Төсөөлөлд хөтлүүлсэн төгрөг минь

Төсөөлөлд хөтлүүлсэн төгрөг минь

Монголын хөрөнгийн зах зээлийн зөвлөлийн судалгаанд хамрагдсан иргэдийн 56 хувь нь ам.долларын ханшийн өсөлтийг зохиомол зүйл гэж үзэж буй аж. Тэгвэл судлаачдын 62 хувь нь мөн ийм бодолтой гэдгээ илэрхийлжээ. Иргэд, судлаачдын олонход нь төгрөг цаашид суларна гэсэн төсөөлөл бий болсон талаар тус зөвлөлийн судлаач А.Мөнхцог онцоллоо. МУИС-иас гаргадаг “Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгааны энэ оны хоёрдугаар улирлын дүнгээс харвал ханш цаашид ч өснө гэсэн хүлээлт иргэдэд байгаа аж. Валютын ханшид эрэлт, нийлүүлэлтээс гадна хүлээлт их нөлөөтэй. Энгийнээр хэлбэл, эрэлт, нийлүүлэлт гэсэн жинлүүрийн хоёр туухайн жин ойролцоо байсан ч гэсэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүлээлт аль талд нь байгаагаас ханш хааш чиглэх вэ гэдэг нь шалтгаална. Өснө гэсэн хүлээлттэй байгаа үед эрэлтийн жин нэмэгдэж, ам.доллар чангарах нь гарцаагүй. Ялангуяа манайх шиг нээлттэй, жижиг зах зээлд ханшийн ирээдүйн төсөөлөл их нөлөөтэй гэж эдийн засагчид үздэг. Тэгвэл ханшийн огцом хэлбэлзлийг хэрхэн тогтворжуулах вэ. Энэ талаарх хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс зохион байгуулсан уг арга хэмжээнд Монголбанкны ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын (МҮХАҮТ) ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын хөрөнгийн зах зээлийн зөвлөлийн судлаач А.Мөнхцог нар болон сэтгүүлчид оролцсон юм.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав энэ үеэр “Ам.долларын ханш чангарахад хоёр зүйл нөлөөлсөн. Засгийн газар сонгуулийн өмнө “Сайн хувьцаа” нэрээр 1.5 их наяд төгрөг тараасан. Энэ нь төгрөгийн дарамтыг нэмлээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” дэх ОХУ-ын талын 49 хувийг монгол компани худалдан авсан төлбөр болох 483 сая ам.доллар манай зах зээлээс долоо хоногийн дотор гарсан нь шок үүсгэсэн. Хөргөгч, угаалгын машинаас эхлээд автомашин, орон сууц лизингээр авч, төлбөрийг нь олон жилээр цувуулан төлж болж байхад үүнийг бэлнээр өгсөн нь ямар учиртай юм бэ. Төвбанк энэ талаар яагаад таг дуугүй байна вэ. Валютын ханшийн өсөлтийг зах зээлийн оролцогчид л үүрч байна шүү дээ” хэмээн ярив.

Төвбанкны ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл “Валютын ханш савлаж буй нь гурван шалтгаантай. Нэгдүгээрт, манай экспортын 90 хувийг уул уурхайн түүхий эд эзэлж байна. Тиймээс нэмүү өртөг шингэсэн экспортоо өсгөх ёстой. Мөн валютын захын дэд бүтэц хөгжөөгүй учраас мэдээлэл ил тод нээлттэй бус байна. Тиймээс Төвбанк ирэх оны төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд валютын захын платформыг бий болгох талаар тусгасан. Энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулагдан судалгаа хийж буй юм. Ингэснээр хэн хэдэн ам.доллар ямар ханшаар зарах гэж байна вэ, хэн хэдийг авах вэ гэдэг нь тодорхой болж, ханшийн савлагаа багасна гэж үзэж байна” гэлээ. Судлаач А.Мөнхцог “Ханшийг зохиомлоор хөөрөгдөж буй хэмээн иргэд үзэж байна. Тиймээс цаашид мөнгөний захаа нээлттэй болгох хэрэгтэй. Хэн хэдэн ам.доллар ямар үнээр арилжиж байна вэ гэдэг нь тодорхой болж, зах зээлийнхээ жамаар ханш тогтож эхэлбэл хөөс үүсэхгүй” гэлээ.

Валют арилжааны “Найман шарга” төвд ам.долларын ханш энэ сарын эхээр хоёр өдөрт 240 орчим төгрөгөөр чангарав. Энэ огцом савлагаа нь үгсэн хуйвалдаж, ханш зохиомлоор хөөрөгдсөн хууль бус үйлдэл байсан тул мөрдөн шалгах хэрэгтэй хэмээн зарим эдийн засагч үзэж буй юм. СЭЗИС-ийн эдийн засгийн тэнхимийн профессор Ц.Батсүх “Төвбанк, банк хоорондын болон хар захын ханш нэлээд зөрүүтэй байдаг. Ханш хар захад хамгийн ихээр хэлбэлздэг. Гэтэл иргэдийн арилжаа хийдэг гол газар нь энэ юм. Тиймээс ханшийн нэгдсэн тогтолцоонд шилжиж, арилжааны банкны зарласан үнээс 5-10 төгрөгийн хэлбэлзэлтэй худалддаг болбол ханш тогтворжино” хэмээн ярьж байв. Нэг ёсондоо валютын захад тодорхойгүй байдал их байгаа учир мэдээлэлд ойр хүмүүс ханш хөөрөгдөн тоглож, унац гаргах явдал бий. Иймд энэ мэт хууль бус үйлдлийг шалгах хэрэгтэй. Харамсалтай нь Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо энэ чиглэлээр дорвитой алхам хийгээгүй байна. Цаашид ч зах зээлийг нээлттэй, шилэн болох хэрэгтэй аж.

Сүүлийн үед эдийн засагт долларжих үзэгдэл хүрээгээ тэлж байгаа. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт хадгаламжийн 25 хувийг ам.долларынх эзэлж байсан бол өнгөрсөн сарын байдлаар 30 болж, таван хувиар өсчээ. Иргэдийн төгрөгт итгэх итгэл хэрхэн алдарч буйг эндээс харж болно. Төгрөг 2013 оноос хойш 80 орчим хувиар суларлаа. Энэ онд гэхэд 30 орчим хувиар сульджээ. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжүүд төгрөгөөс дайжин, ам.доллар руу “урвах” нь олширч буй.

Төвбанк өнгөрсөн сарын байдлаар нэг тэрбум орчим ам.долларын нөөцтэй байна. Цаашид ханш тогтворжуулах интервенц хийх боломж бага. Тиймээс богино хугацаанд дотоод нөөц бололцоогоо дайчлан, харин цаашид экспорт, хөрөнгө оруулалтаа өсгөх хэрэгтэйг судлаачид онцолж буй. Тухайлбал, Монголбанк алт олборлодог аж ахуйн нэгжүүдийг эх үүсвэрээр хангасны үр дүнд үйлдвэрлэл эрс өсөж, валютын нөөц зузаарч байсан юм. Энэ мэтчилэн авдраа уудалж үзэх хэрэгтэй гэнэ. Үүнээс гадна экспортоо өсгөх, хөрөнгө оруулалт татах, эдийн засагтаа хурд нэмэх ажлаа хурдан хийх ёстой аж. Харамсалтай нь, Засгийн газар энэ чиглэлээр дорвитой ажил хийж эхлээгүй байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай