Төрийн банкийг биржийн лангуун дээр тавья

Төрийн банкны хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжвал ил тод, хүртээмжтэй, шударга хувьчлал болно. Ингэх нь олон давуу талтай. Хөрөнгийн биржээр хувьцааг нь арилжсанаар хүссэн хүн бүр Төрийн банкинд хөрөнгө оруулах боломж нээгдэх юм. Үүнийг хүртээмжтэй болгохын тулд жижиг хөрөнгө оруулагчдын хувьцаа худалдаж авах захиалгыг тэргүүн ээлжинд биелүүлэх хэрэгтэй.

Харин дараа нь томоохон хөрөнгө оруулагчдын захиалгыг биелүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, 10 ширхэг хувьцаа худалдаж авах захиалга өгсөн хөрөнгө оруулагчийн саналыг ч бага гэж чамлалгүй биелүүл гэсэн үг. Том хөрөнгө оруулагчдад хувьцааг нь хуваагаад зарчихвал хүртээмжтэй болж чадахгүй.

Пүүс компанийн эзэд төрийн өмчийг хувьчилж авах нь элбэг. Ихэнх тохиолдолд “хөшигний ард” арилжаа наймаа нь хийгдээд дараа нь олон нийтэд ил болдог. “Нууц жимээр явсан” хувьчлал араасаа түмэн янзын хардлага дагуулах нь бий. Үнэгүйдүүлсэн, хуйвалдсан гэх мэт хэрүүл, маргаан нийгмийг хамран үргэлжилдэг.

Үүний тод жишээ нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг тойрсон маргаан мэтгэлцээн юм. Нийгэмд үл ойлголцол үүсэхгүйн тулд төрийн өмчийн хувьчлалыг олон нийтэд ил тодоор явуулах учиртай. Олон хүн оролцох боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.

Аливаа төрийн өмчийг “нууцаар” хувьчилсны дараа авах боломжтой олон хүн байхад яагаад тэднийг сонгосон юм бэ гэсэн асуулт байнга тавигддаг. Хэрэв хөрөнгийн биржээр дамжуулбал хувьчлалд оролцож чадаагүй гэсэн гомдол дагахгүй.

Төрийн өмчит “Монгол шуудан” компанийн 34 хувьтай дүйх хувьцааг энэ оны эхэнд олон нийтэд арилжсан. Энэ хувьчлалд оролцох боломжийг хаалаа, төрийн өмчийг үнэгүйдүүллээ гэсэн гомдол гараагүйг санаж байна уу. Учир нь жижиг хөрөнгө оруулагчдын хувьцаа худалдаж авах захиалгыг тэргүүн ээлжинд биелүүлсэн юм. Тус компанийн 34 хувь буюу 33.8 сая хувьцааны нэгжийг нь 185 төгрөгөөр арилжиж, 6.2 тэрбум төгрөг босгохоор төлөвлөсөн.

Тэгвэл “Ард холдингс” компанийнхан хувьцааг нь худалдаж авахаар 6.8 тэрбум төгрөг байршуулж байв. Тэднийх олон нийтэд худалдахаар зэхсэн бүх хувьцааг нь худалдаж аваад цаана нь илүү гарах мөнгө шилжүүлсэн байгаа биз. Хэрэв олон нийтэд санал болгосон хувьцаагаа бүгдийг нь тэднийд найр тавиад худалдчихсан бол 360 гаруй хөрөнгө оруулагч гомдолтой үлдэх байв.

Жижиг хөрөнгө оруулагчдын захиалгыг тэргүүн ээлжинд биелүүлснээр “Ард холдингс”-ынхон “Монгол шуудан” компанийн хувьцааны 17.38 хувийг л худалдаж авсан юм.

Төрийн өмчийг хөрөнгийн биржээр дамжуулан худалдахад анхаарах өөр нэг зүйл бий. Тэр нь дотоодын хөрөнгө оруулагчдад давуу эрх олгох юм. IPO хийх буюу хувьцааг нь анхдагч зах зээлд арилжихдаа зөвхөн дотоодын хөрөнгө оруулагчдад худалдах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчид хүсвэл хоёрдогч зах зээлээс хувьцааг нь худалдаж аваг.

Ингэвэл хувьцааных нь ханш өсөж, дотоодын хөрөнгө оруулагчид ханшийн зөрүүнээс ашиг олох боломж бүрдэнэ. Хятадууд үндэсний томоохон компаниудаа хөрөнгийн зах зээлд гаргахдаа хувьцааг нь тэргүүн ээлжинд худалдаж авах эрх дотоодын хөрөнгө оруулалтын сангууддаа олгодог аж. Тухайн компанийн хувьцааны ханш хоёрдогч зах зээл дээр өсөхөөр иргэдийнх нь хэтэвч “зузаарах” нь дамжиггүй.

Төрийн банкны хувьцааны 25 хувийг Сангийн яам, 75-ыг нь Хадгаламжийн даатгалын корпорац эзэмшиж буй. “Зоос”-ын сайн активыг ялган авч, 2010 онд энэ банкийг байгуулсан. Улмаар 2013 онд “Хадгаламж” банкийг Төрийн банкинд нэгтгэсэн түүхтэй. Ингэснээр системдээ эхний тавд эрэмбэлэгдэх том банк болсон юм.

Хадгаламжийн даатгалын тухай хуулийг 2013 оны нэгдүгээр сард баталжээ. Хуулийн дагуу “Хадгаламж” банкны эрсдэлийг “Хадгаламжийн даатгалын корпорац” үүрсэн учраас хувьцааных нь 75 хувийг эзэмшсэн хэрэг. Уг корпорац ашгийн бус үйл ажиллагаа явуулах хуультай. Тиймээс удаан хугацаанд банкны хувьцаа эзэмших боломжгүй.

Төрийн банкийг хувьчилж, 75 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж Төсвийн тухай хуульд тусгасан. Сангийн яам өөрийн эзэмшлийн хувьцаагаа 75 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь энэ. Тэгэхээр “Хадгаламжийн даатгалын корпорац”-ын эзэмшлийн 75 хувийн хувьцаа 225 тэрбум төгрөгөөр үнэлэгдэнэ гэсэн үг.

Ингэхээр Төрийн банкийг хувьчлах хамгийн доод үнэ 300 тэрбум төгрөг болж байна. Саяхан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Төрийн банкны хувьчлалын талаар танилцуулга сонссон. Энэ үеэр Төрийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж буй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа “Төрийн банк Монгол Улсын суурин газар бүрт салбар нэгжтэй.

Төрийн банкийг байгуулагдахаас өмнө халамж, тэтгэврийн мөнгө олгоход бусад банк өндөр шимтгэл хураамж нэхэж, зарим тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж байсан. Иймээс Төрийн банкны 25 хувийг хувьчлахгүйгээр төрийн үйлчилгээг иргэддээ саадгүй хүргэх сувгаа авч үлдэх хэрэгтэй болов уу. Энэ талаас нь бодолцох хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Тэгвэл Төрийн банкны хувьцааны 75 хувийг нь хөрөнгийн биржээр дамжуулан худалдъя. Магадгүй хувьцааных нь 75 хувийг худалдаад 300 тэрбум, түүнээс ч их мөнгө босгох боломж гарч мэднэ. Тэднийх 2.8 их наяд төгрөгийн хөрөнгөтэй банк. Үүнээс өөрийн хөрөнгө нь 240 тэрбум төгрөг юм. Мөн 503 салбар нэгжтэй, 2.8 сая харилцагчидтай, сүүлийн хоёр жилд дунджаар 15 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан банк.

Одоогоор нийт зээлийнх нь 2.7 хувь нь л “муу” гэсэн ангилалд оржээ. Энэ бол “эрүүл мэнд” нь хэчнээн сайн байгааг илтгэсэн үзүүлэлт юм. Ийм сайн үзүүлэлттэй банкны 75 хувийг хөрөнгийн зах зээлд гаргавал, ингэхдээ хүртээмжтэй байх зарчим баримталбал Монголын хөрөнгийн биржийн лангуу нэг боловч олон улсын жишигт хүрсэн бүтээгдэхүүнтэй болно.

Олон хөрөнгө оруулагч эзэмших тул хувьцаа нь хөрвөх чадвартай байна. Түүнчлэн компанийн засаглал нь сайжирна. Төрийн банкийг 400 сая ширхэг хувьцаатай компани гэж төсөөлье. Үүнээс 75 хувийг нь буюу 300 сая ширхэг хувьцааг тус бүрийг нь 1000 төгрөгөөр худалдахад 300 тэрбум төгрөг “босгох” боломжтой гэж энгийнээр тооцоолж болно.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцаа төвлөрөл ихтэй тул хөрөнгийн зах зээлд хөрвөх чадваргүй, идэвхгүй байдаг. Иймээс хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах сонирхол бизнесийнхэнд төрдөггүй. Хэрэв төр өмчөө Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилбал, ингэхдээ хөрвөх чадвартай хувьцаа, засаглал сайтай компани байх нөхцөл бүрдүүлж чадвал нэг сумаар хоёр туулай буудна. Тодруулбал, төр өмчөө хүртээмжтэй хувьчилна, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлнэ.

Арга, хэлбэрээ тогтсоны дараа Төрийн банкны хувьчлалыг зохион байгуулах учиртай. Тус банкны ТУЗ-ийн дарга Б.Нямаа “Уралдаант шалгаруулалтын аргаар бүхэлд нь хувьчилна гэсэн УИХ-ын тогтоол бий. Монголбанкныхантай зөвшилцөж байж хувьчлалын арга, хэлбэрийг батална” гэж ярив. Санхүү, эдийн засагт нөлөөтэй аж ахуйн нэгж учраас мэргэжлийн байгууллагууд хувьчлах арга, хэлбэрийг нь сонгодог юмсанж. Хөрөнгийн зах зээлээр дамжуулах нь хамгийн зөв сонголт гэж итгэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай