Баянхонгор аймагт малчдын хотонд янгир ямаа орж ирэх нь ихэссэн гэнэ

Баянхонгор аймагт малчдын хотонд янгир ямаа орж ирэх нь ихэссэн гэнэ

Аймгийн Засаг даргын 733 тоот жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого явуулах захирамж гарсан. Энэ захирамжийн хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр, Статистикийн газрын дарга Х.Ганзориг, ХХААГ-ын дарга Ж.Энхтөр, Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг гарч хөдөөгийн сумдад ажиллаж байна.

Уг ажлын хэсэг жилийн эцсийн мал тоолллгын үйл ажиллагаанд хяналт тавьж, баг, сумын түвшинд тооллогын ажил нэгэн зэрэг эхэлсэн эсэх, сумын хяналтын хэсэг ажилласан эсэх,  данс бүртгэл үнэн зөв эсэхэд хяналт тавьж ажиллах юм.  Ингэхдээ тухайн айлд тавиул мал байгаа эсэх, сум, багийн хэмжээнд алдуул, эзэнгүй мал байгаа эсэх, тэжээвэр амьтад байгаа эсэхэд давхар хяналт тавьж ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөрөөр ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг сумдад ажиллаж байна.

Бууцагаан сумын мал тооллогын ажил 80 хувьтай явагдаж байна. Сумын газар нутаг өргөн уудам нь бинзен шатахууны хүрэлцээгүй үед хүндрэл учруулж байгаа юм. Тиймээс тус сум багийн дарга, эмчийн шатахууны төсвийг нэгтгэх замаар нийт хөдөөгийн малчин өрхүүдэд хүрч ажиллажээ. Энэ хүрээнд иргэдээс аймаг, сумын Засаг даргын үндсэн чиглэлд тусгуулах санал хүсэлтийг давхар авсан байна.

Сумын хэмжээнд цас ороогүй, цаг урин байна. Гэвч одоогийн байдлаар сумын 2, 4, 5 дугаар багийн малчид Үаг, Галуут, Бөмбөгөр, Баянцагаан суманд оторлож байна. Отрын бүс нутагт арван өрхийн арав гаруй мянган мал өвөлжиж байгаа бол бусад бүс нутагт 11 өрхийн зургаан мянга гаруй мал өвөлжиж байгаа аж.

Цаашид цас орвол хаваржилт хүндэрч мэдэхээр байгаа юм. Хэвэр ийм нөхцөл бүрдвэл аймгаас дэмжлэг авах зайлшгүй шаардлага байгаа тухай тус сумын Засаг дарга Ж.Алтанцэцэг хэлж байна.  Гэвч иргэд өвлийн бэлтгэлээ хангаж гар аргаар 18 мянган тонн хадлан, тэжээл бэлтгэхийн зэрэгцээ сумд байрлах улсын фондод 100 орчим мянган тонн өвс байгаа мэдээлэл байна.

Хүрээмарал сумыг мал тооллогын ажил үндсэндээ дуусч, нэгдсэн бүртгэлд оруулах ажил эд өрнөж байна. Мөн л цас ихээр унахгүй бол өвөлжилтийн байдал өнгөрсөн зуншлага сайн байсан учраас төдийлөн хүндрэх эрсдэл харагдахгүй байгаа юм. Малчид өөрийн нөөц бололцоогоор гар тэжээл, хадлан бэлтгээд амжжээ.

Урьдчилсан байдлаар тус сумын хэмжээнд 190 орчим мянган тал тоолуулахаар байна. Нийт газар нутгийн хэмжээнд малын тоо толгой ихэсч байгаа учраас гаднаас отроор мал орж ирвэл цас унаагүй энэ үед туурайн зуд бий болгож мэдэх эрсдэл байгаа аж.  Мал тооллогын ажилд дөрвөн хэсэг гаргаж ажиллажээ. Тооллогын явцад алдуул 16 адуу байжээ.

Тус сумын тухайд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумтай хилийн цэсийн маргаантай байсаар ирсэн. Уг маргааныг шийдвэрлэхийн тулд 1970-аад онд тогтоосон хилийн цэсийг харж, тухайн бүс нутагт GPS ажиллуулж үзэхэд Хүрээмарал сумынх гэдэг нь тодорхой болжээ. Гэсэн ч тухайн нутгийн өвөлжөөнд хоёр сумаас хоёр гэрчилгээ гаргаж малчдад өгч байгаа нь малчдын дундах маргааны гол асуудал болж байгаа аж. Нэгэнт аймаг хоорондын маргаан учраас энэ асуудалд аймгийн зүгээс анхаарахыг тус сумын Засаг дарга хүслээ.

Сумын хэмжээнд 50 гаруй мянгат малчин байна. Хэдийгээр малын тоо толгой өсч, малчдын аж амьдрал дээшилсэн статистик харагдаж байгаа ч бодит байдхал дээр малчдын амьжиргаа доошилж, бэлэн мөнгөгүй, малын түүхий эд үнэгүйдсэн байна.

Баянбулаг сумын тухайд мал тооллогын ажил үндсэндээ дууссан. Шивж, нэгдсэн бүртгэл гаргах ажил өрнөж байна. Нийт газар нутгийн хэмжээнд цасан бүрхүүлтэй, нимгэн газраа 20 см, зузаан, хунгар хэсэгтээ 50-60 см-ийн зузаан байна. Тус сумын сүүлийн арван жилийн дунджийг харахад жил бүрийн 12 дугаар сарын сүүлээр цас их хэмжээгээр унадаг аж. Энэ жил энэ байдал давтагдвал өвөлжилтөд хүндрэл учирч мэдэхээр байгаа юм. Гол гол даваануудын зам хаагджээ. Өвсний цан өдрийн наранд унахгүй, үдэш болгож буй тул цаг хатуурах нь хэмээн нутгийн малчид ч ярьж байна. Гэсэн хэдий ч өвлийг өнөтэй давахын тулд хаа хаанаа хичээн ажиллаж байна. Малчид өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан өвс, тэжээл бэлдсэн байна.

Мал тооллогын явцад тооллогын комиссын гишүүд мөн тус суманд тоо толгой нь өсч буй янгир ямааны баримжаа тоог гаргажээ. Тэдний ажигласнаар 1500 орчим янгир ямаа байна гэж тоолжээ. Байгаль хамгаалах сан байгуулж, ажиллуулах боломж хуулиар хязгаарлагдсан нь янгир ямаа, зэрлэг ан амьтдыг хамгаалах, шаардлагатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд хүндрэл учруулж байгаа аж. Янгир ямаа хужиршиж байгаагаас малчны хот руу орж хужир шүү долоох үзэгдэл элбэгшиж байгаа гэнэ. Урьд нь тус сумынхан борооны ус тосох уст цэг, хужир шүү янгирын бэлчээрт байршуулах зэрэг ажлыг хийж байжээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай