Ж.Мөнхбат: Үндсэн хуулийн ажлын хэсэгт нэг ч улстөрч ороогүй

Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ныг Үндсэн хуулийн өдөр хэмээн тэмдэглэдэг. Энэ өдрийг угтаж УИХ-аас голдуу шатрын тэмцээнээс авахуулаад цөөнгүй арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Энэ дагуу өчигдөр УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Уг хуралд УИХ-ын гишүүд, АИХ-ын депутатууд, ардчилсан, шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэн, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болсон 200 орчим хүн оролцов.

Энэ удаа ардчилал, Үндсэн хуульт ёсны үндэсний уламжлал, төрийн эрх мэдэл хуваарилах онол, түүнийг хэрэгжүүлэх онцлог, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, улс төрийн тогтолцоон дахь инститициудийн харилцааны зохистой механизмыг бүрдүүлэх, сонгуулийн ардчилал, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослох арга хэлбэрийг боловсронгуй болгох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг улс орноо хөгжүүлэх хэтийн төлөвтэй холбон авч үзэх, Үндсэн хуулийн дархлааг хангахад юуг анхаарах, үзэл баримтлалтай нь уялдуулан түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтүүдийг хэрхэн хийх зэрэг маш өргөн хүрээг хамарсан нь илтгэлүүдийн сэдвээс илт аж.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Үндсэн хуулийн хэрэгжилтээс үүдэн гарч буй эрх зүйн үр дагавар, боловсронгуй болгох үндэслэл, шаардлага”, УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт ба таван эрх мэдлийн загвар”, Чикагогийн их сургуулийн профессор Том Гинсбург “Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийн үр дүн: туршлага, сургамж”, академич Ж.Амарсанаа “Монгол Улсын Үндсэн хуульт ёсны хөгжлийн чиг хандлага: сургамж, шийдэл”, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Үндсэн хуульт ардчилалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн гүйцэтгэх үүрэг” зэрэг илтгэл тавьсан.

Эдгээртэй холбогдуулж оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв. АИХ-ын орлогч даргаар ажиллаж байсан Ц.Адъяасүрэн “Социалист нийгмээс татгалзсан даруй баталсан хууль учраас өнөөдөр эргэж харах зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэвч АН, МАН-ынхны аль аль нь буруу бүхнийг Үндсэн хууль руу чихдэг болж. Үндсэн хуульд гар хүрэхдээ тулбал өөрчлөлт бус, нэмэлт оруулах нь зүйтэй. Гэвч үүнийг хийхдээ үнэмлэхүй олонх болж буй МАН-ынхан эрх ашигтаа хэт нийцүүлчих вий. Тэднийг түрэмгий өөрчлөлт хийнэ гэж үл найдна.

Энэ хуулийн төслийг боловсруулахдаа бид 900 мянган хүний санал авч байсан юм шүү” гээд иргэнийхээ нэрээр Үндсэн хуулийг хамгаалж яваа Д.Ламжав нарын зарим хүний илтгэлийг уг хурлаар хэлэлцүүлээгүйд гоморхов. Харин иргэн Д.Ламжав “Үнэндээ Үндсэн хуулийн гэх тодотголтой ажлын хэсгүүдээс залхаж байна. Үндсэн хуулийг өөрчлөх эрх УИХ-ын 76 гишүүний гарт байдаг. “Дордуулсан долоон өөрчлөлт” гээч зүйлийг ч тэд л хийсэн. Өнгөрсөн жил Ард нийтийн санал асуулгын тухай хуульд луйврын сэдэлтэйгээр өөрчлөлт оруулсан гэж харддаг хүн, би” гэв.

Мөн АИХ-ын депутат асан Ц.Дашцэдэн “Сая илтгэл тавьсан хүмүүс дандаа л гадаад улсын хуулийн талаар ярих юм. Г.Занданшатар Америкт сурч, зөвлөлдөх ардчилал гээч зүйл нээчихсэн юм шиг л ярих боллоо. Бидэнд өөрийн гэсэн туршлага, онцлог бий. Африк, Арабын ертөнцийг АНУ яаж бужигнуулсныг бид бэлхнээ харж байна шүү дээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярих бүрт төрийн хүч суларч байна. Уг нь бүх засаглалаас хамгийн хүчтэй нь төрийнх байх учиртай. Угаасаа эрх зүйн ухамсар дорой монголчууд бид хүний эрх, эрх чөлөөг дэндүү задгай тавьж байна” хэмээн цухалдаж байлаа.

АИХ-ын депутат асан Ж.Гомбожав “Ардчилсан Үндсэн хуулийг гадаад нөлөөгүй, таатай үед баталсан. Энэ бол их зөвшилцлийн үр дүн. Нэг нам үнэмлэхүй олонхыг бүрдүүлж байгаа үед ард түмнээс асуулгүйгээр уг хуульд гар хүрч болохгүй. Хууль биелүүлэх үүрэгтэй Засгийн газар Үндсэн хуулийг өөрчлөх ажилд шуурхайлан хошуу дүрж буй нь анхаарал татаж байна. Өнгөрсөн хугацаанд аль ч улс төрийн нам үзэл бодол, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд төлөвшиж чадсангүй. Харин эрх мэдлийн төлөө улайрагч хүмүүс төрд гарсан байхад Үндсэн хуулийн өөрчлөлтийг болгоомжтой хийх ёстой.

Дордуулсан долоон өөрчлөлтөөр Үндсэн хуулиас ардчиллын амин сүнсийг нь авч хаясан. Тиймээс одоо юуны түрүүнд уг долоон заалтыг хүчингүй болгох ёстой. Уг нь эдгээр нь хүчингүй л дээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа, П.Очирбат хоёроос болж эдгээр заалт 15 жил амьтай голтой, үлгэн салган яваа юм” хэмээв. Харин АИХ-ын депутат асан Х.Пүрэвдагва “Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэн нэгэн дарга хийчихдэг юм биш. Өнгөрсөн парламентын үед боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хүрээнд одоогийнхоос 80 гаруй зарчмын өөрчлөлт хийгдэхээр байсан. Ийм хэмжээний өөрчлөлтийг нэг далайлтаар хийж болохгүй” гэлээ.

Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Засгийн газарт иргэд, олон нийтээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий, эсэхийг тодруулах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэгт нэг ч улстөрч ороогүй. Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн судлаач, эрдэмтэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл багтсан.

Бид өнгөрсөн 68 жилийн хугацаанд дөрвөн Үндсэн хууль баталсан. Үндсэн хуульдаа гар хүрсэн хугацааны дундаж нь 17 жил байгаа юм. Харин сүүлийн 25 жилд 15 Засгийн газар ажилласан байдаг. Нэг Засгийн газрын дундаж “нас” 1.7 жил байна. Засаглалын бөгөөд төрийн тогтворгүй байдал үргэлжилж байгаа нь Үндсэн хуультай ямар нэг хэмжээгээр холбогдоно оо. Үндсэн хуульдаа гар хүрэхээр шийдвэл олон нийтийн санал бодолд л тулгуурлах ёстой” гэсэн тайлбар хийсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай