Жэк Ма "Хагийн хар нуур"-ын ойролцоо зочид буудал барих гэнэ

Хан Хэнтийн нурууны салбар Бага Хэнтийн ууланд байрлах, нийслэлээс 180 орчим км зайд оршдог Хагийн хар нуурыг онгон дагшин байдлаа хадгалж үлдсэн, Монголын үзэсгэлэнт газруудын нэг гэдэг байжээ. Нуурын орчим уулархаг, шигүү ойтой, зам нь бартаатай учир аялагчид машинаар ойролцоо нь оччихоод явган эсвэл мориор зорьсон газартаа хүрдэг аж. Хагийн хар нуур руу аяллын чиглэл тогтоох судалгаа социализмын үеэс эхтэй бөгөөд газарзүйчид тус бүсийн газар зүй, аялал жуулчлалын нөөц боломжийг судалж байжээ. Түүгээр ч зогсохгүй нуурын зүүн хойд эргийн тэгш талбайг ашиглан, нисдэг тэргээр очих аяллын хөтөлбөр ч гаргаж байсан гэнэ.

Тус нуурыг зорих жуулчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэнээс биологийн төрөл зүйл хомсдож, зарим хэсгийн хөрс нь ихээхэн доройтож буйг Монголын аялал жуулчлалын холбооны менежер Х.Ариунболд мэдээллээ. Тэр тусмаа тээврийн хэрэгслийнхээ хүчийг сорих гэсэн болчимгүй аялагч ч олширсон байна. Тэрбээр “Тайгын хар сувд болон гялалзах нуурын ойр орчимд буга, хандгай, бор гөрөөс, хүдэр, чоно, нохой зээх, булга зэрэг олон төрлийн зэрлэг амьтан идээшдэг байсан ч үзэгдэхээ больсон гэж нутгийн иргэд, судлаачид ярьдаг. Тийш байнга явдаг бидэнд ч энэ байдал анзаарагдсан” гэв.

Өдгөө Хагийн хар нуурын чиглэлд “Их Монгол”, “Монгол аялал” зэрэг жуулчны компани аялал зохион байгуулдаг аж. Тэд ихэвчлэн Тэрэлж-Туул-Хагийн гол эсвэл Тэрэлж-Дунд Баянгийн гол-Алтан Өлгий уул-Хавиргын даваа-Хагийн гол гэсэн чиглэлээр тус нуурыг зорьдог гэнэ. Монголын нэрийн хуудас болсон үзэсгэлэнт байгальтай ч жуулчдын тэсвэр, тэвчээрийг сорьдог энэ газрын ойролцоо дээд зэрэглэлийн зочид буудал барихаар судалгаа хийж байгаа талаар дээрх мэргэжилтэн хэллээ. Түүний мэдээлснээр уг зочид буудлыг “Алибаба”-гийн эзэн, БНХАУ-ын тэрбумтан Жэк Ма бариулах гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (26)

Илгээх

Энэ тухай