Бараа аваад баримт нэхдэг хүн цөөрчээ

“Меркури” худалдааны төв. 17.00 цаг. Нийслэлийн хэмжээнд цөөн хэдэн захад НӨАТ-ын баримт хэвлэгч машин суурилуулсны нэг нь “Меркури” 17.00 цагийн үед очиход тус зах олны хөлд дарагджээ. Залуу хос хүнсээ цуглуулна. Ажлын газрынхныхаа хүүхдүүдэд Шинэ жилийн бэлэг бэлдэж буй бололтой хэдэн хүн хайрцаг хайрцгаар нь чихэр, шоколад базаана. Цаахна талд нэг эмээ хонины мах авахаар худалдагч руу 10.000 төгрөг сарвайж харагдлаа. Тус захын хонгилд НӨАТ-ын баримт хэвлэх машин тавьжээ.

Энд 30 орчим минут саатахад нэг ч хүн баримт авахаар ирсэнгүй. Ингээд чихэр, жигнэмэг, ундаа, ус зардаг худалдагчаас нэг шоколад авч, “НӨАТ-ын баримт хэрэгтэй байна” гэхэд “Нэг ширхэг бараа авахад баримт өгөх хэцүү шүү дээ” гээд утсаа гаргалаа. Гэтэл wi-fi нь тасарсан гэсэн шалтаг хэлэв. “Оны эхэн үед олон хүн төлбөрийн баримт нэхдэг байсан. Одоо бол асуусан ч авахгүй. Интернэт гацах гэх мэт хүндрэл их. Сүүлийн үед системд шинэчлэл хийж байна, түр хүлээнэ үү гэсэн хариу ирдэг болсон” хэмээн худалдагч бүсгүй н.Цэрмаа ярилаа. Өөр нэгэн худалдагч “Сугалаанд хожсон мөнгийг өгөхгүй, НӨАТ-ыг нь буцааж олгохгүй байхад баримт ямар хэрэгтэй юм бэ. Хүмүүс ч нэхдэггүй. Харин аж ахуйн нэгжүүд авч байгаа” гэлээ.

Улсын их дэлгүүр. 16.00 цаг. Энд “Номин холдинг” компаниас гадна гадаад, дотоодын брэндийн хэд хэдэн дэлгүүрийн салбар бий. Тавдугаар давхрын цахилгаан барааны тасгаар орлоо. “Номин электроникс”-ийн ажилтан н.Энхжаргал угтан авав. Тэрбээр “Иргэд бараа бүтээгдэхүүн худалдан авах бүрт баримт олгодог” хэмээн ярив. Энд байрлах ихэнх тасгийн гүйлгээний тооцоо “Номин холдинг”-ийн кассаар дамждаг. Тиймээс худалдаа хийх бүрт олгох боломжтой гэнэ. Харин зарим жижиг аж ахуйн нэгж нь олгож эхлээгүй аж. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн иргэн н.Минжигмаа “Би УИД-ээр байнга үйлчлүүлдэг. НӨАТ-ын баримтаа ч цаг тухайд нь авч байгаа. Компьютер ашиглаж мэдэхгүй учир цуглуулаад хүүдээ өгдөг” хэмээн ярьсан юм.

“Бөмбөгөр” худалдааны төв. 15.00 цаг. Шинэ жилийн баяр ойртсон тул энд мөн л хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Эдийн засаг агшиж, орлого багассан ч иргэд Шинэ жил, Цагаан сар зэрэг баяраа ёс жаягийн дагуу тэмдэглэнэ. Тиймээс ч ойрын үед худалдаа идэвхжиж байгааг тус захынхан хэлж байна. Ялангуяа хүнс, жижиглэнгийн бараа бүтээгдэхүүний эрэлт өсөж байгаа аж. НӨАТ-ын хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгжүүд нэг талх худалдан авсан ч баримт авах ёстой.

Гэтэл “Бөмбөгөр” зэрэг захынхан үйлчлүүлэгчдэдээ ийм боломж олгоогүй байна. Өөрөөр хэлбэл, “Бөмбөгөр” худалдааны төвөөр үйлчлүүлсэн нэг ч иргэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадаагүй. Уг нь Татварын ерөнхий газраас худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн ажлыг хөнгөвчилсөн олон шийдэл бий болгосон. Тодруулбал, заавал хэвлэгч машин ашиглалгүй ухаалаг гар утас, интернэттэй байхад л болно. Гэвч худалдаа эрхлэгчид нь түвэгшээж, иргэд ч ойшоодоггүй аж.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Энэ жил 40 гаруй мянган аж ахуйн нэгж 190 сая баримт хэвлэсэн байна. Ингэснээр эдийн засгийн зураглалаа зөв гаргах, төрийн мөнгөний болон сангийн бодлогоо оновчтой тодорхойлоход энэ систем асар их нөлөө үзүүлнэ. Энэ систем инновацын сонгодог жишээ юм” хэмээн ярилаа. Манай эдийн засаг гуравдугаар улирлын байдлаар жилийн өмнөх үеэс 1.6 хувиар агшлаа. Гадаад, дотоодын шинжээчид эдийн засаг оны эцэст ч буурсан дүнтэй гарна хэмээн төсөөлж буй юм.

Энэ нь эдийн засгийн салбар, ялангуяа худалдаа, үйлчилгээний үзүүлэлтийг доош чангаалаа. Тухайлбал, дотоодын жижиглэнгийн худалдаа өнгөрсөн сарын байдлаар 12 хувиар уруудав. Голлох тоонууд нэг нэгнээсээ өрсөн уруудаж байгаа үед татварын орлого төлөвлөсөн хэмжээнээс давжээ. Тухайлбал, НӨАТ-ын орлого төлөвлөгөөнөөс 80 тэрбум төгрөгөөр илүү төвлөрсөн. Энэ нь “мөсөн уул”-ын далд хэсгийг ил гаргасантай холбоотой аж. Манай улсад НӨАТ-ын тухай хууль 1997 оноос хэрэгжсэн. Гэхдээ үндсэн мөн чанараараа энэ оноос л үйлчилж байгаа гэдгийг судлаачид хэлдэг.

Өөрөөр хэлбэл, эцсийн хэрэглэгчид аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянаж, татварын системийг эрүүлжүүлдгээрээ энэ систем давуу талтай. Ингэснээр эдийн засагт эргэлдэж буй мөнгө бүрийг бүртгэж, далд эдийн засгийг багасгах юм. “НӨАТ-ын урамшууллын системийг хэрэгжүүлэхээс өмнө Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж, 37 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болгосон. Манай улс 24 их наядын эдийн засагтай гэвэл үүнээс 1.5 дахин их хөрөнгө “усан дор”, далд байж. НӨАТ-ын шинэ системийн ачаар хар захаас татвар авч эхэллээ. Ингэснээр татварын шинэ орлого бий боллоо” хэмээн Б.Лхагважав ерөнхийлөгч ярилаа.

Иргэн, аж ахуйн нэгжүүд ирэх онд 30 тэрбум төгрөгийн НӨАТ буцаан авна. Энэ нь иргэдэд худалдаа, үйлчилгээ бүрээ баримтжуулах сэдэл төрүүлнэ гэж татварын албаныхан үзэж байна. Угаасаа энэ системийн хөдөлгүүр нь иргэд. Тиймээс л нуугдсан татварыг ил болгосных нь төлөө тэднийг НӨАТ-ынх нь 20 хувийг буцааж өгөх, сугалаагаар хонжвор олгох зэргээр урамшуулж байгаа юм. НӨАТ-ын тухай хуулийн дагуу баримт олгоогүй аж ахуйн нэгжид торгууль ногдуулна. Тиймээс ийм компанийн талаарх гомдлоо зохих газарт нь мэдүүлэх боломж бий. Гэтэл одоогоор ийм гомдол нэг их ирээгүй гэдгийг татварын албаныхан хэлж байна.


Д.Баярцэцэг: 800 мянган иргэн 30 тэрбум төгрөг буцаан авах тооцоо бий

Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагч Д.Баярцэцэгээс дараах зүйлийг тодрууллаа.

-НӨАТ-ын урамшууллын 20 хувийг хэзээ иргэдэд буцаан олгох вэ?

-НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр татвар төлөгч иргэдэд урамшуулал олгох шинэ систем бий болсон. Энэ нь иргэд татварын хуулийн хэрэгжилтэд хяналт тавина гэсэн үг. Мөн урамшуулал хүртсэнээр иргэдийн татвар, санхүүгийн боловсрол дээшлэх, бүртгэлийн тогтолцоог сайжруулж бизнест ээлтэй орчныг бий болгох зорилготой юм.

Урамшууллыг иргэд сугалааны хонжвор болон НӨАТ-ын буцаан олголт гэсэн хоёр хэлбэрээр хүртэх боломжтой. Тухайн татварын жилд худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ын 20 хүртэл хувийг иргэд буцаан авах эрхтэй. Үүнийг дараа оны нэгдүгээр улиралд багтаан хянаж, олгох зохицуулалттай.

Ингэхдээ Мэдээллийн технологийн төвөөс иргэд татвар төлөгчдийн буцаан авах урамшууллын болон бүртгэлийн мэдээллийг системээс гаргаж баталгаажуулан ирэх оны нэгдүгээр сарын 15-ны дотор татварын албанд хүргүүлнэ. Татварын алба ажлын долоо хоногт багтаан хянаж, буцаан олгох татварын хэмжээг тооцож баталгаажуулан, саналаа Сангийн яаманд хүргүүлнэ.

Сангийн яам шийдвэрээ ажлын 45 хоногт багтааж гаргах юм. Өөрөөр хэлбэл, энэ ажил хуулиар тогтоосон хугацаатай. Ингээд Төрийн сангаар дамжуулан www.ebarimt.mn системд бүртгэлтэй иргэдийн данс руу мөнгийг нь шилжүүлнэ.

-Иргэд хэдэн төгрөгийн НӨАТ буцааж авах вэ?

-Энэ сарын сарын 10-ны урьдчилсан тооцоогоор 800 мянган иргэнд 30 орчим тэрбум төгрөг олгохоор байна. Гэхдээ үүнийг авахын тулд иргэд www.ebarimt.mn цахим системд бүртгүүлж, хувийн мэдээллээ зөв оруулсан байх ёстой. Одоогийн байдлаар урамшууллын системд хаяг нээн төлбөрийн баримтаа бүртгүүлж, урамшуулал авах эрх үүссэн иргэдийн 30 орчим хувийнх нь мэдээлэл буруу, банкны дансны дугаар зөрүүтэй байна. Иймд иргэд үүнийгээ шинэ оноос өмнө засах хэрэгтэй.

-Сугалааны хонжвор иргэдэд очихгүй байна гэсэн гомдол байгаа. Мөнгөө яагаад шилжүүлэхгүй байгаа юм бол?

-Иргэд азтан болбол www.ebarimt.mn системд өөрийн хаягаар нэвтэрч хонжвор авах хүсэлт илгээнэ. Үүнээс хойш ажлын 90 хоногт багтаан тохирлын мөнгийг нь олгоно гэсэн журамтай. Харин энэ хугацаанд багтаан татварын алба руу хүсэлтээ илгээгээгүй бол тохирол хүчингүй болно. Иймд хүсэлтээ заавал гаргах ёстой. Энэ талаарх мэдээллийг татварын албаны цахим, фэйсбүүк хуудас болон 1800-1288 утас руу холбогдож авах боломж бий.

-Зарим иргэний баримт хүлээгдэж байна гэсэн төлөвт шилжиж, www. ebarimt.mn систем бүртгэхгүй байна гэсэн. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Энэ нь үнийн дүн зөрүүтэй болон аж ахуйн нэгж баримтыг систем рүү илгээгээгүй гэсэн төлөвтэй байгаа. Ийм тохиолдолд иргэд төлбөрийн баримт дээрх дахин давтагдашгүй төлбөрийн дугаараараа цахим системд бүртгүүлэх хэрэгтэй. Иргэд сугалааны дугаар, үнийн дүнгээ буруу бичсэнээс ийм тохиолдол гарч байгаа тал бий. Тиймээс дахин давтагдашгүй төлбөрийн дугаараа оруулбал систем баримтыг танина. Үүнээс гадна аж ахуйн нэгж баримтын мэдээллийг илгээгээгүй бол татварын албанд мэдэгдэх үүрэгтэй.

-НӨАТ-ын урамшууллын систем хэчнээн аж ахуйн нэгжийг хамруулаад байна вэ?

-Энэ хууль хэрэгжсэнээс хойш 40 орчим мянган аж ахуйн нэгж стандарт хангасан бүртгэлийн машин хэрэглэж, мэдээллээ илгээж байна. Мөн НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 90 гаруй хувь хамрагдсан. Өнгөрсөн сарын байдлаар 700 гаруй мянган иргэн төлбөрийн баримтын цахим системд хэрэглэгчээр бүртгүүлээд байгаа. 17 удаагийн тохирлоор 80 гаруй мянган иргэн азтан болж, 3.1 тэрбум төгрөг сугалааны хонжворт хожсон.

-Иргэд баримтаа хэр идэвхтэй бүртгүүлж байна вэ?

-Энэ онд төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг иргэд ирэх оноос авна. Тиймээс баримтын бүртгэл эрс өссөн. Мөн бүртгүүлж амжилгүй хадгалсан зургадугаар сарын 30-наас хойших төлбөрийн бүх баримтаа энэ ондоо багтаан нөхөн бүртгүүлэх бололцоотой. Ингэж нөхөн бүртгүүлснээр сугалаанд оролцох боломжгүй ч НӨАТ-ын 20 хувиа авах боломжтой. Хуулиа биелүүлж, урамшуулал хүртэх эрхээ эдлэхийн тулд бараа худалдан авах бүртээ төлбөрийн баримтаа заавал авах шаардлагатай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

Илгээх

Энэ тухай