Шүүхийн түүхийг судлав

Шүүхийн түүхийг судлав

"Монгол Улсад шүүх байгуулагдсаны 105 жил, Монгол Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ой”-д зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Эрдэм шинжилгээний бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, О.Зандраа, П.Батсайхан, Б.Сарантуяа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан болон Улсын дээд шүүх, нийслэл дэх анхан, давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч нар, их дээд сургуулийн багш нар оролцсон юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хурлыг нээж хэлсэн үгэндээ “Шүүх, шүүн таслах ажил бол аливаа үндэстний төр ёсны салшгүй хэсэг байсаар ирсэн. Тийм учраас Монголын шүүхийн түүх зуугаар биш хэдэн мянган жилээр тоологдох учиртай. Харин бид өнөөдөр энэхүү их буурал түүхийнхээ өчүүхэн бага цаг хугацаанд холбогдох түүхийг тэмдэглэж, түүнийг тойрсон асуудлаа хэлэлцэх гэж байна.

Монгол үндэстэн мандах, буурахын аль алиныг туулж ирсний улмаас зарим цаг үед дэлхийн газрын зурагт Монгол Улс тэмдэглэгдээгүй үе ч байсан. Харин 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд монголчууд төр ёсны түүхээ дахин сэргээн мандуулж, туурга тусгаар улс болон шинэ цагийн түүхийг эхлүүлснийг өнөөдөр бид тэмдэглэн дурсаж байна. Энэ үеэс Монголын нийгэм, улс төрийн амьдралд өрнийн дэвшилтэт соёл аажим, аажмаар нэвтэрч эхэлсний үрээр Ардын засгийн анхны таван яам байгуулагджээ. Түүний нэг нь Шүүх яам байсан гэдэг. Шүүх яам одоогийн Хууль зүйн яам байсан уу, шүүхийн ажил эрхэлдэг байсан уу гээд судалж тогтоох ёстой олон асуудлын зах зухаас бид хэлэлцэх гэж байна.

Бид социалист түүх бичлэгийн уршгаар олон асуудлыг судлаагүй эсвэл анги, намын байр сууринаас хандаж 70 шахам жилийн нүүр үзсэний улмаас судлах ёстой олон асуудал судлагдаагүй үлдсэн. Түүний нэг нь шүүхийн түүх юм.

Шинэ цагийн шүүхийн түүх хэзээнээс эхэлсэн талаар маргаан бас л тасраагүй байгаа. Энэ асуудалд өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хурал өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулна гэж итгэж байна.

Эрдэм шинжилгээний бага хурлаар шүүхийн түүхийн зарим асуудлыг хөндөхөөс гадна орчин үеийн шүүх судлалын тулгамдсан асуудлыг ч хөндөн ярилцах болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн бодлого, үр дүн ч бидний өнөөдөр ярилцах нэгэн том сэдэв мөн.

Шүүх эрх мэдэл төрийн эрх мэдлийн бие даасан салаа, хууль тайлбарлан хэрэглэдэг, эцсийн шийдвэр гаргадаг, маргаан тасалдаг институци. Хийсэн үйлдэл, гаргасан шийдвэр бүхэн оюун ухааны хамгийн дээд зэргийн хатуу шүүлтүүрээр шүүгдэж байдаг учраас шүүх шинжлэх ухаанаас ангид байх бололцоогүй. Тиймээс шүүх судлалыг хөгжүүлэх, шүүхийг шинжлэх ухаанжуулах, шүүх эрх зүйн шинжлэх ухааны холбоог бэхжүүлэх, шүүгчдийг шинжлэх ухааны шинэ мэдээ мэдээллээр хангах, эрдэм шинжилгээний маргаан мэтгэлцээн тогтмол өрнүүлэх нь чухал” гэлээ.

Эрдэм шинжилгээний хуралд Хууль зүйн шинжлэх ухааны доктор, философийн ухааны доктор Н.Лүндэндорж хууль зүйн ухааны магистр Ж.Сайнхишигтэй хамтран “Монгол Улсад шүүх эрх мэдэл бүрэлдэх үйл явц” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Илтгэлд шүүн тасалдаг байгууллагаас шүүх эрх мэдэлд шилжих үйл явц хэзээ, хэрхэн эхэлсэн, шүүх эрх мэдэлтэй болсныг шалгах шалгуур, шаардлагын талаар онцолжээ. Мөн Монгол Улсад шүүх эрх мэдэл бүрэлдэх үйл явц, үр дүн, ямар асуудал байгааг судалснаа хэлэлцүүлсэн юм.

1926 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын гишүүдийн 15 дугаар хурал, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаар баталсан “Аливаа шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг 1924 оны Үндсэн хуультай харьцуулан судалсан илтгэлээ Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Л.Галбаатар танилцууллаа. Уг баримт бичиг нь шинэ цагийн шүүхийн үүсэлд ямар байр суурь эзэлж байгаа, түүхэн ач холбогдлын талаар тэрбээр илтгэлдээ онцоллоо. 

Монгол Улсын Засгийн газрын анхны таван яамны нэг Шүүн таслах хэргийг бүгд захирагч яам ямар бүтэцтэй, ямар үйл ажиллагаа явуулдаг байсан талаар Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан судалжээ. Уг яамны хийсэн том ажлуудын нэг “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичгийн 65 дэвтэр” хэрхэн бүтсэн талаар тэрбээр илтгэсэн юм.

Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан “Шүүхийн шинэтгэл: үр дүн, сорилт” илтгэлдээ шүүхийн шинэтгэлийн үр дүнг онцоллоо. Шүүхийн хүний нөөцийг бэлтгэх, шүүн таслах ажлын үр нөлөө, хүртээмж, шүүхийн үйлчилгээг сайжруулахад тулгарч буй сорилтын талаар тэрбээр илтгэсэн юм. Мөн шүүхийн зорилго, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг илтгэлдээ дурьдлаа.

Тэгвэл сүүлийн 26 жилд шүүх хэрхэн өөрчлөгдсөн, гадаад дотоодын судлаачид шүүхийг хэрхэн дүгнэсэн талаар Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан судалж, дүн шинжилгээ хийснээ “Шүүх судлаачийн нүдээр” илтгэлээрээ олон нийтийн хүртээл болголоо.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай