“Хүний хань алдсан үед нь түлхээд унагаадаг биш, түшээд авдаг байх хэрэгтэй”

Урлагийн салбараас “төрсөн” хос бишгүй олон. Тэдэн дундаас рок попын “тогоо”-ноос нэгнээ олж, амьдралаа холбосон нь цөөхөн. “Хос багана” буландаа хөгжим, дуу хуур цалгисан гэр бүлийнхнийг урилаа. Хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат, “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нартай ярилцсаныг хүлээн авна уу.

-Урлагийн хос болоод ч тэр үү, маш завгүй байх юм, та хоёр. Урлагийн гэр бүл байхын жаргал, зовлонгоос хуваалцаач?

Б.Ч: -Хэцүү зүйл байхгүй ээ. Нэг санаа, зорилготой болохоор түүртэх юм байхгүй. Өдий болтол бид нэг нэгнээсээ холдож, тусдаа байж үзээгүй. Гадаадад тоглолтоор явах, арга хэмжээнд оролцохдоо ч хамт явдаг юм. Тийм болохоор улам л нэгэндээ уусдаг, зорилгодоо хүрэхэд дэм болдог.

Ц.С: -Хамгийн гол нь ижил мэргэжилтэй болохоор нэгнийгээ маш сайн ойлгодог. Хэрэв өөр салбарын хүн байсан бол миний мэргэжлийг, ажлыг ингэж ойлгож, дэмжиж чадахгүй байх байсан болов уу.

-Ар гэрийн ажлаа хэрхэн зохицуулдаг вэ. Урлагийн хүний хань байх амаргүй шүү дээ. Дээр нь өөрөө уран бүтээлч бол бүр ч хэцүү.

Ч.С: -Ачаалал их нь ч их шүү (инээв). Гэхдээ түүртдэггүй. Хүн завгүй байх тусмаа бүхнийг амжуулаад сурчихдаг юм шүү дээ. Би нэг муу зантай. Гэрийнхээ бүх ажлыг өөрөө хийх дуртай. Яагаад ч юм хүнээр хийлгэнэ гэхээр санаанд багтдаггүй. Завгүй, ажилтай гээд л гадуур гүйгээд гэр бүлээ зөнд нь хаяж болохгүй шүү дээ. Яах аргагүй тоглолт, арга хэмжээнд оролцох үед ээж нар маань хүүхдүүдийг минь харж өгдөг. Маш том тус шүү.

Ч.Б: -Манай хоёр талын гэр бүлийнхэн их зочломтгой хүмүүс. Тэр чанар нь манай хүнд бүр “суучихсан”. Тийм ч болохоор манайхаар их олон хүн орж, гардаг. Бид ч олны хөлд дарагдаад сурчихсан (инээв). Манай хүн бүхнийг өөрөө хийх гэдэг зантай. Хамгийн энгийн жишээ гэхэд л талхаа өөрөө барьдаг. “Илүү цаг зарцуулах ч гэлээ гэр бүлийнхэндээ сэтгэл гаргах нь сайхан” гэж ярьдаг хүн дээ. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг надад бүрэн мэдрүүлж чаддаг даа, миний хань.

-Ханилаад бараг 20 жил болчихсон уу?

Ц.С: Ирэх онд 20 жил болно. Цаг хугацаа хурдан юм аа.

-Удаан ханилахаар нэгнээ юм хэлэхгүй байсан ч харцаараа ойлгодог болдог гэдэг дээ.

Ц.С: - Тэгэлгүй яах вэ. Андашгүй болчихдог юм билээ.

Б.Ч: -Яг үнэн. Сэтгэл санаа нь ямар байна, ийм үед нь юу гэж хэлж аргадах вэ гээд л бүгдийг нь мэдэрдэг болдог юм байна. Сайн, муу бүх л зүйлээ мэдэлцчихлээ дээ.

-Уурлах, бухимдахаараа ямар авир гаргадаг вэ. Нэгнээ хэрхэн тайвшруулдаг вэ?

Б.Ч: -Би дуугаа хураачихдаг. Ер нь бид хоёрын ааш их төстэй. Аль аль нь хүн гомдоох дургүй. Тийм болохоор яаж ийж байгаад л уурыг нь гаргаж, тайвшруулдаг.

Ц.С: -Би удаан бухимдах дургүй. Бухимдаж буй шалтгаан, юунд уурласнаа шууд л хэлчихдэг. Тэгээд л уур гарчихдаг юм. Ер нь амьдралд тохиолдсон бэрхшээлийг аль болох эергээр, “Хэцүү, хүнд байна” гэж гоншигонолгүй даваад гарахыг хүсдэг юм.

-Нэгнээсээ сонссон хамгийн сайхан магтаал, урмын үг юу вэ?

Б.Ч: -Хүсэл, зорилго нэг учраас шинэ уран бүтээл төрөх үед л их сайхан магтаал хэлдэг. Жишээлбэл, “Ромео Жульетта” жүжгийн хөгжим, дууг зохиоход намайг хөглөсөн хүн шүү дээ.

Ц.С: -Манай хүн хэр баргийн зүйлийг сайхан, гоё гэж магтдаггүй юм. Шинэ уран бүтээлээ сонсгоход л харин магтаал хэлдэг дээ.

-Анх нэгнийхээ ямар зан чанарт, юунд дурлаж, татагдаж байв?

Б.Ч: -Багаас нь л зүс мэддэг байлаа. “Никитон” хамтлагт даралтат хөгжимчин байсан үе л дээ. Нэг хэсэг хамтлаг, уран бүтээл гэж гүйгээд огт тааралдаагүй юм. Гэтэл Хөгжим бүжгийн коллежийн багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Цолмонгийн тайлан тоглолтод оролцох үеэрээ дахин харсан. “Ямар гоё охин болоо вэ” гэж шохоорхсон. Тэр шохоорхол маань хайр болсон. Их хурдан ойлголцсон хоёр л доо, бид.

Ц.С: -Яг тийм зан, ийм чанарт нь татагдсан гээд хэлэх гэхээр үг олдохгүй юм. Анх Чинбаа манайх руу утсаар ярьсан юм. Одоогийнх шиг гар утас гэж байсангүй. Гэрийнхэндээ загнуулаад л утаснаас “дүүжлэгдчихнэ”. Ямар сайндаа л “Наад утас чинь шатлаа. Яасан их ярьдаг юм” гээд загнуулах вэ дээ. Их ч амархан дассан даа.

-Хаана анх болзож байв?

Ц.С: Зөндөө их алхдаг байлаа. РЦНК-д анх уулзсан байх шүү.

Б.Ч: Тэр үеийн Улаанбаатар хот одоогийнхтой харьцуулшгүй цэвэрхэн, сайхан байж.

-Танайх хоёр хөөрхөн охинтой боллоо. Хэзээ бүл нэмэх вэ?

Ц.С: -Том охин маань таван нас, бага маань нэг ой таван сартай. Яг хэзээ бүл нэмэхээ одоогоор хэлж мэдэхгүй байна.

Б.Ч: -Хүүхэд гэдэг тэнгэрийн хишиг шүү дээ. Бидэнд хишгээ хэзээ хайрлана, тэр үед баярлаад л угтана.

-Ханилаад нэлээд олон жил болж байж анхны охиноо өлгийдсөн шүү дээ. Тэгэхээр төлөвлөдөг байх. Хүүхдүүдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаардаг вэ?

Б.Ч: -Хүн бүрийн заяа төөрөг, айл бүрийн гэр бүл төлөвлөлт ондоо байх. Эрт хүүхэд гаргаад, хамт өтлөхийг хүсдэг хүмүүс ч байдаг шүү дээ. Харин бид анхнаасаа төлөвлөсөн. Амьдралынхаа ийм үед хүүхэдтэй болъё, ингэж өсгөнө гээд ярилцдаг.

-Нэгнээсээ авсан хамгийн сайхан бэлэг тань юу вэ?

Б.Ч: -Охид минь миний ханийн надад өгсөн хамгийн сайхан бэлэг.

-Танд ханьдаа зориулж зохиосон бүтээл байдаг уу?

Б.Ч: -Байдаг. Бурхан надад жаахан авьяас заяажээ. Түүнийгээ хайртай хүндээ зориулалгүй яах вэ.

Ц.С: -Би том охиноо АНУ-ын Чикаго, багыгаа Флорида хотод төрүүлсэн юм. Бага охиноо төрүүлэхдээ эмч нараас “Хүүхдээ төрөх үед аавынх нь зохиосон хөгжмийг сонсгомоор байна. Болох уу” гэхэд их дуртай зөвшөөрсөн. Их гоё мэдрэмж төрсөн шүү. Охины минь хорвоод мэндлээд сонссон хамгийн анхны хөгжим аавынх нь.

-Та ханийнхаа хийдэг ямар хоолонд илүү дуртай вэ?

Б.Ч: -Манай хүн маш сайн гэрийн эзэгтэй. Манайхаар зочилсон хэн ч үүнтэй санал нийлнэ. Ямар ч төрлийн хоолыг маш сайн хийдэг шүү. Ялангуяа бялуу, жигнэмэг их амттай хийнэ. Эр хүнийг ходоодоор нь татдаг гэдэг дээ. Хоол сайн хийдэг байх нь эмэгтэй хүний хамгийн эрхэм чанар шүү.

Ц.С: -Манай хүн “Никитон” хамтлагт байхдаа хонгоо давсан урт үстэй, чөргөр залуу байлаа шүү дээ. Бид хоёрыг хамт амьдраад удаагүй байхад “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан ах манай хүнийг харчихаад “Эхнэр зохижээ” гээд инээсэн гэдэг.

-Анх хадмуудтайгаа хэрхэн танилцаж байв?

Б.Ч: -Нэг сургууль төгссөн, нэг багшийн шавь нар болохоор хоёр талын аав, ээжүүдээ эртнээс л зүс мэддэг байлаа. Манай хадам ёстой “cool” эмэгтэй. “Deep purple” хамтлаг, регги дуучин Боб Марли зэрэг уран бүтээлчдийг сонсдог, хөгжмийн асар их мэдлэгтэй хүн бий. Намайг анх албан ёсоор танилцахаар очиход гэрийнхээ хаалгыг дэлгээд “Манай гэр бүлд тавтай морил” гэж хэлээд угтсан юм шүү дээ.

Ц.С: Манай ээжийг найзууд нь шүүмжилсэн гэсэн. “Хар нялхаараа, жаахан охиноо хүнтэй суухыг зөвшөөрөөд байхдаа яадаг юм бэ” гээд.Би бол охиддоо тэгж зөвшөөрч чадахгүй ээ.

-Өөрсдийгөө өвөө, эмээ болсон байгаагаар төсөөлж үзсэн үү?

Ц.С: -Би нэг удаа төсөөлж үзсэн. Гэхдээ ач, гучаа хараад гэртээ сууж байгаагаар биш. Их залуухан сэтгэлгээтэй, донжтой эмээ болох байх.

Б.Ч: -Таяг тулсан, рок өвөө болох байх (инээв). Хийж байсан ажил, бодол хүнийг хэрхэн хөгшрөхөд нөлөөлдөг байх шүү.

-Та хоёр хамтдаа аяллаар их явдаг юм билээ. Хамтдаа хийсэн хамгийн сонирхолтой, адал явдалтай, эрсдэлтэй үйлдэл юу байсан бэ?

Б.Ч: -Аль болох гэр бүлээрээ аялахыг хүсдэг. Карибын тэнгисийн аялал хамгийн гоё нь. Ингэж аялах нь хамгийн гоё дурсамж үлдээдэг. Манайх гэр бүлийн аялал, тэмдэглэлт өдрийнхөө зураг, бичлэгээр кино хийж хадгалдаг. Бельгид аялж байхдаа паркад нь тоглосон юм. Өндрөөс унадаг, эргэдэг тоглоомоор Сарнай бараг тоглодоггүй. Тэгэхэд би ятгасаар байгаад суулгачихсан юм. Сүнсгүй бие л бууж ирсэн дээ, хөөрхий. Тэр үеийн царайг нь харсан бол ч (инээв).

Ц.С: -Тиймэрхүү тоглоомоос их айдаг болохоор ятгуулж ятгуулж, айдсаа дардаг баатар болоод суулаа. Гэтэл ёстой аймаар байсан. Чинбаа намайг зөндөө шоолсон.

-Амьдрал дандаа дардан байхгүй. Та хоёрын амьдралд тохиосон хамгийн хүнд үе хэзээ байв. Тэр үед нэгэндээ хэрхэн дэм өгч, даван туулсан бэ?

Ц.С: -Биднийг АНУ-д амьдарч байх үед хадам аав маань таалал төгссөн юм. Миний ханьд ямар хүнд цохилт болсон гэж санана.

Б.Ч: -Эх орон, элгэн саднаасаа хол, хүний нутагт амьдарч байх үед тийм мэдээ сонсох хүнд юм билээ. Тэр үе бидний амьдралд ирсэн нэг шалгуур байсан. Гэхдээ хүн сэтгэлээр унасан ч хажуудаа сайн ханьтай бол босоод ирдэг юм билээ.

-Та хоёр хаашаа ч явсан цуг, үргэлж хамтдаа байдаг гэсэн шүү дээ. Нэгнээсээ хол хэд хонож үзсэн бэ?

Ц.С: -Нэг сар ч хүрэхгүй дээ. Хол байхаар хэцүү юм билээ.

Б.Ч: -Нэг л зүйл дутуу юм шиг мэдрэмж төрөөд байдаг юм.

-Сүүлийн үед гэр бүл салалт эрс нэмэгдэж байна. Эмзэглэмээр шүү. Залуу гэр бүлүүд юун дээр их алдаж, салах шийдвэр гаргаж байгаа харагддаг вэ?

Б.Ч: -Их л түргэдэж байгаа харагддаг юм. Нэг нэгэндээ хүлээцтэй хандаж, ойлгохгүй байгаа юм шиг санагддаг. Хоёр өөр орчинд өссөн, тэс өөр хүмүүжилтэй хүмүүс нэг гэрт амьдрахад зөрчил гаралгүй л яах вэ. Нэг нэгнээ таньж, өөр гэдгээ хүлээн зөвшөөрөхөд хугацаа хэрэгтэй. Тэгж чадалгүй л салж байх шиг байна.

Ц.С: -Тийм шүү. Нэг нэгнээ танихад хугацаа хэрэгтэй. Энэ хооронд нэгнээ сонжиж, шинжих ёстой. “Энэ хүн амьдралаа хамт туулах хүн минь мөн үү” гэдгийг таних ёстой. Болж өгвөл хүүхэдтэй болохоосоо өмнө. Ингэж чадалгүй хүүхэд өнчрүүлж байгаад их харамсдаг.

-Гэр бүлийн үнэ цэнэ юунд оршдог вэ?

Б.Ч: -Нэгнээ ойлгох л чухал. Хүн юм чинь алдаж л таарна. Тэр алдааг нь хүлээн зөвшөөрдөг, уучилж чаддаг байх хэрэгтэй. Алдсан үед нь түлхээд унагаадаг биш, түшээд авдаг л байх хэрэгтэй юм. Харин нөгөөх нь нэг алдсанаа давтахгүй, ухаантай байх ёстой.

Ц.С: -Хамгийн гол нь нэгэндээ итгэдэг байх. Худал хуурмаг зүйл л сэтгэлд сэв суулгадаг. Тийм болохоор нэгэндээ үнэнч байж, итгэдэг байх ёстой.

-Танай гэр бүл ямар баярыг бусдаас илүү нижгэр тэмдэглэдэг вэ?

Б.Ч: -Манайх Шинэ жил, Цагаан сар, Улсын баяр наадмыг нижгэр тэмдэглэхийг хүсдэг.

-Тун удахгүй Шинэ жилийн баяр болох гэж байна. Шинэ оноо хэрхэн угтах вэ?

Ц.С: -Шинэ жилийн үдшийг их олуулаа бужигнаж, дуу хууртай өнгөрүүлэх дуртай. Аль болох гэртээ он гаргахыг хүсдэг. Энэ жил ч тэгэх байх.

-Уран бүтээлчидтэй уулзсаных хийхээр төлөвлөж буй уран бүтээлийн тань талаар сонирхолгүй өнгөрч болохгүй. Ирэх онд ямар ямар шинэ уран бүтээлээр сонсогчдодоо бэлэг барих вэ?

Ц.С: -Ирэх онд манай “Sweetymotion” хамтлагийн 20 жилийн ой тохионо. Эл ойн хүрээнд хийх ажлуудынхаа төлөвлөгөөг гаргасан. Шинэ дуунууд, тоглолтоо ирэх онд олны хүртээл болгоно.

Б.Ч: -Энэ жил уран бүтээлийн арвин олзтой байлаа. Гадаадад олон тоглолт хийлээ. Ирэх жил ч уран бүтээлийн энэ буухиа тасрахгүй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

Илгээх

Энэ тухай