Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, С.Чинзориг, Х.Болорчулуун нар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өргөн мэдүүлэв.

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1.1 дэх заалтад “жижиг, дунд үйлдвэр эрхлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санхүү, татвар, зээл, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг тодорхойлох”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.13-т “Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ” гэж тус тус заасныг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөрдөгдөх юм.

Тийм ч учраас шинэ технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор тоног төхөөрөмж импортлоход төрөөс татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нь үйлдвэрлэгчдэд ихээхэн дэмжлэг болдог тул жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, мэргэжлийн байгууллагууд хуулийн хугацааг сунгах санал ирүүлжээ. Иймд дээрх шаардлагуудад үндэслэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн ангиллын дагуу Засгийн газар баталснаар жижиг, дунд үйлдвэрт өрсөлдөөнийг бий болгож, экспортын чадавхийг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж, ДНБ өсөх зэрэг ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзжээ

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай