Д.Энхболд: “Соёо”-г бичиж байхдаа өөрийгөө солиорч байгаа юм биш биз гэж бодсон шүү

МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Д.Энхболдтой ярилцсанаа хүргэе.

-Германы монголч эрдэмтэн Ренате Бауве яагаад “Паанан”-г орчуулахаар сонгосон юм бол. Германд энэ номын нээлтийг хийгээд хоёр сар болжээ.

Уншигчид хэрхэн хүлээн авч буй талаар сонин дуулав уу?

-Ренате Бауве гуай Монголын утга зохиолыг байнга анхааралтай ажиглаж, С.Дашдооров, П.Лувсанцэрэн, С.Эрдэнэ гуайн хэд хэдэн өгүүллэг, туужийг орчуулсан. Тэгж байхдаа л 1990-ээд оноос ийм тийм улс утга зохиолд гарч ирж байна гэж сонгоод Д.Норовын “Сэрвэгэр хадны зэрэглээ”, миний “Паанан”-г орчуулсан юм билээ. Анх орчуулж эхлэхдээ “Энэ бол зүгээр л гурван хүний асуудал биш, үндэстэн хоорондын соёлын тухай юм байна” гэж захидал бичсэн.

Энэ зохиолыг хамгийн гүнзгий ойлгосон хүн бол Ренате Бауве гуай гэж боддог. Би яг л тийм зүйл зорьж, олон үндэстэн бусдаас өөрсдийг нь ялгаруулдаг сэтгэхүйн соёлоо хэрэглээнийхээр сольж буйг хөндөх гэж оролдсон юм. Германы хэвлэлийн газрууд тухайн зохиол хэр борлогдохыг дэнсэлж байж хэвлүүлэх, эсэхээ шийддэг. Лайпцигийн хэвлэлийн газрын эзний хэлснээр “Паанан”-г номын худалдаа эрхлэгчид хэвлүүлүүлэхээр сонгосон гэсэн.

Ренате Бауве гуай Хумболдтын их сургуульд харьяалагддаг, Монгол судлалын Европ дахь тэргүүлэх зэргийн төвийн профессор байсан юм. Хоёр Герман нэгдэхдээ ач холбогдол багатай байгууллагуудаа хаах бодлого баримталснаар тэндхийн монгол судлаачид ажилгүйдлийн тэтгэмж авдаг болсон. “Паанан”-г хэвлүүлчихвэл өөр орлоготой гэж үзээд тэтгэмж өгөхгүй тул тэрбээр зургаан жил дарсан юм билээ.

Дашрамд хэлэхэд, Хумболдтын их сургуулийн Монгол судлалын төв, Ази судлалын төв өдгөө Бонн руу шилжсэн. Профессоргүй тэнхимийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болж хаагдахын даваан дээр манай Ерөнхийлөгч Германд айлчилж, “Монгол судлалын төвийг үлдээгээч, бид хагас зардлыг нь ч болох нь ээ гаргая” гэсэн юм билээ. Ингээд Ренате Бауве гуай шавиа Монгол судлалын тэнхимд ажиллуулахаар эрчимтэй бэлдэж, профессор болгосон. Энэ эмэгтэй Ц.Дамдинсүрэн гуайн орчин цагийн монгол хэлэнд буулгасан “Монголын нууц товчоо”-г 1970-аад онд герман хэл рүү хөрвүүлсэн.

Тухайн үед Зүүн Герман социалист дэглэмтэй байсан учраас зарим зүйлийг нь өөрчилж оруулсан юм билээ. Одоо Ш.Чоймаа багшийн “Монголын нууц товчооны товч тайлбар толь”-д тулгуурлан орчуулгаа шинэчлэх зорилгоор Монголд ирмээр байгаа. Түүнийг авчиръя гэхээр зохиолчдын чадал ямар билээ дээ. Ш.Чоймаа гуайг Германд урьсан ч бие нь тааруу, онгоцоор олон цаг нисэж чадахгүй гэсэн.

Энэ ярилцлагаараа дамжуулж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбаттай уулзах хүсэлт тавимаар байна. Эрхбиш, яруу найрагч хүн ойлгох байлгүй. Ренате гуай одоо 76 настай. 80 хүрчихвэл очиж чадахгүй гэсэн маягтай яриад сууж байна лээ.

-Та саяхан фэйсбүүк хуудсандаа “Болор цом”-ын эзнийг “Ланд круизер” машинаар байлсан тухай сураг дууллаа.

Үнэн худлыг мэдэхгүй ч баяр хөөрөөр цээж бялхаад тэсэлгүй энд бичиж байна” гэсэн байна лээ. Оролцох юм биш биз. Ер нь шүлэг, найраг бичиж байгаа юу?

-Хамгийн анхны ном “Битүү морь” нэртэй шүлгийн түүврээ Төрийн шагналт, яруу найрагч Д.Цоодол гуайгаар хянуулан хэвлүүлэхээр болсон ч нийгэм солигдон, төлөвлөгөөгөөр ном гаргахаа больж, уншигчдад хүргээгүй. Би ч үргэлжилсэн үгийн төрлийг сонирхдог болж, түүнээс хойш олон шүлэг бичээгүй. Бусдад үзүүлэх бодолгүйгээр гарын дасгал хийх маягаар зөвхөн өөртөө л унших шүлэг бичдэг.

-Дэлхийн хаана ч ном унших нь багасаж, дэлгэцийн донтой хүмүүс олширч байна. Ийм үед зохиолчид ямар алхам хийх ёстой бол?

-Дэлгэцийн дон гэдэг номын цагаан солиотой төстэй. Номоор дамжуулж хүмүүс цөөн хэдэн хүний үзэл бодолтой танилцдаг. Харин хэдэн зуун хүний бодол санаатай танилцаж, харилцах боломжтой учраас фэйсбүүкт хүмүүс дурлаад байна. Надад ч гэсэн фэйсбүүк хэрэглэхэд анх маш сонирхолтой санагдаж байлаа. Одоо хүмүүс ойр зуурын юм л бичдэг болж. Удахгүй утгагүй санагдаж, фэйсбүүк өөрөө өөрийгөө хаана гэж би дүгнээд байгаа.

Англи, Америкт агент гэдэг албан тушаалтай хүмүүс номын эхний болоод дунд, төгсгөлийн хэдэн хуудсыг уншаад сонирхолгүй бол хогийн сав руу шидэж, сайн борлогдож магадгүйг нь хэвлэлийн газарт зуучилж, гэрээ хийдэг юм билээ. Нэгэн агент эрийн хүү аавынхаа хогийн сав руу шидсэн зохиолын эхүүдийг уншаад ангийнхандаа ярьж өгдөг байж л дээ.

Тэгээд “Харри Поттер”-ыг ангийнхандаа ярихад бүгд утсаа орхиод сонссон байна. Энэ тухай аавдаа хэлснээр өдгөө “Харри Поттер” хэдэн сая хүүхдийг дэлгэцнээс хөндийрүүлж чадсан. Тэгэхээр тухайн зохиол донжоо олбол уншигч хаана ч, хэзээ ч бэлэн.

-Биччихээд “Цаг үе нь одоохондоо биш” гээд хав дарсан зохиол танд байдаг уу?

-Чөлөөт хэвлэл ноёлж байгаа энэ цагт хүмүүсийн сэтгэхүйд хүрэх болоогүй гэх ойлголт байхгүй. Байгаа зүйлээ аль болох бусдад хүргэх ёстой. Эхний нэг хүн уншаад ойлгохгүй байж болох ч дараагийнхад нь хүрч мэдэх юм. Зах зээлийн энэ нийгэмд авьяасыг чинь үнэлж амжилт олбол аз, чадахгүй бол арга байхгүй. Би “Соёо” туужаа 1986 онд бичээд Монголын зохиолчдын хорооны дэргэдэх дугуйлангийн нөхдөдөө унштал манайхан “Хэвлүүлж болмоор юм байна” гэсэн.

Ингээд Д.Гармаа гуай МЗХ-ны дарга байсан Маамтай танилцуулсан. Маам гуай “Боломжийн тууж байна. Гэхдээ яг одоо хэвлэх боломжгүй. Сайн хадгалчихвал хэзээ нэгэн цагт хэвлүүлнэ. Тэр цагийг хүлээх хэрэгтэй” гэсэн. Багшийн их сургуулийн залуучууд миний эхийг тав, таван хуудсаар хувааж гараараа хуулан бичээд бие биедээ тараан уншиж байсан түүхтэй юм билээ. Ингэсээр 1990 онд хэвлүүлсэн.

-“Соёо”, “Паанан” зэрэг сайн зохиолоосоо илүүг бичиж чадахгүй юм шиг санагдах, зохиолчийн тийм шаналан хэр их тохиолдож байв?

-“Соёо”, “Паанан”-г бичихдээ маш их хүч зарцуулсан. “Соёо”-г бичиж байхдаа бараг өөрийгөө солиорч байгаа юм биш биз гэж бодсон шүү. Тийм их эрч хүч асгарахаар нэгдүгээрт, тархинаас гарч буйг гар гүйцэж бичиж чаддаггүй. Хоёрдугаарт, хий юм сонсогдож, дүртэй холбоотой зүйлс гэрийн гадна болж, тоонон дээрээс амьтан хараад ч байх шиг санагдаж, хий юм сонсогдсон.

Өөр зохиол бичих гэхээр дүрүүд сэтгэхүй, сэтгэлд төгс хөгжихгүйн зовлон байсан. Дүрүүд нь яг байрандаа, явах ёстой замаараа хөгжсөн зохиолууд цааш унших хүсэл төрүүлдэг.

-Та АНУ-д 11 жил амьдарсан. Хүний нутагт удсанаар алдсан нь их үү, харин ч оносон уу?

-Би тэнд зүгээр суугаагүй. Чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж, өөр нийгэмд амьдарч үзсэн. Үр хүүхдээ тэнд өсгөсөн нь одоо сайн л явна. Олсон олз их. Гэхдээ эх орондоо байсан бол хийж бүтээх юм их байсан болов ууу гэж хааяа бодож харамсах үе бий. Алдаа онооны дэнс тэнцэх байх.

-В.Д.Набоков, И.А.Бродский зэрэг англиар бичдэг зохиолчийг ажиглах нь ээ, олон улсын уншигчдад бүтээлээ хүргэхэд хэлний боловсрол чухал юм шиг ээ.

Та англи хэл сурчихаад Америкт ном хэвлүүлэхээр оролдож байв уу?

-Тэгэх гээд хэлний сургуульд сурсан ч хэцүү юм билээ. Гурван утгатай англи үгний нэгийг нь хагас дутуу ойлгодог, тийм мөчидхөн амьтан тэр хэлээр зохиол бичнэ ч гэж юу байх вэ. Өөр хүнээр орчуулуулах санаа байсан ч учиргүй хөөцөлдөөгүй. Америкт заавал агентын зөвшөөрлөөр ном хэвлэдэг. Нэг хүнд цалин хөлсийг нь өгөөд номоо орчуулууллаа гэж бодъё. Хууль, номынх нь дагуу хэвлүүлж чадахгүй бол хүний ч, өөрийнхөө ч ажлыг алсан хэрэг болно.

Өвөрлөгчид бидний ном, зохиолыг их анхааралтай ажигладаг юм байна. Энд нэг ном гарвал бараг л маргааш нь монгол бичигт буулгана. Ардын хэвлэлийн хороогоор нь батлуулаагүй бол хууль бус гэсэн үг. Гэхдээ өвөрмонголчууд уншина гэхээр нэг бодлын сайн талтай. “Паанан”-г дахин хэвлүүлсний дараа Эрээн хотын дунд сургуулийн багш залгаад “Би ар монгол зохиолчдын бүтээлийг монгол бичиг рүү хөрвүүлдэг юм. “Паанан”-г буулгамаар байна” гэсэн. Би “Уулзаад ярилцъя” л гэсэн.

-Гадаадад амьдардаг монголчуудын цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа та “Үйлдвэрт нормын ажил хийхийн хажуугаар дэлгүүрийн шал зүлгэнэ. Зарим үед буудлын үйлчлэгч хийж, өдөрт 16 цаг чилийтэл ажиллах үе ч байна” гэсэн байна лээ. Энэ үед “Юу л хийгээд байна даа. Уг нь би зохиолч хүн шүү дээ” гэж бодох юм уу?

-Би уг нь тэнд хүүхдээ сургуульд оруулж төвхнүүлэнгээ зургаан сар л болохоор тооцож гарсан. Авч явсан 7000 доллароороо театр үзэж, Сан Францискогийн алдарт найрал хөгжмийнхний тоглолтыг сонирхоод л тансаглааад дуусгасан. Гэтэл хүүхдээ хараа хяналтгүй харийн улсад үлдээнэ гэдэг хэчнээн харгис явдал болохыг тэнд байгаа монгол залуучуудын амьдралаас ойлгосон.

Монгол охид биеэ үнэлж, хөвгүүд маань харууд, мексикүүдийн гар хөлийн ажилд зарагдаж, хар тамхи зөөж байгааг мэдээд хүүхдээ чирсээр байгаад дуусахаар шийдсэн. Тэгээд л хэл усгүй би оросуудын үйлдвэрт ажилласан. Хэл ойлголцоод ирэхээр арай дөнгүүр цалинтай ажил хайж, япон эзэнтэй мотоциклын үйлдвэрт орсон. Япончууд хүний сэтгэхүйг үнэлдэг улс юм билээ.

Зохиол бичдэг тухайгаа нэг япон залууд хэлтэл захиралд дуулгачихаж. Захирал ч миний номыг үзье гээд... Тэгээд л тэнд ээлжийн ахлагчаар ажиллаж байгаад Чикаго руу нүүх болж, жижиг бизнес эрхлэх болсон.

-Хувь тавилангийн ялагдалтай нүүр тулж, өөрийгөө өчүүхэн мэтээр мэдэрч үзсэн үү?

-Өчнөөн хүнд асуудал тохиолдож байсан ч нэг их дэвэргэж сэтгэлээр унадаггүй, меланхолик зан араншинтай, сонин хүн юм шиг ээ. Хятад хүнд 60 мянган юаниа залилуулчихаад алдах л ёстой юм байлгүй гэж бодсон. Гучин хэдэн мянган ам.доллароороо хормын дотор шатаж ч явсан. Би Францаас контейнероор бараа зөөдөг байлаа. Гаалиас баталгаатай машинаар агуулах руугаа контейнероо зөөлгөхөд 60 мянган төгрөгийн хөлстэй.

Гэтэл нэг залуу “Шинэ жил болох гээд дөрвөн хүүхдэдээ хувцас авахаас эхлээд мөнгөний хэрэг байна. Би таны ачааг 25 мянган төгрөгөөр зөөе” гээд байхаар нь зөвшөөрсөн юм. Тэгтэл замдаа контейнерыг маань унагаачихсан. Дотор нь байсан жүүснүүдийн сав хагарч, цай, кофе, эмэгтэй хүний хэдэн гутлыг юу ч үгүй болгочихсон.

Өнөө нөхрийн гэрт очиж үзээд үнэхээр хүнд амьдралтайг нь мэдсэн. Яая гэх вэ дээ. Тэр үед “За яах вэ, юм нэг талд нурж байсан ч нөгөө талд босох байлгүй” гэж бодсон.

-Та одоо хаана ажиллаж байгаа вэ?

-Уран бүтээлээ хийгээд гэртээ байгаа. Зэв жанжныг гол баатраа болгож, нэг роман бичих гээд арван хэдэн жил боллоо. Сонин амьдрал туулсан хүний хувьд, бас өвөөдөө тохиолдсон явдлуудыг багтааж дурсамж роман гаргахаар зэхэж байна. Зохиогчийн зүгээс бусад хүмүүсийн өнцгийг тольдсон маягийн зохиол манайд анх Чимэд гуай “Магеллан хаагуур гарсан бэ” нэртэйгээр хэвлүүлсэн. Үүний дараа Л.Түдэв гуай “Хорвоотой танилцсан түүх” бичсэнээс хойш энэ төрлөөр олон зохиол гараагүй.

Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар”-ыг үүнд багтааж болно. 1970-аад оныхон ямар байсан, 1980 онд юу үзэж туулсан бэ, 1990-ээд онд ямар үйл явдал өрнөснийг өөрийн үзэж туулсан амьдрал, үеийн нөхдийн баяр, гунигтай сонирхолтой түүхээр харуулах юм. Намайг хүмүүжүүлсэн, ээжийн минь аав Сономпил гэдэг лам байсан юм. Найман жил Чойрын ном үзсэн болоод ч тэр үү, амьдралыг их сонин өнцгөөс хардаг. Жин тээж Утай, Гүмбэн, Бээжин явдаг байсан тухайгаа надад их ярина аа.

Манай нутгийн Балдорж гэдэг, Далай ламын дэргэд олон жил суусан гавжтай ном хаялцахаараа өдөр шөнө болдог сон. Өвөө их иддэг хүн байсан юм. Нэг өдөр “баян” Ваанжил гэгч “Чи овоо их иддэг гэсэн. Эмээлтэй мориор мөрийцөх үү” хэмээж л дээ. Есдүгээр сарын тарган эр хонины хаа, гуяыг идүүлэхээр болж өвөө ичсэндээ зөвшөөрсөн юм байх.

Өвөө “Шулдан хаа, гуя идсэн гэж яригдаад яах вэ” гээд нэмж аяга дүүрэн бантан сорж, данхтай цай уучихаад “Эдний нүдэн дээр унаж балрах вий” хэмээн сэрэмжлээд мөрийнд авсан морио хөтлөөд гарсан юм билээ. Тэгээд нэлээд хол яваад элсэн дээр өнхөрч унаад өглөө сэрэхэд их хөлөрсөн бололтой, эргэн тойрных нь элс норсон байсан гэж ярьж байлаа.

-Та үзэж туулсан сонирхолтой явдлуудаасаа нэгийг ярьж өгөөч?

-Би геологийн инженер мэргэжлээрээ Чойрын геологийн экспедицэд ажиллаж байсан юм. Экспедицийнхээ УАЗ-452, 469, ЗИЛ-130 гэх хөдөлдөггүй гурван машиныг шинээр сольж, уг нь ашигтай наймаа хийсэн. Гэхдээ тэр үед хууль хатуу байсан болохоор оны тооллогоор мотор, кабины дугаарыг хүртэл дансанд бичсэнтэй тулгахаар болж, өнөөх нь зөрөлгүй яах вэ.

Экспедицийн дарга хаяагаа манаад, аймгийн прокурор намайг дуудаж, шоронд хийх гээд болдоггүй. Сандрахдаа салбарынхаа сайд руу залгаж, учир явдлаа хэлтэл “Миний дэргэд хүрээд ир” гээд “Хайгуулчин” сэтгүүлд ажилд оруулсан. Тэгж, нэлээд дээгүүр ярьж байж, тэр асуудлыг нааштай шийдсэн юм шиг байна лээ.

-Нэг хэсэг та алт олборлож байсан гэсэн үү?

-Надад зохихгүй юм билээ. 1997 оноос хоёр найзтайгаа нийлж хоёр жил орчим ажилласан юм. Мэргэжлийн хүн гээд яг угаадаг ажлыг надаар хийлгэсэн. Нэг өдөр 300 грамм алт гарсан ч маргааш нь 30 грамм олдоно шүү дээ. Гэтэл “Чи хагасыг нь авчихлаа” гэж хардаад... Ойлголцохгүй юм байна гээд больсон. Ер нь ч өвөө, аав минь алт дурлаад байх эд биш гэдэг байсан юм. Тухайн үедээ болиогүй бол юу ч болж мэдэх байж гэж сүүлд нь бодсон.  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай