Б.Хулан: Дотнын хүмүүс минь намайг мэддэг учраас бусдад нь батлах гээд яах вэ

Уран бүтээлийн гараагаа “Х ТҮЦ” продакшнаас эхэлж, өдгөө дэлгэцийн урлагт өөрийгөө сорьж, үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин Б.Хуланг “Залуус” буландаа урилаа. Намуухан, эмэгтэйлэг зан, төрхтэй энэ бүсгүй гурван хүүхэдтэй айлын дундах нь аж. Багадаа их дэггүй, хөдөлгөөнтэй охин байсан гэнэ. 14 настайдаа Монголын фото миссээр шалгарч, долдугаар ангиасаа л жүжигчин болохоор шамджээ.

Тэрбээр “Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувдыг хүндэлдэг. Энэ хүний биеэ авч яваа байдал сайхан санагддаг. Урлагийн хүн ийм л байх ёстой болов уу. Мөн Гавьяат жүжигчин И.Одончимэгийг урлагт амь, биеэ золиослон зүтгэдэг хүмүүсийн нэг гэж боддог. Бие нь өвдсөн ч, ядарсан ч хийх ёстой ажлаа хийдэг. Дайчин зантай, чадалтай эмэгтэй. И.Одончимэг эгч шиг чадалтай жүжигчин болох сон” хэмээн боддог аж.

-2016 оныг уран бүтээлийн арвин олзтой үдэж байна уу. Уран бүтээлийн сонин хачнаас хуваалцаач?

-Сайхан жил болж өнгөрч байна. Энэ онд “Туршилтын хосууд”, “Өртөө”, “Өвлийн тууж”, “Өвлийн шөнийн зүүд” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны дөрвөн киноны гол дүрд тоглож, үзэгчдэд хүргэлээ.

-Дээр дурдсан кинонууд инээдмийн, адал явдалт, уянгын, зөгнөлт гээд өөр өөр төрлийнх. Таны бүтээсэн дүрүүд ч огт өөр өөр зан араншинтай эмэгтэйнх байлаа. Тоглоход хэр хүнд байв?

-Дүр бүр л ажиллагаатай бүтсэн дээ. “Өртөө”, “Туршилтын хосууд” кинонд тоглохынхоо өмнө хөлөө хугалчихсан юм. Хугархай хөлтэй л киноны зургаа авахуулсан даа. Дээр дурдсан кинонуудын зургийг бүгдийг нь өвөл авсан. “Өвлийн тууж” кинонд ажиллахад арай илүү хэцүү байлаа. Хөдөө, хээр зураг авахуулсан. Киноны багийнхан дунд хөл, гараа жаварт хайруулаагүй хүн бараг байхгүй.

Өмнө тоглосон кинонууд, дүрүүдээс тэс өөр. Намайг арай өөрөөр харуулж чадах дүр байв. Гэхдээ зургаа авахуулж дууссаны дараа их “амттай” санагдсан.

-“Өвлийн тууж” кинонд та бусдад хорлуулж, түүнээсээ болж сэтгэлдээ өс хонзон тээж буй эмэгтэйн дүрд тоглолоо. Жүжигчид дүрдээ орно, “дүрийн тээш авна” гэж ярьдаг даа. Та хэрхэн энэ дүрд тоглов. Та өөрөө ээж хүн шүү дээ. Хүүхдээ алдсан эмэгтэйн дүрд тоглох амаргүй байв уу?

-Хүүхдээ алдсан эх хүний сэтгэл ямар л олигтой байх вэ дээ. “Хүнд ийм зовлон тохиолдвол яах бол” гэж төсөөлж л дүрдээ хувирна шүү дээ. Гэхдээ оногдсон дүрд тоглохдоо өөрийгөө, үр хүүхдээ тийм ийм болсон байгаагаар төсөөлж тоглох дургүй. Сэтгэлд сэвтэй санагдаад байдаг юм.

-Та болоод таны гэр бүлийнхэн шүтлэгтэй юү?

-Жилдээ заслаа нэг хийлгэж, номоо уншуулчихдаг. Түүнээс биш тэр ч бүтэхгүй, энэ ч болохгүй байна гээд байнга залбираад байдаггүй. Манай гэр бүлийнхэн ч тийм.

-Кинонд бусдад хорлогдож юм уу, осолд орж тоглох нь олон. Таныг тийм дүрд тоглоход гэр бүлийнхэн тань цэрвэдэг үү?

-Надад ямарваа кинонд тоглуулах санал ирэхэд зохиолыг нь ээжтэйгээ хамт уншиж, тоглох, эсэхээ зөвшилцдөг юм. “Миний ах атаман” кинонд би хүнд алуулж буйгаар тоглосон. Иймэрхүү дүрд тоглоход ээж маань жаахан дургүйцдэг л юм. Анх эл киноны зохиолыг уншчихаад “Ээ ямар айхтар юм бэ. Заавал ингэж үхэх ёстой юм байх даа” гэж билээ.

Энэ киноны зураг авахуулах үеэр нуруундаа хутга зоолгож, нүүр хувиргалт хийлгэчихээд ойр байсан хүмүүсээр “Миний зургийг ав даа” гээд авахуулсан юм. Түүнийгээ ээж рүүгээ явуултал “Ийм юмаар тоглож болохгүй” гээд их загнуулсан. Хэчнээн кино ч гэлээ үр хүүхдээ үхэж буйг харах олиггүй л санагддаг байх.

Харин би кинонд тоглохдоо зурагныхаа өмнө зул асаах, авсанд хэвтэх зэргээс жаахан цааргалдаг юм. Айхгүй ч гэсэн аягүй гэдэг дээ. Түүнээс биш буудуулах, хутгалуулах, зодуулж тоглоход асуудал байхгүй ээ. Харин ч сонирхолтой. Тэндээс шинэ техник сурна.

-Аз туршиж, аюул сөрсөн, эрсдэлтэй үйлдэл хэр хийдэг вэ?

-Барагтаа л бол үгүй дээ. Би их дөлгөөн, тайван талдаа хүн шүү дээ.

-Тэгвэл кинонд тийм үйлдэл хийж зураг авахуулж байв уу?

-Хийгээд үзчихвэл сонин юм болов уу гэсэн үйлдлүүд байдаг л юм. Харамсалтай нь, найруулагч нар надад ихэнхдээ л их даруухан, эмэгтэйлэг дүр оноодог болохоор хийж үзээгүй л байна.

-Одоо ямар дүрд тоглож үзэхийг хүсэж байна вэ?

-Эсрэг талын дүрд л тоглож үзмээр байна. Их зэвүүн, наанаа гэмгүй царайлчихаад хор найруулж явдаг хүмүүс байдаг даа. Тийм л хэмнэлтэй, их хувиралт шаардсан дүрд тогломоор байна. Тийм дүр жүжигчний уран чадварыг товойлгоно шүү дээ.

-Шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэж, киноныхоо нээлтийн ёслолд оролцох үед ямар мэдрэмж төрж, юу боддог вэ?

-Их сонин. Киногоо үйл явдал нь хөтлөгдөж биш, “Би хаана, яаж алдсан бол, үзэгчид хэрхэн хүлээн авч байгаа бол” гэж бодож, санаа зовниж үздэг. Сандраад тогтож суухад ч хэцүү санагддаг юм. Хэдхэн хоногийн өмнө “Өвлийн тууж” киноны нээлтийн ёслолын үеэр хажууд Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун багш, Г.Золбоот ах, ард Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг багш сууж таарсан. Тэр мундаг хүмүүсийн өмнө шалгалт өгч буй юм шиг л байлаа.

Л.Чаминчулуун багш кино үзэж байхдаа над руу нэг хараад, тэгснээ зарим үед толгой дохиод л, зарим хэсэгт юм үзэж буй шинжгүй суудлынхаа түшлэгийг налж суугаад л. Болж байна ч гэж байгаа юм уу, үгүй ч гэсэн үг юм уу бүү мэд. Тэр байдлыг нь хараад их сандарсан.

Шавийнхаа алдаа, оноог их дэнсэлж үзсэн байх л даа. Харин үзэж дууссаныхаа дараа “Киноноос кинонд илүү ахиж байна” гэж их урам өгсөн. Гэхдээ надад магтуулснаас шүүмжлүүлсэн нь дээр санагддаг юм.

-Худал магтаалаас үнэн шүүмжлэл үнэтэй гэдэг шүү дээ.

-Тийм шүү. Тэр нь уран бүтээлч хүнд илүү өгөөжтэй.

-Өөрийгөө дэлгэцнээс хараад ичиж байсан тохиолдол бий юү?

-Ичих гэж хэлж болохгүй байх. Гэхдээ тоглосон кинонуудаа үзэхээр нэг л сонин мэдрэмж төрдөг юм. Манай ээж миний алдааг их шударга хэлчихдэг. “Чи тэр хэсэгт их худлаа инээж байна лээ. Энд харин хаа очиж үнэмшилтэй харагдаж байна” гээд л.

-Ингэхэд “Х ТҮЦ” продакшнаас яагаад гарсан юм бэ?

-Гуравдугаар дамжаанд сурч байхдаа тус хамт олонтой “Хориотой жүжиг”-т тоглож байлаа. Сургуулиа төгсөөд шууд л “Х ТҮЦ”-тээ ажилласан. Зургаан жил шахам ажилласан даа. Хамт олонтой байх, уран бүтээлч хүн ямар байх ёстойг тэнд сурсан даа.

Н.Ганхуяг багш маань “УДЭТ-т шалгуул” ч гэдэг байлаа. Гэхдээ тохироо нь бүрдээгүй. Тэгээд л дэлгэцийн урлагаар дагнаж ажиллахаар шийдсэн юм.

-Тайзаа үгүйлж байна уу. Тайзны уран бүтээлд тоглолгүй овоо хэдэн жил болчихлоо шүү дээ.

-Гоё жүжигт тоглох сон гэж боддог л юм.

-Продакшнд харьяалагдаж, хамт олонтой байж байгаад чөлөөт уран бүтээлч болоход ямар байсан бэ. Их ганцаардсан уу?

-Тэгсэн. Их ганцаардсан. Эл хуль оргиод л, гэнэт ямар ч хийх ажилгүй болчихсон юм шиг санагдаад л. Гэхдээ удалгүй дасчихсан. Нэг кинонд тоглох үед шинэ хамт олонтой болно. Дараа нь дахин өөр кинонд тоглоход мөн л шинэ хамт олонтой ажиллана. Ингээд л тэр ганцаардсан мэдрэмж үгүй болчихсон. Сонголт минь зөв байсан гэж боддог шүү.

-Та хэр нийтэч хүн бэ?

-Нийтэч шүү. Хаана ч, ямар ч орчинд хүмүүстэй хэл амаа ололцоод, ойлголцчихдог.

-“100 төгрөгтэй байснаас 100 найзтай бай” гэж үг бий. Гэтэл зарим хүн

“Найз нөхөд чанартай, цөөхөн байсан нь дээр” ч гэлцдэг. Та алинтай нь санал нийлдэг вэ. Хэр олон найзтай вэ?

-Миний танилын хүрээ өргөн. Гэхдээ дотнын, зүрхний хэдхэн найз бий. Найзуудынхаа итгэлийг дааж явахыг л их хичээдэг дээ.

-Таны хувийн амьдралын талаар шар хэвлэлүүдэд янз бүрээр л бичдэг, чичилдэг. Тэр нь танд тээртэй байдаг уу?

-Гомдмоор санагдах үе байлаа. Гэхдээ тэр болгоны араас тайлбарлаж, залруулж гүйх хэцүү. Ёстой цагийн гарз болно. Цаг хугацаа хэн нь хэн бэ гэдгийг харуулчихна. Тиймээс дуугүйхэн өмнөх ажлаа хийгээд, мөрөөрөө явж байсан минь дээр.

-Дуугүй байх нь хүлээн зөвшөөрсний илрэл гэж ойлгодог ч юм бил үү.

-Ойр дотнын хүмүүс маань намайг хэн бэ гэдгийг хангалттай мэдэх учраас бусдад нь батлах гээд яах юм бэ.

-Таны мэргэжил хүний мөн чанар, зан төлөвийн онцлогийг судалдаг, түүнийгээ илэрхийлдэг гэхэд хилсдэхгүй. Тиймээс олонх жүжигчин хүнийг нүүрний хөдөлгөөн, царай хувирлаар нь үнэн, худал ярьж буйг мэддэг болчихдог юм билээ.

-Гадарлана шүү. Анзаарагддаг юм. Энэ хүн үнэхээр чин сэтгэлээсээ ярьж байна уу, эсвэл худлаа дүр эсгэж байна уу гэдэг нь мэдрэгддэг. Түүнээс биш, харангуутаа “уншчихна” гэж байхгүй ээ.

-Та ямар зан чанартай хүнд дуртай вэ?

-Дүр эсгэдэггүй, өөрөөрөө байгаа хүн л таалагддаг. Өнгөрсөнд хэн байснаа мартаж, өөрийгөө хэт дөвийлгөдөг хүмүүст дургүй.

-Удахгүй Шинэ жилийн баяр болно. Хүүхдүүдээ хэрхэн баярлуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Охин маань ес, хүү минь дөрвөн настай. Манай хоёр гацуур модоо хараад л баярладаг насан дээрээ байна. Баяраа хүүхдүүд, гэр бүлийнхэнтэйгээ л тэмдэглэнэ дээ. Шинэ жилийн баяраар аль болох халуун ам бүлээрээ цуглахыг хичээдэг юм.

-Он солигдох мөчийг сонирхолтойгоор угтсан тохиолдол байдаг уу?

-Жил бүр гэр бүлийнхэнтэйгээ баярладаг болохоор тийм сонирхолтой дурсамж байхгүй. Нээрэн, нэлээд хэдэн жилийн өмнө найзуудтайгаа Зайсан толгой дээр шинэ оноо угтсан юм байна. Их хөгжилтэй байсан шүү. Энэ жил шинэ оноо гэртээ угтчихаад, найзуудтайгаа баяраа тэмдэглэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай