Бухимдал буюу стрессийн тухай ойлголт цуврал 2

Бухимдал буюу стрессийн тухай ойлголт цуврал 2

ХЭТ ИХ БУХИМДАЛ ХЭР ИХ БАЙНА ВЭ?

Та хэр их бухимдлыг тэсвэрлэх чадвартай вэ? Энэ нь таны сэтгэлийн бухимдлаа барьж хянах, даван туулах чадварыг хэлж байгаа хэрэг. Гэвч бухимдлыг давах чадвар хүн болгонд өөр өөр. Зарим хүн маш жижиг сажиг бэрхшээл үүсэхэд сэтгэл дундуур, бухимдалтай болж тэр нь нүүрэн дээр нь хүчтэй илэрч сүйрч байгаа юм шиг болж байхад зарим хүмүүс, амархаан түүнийг төвөгүйгээр шийдвэрлэчихдэг. Гэтэл зарим хүмүүс хэт их сэтгэлийн бухимдал, санаа зовох зүйлтэй атал амьдрал нь хэвийн баяр баясалтай, амжилттай юм шиг яваад байдаг.
Тэгэхээр стрессийг тэсвэрлэх чадвар таны харилцааны чадвар, амьдралыг үзэх үзэл бодол, ерөнхий төлөвшил, стрессийн тухай мэдлэг, генетик- удамшлын зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг юм.

БУХИМДЛЫГ ( СТРЕСС) ДАВАН ТУУЛАХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД

1. Таны дэмжлэгт бүлэг. Таны найз нөхөд, гэр бүлийн гишүүд орно. Эдгээр хүмүүстэйгээ харьцах харилцааны байдлаас шалтгаална.
2. Таны аливаа зүйлд хандах хандлага, төлөвшил. Өөдрөг хүмүүс ихэнхдээ стресст илүү их тэсвэртэй байдаг. Тэд хошин шогийн хүчтэй мэдрэмжтэй байдаг бөгөөд бэрхшээлийг амьдралын нэг хэсэг хэмээн хүлээж авдаг.
3. Сэтгэл хөдлөлөө шийдвэрлэх чадвар .Энэ нь бухимдалд орсон үедээ тухайлбал ууртай ч юмуу, гуниглах үедээ өөрийгөө яаж тайвшруулах аргаа мэддэг, эсвэл огт тайвширч чадахгүй түүндээ хөтлөгдөөд байна уу? гэдгээс хамааралтай. Өөрийн сэтгэл хөдлөлийг хэвийн хэмжээнд барьж байх чадварыг ямарч насны хүн сурахад уг нь боломжтой зүйлсийн нэг билээ.
4. Стрессийн тухай урьдчилсан мэдлэг, бэлтгэл. Стресс үүсэх нөхцөл байдлыг урьдчилан мэдсэнээр та бэлтгэлтэй байж, түүнийг даван туулахад хялбар болно. Жишээ нь: Тодорхой төлөвлөгөөт мэс засалд орохоор болсон бол уг үйл явцын талаар мэдлэгтэй болсноор тухайн үед хүндрэл бэрхшээл үүсэхэд цочирдохгүйгээр даван туулах болно.

БУХИМДЛЫН ( СТРЕСС) ШАЛТГААН

Стресс үүсгэх үндсэн шалтгаан бол сэтгэлийн дарамт шахалт юм. Бид ихэвчлэн стресс сөрөг зүйлүүдээр үүсгэгддэг гэж боддог. Гэвч та өөртөө хэт өндөр шаардлага тавьдаг нь дарамтанд оруулж мэднэ. Жишээ нь гэрлэх, байшин худалдан авах, сургуульд элсэн орох г.м
Мэдээж бүгд биш боловч зарим стресс дандаа гадны хүчин зүйлээс хамааралтай байдаггүй. Жишээ нь ямар нэг зүйлийн тухай шалтгаангүйгээр хэт санаа зовох эсвэл амьдралын тухай гутранги бодолтой байх нь стрессийг өөрөө өөртөө бий болгож байгаа юм.
Хүний бие махбод, оюун ухаан нь бухимдуулаад байгаа тэр зүйл их том бэрхшээлтэй зүйл байна уу? бага зэргийн жижиг асуудал байна уу? гэдгийг харамсалтай нь ялгаж чаддаггүй гэдгийг дээр дурдсан. Тэгэхээр бухимдаж, цухалдаж, зовинуулаад байгаа тэр асуудал бүхэн том жижгээсээ хамааралгүйгээр байнга давтамжтай давтагдаад байвал стресс үүсгэх хүчин зүйл болоод байнаа л гэсэн үг юм.
Гэхдээ стресс үүсгэдэг гэж хатуу тогтсон зүйл огт байхгүй бөгөөд бэрхшээл гэж үзэж бухимдаж байгаа зүйлүүд зарим хүмүүст харин ч өөрөөр зугаатай зүйл байж болдог. Жишээ нь өглөө ажилд гарахдаа замын түгжрээтэй үед машин барьж явахдаа ажлаасаа хожигдчих болов уу ? гэж цагаа байн байн харан цухалдаж байхад зарим нь гэрээсээ эрт гараад замын туршид харин ч дуртай дуу хөгжмөө хангалттай хугацаанд сонсоод бухимдалгүй яваад байдаг.
Стресс үүсгэх нийтлэг гадаад ба дотоод ( өөрөөс шалтгаалах учир хянах боломжтой) шалтгаанууд

Стресс үүсгэх нийтлэг гадаад шалтгаан:

- Амьдралын гол өөрчлөлтүүд гэрлэх, гэр бүл салах өөр газар, орон нутагт нүүн шилжих г.м
- Дайн дажин болох
- Эцэг , эх болох
- Дотны хүнээ алдах
- Хэрэг төвөгт орох
- Хүүхэд төрүүлэх,төрсний дараа ( энэ чухал сэдэв тул дараа дэлгэрэнгүй өгүүлнэ)
- Ажлаа алдах
- Үр зулбах
- Ажлын эсвэл сургуулийн доторх зөрчлүүд
- Дотны хүмүүсийн хоорондох харилцааны бэрхшээлүүд
- Санхүүгийн бэрхшээл
- Хэт завгүй байх 
- Хүүхэд, гэр бүлд үүсэх бэрхшээлүүд
- Хөршүүд нь төвөгтэй хүмүүс байх
- Жирэмслэх
- Тэтгэвэрт гарах
- Хэт их чимээ
- Санамсаргүй үр дүнгүүд (шалгалтын дүн, лабораторийн шинжилгээний үр дүн, ажлын ярилцлагын үр дүн г.м)

Стрессийн нийтлэг дотоод шалтгаан:

- Архаг санаа зоволт
- Гутранги байдал
- Өөртөө сөрөг зүйлийг байнга хандуулах 
- Бодит бус зүйлд итгэж найдах 
- Аливаа зүйлийг хатуугаар бодох, уян хатан байдалгүй байх
- Юуг ч үл тоомсорлох байдал ( Нөхцөл байдлыг авч үзэхгүй байх)
Үргэлжлэл бий...........

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай