Завхан аймаг хүнсчдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа

Завхан аймаг хүнсчдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа

Завхан аймгийн 24 сумын хүнс үйлдвэрлэгч, тогоочдын дунд Аймгийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Монголын тогоочдын холбооны Завхан салбар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Дэлхийн зөн ОУБ-ын Завхан хангай ОНХХ-ийн газар хамтран Хүнс үйлдвэрлэгчдийн аймгийн хоёрдугаар зөвлөгөөн, тогоочдын “Ур чадвар-2016” уралдаан, үзэсгэлэн худалдааг 2016 оны 11 сарын 25-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгосон уриа, Засгийн газрын 2009 оны “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөр, 2016 оны “Үндэсний чанарын хөтөлбөр”, 2005 оны “Үдийн цай” хөтөлбөр, Монгол улсад Үндэсний Худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, Олон улсын тогооч нарын өдөр, Монгол улсад мастер тогооч цол олгож эхэлсний 50 жилийн ой, “Хэрэглэгчээ дээдэлсэн Монгол тогооч” аяны хүрээнд, салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, орчин үеийн хоол үйлдвэрлэлийн болон үйлчилгээний арга технологиос харилцан туршлага судлах, иргэдэд эрүүл орчинд эрүүл хоол хүснээр үйлчлэх чадавхийг бүрдүүлэх зорилгоор 1 өдрийн сургалт, илтгэл тавигдсан.
Илтгэлүүдэд сүүлийн жилүүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хурдацтай хөгжиж, үүнтэй холбогдуулан энэ салбарт хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалтай уялдан үндэсний брэнд хоол, хүнсийг хөгжүүлэх, шинэ технологи, арга ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлэхүйц дэвшилттэй санлуудыг тусгасан, хэлэлцүүлэг хийгдэж зөвлөгөөнөөс зөвлөмж гаргалаа.
Зөвлөгөөнд 24 сумын хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар /ресторан, кафе, баар, гуанз, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн цайны газар/-т үйл ажиллагаа явуулж буй тогооч, талх, нарийн боов үйлдвэрлэгч, хүнсний худалдааны нийт 350 хүнийг хамруулан зохион байгуулжээ.
Зөвлөгөөний хүрээнд аймгийн аварга шалгаруулах уралдаанд зэрэгтэй 22 тогооч ур чадварын тэмцээнд оролцож “Аварга тогооч”-г тодруулан, “Аварга талх нарийн боовчин”, “Шилдэг бүтээл”-ийн шилдгүүдийг тодрууллаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай