УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ Утааны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ Утааны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ Утааны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа. Тэрбээр "Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч ДЭМБ тогтоосон стандартаас 2-7 дахин их болсон, агаарын бохирдлын уршгаар иргэдийн дундаж наслалт багасгахаас гадна уушгины хорт хавдар 36 хувь, цус харвалтын 34 хувь, зүрхний шигдээсийн 27 хувийн шалтгаан болж байгаа төдийгүй 0-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдэд маш сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлсээр байна.  

2015 оны статистикийн мэдээгээр Улаанбаатар хотод нийт 376419 мянган айл өрх байгаагаас 210 гаруй мянган өрх гэр хороололд зуух ашиглан дулаанаар хангагдан амьдарч байна. Зөвхөн гэр хорооллын зуух гэлтгүй агаарыг бохирдуулж буй хүчин зүйлсийг авч үзвэл нийслэлийн 3 цахилгаан станц 6 хувь, гэр хорооллын хэрэглэж буй зуух 52 хувь, нам даралтын зуух 10 хувь, автомашинаас гарах утаа 20 хувь, барилга, байгууламжийн хуурай хог хаягдал 10 хувь хувийг эзэлж байна.

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, авто зам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), том ширхэглэг тоосонцор (PM10), нарийн ширхэглэг тоосонцор (РМ2.5), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат болон автомат бус багажаар хэмжин тодорхойлж байгаа. Эдгээр багажаар хэмжсэн үзүүлэлтээр Улаанбаатар хотын 2016 оны 11 дүгээр сарын агаарын чанарыг агаар бохирдуулах бодис тус бүрээр авч үзвэл, PM10 /том ширхэглэг/ тоосонцрын дундаж агууламж 166мкг/м3 буюу өмнөх оноос 26 хувиар их, PM2.5 /нарийн ширхэглэг/ тоосонцрын дундаж агууламж 23мкг/м3 буюу өмнөх оноос 27 хувиар их, азотын давхар исэл NO2-ийн агууламж 52мкг/м3 буюу өмнөх оноос 27 хувиар их, хүхэрлэг хий SO2-ийн дундаж агууламж 29мкг/м3 буюу өмнөх оны  мөн үеэс 37 хувиар бага байсан буюу аюулын харанга дэлдэх хэмжээнээс ч хэтэрчээ. Нийслэл хотод амьдарч буй хүүхэдтэй эхчүүд энэ байдалд эмзэглэж жагсаал хүртэл хийхээр нэгдэн сошиал ертөнцөөр дуу хоолойгоо илэрхийлсээр байна.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Агаарын бохирдлыг бууруулах "Утаагүй хот-2030" төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж зааж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өмнө нь хэрэгжүүлж байсан бүрэн шаталттай зуух, сайжруулсан түлшний хэрэглээг цаашид үргэлжлүүлэхээр төлөвлөж ажиллаж байна, хугацаа их шаардлагатай гэдэг мэдээллээр иргэдийг аргацааж байна.

Иймд нийслэлийн агаарын бохирдлын хэмжээ хэрээс хэтэрч байгаа талаар болон үүнтэй холбоотой хийгдэж буй ажлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар асуулга тавьж байна.

Асуулгын хариуг 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн дотор бичгээр мэдэгдэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгоно уу" гэсэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай