдугаар анги хүртлээ бүх зүйлээр гологдож байсан хүүхэд есдүгээр ангидаа сургуулийнхаа сурагчдын зөвлөлийн дарга, аравдугаар ангидаа Монгол Улсын сурагчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаад Улсын шилдэг оюутан гэдэг шагнал авч байлаа. Хоёрхон жилийн дотор шүү дээ.

Хоёр жилийн дотор олон төрлийн хөгжмийн зэмсэг тоглож сурсан. АНУ явж байхад манай найз нар “Наранбаа танай аав, ээж манай аав, ээж ялгаагүй шүү дээ. Адилхан л төрийн албан хаагч нар. Маргаашийнхаа талхны мөнгийг яая гэж байна. Чи юугаараа сурна гэж бодоо вэ” 

гэсэн. Гэтэл би 800 доллартай сурчихаад л ирсэн. Хамгийн сонирхолтой нь намайг Монголд ирээд сэтгэлзүйн төв байгуулна гэж байхад найз нар маань “Ишш Наранбаа яаж сэтгэлзүйн төв монголд байгуулах гэсэн юм бол. Хэн очих вэ дээ” гэж ярихыг нь би санамсаргүй бас сонссон. Өнөөдөр манайхыг хар л даа. Манайхаар үйлчлүүлэх нь нэр хүндийн хэрэг болсон. Юу ч боломжгүй биш.

Хамгийн сүүлийнх нь жишээ бол бөөрний өвчнөөс болоод 10 жил химийн болон дааврын эмчилгээ хийлгэж, эм уусан намайг эмч минь “Наранбаа хүүхэдтэй болох боломжгүй” гэсэн. Тэр зургийг хар даа. Хоёр хүү байгаа биз дээ. Миний хоёр хүү.

Тиймээс би “Юу боломжгүй гэж, яагаад боломжгүй гэж, хэн боломжгүй гэж байна аа” гэж хэлэх дуртай. Өөрийнхөө мөрөөдлийг үхүүлсэн хүмүүс л боломжгүй гэж хэлдэг юм. Хэрэв та хүсвэл бүх зүйл боломжтой. 

Би “Юу боломжгүй гэж, яагаад боломжгүй гэж, хэн боломжгүй гэж байна аа” гэж хэлэх дуртай.

 

 

-Өөрийн эрхгүй зугтмаар, таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн байдаг уу?

-Байгаа. Манай эхнэр намайг хараад л мэддэг. “Хүнд хүнтэй уулзсан юм уу” гээд л асуудаг. Хүн яагаад өөрийгөө тийм болгож байна гэхээр сэтгэлээ уудлалгүй, асуудлаа дарж хадгалсаар яваад л тийм болдог.

250 гр жинтэй аягыг нэг гараараа өргөх хэцүү биш. Гэхдээ нэг цаг хөдөлгөөнгүй баривал гар чилнэ.  Бүтэн өдөр баривал ядарна.

Хүмүүс жижиг ч бай, том ч бай асуудлыг барьсаар байгаад өөрийгөө аймаар болгочихсон байдаг.

Хүмүүс ихэвчлэн энгийн шийдлийг хүсдэг. Үнэндээ амьдралынхаа удирдлагыг та өөрөө л барих учиртай.

Эдийн засагч Жаргалсайхан Далай ламтай ярилцлага хийж байсан. Тэр ярилцлаганд сайн, муу өдөр гэж байхгүй гэсэн санааг хэлсэн байгаа. Мягмар гариг муу өдөр тул машин авахгүй, хол замд гарахгүй гэдэг. 

Гэтэл таны итгэж байгаа бурхан хэн нэгэнд муу байх өдрийг бүтээхийг хүсдэггүй л болов уу.

-Таны гэргий ямар мэргэжилтэй вэ?

-Хүний нөөцийн менежер, компьютерийн инженер мэргэжилтэй. Миний бүх номын хавтсыг урласан хүн. Хамгийн сүүлийнх нь “Аз жаргалын набор”.  

-Та эхнэрийнхээ юунд нь хамгийн их татагдсан бэ?

-Хацар. Манай эхнэр алиман хацартай. Бага хүү минь бас ээж шигээ алиман хацартай. Эмэгтэй хүнд байдаг бүх сайхан зан чанар миний ханьд байдаг. Даруухан гэж хэлэхгүй. Гэхдээ намайг хүнтэй юм ярьж байхад яриаг минь тасалдаггүй.  Буруу зүйл ярьсан ч оролцохгүй. Харин дараа нь хэлж өгдөг. 

Би гадагшаа талдаа, нээлттэй хүн бол манай эхнэр олон таван үггүй. Тэгээд л нэг нэгнээ нөхөөд явж байгаа гэр бүл. Бид сард нэг удаа болздог. Энэ бол барууны хэв маяг биш үү. 

 

Хайр гэдэг зүйл амархан хөрөх гээд байдаг. Хоёр хүүхэд төрүүлээд дөрвөн жил гэртээ байгаа түүнийгээ би аз жаргалтай байлгах ёстой. Хамгийн сайхан хувцсаа өмсөөд болзоно. Заавал үнэтэй газар байх албагүй. Бид бололцоондоо тааруулаад л болзох газраа сонгочихно.

Би бусдын л адил олохдоо олж, олохгүйдээ олохгүй явж амьдарч байна. Асар өндөр үнэтэй лекц хийдэг ч миний эмчилгээний зардал заримдаа 10 сая хол давах үе бий. Хүүхдийнхээ памперсийг ширхэглэн авах ч үе бидэнд бий.

Хүний амьдрал тааварлашгүй. Би өвчтэй болохыг хүсээгүй. Гэсэн ч хүссэн хүсээгүй л цас бороо ордогтой ижил би өвчтэй болсон. Гэсэн ч би гомдоллодоггүй. Зориод очих эмнэлэг байна. Эмчлүүлээд боломжийн амьдарч байна шүү дээ. 


 

Гэрэл гэгээ мэдрүүлсэн түүнтэй ярилцаж байхдаа ч, яг одоо энэ ярилцлагыг танд хүргэхээр бичиж суухдаа ч эрч хүч мэдрэн цэнэглэгдэх шиг болж байна. “Маргааш гэдэг тэр өдөр танд ямар сайн сайхан зүйлс авчрахыг хэн ч таашгүй. Өнөөдөр муу өдөр байлаа гээд амьдрал тэр чигтээ муу биш. Маргааш сайхнаар өөрчлөгдөх боломжтой. Маргаашид итгэх итгэл найдвараа бүү алд” гэсэн түүний үгээр ярилцлагаа өндөрлөе.

 

 


Ярилцсан Ж.Солонго
Гэрэл зурагчин Б.Мөнх-Эрдэнэ
Видеог Г.Жаргалмаа
 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

Илгээх

Энэ тухай