“Тавантолгой”-н хэлэлцээний хар зураг

“Тавантолгой” төслийн шинэ хэлэлцээ өчигдөр албан ёсоор эхэллээ. Хэлэлцээ 10 сар завсарласны эцэст төсөлд оролцогчид нэг ширээний ард дахин суусан нь энэ. УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр МАН ялж, Засгийн газраа эмхлэв. Иймээс Засгийн газрыг төлөөлж, хэлэлцээ хийх ажлыг хэсгийг өөрчиллөө.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн Тавантолгойд хөрөнгө оруулж, хамтран ажиллах тендерт шалгарсан Монголын “Энержи ресурс”, Хятадын “Шинхуа энержи”, Японы “Сүмитомо”-гийн нэгдэлтэй хэлэлцээ хийнэ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнөх хэлэлцээгээр тохирсон гэрээний нөхцөлүүдийг сайжруул гэсэн үүргийг ажлын хэсгийнхэнд өгөөд буй. Тэд “Тавантолгой” төслөөс Монголын талд ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэхээр чармайх нь дамжиггүй.

М.Энхсайхан сайдаар ахлуулсан ажлын хэсэг жилийн өмнө хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ эхлүүлэх үед дэлхийн зах зээлд нүүрсний үнэ хямд байлаа. Хэзээ сэргэх нь ч бүрхэг байв. Үүнээс гадна хөрөнгө оруулагчид уурхайгаас нь нүүрс олборлож, хамтран ажиллах “Эрдэнэс Тавантолгой” компани 900 орчим тэрбум төгрөгийн өртэй байлаа. Тэгвэл өдгөө дэлхийн зах зээлд нүүрсний үнэ бараг гурав дахин өсөөд байна. Урт хугацаанд “өндөр”-өө хадгална гэж шинжээчид ч дүгнэх болов. Нүүрсний үнэ өссөн учраас “Эрдэнэс Тавантолгой” компани өрөө маш хурдтайгаар “нимгэлж” буй.

Хэлэлцээ амжилттай болж, хамтран ажиллах гэрээ ирэх оны 5-6 дугаар сард албан ёсоор хэрэгжих үед “Эрдэнэс Тавантолгой” өрөө дараад дуусчихаж магадгүй. Өргүй компанийнхаа үнэ цэнэтэй нөөцийг ашиглуулах гэж буй хүмүүст том дуугарах эрх бий. Ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулагчдад өмнөхөөсөө хатуу болзол тулгаж буй сурагтай. Гэсэн ч хөрөнгө оруулагчид хэл үггүй, толгой дохиод зөвшөөрчихгүй нь лав. Хоёр талын эрх ашиг тэнцвэржиж байж хэлэлцээ амжилттай болно. Манайхны өндөр болзол хаана хүртлээ “доошлохыг” хэн мэдэх вэ.

Хэлэлцээр хоёр хэсгээс бүрдэх нь тодорхой боллоо. “Монголын төмөр зам” компани Хятадын “Шинхуа”-тай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хамтран барих хэлэлцээ хийнэ. Нөгөө талд “Энержи ресурс”, “Шинхуа энержи”, “Сүмитомо”-гийн хамтрал “Эрдэнэс Тавантолгой” компанитай хамтарч ажиллах гэрээ байгуулна. Тавантолгойн ордын коксжих нүүрсний нөөцийг үр өгөөжтэй ашиглах гэсэн нэг зорилготой учраас хоёр хэлэлцээ уялдах нь маргаангүй. Өмнөх хэлэлцээний дүнд хөрөнгө оруулагч тал Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг бариад 30 жилийн дараа 51 хувийг нь төрд “бэлэглэхээр” тохиролцоод байсан. Энэ хувилбараас зарим хөрөнгө оруулагч татгалзсан бололтой.

Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс” компани төмөр замын төсөлд огт оролцохгүй нь. Тэгэхээр Тавантолгойн нүүрсний тээвэрлэлтийн менежментийг “Монголын төмөр зам”, олборлолт, борлуулалтынхыг нь “Энержи ресурс” хариуцах юм. Мэдээж гол оролцогч нь “Шинхуа” групп байна. “Сүмитомо” хэмээх нэг оролцогч бий. Тэднийх төслийн компанийн доор байгуулах нэгжийн тодорхой хувийг эзэмшиж, баяжуулсан нүүрсний 25 хувийг Япон, Солонгосын зах зээлд борлуулах үүрэг хүлээнэ. Тиймээс гол тоглогч биш.

Өмнөх хэлэлцээний дагуу манай тал урьдчилгаа төлбөр хэлбэрээр 400 орчим сая ам.долларыг 4.125 хувийн хүүтэй зээлэхээр тохирч байв. Энэ удаад ч манайхан урьдчилгаа төлбөр авах санал тавих юм байна. Гэхдээ хүүтэй зээлж, эргүүлэн төлөхгүй. Ашигтай төсөлд оролцуулж байгаагийнхаа төлбөрийг нэг удаа авах аж.

Манай талаас хэдэн ам.долларын төлбөр авах санал гаргасан нь одоогоор нууц. Мэдээж хэдэн 100 сая “ногоон”-оор л яригдах болов уу. Урьдчилгаа төлбөрийг Тавантолгойн баялгаас Засгийн газарт өгч буй өгөөж гэж тооцох нь мэдээж. Үүнээс гадна Засгийн газар “Тавантолгой” төслийн татвараас өгөөж хүртэх нь дамжиггүй.

Монголын талын уг төслөөс өгөөж хүртэх хамгийн том “суваг” нь хамтын ажиллагааны төлбөр юм. Энэ төлбөрийг их хэмжээгээр авбал төслийн дийлэнх ашиг манайд хуваарилагдана. Эх сурвалжийн дуулгаснаар манайхан төслийн нийт өгөөжийн 50-иас илүү хувийг хүртэх зорилт тавин, хэлэлцээрт орж байгаа аж. Өмнөх хэлэлцээний дүнд Ганцмод боомтод баяжуулсан тонн нүүрсний үнэ 85 ам.доллар хүртэл үнэтэй болбол хоёр, 210 “ногоон”-оос дээш гарвал найман хувиар тооцож, хамтын ажиллагааны төлбөр авахаар тохирч байв.

Нүүрсний үнэ өсөх тусам хамтын ажиллагааны төлбөрийн хувь нэмэгдэх хувилбар сонгосон хэрэг. Жишээ нь, нүүрсний үнэ 100-130 ам.долларт хүрвэл 3.6 хувиар тооцож, хамтын ажиллагааны төлбөр авахаар байлаа. “Энержи ресурс” компани Ганцмод боомт дээр баяжуулсан нүүрсээ одоо 115 ам.доллароор борлуулж байгаа. Ийм үнээр жилд 15 сая тонн нүүрс худалдана гэж тооцъё. Тэгвэл 1.72 тэрбум “ногоон”-ы орлого олно. Өмнөх тохиролцоогоор гэрээ байгуулсан бол энэ тохиолдолд хөрөнгө оруулагчид “Эрдэнэс Тавантолгой”-д жилд 62.1 сая ам.долларын хамтын ажиллагааны төлбөр өгөх байжээ.

Шинэ хэлэлцээгээр манайхан хамтын ажиллагааны төлбөрийн хамгийн доод итгэлцүүрийг гурван хувь болгож нэмэх санал гаргасан байна. Ерөнхийдөө нүүрсний үнэ хямд үед хамтын ажиллагааны их хэмжээний төлбөр авч байх зорилттой гэнэ. Төлбөрийн хувь, хэмжээг тогтоох нь хэлэлцээний хамгийн ээдрээтэй нөхцөл байх болов уу.

Ажлын хэсгийнхэн “Тавантолгой” төсөлд оролцох сонирхолтой үндэсний компанийнхантай уулзсан. Туслан гүйцэтгэгчээр зөвхөн үндэсний, бүр тодруулбал Монгол Улсын иргэн дийлэнх хувьцааг нь эзэмшдэг компанийг ажиллуулахаар зорьж буйд цаад учир нь бий. Үүгээр ч зогсохгүй үндэсний аж ахуйн нэгжүүд нийлүүлэх боломжгүй бараа, үйлчилгээг л гадаадаас авна гэсэн заалтыг манайхан гэрээнд тусгах гэнэ. 4-5 тэрбум ам.долларын өртөгтэй, олон жил ажиллах төсөлд туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч үндэсний компаниудаа тэргүүн ээлжин оролцуулах нь эдийн засагт илүү өгөөжтэйг хэн ч ойлгоно.

Үндэсний компаниудаа тэргүүн ээлжинд “Тавантолгой” төсөлд оролцуулахыг мэдэрсэн, “Эрдэнэс Тавантолгой”-той хамтарч ажилладаг “айл”-ууд сандарч эхэллээ. Цанхийн зүүн уурхайн олборлогчоор ажиллаж буй Хятадын ТТJVCo компанийн удирдлагуудаас “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Д.Ариунболдод “Манайхтай хамтарч ажиллавал илүү ашигтай. Бид компанийг чинь таван тэрбум ам.долларын үнэлгээтэй болгож өгч чадна” гэж ятгасан захидал илгээсэн нь үүний илрэл юм. “Эрдэнэс Тавантолгой” өнөөгийнх шигээ коксжих нүүрсээ сорчлон олборлож, уурхайн амнаас зарах нь ТТJVCo болон “Винсвэй” зэрэг Хятадын хэдэн жижиг компанид ашигтай.

Харин монголчуудад хохиролтой. Цанхийн хэсгийн сайн чанарын коксжих нүүрсийг сорчилбол 20 жилд л ухаад дуусгана. Дараа нь Тавантолгойн орд ямар ч үнэ цэнэгүй болох юм. “Эрдэнэс Тавантолгой”-н менежментийг төр хийвэл баялгаа үнэгүйдүүлэх нь дамжиггүй бололтой. Тиймээс харилцан ашигтай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад менежментийг нь хувийн хэвшилд шилжүүлэх нь маргаангүй зөв.

Гэрээг эхний ээлжинд 22 жилээр хийхээр төлөвлөжээ. Хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар зэхэж буй Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын дөрвөн лицензийн хугацаа 22 жилийн дараа дуусах юм байна. Иймээс лицензийн хугацаатай нь уялдуулсан хэрэг байж. Хөрөнгө оруулагчид жилд 30 сая тонн нүүрс олборлоно. Тэд Цанхийн хэсгээс нийт 600 орчим сая тонн нүүрс олборлох нь. Цанхийн хэсэг нийт 2.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэдэг.

“Тавантолгой”-н шинэ хэлэлцээний хар зургийг ийн дэглэжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр ажлын хэсгээс тавьж буй болзлыг “Энержи ресурс” компани хүлээн зөвшөөрч байгаа гэнэ. Харин “Шинхуа” хэрхэх бол. Монголын эрх ашиг гүйцэлдвэл гэрээнд Цагаан сараас өмнө гарын үсэг зурах магадлалтай. Мэдээж хэсэг хугацааны дараа, УИХ-аар соёрхон батлуулсны хойно ч юм уу хүчин төгөлдөр мөрдөж эхлэх биз. Хэрэв Монголд ашиггүй гэрээ хийвэл МАН-ынхан ч гэрээг “унагах” нь дамжиггүй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай