Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарна

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарна

ХЗДХЯ, Нээлттэй нийгэм форумын хамтарсан “Иргэдийн эрх зүйн чадавхийг дээшлүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг Хууль сахиулахын их сургуульд болж байна. Энэхүү хэлэлцүүлэгт ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, “Нээлттэй нийгэм форум”-ын Гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал болон холбогдох төлөөлөгчид оролцсон юм. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “Эрх зүйн мэдлэг боловсрол дутмаг байгаа учраас ажил амьдралаа сайжруулж чадахгүй байгаагаас гадна эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол амсаж улам бүр эмзэг болж байна.Тэгвэл хуулиа мэддэг, эрх зүйн боловсролтой хүн хуудуутай явдлын золиос болох нь бага, эндэж алдахаас холуур байдаг төдийгүй, хуулийг өөрийн бамбай болгож ажил амьдралаа сайжруулахад ашигладаг. Өөрөөр хэлбэл эрх зүйн боловсролтой иргэний чадавх нэмэгдэж, өөрийн асуудлаа шийдвэрлэх чадвартай болно” гэсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Нээлттэй нийгэм форумын Гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал нар гарын үсэг зурлаа.  ХЗДХЯ нь Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан “Бүх нийтийн эрх зүйн боловсрол, чадавхыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”  боловсруулах чиглэлээр Нээлттэй нийгэм форумтай хамтран төсөл хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэг, чадавхын үнэлгээг хийх, хэлэлцүүлэг өрнүүлэх, үндэсний хөтөлбөр боловсруулах, иргэдэд эрх зүйн боловсрол, туслалцаа олгох тогтолцоог бий болгох зэрэг ажлыг хийхээр төлөвлөж буй. 

Энэ хүрээнд Нээлттэй нийгэм форумаас хийсэн иргэдийн эрх зүйн хэрэгцээ, шаардлагын судалгааны үр дүнг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг 12 дугаар сарын 1-нээс 17-ны өдрүүдэд бүсчлэн зохион байгуулах гэж байна. “Иргэдийн эрх зүйн чадавхын өнөөгийн байдал” сэдэвт цуврал хэлэлцүүлгийн эхнийх 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод, Хууль сахиулахын их сургууль дээр болно. Бусад хэлэлцүүлгийг Хэнтий, Ховд, Өвөрхангай аймагт 12 дугаар сарын 5, 9, 14-ний өдрүүдэд тус тус зохион байгуулах ажээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай