Д.Сүхбаатар: Нөхдөө гомдоосноос өөрөө багахан хохирсон нь дээр

Д.Сүхбаатар: Нөхдөө гомдоосноос өөрөө багахан хохирсон нь дээр

Сайн танихгүй ч хэзээний л мэддэг юм шиг элгэмсүү, нэг тийм дулаан мэдрэмж төрүүлдэг хүмүүс байдаг даа. Олон кинонд тоглоогүй ч туслах дүрийг хуучны жүжигчний зангарагаар гол баатрын хэмжээнд аваачдаг болоод ч тэр үү, тэр надад ойр санагдсан юм. Жүжигчин Д.Сүхбаатарын оролцон тоглосон “Гал хам” киног олон сарын өмнө үзчихээд тийм мэдрэмжинд хөглөгдөж, эрэл сурал болж байж сая дугаарыг нь олов.

“Тийм чадварлаг жүжигчин хэрнээ яагаад цөөхөн дүрд тоглосон юм бол. Түүнийг яагаад цөөн хүн мэддэг юм бол” зэрэг асуултад ээрүүлсээр уулзахдаа л учрыг олов. Хүний хувь тавилан гэж... Хэрэв тэрбээр хувь тавилангийн эрхээр ийш, тийш нүүдэллээгүй бол өдгөө нэрнийх нь урд олон цол гуншин бичих байсан ч юм бил үү. Гэхдээ магадгүй олон дүр бүтээсэн, хэн бүхний мэдэх Д.Сүхбаатар гэгдэж байсан бол тийм өвөрмөц мэдрэмж төрүүлэхгүй байсан мэт.

-Анхнаасаа л жүжигчин болсон уу, эсвэл өмнө нь өөр мэргэжилтэй байв уу?

-1965 онд VII анги төгсөнгүүт аав намайг багш болгоно гэж зарлигдаад Багшийн техникумд оруулсан. Багшийн хүүхэд гэж баалуулдаг, үүнээс болж бусадтай зөрөлддөг байсан болоод ч тэр үү, сурган хүмүүжүүлэгч болоход нэг их дурлаагүй. Зүггүйтэж байгаад сургуулиасаа хөөгдөж, аав ээжээс айсандаа Сэлэнгэ аймгийн Зэлтэр сумын эмчээр ажиллаж байсан ахындаа цүнхээ чирээд очсон.

Аав, ээж намайг амиа хорлочихлоо гэж санаж, сэргийлэхэд тэмдэглүүлэн бөөн эрэл хайгуул хийсэн тухай ах дуулгаж, их зэмлэж билээ. Аав чихнээс чангаасаар Хүнсний техник мэргэжлийн сургуульд оруулснаар IV зэргийн слесарийн үнэмлэхтэй төгсөж, талхны үйлдвэрт ажилласан.

Ингээд нэг жилийн дараа цэрэгт явав аа. Нэг өдөр ротын дарга дуудаж байна. Тухайн үед гай болж хамраа цөмлүүлчихээд ротын даргын нүдэнд өртөхгүйг хичээж байсан юм. Бүрэнхийд байшингийн булан тойртол нэг товарищ өөр хүнтэй андуураад, тоосгоор хамрыг минь цөм цохьчихсон юм. Дарга намайг хараад “Чи ингэж хулигаантдаг болсон уу. Чи урлагийн өдөрлөг зохион байгуулна. Бүтэлгүйтвэл зодоон хийсэн учир сахилгад хийнэ. Сайн байвал чөлөөгөөр шагнана” гэсэн.

-Яагаад заавал таныг сонгосон юм бол?

-Уйдсан цэргүүд дуулж, бүжиглэж, бие биедээ элдвийн юм үзүүлнэ. Би “Ерэн баатрын дууль”, “Цэрэг танаа”, “Хар цас”-ыг уран уншиж ротдоо галзуурдаг байж. Энэ тухай даргын чихэнд хүрсэн хэрэг. Хамт томилогдсон найзынхаа ачаар хөөрхөн өдөрлөг хийсэн учир түүнээс хойш зохион байгуулах арга хэмжээний жонхууг надаар зууруулдаг болсон. Халагдахдаа ханьтай, хөөрхөн хүүтэй болсон байлаа. Талхны үйлдвэртээ ажиллаж, удирдлагууд ч намайг дэмжиж, нийтийн ажилчдын орон сууцнаас хоёр өрөө байр өгсөн.

Тэгээд урлагт нэг л их дуртай хүн УДЭТ-т тавьж буй жүжиг бүрийг, ойлгохгүй хэрнээ дуурь балет хүртэл үзнэ. Дархан хотын соёлын ордныг хөгжимт театр болгохоор уран бүтээлч шалгаж байгаа тухай дуулаад очлоо. Гавьяат жүжигчин, бүжгийн багш “үелзүүр” Долгор, найруулагч Нямгаваа, хормейстер Дарьсүрэн нарт шалгуултал хариуг бичгээр явуулна гэлээ. Тэд “Дарханд амьдрах болбол хамаатан, найз нөхөд бий юү” гэж асуухад нь “Бий” л гэлээ. Үнэндээ бол байгаагүй.

Тэнд ажиллах дуртайдаа л худлаа тууж байхгүй юу. Ажлынхаа бичиг хэрэг хариуцдаг хүнээс захидал ирсэн, эсэхийг өдөр бүр лавласаар сар боллоо. Нэг өдөр “Бичиг ирсэн шүү. Даргад байгаа” гэхэд нь хорвоо тэр чигээрээ сайхан юм шиг санагдаж, хөл газар хүрэхгүй баярласан. Гэтэл гурав хонолоо, дарга таг чиг. Эхнэрийг минь ажилд авч, байр сууцаар хангаад их харж үзсэн болохоор даргатай уулзахаас хулчийж байгаад тэсэлгүй өрөөнд нь орсон.

Учир явдлаа хэлтэл “Чи ажил, эхнэр хүүхдээ орхиод явах юм уу. Тэнд хаана амьдрах вэ, цалин хэд вэ. Дагалдан жүжигчний цалин их бага дуулддаг шүү дээ. За яах вэ, зөвлөлгөөнөөр шийднэ” гэсэн. Тэгээд л би инженер, цех, тасаг, эвлэлийн даргатай уулзаж, “Та минь хичээж үзээрэй” гэж гуйсан. Хурлын үеэр удирдлагууд “Хар амиа бодсон амьтан бэ” гэж намайг хэсэг зэмлэж байгаад “Залуу хүнийг дэмжье” гээд явуулахыг зөвшөөрсөн.

-Тэгээд Дарханд хоног төөрүүлэх айлгүй хэцүүдсэн үү?

-Эхний хэд хоног театрын хуйлаастай хивсэн дээр унтсан. Жижүүр ховлосон уу, Соёлын ордны дарга Цэдэн-Иш гуай, Нямгаваа хоёр дуудаж, “Энд танил байдаг гэсэн яасан бэ. Айхтар худалч нөхөр байх нь” гээд л зэмлэсэн. Нямгаваа гэртээ хонуулаад маргааш нь хөөцөлдөж байгаад “Хараа” зочид буудалд байрлуулсан. Тэр үед Хөгжим бүжгийн дунд сургуулийн бүжгийн ангийнхан Долгор багштайгаа очсоныг “Хараа”-д буулгасан юм билээ.

Хамгийн анх Нацагдоржийн “Би биш” жүжигт 25 настайдаа өвгөн болж тоглоход Нямгаваа “Гайгүй шүү. Энэ эрчээрээ хичээгээрэй” гэсэн. Соёлын яамны мэргэжлийн шалгалтынхан тэнд очихгүй байсаар, би гурван жил дагалдан жүжигчнээр ажилласан. Эхний жил 300 төгрөгийн цалингаар ганцаараа болоод байсан ч эхнэр хүүхэд араас ирж, дахиад нэг үртэй болоод өнөө авдаг хэд хаанаа ч хүрэлцэхээ больсон.

Театрын даргаар томилогдсон О.Жадамба гуай, Нямгаваа, нягтлан бодогч гурав ярилцаад Монголд анх удаа дагалдан жүжигчинд гоцлоочийн нэмэгдэл олгохоор болж, надад 450 төгрөг өгдөг болж байлаа. Тэгээд л үүнээс хоёр жилийн дараа Соёлын яамныхан шалгалт авч би мэргэжлийн жүжигчний үнэмлэхээ аваад гол дүрд тоглодог болсон. 1975-1982 он хүртэл тэнд ажиллахдаа 10-аад жүжигт гол дүрд тогложээ. Бид Хөгжимт драмын театрыг барихад тоосгыг нь өрөлцөж байлаа.

-Танд олон удаа тусалж, түшсэн хүнийг нэрлээч гэвэл хэнийг хэлэх вэ?

-Жүжигчин гэдэг эрхэм алдрыг хүртэхэд тусалж, хөл дээр минь босгосон хүн бол И.Нямгаваа. Түүнийг хүмүүс сайн муугаар хэлж л байдаг юм. Би хэзээ ч түүнийг муулахгүй. Гаваагаа өмөөрч сайхан уран бүтээлч Ц.Төмөрбаатар, Сүххуягтай гар зөрүүлж л явлаа. “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд оролцож байхдаа тэдэнтэй нэг өрөөнд байрласан юм.

Нэг өдөр Нямгаваагийн тухай ярилцаж, хоёр туучий чинь түүнийг нэлээд муу хэлж байна шүү. Тэгснээ “Чи дандаа түүнийг өмөөрч олон юм ярьдаг” гэх маягтай болоод... Бид нүүр амаа муухай болговол уран бүтээлээ “алах” учир зүгээр л нохойн гөлөг ноололдож байгаа аятай төмөр орон дээрээ хөлбөрцгөөгөөд, шальтай юм болоогүй ээ.

-Хамгийн анх ямар кинонд тоглосон бэ?

-Найруулагч Р.Доржпалам Дарханд “Шинэ хотын гэрэл” кино хийхдээ намайг нийгмийн идэвхтэй ажилтанд тоглуулж, би анх камерын өмнө гарсан. Дараа нь Ж.Сэлэнгэсүрэн Дарханд “Тойрох хуудас” кино хийхэд бас туслах дүрд тоглосон. Хойтон зун нь тэрбээр Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын тухай “Эхлэл” киног найруулахаар болж Хүдэрт намайг сонгосон нь миний анхны гол дүр. Хүдэр бол шоронгоос гарч ирээд зодоон нүдээн хийж, нөхдийнхөө цалинг “дэлсээд” молоконы лаазанд хийж хээр булдаг, хүнд гар.

Тэгтэл хянаж шалгадаг улс үзчихээд “Зөвлөлт, Монголын найрамдлыг хөдөлмөрийн фронтод харуулсан анхны кино хэрнээ гол дүр нь хулгайч байх юм. Хулгайчтай хэсгийг хасахгүй бол энэ киног хаана. Төлбөрөө төлөөрэй” гэсэн юм билээ. Ж.Сэлэнгэсүрэн шоронгийн хэсэгтэй бүх хальсыг хайчилж, дахин эвлүүлэхдээ Эрдэнэт хотын бүтээн байгуулалтыг дүрсэлсэн гоё, гоё зураглалыг оруулж баримтат хөөрхөн бүтээл гаргачихсан.

Их гоё эвлэсэн киноны хальсыг хайчилж өөр бүтээл болгох ажлыг Сэлэнгэсүрэнгээс өөр хүн тийм сайн чадахгүй байсан гэж боддог.

-Түрүүн та “Залуучууд” театрт 1982 он хүртэл ажилласан гэлээ. Тэндээс гараад хаачсан юм бэ?

-Хувийн шалтгаанаар Улаанбаатарт амьдрахаар болж, И.Нямгаваадаа хэлтэл “За найз минь сууринаасаа хөдөлсөн чулуу байраа олох гэж гурван жил зовдог юм шүү. Дэмий л юм хийлээ дээ” гээд Лхасүрэн гуайгаас гуйж, Хүүхэд залуучуудын театрт оруулахаар ярьж өгсөн. Тэнд найман сар ажиллахад надад нэг ч дүр өгөөгүй. Уран бүтээлчид нь энгийн үед сайхан нөхөрлөж, инээж ханиагаад байгаа хэрнээ яг дүрд ажиллуулах болохоор надад байдаггүй. Тэр үед намайг гадуурхлаа гэж гомдож байсан ч хэн нэгэн хүн гаднаас ирэхэд түүнийг багтааж хамтарч ажиллахад урьдын ансамбль эвдэрдэг гэдгийг сүүлд ойлгосон.

Тэр үеийн хамт олон яг эвлэчихсэн байж л дээ. Эхлээд тайзны ард өдөржин суудаг байснаа жижүүр амрахад оронд нь ажиллаж, театрын нэрийн өмнөөс хадланд явж, жүжигчин нэртэй, 650 төгрөгийн цалинтай аж ахуйн ажил хийдэг нөхөр болсон. Аттестатчиллын шалгалт өгсний дараа театрын дарга дуудаад “Нөхөр минь чамайг халахаар болсон” гэдэг юм байна. “Би уг нь уран чадварын шалгалтаа хангалттай сайн өгсөн шүү дээ” гэтэл тэрбээр “Чи орос хэлний шалгалтдаа унасан” гэсэн. Нэг хэсэг орос хэлийг их дээгүүр үздэг байсан ч удирдах ажилтнуудад л тийм цензур тавьж байсан юм. Мань мэтийн жүжигчнийг далимд гаргасан байх.

Сар шахам чулуу өшиглөж яваад Кино үйлдвэрийн боловсон хүчин Нарантай одоогийн Мөнгөн завьяагийн ойролцоо тааралдаж учир явдлаа хэлтэл “Манайд эрэгтэй жүжигчин хэрэгтэй гэцгээгээд л байна лээ. Ж.Сэлэнгэсүрэнтэй уулзвал туслах байх” гэсэн. Би Дарханд ч, Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байхдаа ч хааяа Кино үйлдвэрт орчуулгын кинонд дуу оруулдаг байсан юм. Тэгээд Ж.Сэлэнгэсүрэнтэй уулзтал тухайн үед уран сайхны удирдагч байсан Г.Жигжидсүрэн гуайн өрөөнд дагуулж орсон.

Тэгтэл Г.Жигжидсүрэн гуай “Юугаа хийгээд дэмий тэнэж явсан чорт вэ” гэсээр угтсан. Элбэгсайхан, Дагийранз гуай, Цэнд-Аюуш, Цэмпилмаа нар намайг хэчнээн сайхан хүлээж авсан гээч. Тэнд жаргалтай олон өдрийг өнгөрөөсөн. Д.Жигжид гуай намайг “таалж” хоёр жил туслахаараа ажиллуулсан. Ш.Нацагдорж, Жийгээ хоёрын хооронд “Мандухай сэцэн хатан” киноны зохиолыг барьж мөн ч олон гүйсэн дээ. Бас л амьдралын шаардлагаар Дархан руугаа буцахаар болж, “Залуучууд” театртаа очсон.

-Тайзан дээр дахин гарахын тулд Дархан буцсан гэсэн үг үү?

-Үнэндээ 10 жил ханилсан бүсгүйтэйгээ үл ойлголцож салаад Улаанбаатарт очсон юм. Одоо бодоход тэнэг байж. Гэхдээ би хувь тавиланд итгэдэг. Хоёр охин минь ч овоо том болж, театрын бүжигчин бүсгүйтэй нэлээд дотноссон учир буцсан юм. Гэхдээ энэ нь эхнэрээсээ салснаас долоон жилийн дараах явдал юм шүү.

Тэр бүсгүйтэйгээ албан ёсоор гэрлэлгүй дөрвөн жил хамт амьдраад салсан. Би амьдралдаа анхны болоод одоогийн эхнэртэйгээ л албан ёсоор гэрлэсэн. Дунд нь хоёр бүсгүйтэй хамт амьдраад нэг охин, хүүтэй болсон. Би зургаан хүүхэдтэй.

-“Ацаг шүдний зөрөө” кинонд тоглосон тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Найруулагч Б.Балжинням нэг өдөр ирээд Жийгээд “Кино хийх санаатай. Жүжигчдийг гайгүй сайн мэддэг туслах хэрэгтэй. Танай энэ занхааныг нэг сар зээлье” гээд... Ерөнхий зураачаар Л.Махвал, зураглаачаар Л.Шаравдорж, зургийн даргаар Т.Галсан, хоёрдугаар найруулагчаар Б.Дамчаа ах ажиллахаар болж их сайхан баг бүрдсэн. Удирдлагууд миний тоглосон Намжилын дүрд тоглох жүжигчнийг хайцгаагаад л байлаа.

Г.Равданг дүрийн шалгаруулалтад ороход би туслах гээд хамт орсон юм. Гэтэл маргааш нь найруулагч “Чи Намжилд тэнцсэн. Дэргэдээ байгаа хүнийг анзаараагүй байж” гэсэн. Сайндаа биш, сайхан хамт олны буянд Намжилын дүрээр хүмүүст танигддаг болсондоо баярлаж тэдэнд ач санадаг.

Найруулагч намайг тоогоогүй бол, Ж.Сэлэнгэсүрэн “Эхлэл”-д тоглуулаагүй бол, И.Нямгаваа надад уран бүтээлчийн ёс зүй, гоо сайхны бичигдээгүй хуулиуд, хүн байх ухааныг заагаагүй бол би одоо нэлээд танхай өвгөн явах биз. Аягүй л бол зүггүйтэж яваад “чад хийчих” байсан.

-Хэрэв та Кино үйлдвэрт ажиллаж байгаад Дархан руу буцаагүй бол олон сайхан дүрд тоглох боломж гарч ирэх байжээ.

-Яг үнэн. “Мандухай сэцэн хатан” кинонд тоглох байсан. Ямар сайндаа зун амралтаараа хотод иртэл Балжинням найруулагч “Чи хаанаас гараад ирэв ээ. Та минь ээ, энийг бариад ав. Чи явж хувцасныхаа хэмжээг өг” гээд “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын Зэлмийн дүрд тоглуулах вэ дээ. “Би хүний тоглох гэж бэлтгэж байсан дүрийг булаавал надад гомдоно шүү дээ. Дүрийн судалгаа ч хийгээгүй” гэхэд “Гайгүй дээ би чамд заагаад өгнө” хэмээсэн. Киногоо үзчихээд өөрийгөө их голсон.

Р.Доржпалам гуайн “Харуул занги”-ийг одоо үзэхээр Ван Фү Цайгийн дүрийг би их дутуу гаргасан санагддаг. Энэ дүрд тоглохдоо аж ахуйн ажил хариуцаж туслах найруулагчаар давхар ажилласан болохоор тэр байх. “Ацаг шүдний зөрөө”-д ч гэсэн туслахаар ажиллаж байсан ч би өөрөөрөө байхдаа л Намжил шиг хүн болохоор байгаагаараа тоглосон хэрэг.

-Таны сахал, үс ургаад, одоо түүхэн кинонд тоглуулчихмаар харагдаж байна. Та ямар кинонд тогломоор байна вэ?

-Намайг хорвоогоос буцсан хойно хүүхдүүд минь хараад нуур улайхааргүй ганц сайхан дүрд санаандаа хүртэл ажиллах юм сан гэж боддог шүү. Эсрэг дүр байвал зүгээр санагддаг.

-Та хамгийн сүүлд “Итгэл” кинонд тоглосон байх аа?

-Жүжигчин Амараа “Сүхээ ах, Цэмпилмаа эгчийн хүүхэд болж кинонд тоглох юм сан гэж боддог байсан минь энэ завшаанаар биеллээ” гэж байсан. Тэрбээр киноны нээлтийн үеэр “Сүхээ ахыгаа аав шигээ хүндэлж, амьдрал дээр ч “Аав аа” гэж дууддаг” гэж хэлэхэд нь баярлаж суулаа. Яагаад тэгсэн гэхээр түүнтэй хамт “Сэмүүн” студийн Баяраатай хамт “Гурван долоо хоног” кинонд тоглож, бас уран бүтээлчдийн хоолыг хийхээр болсон юм. Би хоол хийх их дуртай, тогооч шүү дээ.

Хээр зураг авч байх үед морь харах гэж байгаад чулуунд тээглэж унаад шагайгаа мулталж, хоёр ясаа хугалсан. Маргааш нь шилбэ гуянаас ялгагдахааргүй болтлоо хавдсан . Гэмтлийн эмнэлэгт хөлөө шохойдуулчихаад буцаад зураг авах талбай руу явсан юм. Тэртэй, тэргүй би ууланд бүгсэн шоронгийн оргодлын дүрд ажиллаж байсан учир хугархай хөлтэй тоглоход асуудал байгаагүй. Шохойгоо нэг хоногийн дараа хайчлаад гишүүгээр чиг барьж, зөөлөн даавуугаар хөлөө боогоод уулын модоор суга таяг хийчихсэн.

Өглөө хүүхдүүд өргөөд тогооны хажууд тавьчихна. Би ч зуухны дэргэд өгзгөө тойруулаад баахан хүнс тавьчихаад хоолоо хийдэг байлаа. Тэр үед л Амараа намайг эр хүн гэж бодож, их бахархаж, жүжигчин хүн тийм сэтгэлтэй байдаг гэж үлгэр дуурайл авсан гэж хожим ярьсан байна лээ. Би уг нь мундаг амьтан болох гээгүй, угаасаа гэртээ уйдаж хэвтэхээр агаарт тэдэнтэйгээ шуугилдъя л гэж бодохгүй юу.

-Та өөр газарт тогоочоор ажилласан уу?

-1990-ээд онд хэдэн хятадтай Кино үйлдвэрийн гуанзанд хамт ажиллаж байлаа. Дараа нь “Ази” гэдэг зоогийн газарт ажиллаж байгаад “Хаан бууз”-ны зөвлөх болж нэг хэсэг манаргалаа. Гэхдээ би орчин үеийн, нарийн мэргэжлийн мундаг тогооч биш шүү. 1950, 1960-аад онд Монголд хятад тогооч нарын хийж байсныг л яг номоор нь хийнэ.

-Та залуудаа хийх ёстойгоо гүйцээсэн гэж боддог уу?

-Хийх ёстойгоо ч хийсэн, зовлон, жаргалыг ханатлаа амссан гэж боддог. Залуу хүн хүсэл мөрөөдлөөрөө, хөгшчүүд дурсамжаараа амьдардаг гэдэг. Би аливааг их эргэцүүлж, ижий аав, алдаж оносон тухайгаа илүү боддог болсон. Хүүхдүүдээ өнчрүүлнэ гэдэг том асуудал шүү. Үүндээ их шаналдаг.

Учиргүй бурханд тахил өргөж, залбираад байдаггүй ч би их сүсэг бишрэлтэй. Тиймдээ ч буддын сургаалыг эргэцүүлж, учир утгыг нь өөрийнхөө хэмжээнд эрж хайж ойлгосноо эргэн тойрны хүмүүстээ тайлбарлаж сургадаг.

-Уучлаарай, ханатлаа зовлон амссан гэж юуг хэлсэн юм бол?

-Миний аав, ээж хоёр нэг, нэг хүүхэдтэй нийлсэн юм. Би ээжийнхээ ангир шар уургаар хүн болсон ч эгчийгээ хормойдож өссөн. Тэр надаас 19 насаар эгч. Аав минь Өвөрхангай аймгийн дунд сургуулийн захирал болж би түүнийг санаад 1956 онд ээжтэйгээ араас нь очсон юм. Нэг өглөө эгч мухар олгойн хагалгаанд орсон тухай цахилгаан ирээд үдээс хойш нас барсныг дуулгасан.

Би тухайн үед нас барах, хагалгаанд орох ямар утгатай үг гэдгийг мэдээгүй ч цаанаа л түгшүүртэй байсан. Тэр мэдрэмжийг би одоо хэр нь санаж явдаг юм. Өвөл шуудангийн машины тэвшин дээр даханд боолгоод долоо хоног явж хотод ирж билээ. Тэгтэл голын хайртай эгч минь байсангүй. Эгчийгээ ирнэ гээд л саравчин дээр гараад суучихдаг байлаа. Тэр өвөл л тийм хүйтэн бүрхэг байсан уу, эсвэл надад л тэгж санагдсан уу, би лав нар гарч байсныг санахгүй байна.

Түүнээс хойш хоёр сайхан хүүгээ ой хэдэн сартай байхад нь алдсан. Сайхан ах минь, хорвоогийн жамаар ижий, аав минь буцсан. Сайхан сэтгэлээ зориулж, амьдрал зохион болж бүтэх гэж хичээж байсан улс минь урвасан. Би чөтгөр шулмаас биш, урвалтаас их айдаг. Харин чөтгөр байдаг бол тааралдаж, юм ярьж үзэхсэн гэж боддог. Нөхдийгөө гомдоож байснаас нэг удаа өөрөө багахан хохироод үлдсэн нь дээр гэж боддог.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

Илгээх

Энэ тухай