Ц.Мөнх-Оргил: Энэ засгийн газрын үед далай ламыг Монголд дахин айлчлуулахгүй

Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Далай ламын айлчлалтай холбоотой Засгийн газрын байр суурь, давхар иргэншил, дипломат төлөөлөгчийн дөрвөн газар хаах тухай зэрэг сүүлийн үед өрнөөд буй анхаарал татсан асуудлуудад тайлбар өгч, мэдээлэл хийлээ. Түүнийг Далай ламын айлчлалтай холбогдуулж БНХАУ-аас уучлал гуйсан, тус улсын иргэдэд давхар иргэншил олгох гэж байна гэсэн шуугиан дэгдээд буй юм.

Ц.Мөнх-Оргил “Би Далай ламын айлчлалтай холбоотой “Өдрийн сонин”-д ярилцлага өгснөөс өөрөөр дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагад байр суурь илэрхийлээгүй. Дээрх ярилцлагад хувь хүний бус Засгийн газрын байр суурийг илэрхийлсэн. Монгол Улс “Төвд бол БНХАУ-ын бүрэлдэхүүн хэсэг, язгуур эрх ашгийн асуудал” гэж үздэг “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж ирсэн. Цаашид ч баримтална. Далай лам шашны байгууллагын шугамаар, улс төрийн ямар нэг зорилгогүй айлчлал хийж, сүсэгтэн олонд ном айлдсан. Гэвч энэ айлчлалаас болж хоёр улсын харилцаанд үл ойлголцох байдал бий болсонд манай Засгийн газар харамсаж буйгаа илэрхийлсэн. Айлчлалыг зохион байгуулахад Засгийн газар, УИХ ямар нэг байдлаар оролцоогүй. Хэдийгээр шашны шугамаар айлчилж, зөвхөн шашны үйл ажиллагаа явуулсан ч хоёр орны харилцаа, эдийн засаг, санхүүд нөлөө үзүүлсэн. Тиймээс энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай ламыг Монгол Улсад дахин айлчлуулахгүй гэсэн байр суурьтай байгаа. X Богдыг тодруулахад Далай лам оролцох уу, үгүй юү гэдэг асуулт бий. Засгийн газар энэ асуудалд оролцохгүй. Энэ бол шашны асуудал. Миний илэрхийлж буй Засгийн газрын байр суурь энэ.

Давхар харьяаллын асуудлаар “Өдрийн сонин”-ы сурвалжлагч өөрийнхөө үзэл бодол, байр суурийг бичихдээ миний зургийг тавиад, ярьсныг минь нэлээд буруугаар тайлбарласан байна. Үүнийг хэвлэл, мэдээлэл, сошиал ертөнцөд Ц.Мөнх-Оргил ингэж ярьсан мэтээр тайлбарлаж, өнгөрсөн долоо хоногийн гол сэдэв болголоо. Дээрх нийтлэлдээ тус сонин залруулга гаргасан. Давхар харьяаллын асуудлыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаар ахлуулсан ажлын хэсэг судалж буй болохоос биш Засгийн газар албан ёсоор хэлэлцээгүй. Гадаадад ажиллаж, амьдарч буй 130 гаруй мянган иргэнийг төлөөлсөн 400 гаруй төрийн бус байгууллагын чуулга уулзалт наймдугаар сарын сүүлчээр Монголд болсон. Тэгэхэд гадаадад амьдарч буй монголчууд улсынхаа засаг төрд харьяалалгүй болсон иргэдээ харьяалалдаа аваач, хүүхдүүдээ монгол хэл, соёлтой болгомоор байна, цэцэрлэг, сургуулийн асуудлыг нь харж үзээч гэсэн хоёр хүсэлт л тавьсан. 130 гаруй мянган хүн ийм хүсэлт тавьж байхад судлахгүй бол хариуцлагагүй хэрэг болно. Үүнийг улс төрийн зорилгоор гуйвуулж, БНХАУ-ын иргэдэд давхар харьяалал олгож, монголчууд эх орондоо амьдарч чадахгүйд хүрэх гэж буй мэтээр зохион байгуулалттай мэдээлэл тарааж байна.

Гадаадын 172 орны туршлагыг харахад 50 нь давхар харьяаллыг зөвшөөрч, 50 нь зөвшөөрөхгүй, 71 нь зарим тохиолдолд зөвшөөрч байна. Монгол Улс зөвшөөрдөггүй улсаас зарим тохиолдолд зөвшөөрдөг орны тоонд орох уу, яах вэ гэдгээ судалж байна. Ингэхдээ гадаад хүн Монголд давхар харьяалалтай болох асуудлыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Монгол Улсын иргэн байснаа харьяаллаа сольсон хүмүүс, гадаадад төрөөд тэр улсынхаа иргэн болчихсон, монгол аав, ээжтэй хүүхдүүдэд давхар харьяаллыг зөвшөөрөх талаар ярьж байна. Давхар харьяалал хүсэн хүлээж буй 24 мянган иргэн бий гэсэн тоо байгаа. БНХАУ давхар харьяаллыг зөвшөөрдөггүй учраас хятадууд манай улсын иргэн болчихно гэж санаа зовох хэрэггүй. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжвэл ирэх хаврын чуулганаар хуулийн төсөл өргөн барина.

Дипломат төлөөлөгчийн дөрвөн газар татан буулгах асуудлыг Засгийн газар дэмжсэн. Маргаашнаас (өнөөдөр) УИХ-аар хэлэлцэнэ. Яагаад ингэх шаардлага гарсан бэ гэвэл, УИХ-аас Засгийн газарт гадаад улс дахь Монголын дипломат төлөөлөгчийн газрын үндсэн чиг үүрэг, ажлын ачаалал зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч, тэдгээрийн ач холбогдол, байршлыг шинэчлэн тогтоож, шаардлагатай бол зарим газрыг татан буулгах, өөрчлөн зохион байгуулах даалгавар өгсөн. Мөн Засгийн газар хэмнэлтийн горимд шилжиж, зардлаа хэмнэхийг бүх яам, агентлагт даалгасан. 2017 онд гадаад харилцааны салбарын төсвийг 14 тэрбум төгрөгөөр танасан. Төсөв батлагдсан өдрөөс хойших нэг сарын хугацаанд валютын ханшийн зөрүүнд 1.2 сая ам.доллар алдаад байна. Тэгэхээр хүссэн, хүсээгүй зарим дипломат төлөөлөгчийн газраа татан буулгахаас өөр арга алга. Ингээд судалж байгаад Индонез, Бразил улс дахь ЭСЯ, БНХАУ-ын Хайлаар, Япон улсын Осака дахь ерөнхий консулын газрыг татан буулгая гэсэн санал оруулаад байна.

Ийм санал гаргахдаа бид Монгол Улсын гадаад харилцааны бодлогын харилцан адил байх зарчим, манай улсад ЭСЯ-тай улсуудын нутаг дэвсгэрт Монголын ЭСЯ-ыг байлгая гэдэг бодлогоо баримталсан. Мөн улс орнуудын улс төр, эдийн засаг, худалдааны харилцааны түвшин, тэнд ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн тоо, бусад оронд ажиллаж буй дипломат төлөөлөгчийн газар хавсарч хийх боломж зэргийг харгалзаж үзсэн. Дээрх дөрвөн дипломат төлөөлөгчийн газрыг татан буулгаснаар бид жилд 1.6-1.8 сая ам.долларын хэмнэлт гаргана. Манай Төрийн нарийн бичгийн дарга Индонез, Бразил, БНХАУ, Япон улсын Гадаад харилцааны яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга зэрэг удирдах албан тушаалтантай утсаар ярьж, төсөв мөнгөний хүндрэлтэй байдалд орсон учраас дипломат төлөөлөгчийн газраа татан буулгахаас аргагүй болсноо тайлбарлаж хэлсэн. Түншүүд маань ойлгож хүлээж авч байгаа” гэв.

Дашрамд дуулгахад, БНХАУ-ын Хайлаар хот дахь консулын газрыг татан буулгаад, Шанхайд консулын газар байгуулах гэж буй аж. Хайлаарт байнга ажиллаж, амьдардаг 7-10 монгол иргэн бий бол Шанхайд 700 гаруй оюутан, компаниудын төлөөлөгчийн газар, хөрөнгө оруулалтын төв байдаг тул ийм шийдвэр гаргажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай