ФОТО: Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчин, эндэгдэлд нөхөн олговор олгохыг шаардлаа

Утааны асуудал жил бүр л нийслэлчүүдийн сэтгэлийг зовниож, аюулын харанга дэлддэг билээ. Хүн бүр л утаанаас салж, эрүүл амьдрахын тулд дорвитой арга хэмжээ авах юмсан гэж бодож явдаг нь мэдээж.

Харин өнөөдөр эцэг эхчүүд анх удаа утааны эсрэг жагсаж, төрд дуу хоолойгоо хүргэлээ. Утааны эсрэг ээж, аавуудын жагсаал 12:00-14:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болов.

Жагсаалд оролцож буй иргэд "Төв цэвэр бол агаар цэвэр", "Ядуурлаас үүдэлтэй утаа", "Эрүүл үрс Монголын ирээдүй", "Эрүүл уушги, эрүүл ирээдүйн төлөө" зэрэг лоозон барьж, дуу хоолойгоо нэгтгэсэн юм.

Зохион байгуулагчид "Утааны эсрэг жагсаалыг улс төрийн үүднээс харахгүй байхыг хүсье. Энэ бол  үр хүүхэд, эцэг эхчүүддээ санаа зовсон эцэг эхчүүдийн дуу хоолой.

 Утааны эсрэг ард иргэдийн оролцоо чухал гэдгийг ойлгуулж, утааны асуудал аюулын түвшинд хүрснийг төрийн удирдлагуудад сануулах зорилготой" хэмээгээд Засгийн газар агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч, шаардлагатай үед онц байдал зарлаж байхыг шаардав.

Ахмад настан Ж.Чулуунтөмөр гуай "Сонгуулийн өмнө баруун чихэн дээр минь вансэмбэрүү, зүүн талын чихэн дээр зүмбэр ягаан цэцэг ургуулж, зүйл зүйлийн амлалт өгөн, сонгогдсон гишүүд, дарга нарын утаагүй болгоно гэсэн амлалт биелэх болоогүй юү.

130 тэрбум төгрөг  зувчуулаад л чимээгүй боллоо. Оффшор дансандаа нуучихсан юм уу. Хэрвээ энэ мөнгөөр Улаанбаатар хотыг утаагүй болгосон бид өдийд ингээд зогсохгүй байсан шүү.

Гашуун утаанд хоолой хорсож, гашуудлын цуваа шиг заман дээр түгчирж явсаар тэсэхгүй өнөөдөр энд ирлээ, би.

Над шиг хөдөөний хүн амьдарч чадахгүй юм байна. МАН, АН-ынхан намын байраа Эрүүл мэндийн байгууллага, хүрэлцээ муутайгаас шалан дээр хэвтэн эмчлүүлж буй эцэг, эхчүүдэд түр хугацаанд өг.

Утааны асуудал намжиж, урин дулаан цаг иртэл өгч яагаад болохгүй гэж. Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй айлуудад утаа шүүгч тавья. Монголд мах, гурил, эрчим хүч хамгийн хямд үнэтэй байх учиртай. Утааны эсрэг хөдөө, гадаагүй бүгдээрээ нэгдэж, хамтарч ажиллъя. Утааны эсрэг бүгдээрээ тэмцье" хэмээв.

Энэ үеэр утааны эсрэг жагссан эцэг эхчүүд дараах шаардлагыг хүргүүлэв.

-Эмнэлгийн орны хүрэлцээг нэмэхэд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай

-Утаа гамшиг болсныг хүлээн зөвшөөрөх зөвлөмж мэдэгдэл гаргах

-Утааны голомтод очиж нөхцөл байдал дээр Засгийн газар хуралдах

-Утаа бууруулж чадаагүйгээ тайлбарлаж тайлангаа тавих

-Яаралтай цогц арга хэмжээ авах ажлын хэсгийг яаралтай гаргаж мэдэгдэх

-Агаарын бохирдлоос үүдэлтэй гэдэг нь батлагдсан хатгалгаа болон бусад өвчлөл эндэгдэл дээр нөхөн олговор олгох

-Засгийн газар нэгдүгээр сарын 10 гэхэд агаарын бохирдлыг хэдэн хувиар бууруулахаа мэдэгдэх /Энэ өвөл гэхэд агаарын бохирдлыг 25 хувиар бууруулах боломж байгаа/

-Засгийн газрын утааг бууруулах Үндэсний зөвлөлийн ажлыг хянах иргэний нийгмийн төлөөллийг оролцуулах зэргийг тусгажээ.

ФОТО: Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай