Альцгеймер туссан ТӨР

Альцгеймер туссан ТӨР

Муу л бол зүүн хойд талын хар овоохой” гэгчээр муу бүхний бурууг Үндсэн хуулиас хайх болсоор удаж байна, бид. Хааяахан хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохиохоор хөгшин (ардчилсан, шинэ Үндсэн хуулийн төслийг бо­ловсруулж, баталсан хүмүүс), за­луугаараа талцан уг хуульд гар хүрэх цаг болсон, болоогүй гэж санал зөрөлдөх нь олонтаа ч сүү­лийн хэд хэдэн парламент дам­ жин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярьж байгаа нь дээрхийг батлах биз. Энэ удаа­гийн парламент, эрх баригчид ч уг асуудалтай албан ёсоор зууралдаад эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг судлах ажлын хэс­ гийг Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулсан бол Ерөнхий сайдын захирамжаар бас нэг ажлын хэсэг “мэндлээд” буй.

"Засгийн газрын” гэх тодотгол зүүгээд амжсан, зарим талаар (Засгийн газар Үндсэн хуулийн асуудалд хүртэл хут­галдлаа) шүүмжлэл хүртсэн уг ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй. Үүрэг, чиглэл нь үндсэндээ ялгаагүй ч Засгийн газрын ажлын хэсэгт нэг ч улстөрч ороогүй, төрийн болон төрийн бус байгууллагын эрдэмтэн, судлаач, хуульчдаас бүрдсэн гэж бай­гаа. Тиймээс ч тус ажлын хэсгийг “Зас­гийн газар хөндлөнгөөс оролцохгүй, Засгийн газарт таалагдсан санал, дүгнэлт гаргуулахгүй. Ердөө л ажиллах нөхцөл, боломжоор хангаж, шаардлагатай санхүүжилтээр дэмжинэ” хэмээн Ерөнхий сайд то­дотгож буй бөгөөд тэдний хийсэн судалгаа, хэлэлцүүлгийн дүгнэлтийг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулах гэнэ. Ингэхэд энэ ажлыг бид ингэж олон удаа хийх ёстой ч юм уу, бүү мэд.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах, эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг ердөө өмнөх парламентад хүртэл ажиллаж, санал дүгнэлтээ танилцуулсныг ийм амархан мартлаа гэж үү. Тийм бол сануулъя. УИХ-ын дарга (З.Энхболд)-ын 2013 оны хоёрдугаар сарын 28-ны 27 дугаар захирамжаар байгуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг судалж, санал боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг тухайн үеийн дэд дарга Л.Цог ахлан ажилласан. Улмаар Үндсэн хуульд тийм, ийм чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулж болно гэсэн тодорхой 15 са­нал боловсруулснаа УИХ дахь намын бүлгүүдэд хүргүүлж байсныг би л лав санаж байна. Тэдний зүгээс одоогийн парламентын засаглалаа бэхжүүлж, “дордуулсан” гэх тодотголтой долоон өөрчлөлтийг эргэн харж, УИХ-ын гишүүнд нэр дэвшигчид 40, Ерөнхийлөгчид 55-аас дээш гэсэн нас­ны босго тавих зэрэг санал дэвшүүлж буй нь анхаарал татаж байсан юм даг. Харин тухайн үеийн УИХ-д суудалтай АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс ямар хариу өгсөн нь бүрхэг байдаг. Гэхдээ Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг хоёр жил орчим ажилласны дүнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий гэдгийг тодорхойлж, гар хүрэх хүрээг нь санал болгосныг үндэслэн дараагийн ажлын хэсгийг байгуулсан. Тэр нь УИХ-ын даргын 2015 оны нэгдүгээр сарын 13 (ардчилсан Үндсэн хууль баталсан баярын өдөр)ны 08 тоот захирамжаар байгуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах төсөл боловсруулах үүрэгтэй аж­лын хэсэг. Ардчилсан Үндсэн хууль батлалцсан Н.Батцэрэг, С.Баярцогт, Л.Болд, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Л.Цог болон С.Оюун нарын гишүүнийг багтаасан тус ажлын хэсгийг Н.Батбаяр ахалж ажилласан.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль хатууг хэлэх үү, Н.Батбаяр ги­шүүний үг нь ч, үйлдэл нь ч түргэнийг хэлэх үү төсөл харьцангуй богино хугацаанд бэлэн болсон. Энэ хооронд ажлын хэсгийн гишүүд үл ойлголцож, санал зөрөлдөн, зарим нь ажлын хэсгээс гарсан ч Н.Батбаяр гишүүн уг асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах чиглэлд хүчтэй лообийдож, холбогдох хуульд хүссэн өөрчлөлтөө оруулж дөнгөсөн.

Дөрвөн жилийн өмнөхийг санаатай, санамсаргүйгээр санахгүй байгаа хүмүүс найман жилийн өмнөхийг санах нь юу л бол. 2008 оны сонгуулийн дараа УИХ дахь АН, МАН-ын бүлэг зөвшилцлийн гэх аж­ лын хэсэг байгуулан Үндсэн хуульд гар хүрэхээр тохиролцсон. Энэ нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон “мэндэлж”, улмаар УИХ-ын дарга (Д.Дэмбэрэл)-ын 2011 оны нэгдүгээр сарын 12 (ардчилсан Үндсэн хууль баталсны өмнөх өдөр)-ны 05 тоот за­ хирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг тухайн үеийн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараар ахлуулан байгуулж байв. Тэд улсын хэмжээнд 40 мянга гаруй хүнээс судалгаа авч, 50-иас илүү хувиас нь “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай” гэсэн санал сонссон тухайгаа хэлж байсан аж. Ийнхүү ажлын хэсгийн гадна яригдаж байсан “дордуулсан” долоон заалтыг засах Д.Энхбат гишүүний санал, Орхон аймгийг хотын статустай болгох Д.Дамба-Очирын төслийг нэгтгэсэн ч урагшлаагүй. Ингэж л бид нэг явсан мөрөөрөө хэд дахин явж, урагшлахаа умартсан гэлтэй. Өнгөрөгч хоёр ч парламентын үед ажлын хэсэг байгуулж, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай” гээд дүгнэчихсэн зүйлийг өнөөдөр дахиад л судалж, цаг алдах хэрэг байна уу. Салбарын эр­дэмтэн, судлаачид шинэ Үндсэн хууль баталснаас хойш улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд гарсан өөрчлөлт, чиг хандлагыг Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмын хэрэгжилттэй холбон зохих судалгаа, дүгнэлт хийж ирснийг ч тэмдэглэх хэрэгтэй.

Хамгийн гол нь ажлын хэсгийн дүгнэлтээс үл хамааран амьдрал үүнийг шаардаж буйг 25 жилийн хугацаанд 15 Засгийн газар байгуулсан бидний түүх бэлхнээ өгүүлнэ. Энэ бол долоо хэмжиж, нэг огтолж буй хэрэг биш. Зүгээр л цаг, хүч, хамгийн гол нь ард түмний итгэл, найдвараас хумсалсан хэрэг. Энэ бол Ж.Сүхбаатар, Л.Цог, Н.Батбаяр тэр­ гүүтэй хүний сайн, муугаар үнэлэгдэх хичээл зүтгэл, үйл хэргийг үгүйсгэж буй хэрэг бус. Зүгээр л Монголын төр залгамж чанараа олон газар гээж буйн нэгээхэн илрэл. Эхлээд богино хэмжээний ой санамж, цаашлаад бүхий л амьдрал, зан үйлээ мартах аюултай альцгеймер өвчний “шинж тэмдэг” Үндсэн хууль тойрсон асууд­луудад ч тод томруун илэрч буй гэлтэй.

Тиймээс одоо гагцхүү Үндсэн хуу­лийн юуг нь хэрхэн өөрчлөх вэ гэдгээ ажил хэрэгчээр ярьж байх цаг. Учир нь сайн төсөл боловсруулж гэмээнэ, “Эцэг” хуулийг өөрчлөх өндөр бос­гыг элдэв улстөржилтгүйгээр давах боломж парламент дахь үнэмлэхүй олонход бий. (УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурав (57)-аас доошгүй хувийн ирцтэй тохиолдолд олонхын саналаар шийднэ). Тэгээд ч сая байгуулсан ажлын хэсгийн гишүүн М.Батчимэг өнгөрөгч парламентад байхдаа Засгийн газрыг тогтвортой ажиллуулах чиглэлд Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой гэд­гийг нэлээд үндэслэл, тооцоотой хэлж ирсэн бол мөн тус ажлын хэсгийн гишүүн, иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн яг юуг нь засаж, сайжруулах нь зүйтэй вэ гэсэн чиглэлээр хийсэн судалгаа бий талаар дурдаж, илүү сайн төсөл бий болгоход анхаарч ажиллахаа хэлж байсан. Түүнчлэн ажлын хэсгийн гишүүн Б.Гүнбилэг (Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч) Үндсэн хуулийг өөрчлөх тухайд зарим зүйл тодор­ хой буйг дурдаад, яг юуг нь өөрчлөх шаардлагатай вэ гэдгээ тодотгож ажиллах санал дэвшүүлсэн байсан. Үүнээс гадна тус ажлын хэсгийн гишүүн А.Эрдэнэцогт (МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тэнхимийн профессор) Үндсэн хуулийн өөрчлөлт парламентын засаглалыг бэхжүүлэ­ хэд оршиж буйтай санал нэг гэдгээ илэрхийлсэн.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай