Эмэгтэйчүүдийн хорих ангиас бэлтгэсэн ярилцлага

Эмэгтэйчүүдийн хорих ангиас бэлтгэсэн ярилцлага

Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангиад ял эдлэж байгаа бүсгүйчүүдтэй ярилцлаа. Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс тэдгээр бүсгүйчүүдийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллах, дэглэм бууруулах шийдвэр гаргасан юм. Тэдгээр бүсгүйчүүд үйлдсэн хэрэгтээ их харамсаж байгаагаа илэрхийлж байснаас гадна нэг хоногийн өмнө ч гэсэн эрх чөлөөтэй болохыг хүсдэг нь мэдрэгдэж байлаа.

Н.Долгормаа: Хүүдээ зөвлөх боломжтой боллоо

 Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс чанга дэглэмд ял эдлэж байгаа Н.Долгормаагийн ял эдлэх дэглэмийг бууруулсан юм. Тэрбээр "Хүүдээ зөвлөх боломжтой боллоо. Тэр минь ээжээсээ асуух их юм байна гэдэг” гээд уйлж байсан юм.

 -Дэглэм бууруулах шүүгчийн захирамжийг таньд сонсголоо. Хорих ангид ирээд багагүй хугацаа өнгөрч байна уу?
-Таван жил арван сар 27 хоног өнгөрч байна. Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл ангиар ял сонссон. Бусдад их хэмжээний хохирол учруулсан учраас дэглэм буурна гэж төсөөлж байсангүй. Над шиг зүйл ангиар яллагдсан хүмүүс дэглэм буурахгүй, ялын хугацааг дуусгаад суллагддаг байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Тиймээс зөрчил, дутагдал гаргахгүй ажиллахыг хичээж байгаа. Ийм үед урам өгч, дэм болж байгаад маш их баярлаж байна.
-Чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэж байгаад жирийн дэглэм рүү орохоор сэтгэлийн дарамт багасна байх. Ер нь хэр их өөрчлөлт гарна гэж төсөөлж байна вэ?
-Өөр байлгүй яах вэ. Жирийн дэглэмд орж байна гэдэг чинь маш олон цагаан хаалганы цаанаас гарч ирж байна гэсэн үг. Хагас эрх чөлөөтэй орчинд орно шүү дээ. Үүнээс гадна чанга дэглэмээс гарч байна гэдэг чинь гэртээ харих ойртож байна гэсэн үг. Тийм учраас шүүгчийн захирамжийг сонсоод итгэж чадахгүй баярлаж байгаа юм. Жирийн дэглэмтэй байранд орсны дараа л "Үнэн байна” гэж итгэж байна.
 
-Ар гэрийнхэн тань мэдсэн болов уу?
-Би ганц хүүтэй. Намайг энд ирэхэд хүү минь наймдугаар ангид сурдаг байсан. 14-хөн настай үр минь шүүхийн гадна ганцаархнаа үлдэж билээ. Одоо хүү минь 19 настай, том залуу. Хөдөө аж ахуйн их сургуульд сурч байгаа. "Оюутан цэрэг”-т яваад ирсэн. Хүү минь "Ээжээ, зарим асуудлыг ганцаараа шийдэхэд хэцүү юм. Танаас асууж баймаар байна. Та хичээж байгаад дэглэм буураарай. Хүү нь тантай зөвлөх их юм байна” гэж захидал бичсэн байсан. Одоо хүү минь ээжтэйгээ зөвлөх боломжтой болсон гэж бодохоор маш сайхан байна. Шүүх бүрэлдэхүүн болон прокурорт маш их баярлалаа. Цаашдаа улам их хичээж, зөрчил дутагдал гаргалгүй ажиллана гэв.

Ч.Эрдэнэцэцэг: Бусдад учруулсын хохирлыг төлөх чадвартай болж байгаа

Ч.Эрдэнэцэцэг шүүхээс 11 жил чанга дэглэмтэй хорих ангид хоригдох ял сонссон. Тэрбээр хорих ангид оёдолчин, тогоочийн дамжаанд сурч мэргэжил эзэмшжээ. Шүүхээс түүний ял эдлэх дэглэмийг бууруулсан юм.
 
-Эмэгтэй хүн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх хэцүү гэдэг нь ойлгомжтой. Дэглэм бууруулах шийдвэр сонсоод юу бодогдсон бол?
-Би шүүхээс 11 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх шийдвэр сонссон. Бусдад учруулсан хохирлын үлдэгдэл нь 18 сая төгрөг байсан. Шүүхээс ял сонсохдоо хүнд байж болох хамгийн доод цэг дээр очлоо гэж бодож, өөртөө гомдож байлаа. Дэглэм бууруулсныг сонсоод төр хатуудаа хатуу ч эргээд хардаг нүүртэй юм байна гэж бодлоо. Маш их баярласан. Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хуруу дарам цөөн байдаг. Төлбөрөөсөө болоод дэглэм бууж чаддаггүй байсан. Энэ жилээс л Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл ангиар ял эдлэж байгаа хүмүүс дэглэм бууж байна. Чанга дэглэмтэй хорих анги бол эмэгтэй хүнд их хэцүү.
-Та чанга дэглэмд ял эдлэж байхдаа хоёр ч мэргэжил эзэмшжээ. Цалинтай ажил хийх боломж байдаг уу?
-Би одоо чанга дэглэмтэй хэсгийн тогооч хийж байгаа. Энэ ажлаа жил гаруй хугацаанд хийлээ. Тогоочийн сургалтад сууж, чадамжийн гэрчилгээгээ 97.5 оноотойгоор аваад шагнуулсан. Дараа нь гуравдугаар зэргийн тогооч болсон. Бас оёдолчин, эсгүүрчний дамжаанд суусан. Ер нь хорих ангиас зохиож байгаа сургалтуудад хамрагдахыг хүсдэг. Ажил хийж байж хохирлоо барагдуулах шаардлагатай. Үүнийг ойлгоод ажил хийхийг маш их хүсдэг. Чанга дэглэмжтэй ангид оёдлын үйлдвэр л цалинтай. Ажил олдоход тун хэцүү байсан.
-Жирийн дэглэмтэй хорих ангид цалинтай олон төрлийн ажил хийх боломж олдох байх.
-Хүний мөнгийг авсан л юм чинь төлөх ёстой. Бусдад учруулсан хохирлыг төлөх боломжтой боллоо. Ийм боломж олгосон шүүх бүрэлдэхүүнд баярлалаа гэлээ.

Б.Уранчимэг: Аавтайгаа, охинтойгоо уулзана гэж бодох сайхан байна

Б.Уранчимэг хугацаанаасаа өмнө суллагдах шийдвэр сонсоод аавдаа, охиндоо яарч байгаагаа ярьсан юм.
-Та хугацаанаасаа өмнө суллагдахаар боллоо. Гэрийнхэн тань хүлээж байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. Аав, охин хоёр минь бүлтийтлээ хүлээж суугаа. Би дөрвөн жил 9 сар хоригдох шийтгэлтэй байсан. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаад биеэр эдлэх ял 2 жил 9 сар болсон. Нэг жил найман сар ял эдлээд гурван сараар шагнагдсан. Өнөөдөр тэнсэн ялтайгаар суллагдаж байна. Гэртээ хурдан харьж аав, охин хоёртойгоо уулзана гэж бодохоор сайхан байна. Есөн сарын өмнө сулласан шүүгчиддээ маш их баярлалаа. Охин минь яаж баярлах бол гэж бодохоор яарч байна.
-Цаашдынхаа амьдралыг хэрхэн төсөөлж байна вэ?
-Эмнэлэгт сувилагчаар ажилладаг байсан. Эндээс гараад мэргэжлээрээ ажиллана гэж бодож байгаа. Сайхан амьдрана гэдэги итгэлтэй байна гэв.

Д.Оюундэлгэр: Оёдлын үйлдвэртээ ажиллана

Хугацаанаасаа өмнө суллагдсан Д.Оюундэлгэр "Шүүхээс 11 жил хорих ял сонссон. 9 жилийн ялыг биеэрээ эдэллээ. Энд байх хугацаандаа оёдлын үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан. Цалингаараа хохирлоо бүрэн барагдуулсан. Хурдхан л гарчих юмсан, нэг хоногийн өмнө харьчих юмсан гэж маш их боддог байсан. Өнөөдөр ингээд суллагдаж байгаадаа маш их баяртай байна. Өндөр настай аав ээж, хүү минь хүлээж байгаа. Тэдэнтэйгээ сайхан амьдарна. Өөрийнхөө ажиллаж байсан оёдлын үйлдвэрт ажиллана гэж төлөвлөсөн. Нэг хоног байтугай хэдэн жилийн өмнө сулласан шүүхэд маш их баярлалаа. Төрийнхөө итгэлийг даана” гэлээ.

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай