Хар ням гариг

Хар ням гариг

Энэ сарын 25-нд буюу өнгөрсөн ням гаригт Оросын Батлан хамгаалах яамны нислэгийн 223 дугаар отрядын “Ту-154Б-2” онгоц Сочи хотоос Сирийн Латакия мужийг зорьж явахдаа Хар тэнгист осолдсон байна. Онгоцонд Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулгын жүжигчид, сэтгүүлчид, онгоцны багийн найман гишүүн гээд нийтдээ 93 хүн сууж явжээ. Зарим мэдээллээс үзвэл, дэлхийд алдартай Александровын чуулгын жүжигчдээс 64 нь байсан гэнэ. Чуулгын удирдагч Валерий Халилов жүжигчидтэйгээ хамт явжээ.

Тус чуулга нийт 180 хүнтэй аж. “Халилов намайг Сири рүү хамт явахыг хүссэн юм. Гэвч би эмчлүүлэхээр явах шаардлагатай байсан, тэгээд ч Халиловтой хамт урьд нь Сирид нэг удаа очсон болохоор “дараа болъё” гэж хэлээд үлдсэн” хэмээн нэрт дуучин, Ардын жүжигчин Иосиф Кобзон ярьсан гэх мэдээлэл байна. Есөн сэтгүүлч явж байж. Онгоцны баг есөн хүнтэй байв. Өглөө Москвагийн 05.27 цагт уг онгоц радарын дэлгэцнээс алга болсон байна. Энэ талаар ТАСС 08.00 цагийн орчимд анх мэдээлсэн аж.

Осол болсон талаар Ерөнхийлөгчид мэдээлж, эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлжээ. Эрлийг онгоц унасан байх магадлалтай Краснодарын хязгаарын уулархаг нутаг, Хар тэнгисийн эрэг орчмоор хийж, энэ ажиллагаанд тэнгисийн долоон хөлөг онгоц, 3000 гаруй хүн, түүний дотор гүн усанд шумбагч 100 гаруй хүн оролцож байна. Энэ ажиллагааг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу биечлэн удирдаж буй гэх мэдээлэл бий. Өчигдрийн байдлаар 10 хүний цогцсыг уснаас гаргаж авсан байна.

Эрэл хайгуулын ажил явагдаж байна

Урьдчилсан гунигт таамаглал гарцаагүй үнэн болохыг 09.00 цагийн үед нотолсон аж. Хүчний байгууллагынхан “Онгоц Хар далайд унасан бололтой” гэж мэдээлжээ. Эргээс 5.5 км зайд усан дээр тосон толбо, 1.5 км зайнаас онгоцны сэг олдлоо. Түүнчлэн зорчигчдын эд зүйлс ч олдсон гэж Оросын Онцгой байдлын яамны Өмнөд бүс нутгийн хэвлэлийн алба тодотгосон байна. Осол болсон газар руу Батлан хамгаалахын дэд сайд Павел Поповын удирдсан комиссынхон нисчээ. Сирийн Хмеймим бааз руу уг онгоцыг нисгэх бэлтгэл ажилд оролцсон удирдах ажилтнуудыг байцаана гэж Мөрдөн шалгах хороо мэдээллээ.

Онгоцонд сууж явсан хүмүүсийн нэрсийг Оросын Батлан хамгаалах яам олон түмэнд уламжлав. Александровын чуулгын жүжигчдээс гадна Батлан хамгаалах яамны Соёлын газрын захирал Антон Губанков, түүний хэвлэлийн төлөөлөгч Оксана Батрутдинова, цэргийн найман албан хаагч (Эдний дунд дээр өгүүлсэн Валерий Халилов байж), “Шударга тусламж” гэдэг олон улсын олон нийтийн байгууллагын захирал Элизабета Глинка нар Сирийг зорьж явжээ.

Сурвалжлагч Павел Обухов, зураглаач Александр Суранов, туслах Валерий Ржевский нар нь энэ ослоор амь үрэгдсэн талаар телевизийн “Звезда” суваг мэдээлсэн байна. Нэгдүгээр сувгаас сурвалжлагч Дмитрий Рунков, зураглаач Вадим Денисов, Александр Сойдов нар мөн явж байжээ. НТВ сувгаас Сири рүү сурвалжлагч Михайл Лужецкий, зураглаач Олег Пестов, Евгений Толстов нар явж байсан аж.

RA-85572 гэсэн бүхээгний дугаартай энэ “Тy-154Б-2” онгоцыг 1983 онд Куйбышевийн үйлдвэрт (Одоо “Авиакор” гэх болсон) хийжээ. Уг онгоц жилд 300 орчим цагийн нислэг хийж байснаас цаашид нисэх харьцангуй бага нөөцтэй (10 мянга хүрэхгүй цаг) болсон байна. Онгоцыг агаарт 37.500 цаг нисэх юм уу, 16 мянган “суулт” хийхээр бүтээсэн бөгөөд үүнийг 60.000 цаг, 22 мянган “суулт” болгож сунгах боломжтой байв.

Онгоц засвар хийлгэсэн, нисэхийн өмнө төлөвлөгөөт бүх шалгалтыг хийсэн байв. Хөөрөхийн өмнө агаарын энэ хөлгийн техникийн байдлын тухайд ямар нэг согог илрээгүй гэж “Интерфакс” мэдээлсэн байна.

Амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн хүүхдүүд ч цэцэг өргөж байна

Онгоцыг ашиглагч Батлан хамгаалах яамны нислэгийн 223 дугаар отряд нь төрийн байгууллагын ачаа тээш, зорчигч тээвэрлэх үүрэг хүлээдэг аж. Түүнчлэн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг зөөдөг байна. Уг отрядыг 1993 онд Ерөнхийлөгчийн шийдвэрээр Оросын Агаарын цэргийн хүчний онцгой зориулалттай наймдугаар дивизийг түшиглэн байгуулжээ.

“Ту-154Б-2” онгоц дуу чимээ ихтэй, түлш их зарцуулдаг тул арилжааны ашиглалтаас нэгэнт хасагдсан ч түүнийг хэрэглэсээр байсан аж. Саяын нислэгийг хийхдээ Москва орчмын Чкаловын талбайгаас хөөрч, Моздокт цэнэглэх ёстой байсан ч цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан Сочид газардсан байна. Сочийн “Адлерийн” гэж нэрлэдэг онгоцны буудал нисгэгчдийн зүрхэнд шар ус хуруулдаг газар аж. “Armavia” компанийн “Airbus A 320-211” онгоц 2006 онд Ереванаас Сочид буух гэж явах үедээ Хар далайд унан бүрэн сүйрч, 105 зорчигч, онгоцны багийн найман гишүүн бүгд амиа алдсан байна.

1972 оны аравдугаар сард “Аэрофлот”-ын “Ил-18В” онгоц Адлерийн дэргэд осолдож, 109 хүн амь үрэгдсэн аж. Онгоцны сэгүүд далайд 1000 метрийн гүн рүү живснээс ослын шалтгааныг тогтоох боломж олдсонгүй. Сочийн нисэх онгоцны буудлаас хөөрөх, буух үйлдлийг тэнгисийн зүг хийдэг болохоор их осолтой гэж нисгэгчид үздэг байна. Үүнд нисгэгчдийн чадвар дадал их чухал байдаг юм байна. Тал талаасаа ус, уулаар хүрээлэгдсэн учраас нисэх онгоц хөөрөх, буух талбайг өөр газар байгуулах боломжгүй аж.

“Энэ буудал мэргэжлийн цирктэй адил болохоор ийш нь тусгай бэлтгэлтэй нисгэгчдийг л явуулдаг юм. Хэд хэдэн эвгүй явдал тохиолдсон учраас уулын зүгээс “суулт” хийхийг хориглосон юм” гэж ЗХУ-ын Гавьяат нисгэгч Олег Смирнов ярьж байна. Ялангуяа шөнө бол тэнгисийн зүг хөөрөх нь тун осолтой аж. Ням гаригт “Ту-154” онгоц өглөө 06.00 цагийн орчимд, өөрөөр хэлбэл гэгээ ороогүй байхад хөөрсөн байв.

Харанхуй нөхцөлд далайн ус тэнгэрийн хаяатай нийлэн ялгардаггүй бөгөөд одод дээр төдийгүй доор ч гялалзаж байдаг аж. Энэ байдал Сочийн онгоцны буудал бий болсноос хойш цөөнгүй нисгэгчид нөлөөлжээ. Ийм нөхцөлд зөвхөн багаж хэрэгсэлдээ л найдахаас өөр аргагүй гэж шинжээч үзэж байна.

Нээлттэй эх сурвалжуудын мэдээллээр бол “Ту-154Б-2” онгоц Сочиос хөөрөөд 20 минутын дараа буюу газраас нэгэнт хөндийрч, далайн дээгүүр нисэж явахдаа дэлгэцнээ харагдахаа байжээ. Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулга өчигдөр Сирийн Хмеймим баазад тоглолт хийж, Агаар, сансрын хүчнийхээ дайчдад шинэ жилийн баяр хүргэх зорилготой байж. Амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдөд тусламж үзүүлэх шуурхай штаб одоо энэ чуулгын байранд байгуулагджээ.

Бидний олж авсан мэдээллээр бол онгоц осолдсон байж болох гурван шалтгаан бий гэж үзэж буй аж. Энэ нь техникийн бүрэн бүтэн биш байдал, нисгэгчийн алдаа, алан хядах ажиллагаа юм байна. Эхний хоёрт нь цаг агаарын таагүй байдлын нөлөө оролцсон байж болох. Тэгвэл тухайн үед Сочид цаг агаар таатай байжээ. Үзэгдэх орчин 10 км-ээс багагүй, агаарын температур +5 градус, даралт мөнгөн усны баганын 763 мм орчим, нислэгийн талбай хуурай, зүүнээс секундэд таван метр салхитай, далайн давалгаа 0.1 метр байсан аж.

Онгоцонд сүүлийн удаа 2014 оны арванхоёрдугаар сард засвар, 2016 оны есдүгээр сард төлөвлөгөөт үйлчилгээ хийсэн байв. 33 жилийн хугацаанд 6689 цаг ниссэн байжээ. Энэ бол цэргийн зорилгоор ашиглаж буй онгоцны хувьд хэвийн үзүүлэлт юм байна.

Онгоцны багийнхан туршлагатай хүмүүс байж. Нэгдүгээр зэргийн нисгэгч Роман Волков онгоцыг жолоодож явжээ. Тэрбээр 3000 гаруй цаг ниссэн хүн байлаа. Эцэст нь улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг бодолцвол алан хядах ажиллагаа байхыг үгүйсгэх аргагүй аж. Сочид онгоцыг цэнэглэх үед дэлбэрэх төхөөрөмж байрлуулсан байж болох гэнэ. Үйл явдал ингэж өрнөсөн байж магадгүй гэж онгоцонд ойр байсан хүмүүсийг шалгаж эхэлсэн тусгай албаны ажилтнууд үзэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай