"Stand By Me" төслийн хүрээнд саажилттай 20 хүүхдийг жилийн хугацаанд эмчилгээнд хамруулжээ

 "Stand By Me" төслийн хүрээнд саажилттай 20 хүүхдийг жилийн хугацаанд эмчилгээнд хамруулжээ

Өчигдөр JCI UB Central салбар байгууллага болон Таны Инээмсэглэл төвийн жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн тархины саажилттай хүүхдүүдийг дэмжсэн "Stand By Me" төсөл тайлангаа танилцуулж,үр дүнгээ гишүүд болон төсөлд хамрагдсан хүүхдүүдийнхээ ар гэрийнхэнд тайлагналаа.

Тус клубийн гишүүн Оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатарын сэтгэгдлээс:

Тархины саажилт бол хөдөлгөөний л саажилт юм. Төсөлд хамрагдсан 20 хүүхдүүд маань оюун ухааны хувьд эрүүл сэтгэж чаддаг. Тэд бидэнтэй л адил.

Эмчилгээний үр дүнд толгойгоо даадаггүй нь даадаг болж, сууж чаддаггүй нь сууж, зогсож чаддаггүй зогсож, алхаж чаддаггүй нь алхаж чаддаг болсныг хараад үнэхээр баярлах, бахархах сэтгэл төрлөө.

Миний хариуцаж авсан нугасны үрэвслээс үүссэн доод мөчний саажилттай М.Буянцэцэг дүү маань маш мундаг зогсож чаддаг болсон.

Нийгэм рүү чиглэсэн маш чухал төслийг амжилттай хэрэгжүүлсэн JCI UB Central салбар байгууллагын Ерөнхийлөгч Ц.Мөнхбат ерөнхийлөгчдөө болон гишүүддээ дахин баяр хүргэе! Мөн хамтран ажиллаж хүүхдүүдийн хөдөлгөөнийг засахад хамгийн том дэмжлэг үзүүлсэн Э.Болорчулуун захиралтай "Таны Инээмсэглэл" төвийнхөндөө ажлын өндөр амжилт хүсье!

Эх орны минь иргэн бүр нь эрүүл байж, гэр бүлүүд аз жаргалтай амьдраасай!

JCI UB Central байгууллагын 
Гишүүн Х.Хатанбаатар 

Тархины саажилт гэж юу вэ?
Тархины саажилт гэдэг нь тархины эдийн үл давших гэмтлийн шалтгаанаар хөдөлгөөний хөгжлийн явцыг гэмтээхийг хэлнэ. Тархины саажилтыг хөдөлгөөний бэрхшээл үүсгэж байгаа хэлбэрээс хамаараад хэд хэдэн янзаар ангилдаг. 
Спастик: хөдөлгөөн хийхэд булчингийн чангарал нэмэгдэх
Атакси: хөдөлгөөн хоорондын зохицол буурч, биеийн бүх хэсгүүд тэнцвэртэй бус байх
Дискинетик: булчингийн тонус, хөдөлгөөн нь ухамсарт үл захиргадан өөрчлөгдөх, биеийн төрх байдал, байрлал тогтворгүй байх
Холимог: спастик, атакси, дискинетик хэлбэрийн хөдөлгөөний бэрхшээлүүд бүгд илрэх
Куадриплеги: хоёр гар, хөл, хөвчин бие (их бие) зэрэг бүхэлдээ саажих
Диплеги: хоёр хөл юмуу хоёр гар саажих
Гемиплеги: биеийн тал хэсэг (баруун, зүүн) саажих
Шинж тэмдэг
Тархины саажилтын шинж тэмдэг хүн бүрт янз бүр илэрдэг. Эрт үед буюу нярайн эхний 2 сард, ихэвчлэн 2 наснаас өмнө илрэх. Эцэг эхчүүд ихэвчлэн өөрийн хүүхэд нь бусад хүүхдүүд шиг толгойгоо өргөх, атгах, эргэж хөрвөөх, суух, мөлхөх, алхах зэргийг чадахгүй байна гэж өгүүлдэг. 
Хөдөлгөөний талаас илрэх шинж тэмдэг:
• Уурлах, бухимдах, өвдөх мөн өдрийн тодорхой цагт булчин чангарч хатуурах
• Үений хөдөлгөөн түгжигдэх. Энэ нь ялангуяа мөр, тохой, түнх, өвдөг, шагайн үеийг нугалах юмуу тэнийлгэхэд түгжигдэх
• Ямар нэгэн хөдөлгөөн хийж байхад булчин сулрах, эсвэл ойчих
• Хөл, гар, хөвчин бие, хүзүүгээр хөдөлгөөн хийхэд түгжигдэх
• Зохицолт хөдөлгөөн алдагдах
• “сулбагар” булчин, ялангуяа хүзүү, хөвчин биений булчин сулрах
• Булчингийн чичиргээ
Бусад шинж тэмдэг: 
• Ярих, юм ойлгох нь муу байх
• Сэтгэн бодох 
• Харааны бэрхшээл
• Уналт таталт 
• Биеийн төрх байдал, байрлал өөрчлөгдөх, булчингийн чангарлын улмаас үенд өвдөлттэй байх
• Хооллох үед амны булчингийн хүч, зохицолт хөдөлгөөн буурах, шүлс ихээр гоожих
• Өтгөн хатах
• Шээсээ барьж чадахгүй байх
• Өсөлт хөгжил нь удаашрах зэрэг шинж тэмдэгүүд мэдрэгддэг байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай