Дотоодын нефтийн үнэ ОПЕК-ийн уулзалтаас хамаарахгүй нь

Дотоодын нефтийн үнэ ОПЕК-ийн уулзалтаас хамаарахгүй нь

-Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг бууруулав-

Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 40 хувь нь ногддог ОПЕК-ийн орнуудын (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага) сайд нарын уулзалт өчигдөр Венад эхэллээ. Дээрх байгууллагын гишүүн 14 улс сүүлийн найман жилд олборлолтоо анх удаа бууруулах, эсвэл одоогийн хэмжээгээр үргэлжлүүлэн үйлдвэрлэхийг эцэслэн шийдэх уг уулзалтыг хөрөнгө оруулагчид ажиглаж байна.

Өнгөрсөн есдүгээр сард Алжирт болсон уулзалтын үеэр ОПЕК-ийн орнууд газрын тосны үйлдвэрлэлээ өдөрт 32.5-33 сая баррель болгон бууруулахаар урьдчилан тохиролцсон билээ. Аравдугаар сарын байдлаар дээрх тоо 34 сая байсан дүн бий.

Баррель нь 110 ам.долларт хүрч байсан газрын тосны үнэ энэ онд сүүлийн 10 жилийнхээ доод түвшинд очиж, 30 “ногоон”- оос ч доошилсныг статистикаас харж болно. Түүнчлэн 2016 онд “Brent” төрлийн нефтийн ханш 44 ам.долларт хэлбэлзэж байгаа нь сүүлийн таван жилийн дунджаас бараг 50 хувиар хямд дүн агаад зах зээлд илүүдэл үүсээд буй. Хэрэв ОПЕК-ийн орнууд үйлдвэрлэлээ танахгүй аваас зах зээлд газрын тос илүүдэж буй нь ирэх онд (дөрөв дэх жилдээ) үргэлжлэхийг Олон улсын эрчим хүчний агентлаг онцолж байна. Улмаар уг таваарын үнэ одоогийнхоо байранд буюу баррель нь 50 ам.доллароос хямд байх нь. Сүүлийн жилүүдэд газрын тосны нийлүүлэлт нэмэгдэж, хэтрүүлж хэлбэл “үерлэж” байгаа гэхэд болно. Хэрэв ОПЕК-ийн орнууд үйлдвэрлэлийн хэмжээгээ хязгаарлавал эрэлт, нийлүүлэлт нь тэнцвэржинэ хэмээн үзэж байна. Гагцхүү тэдний байр суурь харилцан адилгүй байгаа нь анхаарал татаж буй юм. Жишээлбэл, Иракийн Газрын тосны сайд Жаббар Ал-Луаиби “ОПЕК-ийн бүх гишүүн орон хэлэлцээрт хүрч чадна гэж өөдрөгөөр харж байгаа” хэмээсэн бол Саудын Арабын Газрын тосны сайд Халид Аль-Фалих “2017 онд газрын тосны эрэлт “сэргэнэ” гэж бид таамаглаж байгаа. ОПЕК-ийн оролцоогүйгээр үнэ нь нэмэгдэнэ. Үйлдвэрлэлээ бууруулах шаардлагагүй байх талтай” гэсэн байна. Иран улс үйлдвэрлэлээ хумихгүй гэж байр сууриа илэрхийлж буй бол Саудын Араб аль ч талд нь орж мэдэх нь. Үйлдвэрлэлээ танах, эсвэл татгалзаж ч мэдэх Саудын Арабын зүгээс “ОПЕК-ийн гишүүн бүх орон үйлдвэрлэлээ аль болох ижил хэмжээгээр бууруулсан тохиолдолд саналыг хүлээж авна” хэмээн мэдэгдсэн удаатай. Тэгвэл Алжирын Эрчим хүчний сайд “Хэрэв ОПЕК-ийн орнууд тохиролцвол баррель газрын тосны үнэ 55-60, үгүй бол 40 ам.доллароос доогуур байна” хэмээн өгүүлжээ. Үүнтэй “Capital economics”-ийн шинжээчид санал нэг байгаа аж. Мөн “Goldman sachs”, “Barclays”-ын шинжээчид газрын тосны ханшийг маш богино хугацаанд 50 ам.доллароос дээшилж, үгүй бол 40 “ногоон”- оос хямдарна гэж тооцжээ. Харин ANZ банкны зүгээс ОПЕК гарцаа бууруулах хэлцэлд хүрнэ хэмээн таамаглаж буй юм байна. Энэ талаар Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Бирол “Хэрэв ОПЕК-ийн гишүүд нийлүүлэлтээ хумих шийдэлд хүрвэл газрын тосны ханш 60 ам.долларт хүрч магадгүй” хэмээн тодотгожээ. Бас Лондон дахь “Natixis SA”-ын эрчим хүчний ахлах шинжээч Абхишек Дешпанде “Саудын Араб, Иран улс хэлэлцээрт нэлээд тактиктай оролцож байгаа. Саудын Арабын хувьд 1980-1990- ээд он шиг бусдыг дагуулж, хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй нь асуудал үүсгэж байна. Өдгөө Иран, Ирак нь эн тэнцүү, зах зээлд том орон зай эзлэхийг зорьж байгаа” хэмээн онцолжээ. Дээрх хоёр улс нь ОПЕК-ийн хоёр, гурав дахь том үйлдвэрлэгч юм. Түүнчлэн “Бялуунаас илүү хэмжээгээр хүртэх гэж ОПЕК-ийн гишүүн орнууд “дайтаж” буйг бид харж байна. Хэрэв одоо хэлэлцээр байгуулахгүй бол тэдний хэн нь ч ашиг хүртэхгүй” хэмээн Сөүл дэх “Mirae аsset Daewoo co”-ийн зах зээлийн шинжээч Сон Жай Хюн өгүүлжээ. Ер нь ОПЕК-ийн орнууд үйлдвэрлэлээ багасгана гэдэгт санал нэгдэхгүй байж магадгүй хэмээн цөөнгүй эдийн засагч тэмдэглэжээ. Энэ нь зах зээл дэх нийлүүлэлтийн хувиа улс орнууд хамгаалахыг зорьж буйтай холбоотой гэнэ.

“Газрын тосны клуб”-ийн 14 гишүүн орон өөр зуураа ойлголцохоос гадна бусад томоохон үйлдвэрлэгч улстай (ОХУ, Бразил, Мексик зэрэг) хэл амаа ололцох шаардлагатай тулгарч буйг гадаадын хэвлэлүүд уламжилжээ. Иймээс ч Алжир, Венесуэлийн сайд нар Москвад айлчилж, хэлэлцээ өрнүүлсэн биз. Тэд ОХУ-ыг өдөрт үйлдвэрлэх газрын тосны хэмжээгээ 600.000 баррелиар бууруулахыг ятгаж буй юм. Харин хойд хөрш энэ саналыг тийм ч нааштай хүлээн аваагүйг шинжээчид дурдсан байв. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани нар саяхан утсаар ОПЕК-ийн хүчин чармайлтын талаар ярилцсан бөгөөд хэлэлцээрт ямар байр суурьтай оролцох талаарх мэдээллийг өгөөгүй юм. Вашингтон дахь “Arab gulf states institute”-ийн ОПЕК-ийг “ажиглагч” Валид Каддури “Газрын тос экспортлогч орнуудын байгууллага баррель нефтийн ханшийг 50-60 ам.долларт байлгахыг хүсэж байгаа. Тэд орлогоо нэмэгдүүлэхийг хичээхийн зэрэгцээ АНУ-ын занараас газрын тос үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх ёстой болж байна” хэмээн ярьжээ. Хэрэв ОПЕК-ийн орнууд үйлдвэрлэлээ хумивал АНУ олборлолтоо нэмэгдүүлж магадгүй аж. Өнгөрсөн оны дунд үеэс хойш АНУ өдөрт дунджаар 9.61 сая баррель газрын тос үйлдвэрлэж байснаа багасгасаар өдгөө дээрх тоо 8.69 саяд хүрээд буй ч цаашид өсгөх боломжтой гэнэ.

Өнгөрсөн есдүгээр сарын эцэст ОПЕК олборлолтоо бууруулахаар төлөвлөж буй тухай мэдээлэл цацагдсаны дараа газрын тосны үнэ нэг жилийнхээ дээд түвшинд (баррель нь 55 ам.доллар) хүрч байв. Харин одоогийн уулзалтаар ОПЕК-ийн орнууд үйлдвэрлэлээ хумих шийдэлд хүрэхгүй бол өдгөө баррель нь 46 ам.доллартой тэнцэж буй газрын тосны үнэ ирэх оны нэгдүгээр сард 30 “ногоон” болж хямдарна хэмээн зарим шинжээч таамаглаж буйг “Bloomberg” уламжиллаа. Өчигдрийн байдлаар сүүлийн хагас сарынхаа доод түвшинд хүрсэн газрын тосны үнэ цаашид аль зүг рүү чиглэх нь удахгүй тодорхой болно.

Төгрөгийн эсрэг ам.долларын ханш өссөн нь шатахууны жижиглэнгийн үнэд нөлөөлөх хэмжээнд хүрснийг Монголын импортлогч компаниуд мэдэгдэж буй. Өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн бөгөөд автобензиний үнэ нэмэгдэхгүй гэж мэдээлэв. Сүүлийн үед газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ 30-33 ам.доллароор хямдарч байгаа сайн талтай ч төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарсан нь нефть импортлогч компаниуд санхүүгийн алдагдалтай ажиллах, зах зээл дэх жижиглэнгийн үнэ нэмэгдэх шалтгаан болж буй. Иймээс Засгийн газрын хуралдаанаар автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварын хэмжээг тонн тутамд 100 мянган төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэлээ. Улмаар онцгой албан татварын хэмжээг автобензинд тонн тутамд 160, дизелийн түлшинд 180 мянган төгрөг болгов.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай