1921-2012 он хүртэлх 90 жилд тавьсан замтай дүйцэхүйц замыг 4 жилд барьж ашиглалтад оруулжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурлаар Монгол Улсын Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар болон Ардчилсан намын Зургадугаар Их Хурлын үр дүнгийн талаар хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монгол Улсын Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн талаар УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг танилцуулав. Тэрээр "Ардчилсан намын Засгийн газар 2012 оноос дэлхийн зах зээл дээрх эрдэс, түүхий эдийн үнийн уналтаас болж Монгол Улсын эдийн засагт бий болсон хүндрэл, хямралыг сөрөн “Чингис” бондоор 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бондоор 300 сая ам.долларыг олон улсын санхүүгийн зах зээлээс босгож, эдийн засгийн уналтыг тогтоон дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтаа дэмжиж, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто зам зэрэг эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлсэн. Өнгөрсөн 4 жилд улс орны эдийн засгийн бүтэц олон тулгууртай болох, эдийн засагт өсөлт, чанарын өөрчлөлт гаргах төсөл, хөтөлбөрүүдийг  “Чингис” бондоор санхүүжүүлсэн. Гэтэл МАН-ын Засгийн газар нь “Чингис” бондыг үгүйсгэх, шүүмжлэх, харлуулах зорилгоор Хөгжлийн банкинд хяналт шалгалт хийх нэрийн дор их бүтээн байгуулалтыг зогсоох, олон нийтийг төөрөгдүүлэн "тархи угаах" зорилготой хийгдсэн захиалгат хяналт шалгалтын ажил болжээ гэдгийг ажлын хэсгийн дүгнэлтээс харж болно" хэмээв. Мөн "Сүүлийн 4 жил хүрэхгүй хугацаанд “Чингис” бондын санхүүжилтээр 3042 км хатуу хучилттай замыг барьж ашиглалтад оруулсан нь 1921-2012 он хүртэлх 90 жилд тавьсан нийт замын урттай дүйж очно. 2006-2012 онд жилд дунджаар 8 мянган орон сууц шинээр ашиглалтад өгч байсан бол 2013-2015 онд энэ тоо 22 мянга болж бараг 3 дахин өссөн. Зөвхөн 2013-2014 онд 2.5 сая метр квадрат орон сууц шинээр ашиглалтад орж, улсын хэмжээнд 5.2 их наяд төгрөгийн орон сууцны барилга угсралт, барилгын үйлдвэрлэл хийгдсэн. 2006-2012 оны хооронд Монгол Улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт ердөө 6 сая ам.доллараар өссөн бол 2013-2015 онд 101 сая ам.доллараар өссөн байдаг нь “Чингис” бондын үр өгөөж юм" гэдгийг онцлон хэллээ.

Мөн үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ардчилсан намын Зургадугаар Их Хурлын үр дүнгийн талаар бүлгийн гишүүдэд танилцуулав.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар хэлэлцсэн дээрх асуудлаар Бүлгийн дарга С.Эрдэнэ, дэд дарга Ж.Батзандан, Бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал болон бүлгийн хуулийн зөвлөх Д.Оросоо нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай