С.ЗОРИГ: Хамгийн их эрх мэдэлтэй нь Засгийн газар болчихоод байна

1997 оны хоёрдугаар сарын 22. Бямба №38 (076)


Монголын ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, УИХ-ын гишүүн агсан Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт амиа алдахаасаа жил гаруйн өмнө буюу 1997 оны хоёрдугаар сард манай сонины “МN-Өнөөдөр”-т зочлов” буланд уригдаж сонирхолтой ярилцлага өгчээ. Тухайн үед УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байсан, 35 настай С.Зоригийн ярилцлагадаа хөндсөн шүүмжлэлтэй асуудлын зарим нь өнөөдөр ч гэсэн шийдлээ хүлээсээр байгаа нь харамсалтай.

-С.Зориг аливаад шударга, асуудалд ул суурьтай ханддаг. Энэ нь олонх дотроо зарим хүний санаанд нийцдэггүй байх гэсэн яриа байдаг. Ярилцлагаа үүнээс эхэлье.

-Хүн өөрийгөө хэзээ ч зөв дүгнэдэггүй. Орчин тойрны хүмүүсийн дүгнэлт л хамгийн зөв байдаг. Нэг хүний тухай янз бүрийн дүгнэлт гарна. Тэр нь ямагт зөв байхгүй. Ялангуяа Монголд олон талын дүгнэлт гардаг. Энэ бас нэг онцлог юм шиг.

-Ойр дөт ажилладаг хүмүүсийн дүгнэлт, хандлага нэлээд бодитой байх болов уу гэж бодож байна.

-Хамт ажиллаж байгаа гэхээр хаана ажиллаж байгааг хэлэх вэ? УИХ-д уу, намд уу, эвсэл холбоонд уу?

-Аль аль нь.

-Нэг их сүртэй, ойрын үед гарсан дүгнэлт бий эсэхийг би сайн мэдэхгүй байна. Сонин, сэтгүүлд гарсан юм алга. Сүүлийн үед сөрөг хүчнийхэн л их дүгнээд байх шиг. Тэр ч яах вэ. ТТГ-ыг шалгах ажилд шударга хандлаа гэсэн атлаа хуралдаан их тасалдаг, алга болдог гээд хоёр талаас нь дүгнээд байх шиг байна.

-ТТГ-ыг шалгасны дараах маргааны үед “Ерөнхий сайд та огцор” хэмээн та хэлсэн. Явж явж тагнасан чагнасан тухайд бүрхэгдүүхэн болоод бүтцийн өөрчлөлт хийнэ гэсэн далбаанд хучигдаад өнгөрчихөв өө, янз нь.

-Гол сөрөг хүчин болох МАХН, бас МУНН-ын гишүүн анх хөндсөн уг асуудлын үр дүнг нь үзэхийн тулд тууштай ажиллах ёстой байсан. Гэтэл даргыг нь солингуут санаа нь амарчихсан. Би эрх баригч эвслийн гишүүн болохоор өөрөө албаар хөөцөлдөөд байх нь утгагүй. Нэгэнт өөрсдөө хийж байгаа юм бол хийгээд үзэг.

Зарчмын хувьд, үүнийг эцэст нь хүртэл явуулаад, хэн буруутайг нь тогтоогоод шийдвэр гаргах ёстой байсан. Зарим хүн надаас “Эвслийн гишүүн байж яагаад өөрийнхөө дотор байгаа муу муухайг илчлэхэд оролцоод байна вэ” гэж асууж байсан. Төр нь нийгмийн өмнө хүлээсэн тодорхой үүрэг, хариуцлагатай. Төр хариуцлагатай байвал нийгмийнхээ бүх гишүүдэд үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Төр хариуцлагагүй атлаа нийгмийн гишүүдээ хариуцлагатай байхыг шаардах нь буруу юм. Хариуцлагатай төр байна гэдэг бол түүний бүрэлдэхүүн хэсэг болсон аппарат, яам, газар, албан тушаалтнууд өөрсдийн үүргийг хуулийн дагуу чанд биелүүлэхийг хэлж байгаа юм.

Тиймээс сонгуульд ялсан ямар ч нам, эвсэл төрийн хэм хэмжээг хатуу барих ёстой. Зохих хязгаар байх учиртай. Түүнээс хэтэрч болохгүй.

-Ерөнхий сайд болон УИХ-ын зарим гишүүн “Зориг бол хачин амьтан” гэсэн ойлголтоор ханддаг. Үүнээс болоод Зориг ТТГ-ыг шалгах УИХ-ын ажлын хэсгийг тэргүүлсэн байх гэсэн яриа байх юм?

-Би тэр комиссын дарга болъё гэж хүсээгүй. Комисс байгуулаад гурван намаас нэг нэг хүн оруулъя, дундаас нь нэг дарга тавьчихъя гэсэн. Тэр үед нь “Би оролцоод яах юм. Тэртэй тэргүй Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд хянах үүрэгтэй. Шалгалтын дүнг хэлэлцүүлье” гэж би хэлсэн.

УИХ-ын дарга “Чи өөрөө толгойл” гээд хүчээр дарга болгосон. Нэгэнт болгосон юм чинь би хийх ёстой. Хийвэл хуулийн дагуу хийхээс өөр аргагүй.

-ТТГ нэр бүхий хүмүүсийн утсыг чагнасан гэдэг нь баттай биз дээ?

-Бид дүгнэлт гаргаад гарын үсгээ зурсан байгаа шүү дээ. Түүнийгээ эсэргүүцсэн, үгүйсгэсэн ямар ч баримт бичиг гаргаагүй. Бидний байр суурь хэвээрээ байгаа.

-Таны удирдсан ажлын хэсгийн шалгалтын дүнг Ерөнхий сайд үгүйсгэх байдлаар хандсан учраас ийм зүйлийг асууж байна л даа?

-Засгийн газар нэлээд тоомсоргүй хандсан. Хэдэн жил УИХ-д байсны хувьд, Засгийн газар солигдох бүрт ТТГ-т өөрчлөлт ордог зуршил бий болсныг би мэдэж байсан. Тус байгууллагын даргаар генерал Сандаг ажиллаж байхад ажил нь овоо зүгширч, зүг чигээ олж байсан.

Дараагийн өөрчлөлт нь дахиад бусниулсан арга хэмжээ болсон. Одоо хөл гараа олж эхэлж байгаа байлгүй.

-Энэ асуудал Энхсайхан, Зориг хоёрын хоорондын зөрчил болж хувираад өнгөрлөө гэсэн яриа байдаг. Та энэ талаар..?

-Сөрөг хүчин өөрөө муу ажилласандаа л тэгж ярьж байгаа юм. Тэд даргыг нь солингуут дуугүй орхичихсон шүү дээ. Та нар мэдэж байгаа.

-Зарим эрх баригч болон Зориг нарын хооронд үл ойлголцох байдал үүсчээ гэж ярих нь сонсогдох юм?

-Миний байр суурь бол эвсэл сонгуульд тодорхой хөтөлбөр гарган оролцсоноо биелүүлэх ёстой. Биелүүлнэ гэдэг бол Засгийн газрын хөтөлбөр юм уу, төрийн бодлогод тэр зарчмуудаа тусгах учиртай. УИХ бүрэлдэж, Засгийн газар эмхлэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш шүүмжлэлтэй хандах зүйл их байна. Түүнийг нь би хэлдэг. Хэлэх ч болно.

Наад зах нь орон нутгийн засаглалаа тохинуулж чадахгүй цаг алдаж байна. Ер нь төрийн тухай нэг буруу ойлголт нийгмийн сэтгэл зүйд бий болчихож. Тэр нь төр, түүний албан тушаалууд нь хүмүүсийн амьжиргааны хэрэгсэл болоод үүнийгээ баяжих үндэс гэх байдлаар ойлгох нь зонхилчихож. Иймээс албан тушаалын уралдаан буй болсон байна.

Албан тушаалыг тухайн хүний амьдралыг дээшлүүлэх үндэс гэж ойлгох нь зарчмын хувьд буруу. Харин төрийн бодлого хаашаа чиглэх ёстой вэ? Бид 1990 оноос хойш эдийн засгаа хөгжүүлье, ард түмний амьжиргааны түвшнийг дээшлүүлье гэж ярьж байгаа. Өмнөх Засгийн газрын үед хүртэл би эдийн засгаа хөгжүүлэхийн тулд одоо байгаа багахан өмчөө олон дахин хуваарилах уу, эсвэл шинэ өмч баялаг бий болгох уу гэдгийг ярьдаг байлаа.

Сүүлийн зургаа долоон жилд өмнө нь бий болгосон өмчөө дахин хуваарилж нэг гараас нөгөө гарт шилжүүлэх бодлого явуулсан. Шинэ баялаг бий болгохын тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж хүмүүсийг ажилтай болгох нь чухал юм. Үүн дээр хөрөнгө оруулалт чухал. Энэ талаар зөв хувилбар сонгох шаардлагатай гэж би Засгийн газарт хэлдэг юм.

-Аливаа дуулиантай асуудал гарахаар УИХ-аас комисс томилж шалгуулдаг. Тэр нь бүтэлтэй юм болохгүй шуугиад өнгөрчихдөг зуршил тогтчихов уу даа. Комисс томилж шалгуулах нь хууль зүйн хувьд зөв үү?

-УИХ хоёр үндсэн үүрэгтэй. Нэг нь хууль тогтоох, нөгөөх нь хянан шалгах. Миний бодлоор одоо хоёр үүргээ хоёуланг нь муу гүйцэтгэж байна. Хууль тогтоох үүргээ яагаад муу гүйцэтгэж байна вэ гэхээр УИХ-ын шийдэх ёстой асуудлуудыг Засгийн газар нь шийдсэн хэвээр байна. Энэ бол сүүлийн гурван парламент, Засгийн газар дамжсан дутагдал.

Өргөн олныг болон томоохон салбар, эсвэл нийгмийн хүрээг хамарсан асуудлыг зайлшгүй УИХ-аар шийдэх ёстой. Гэтэл Засгийн газар шууд шийддэг. Тухайлбал, Ерөнхий сайд томилогдонгуут ноолуурын тогтоолыг өөрчилсөн. Энэ бол олон хүний амьдралтай холбоотой стратегийн түүхий эд. Саяхан сургуулиудыг хичээлийн таван өдөртэй болголоо.

Одоо ажлын таван өдөртэй болгоно гэсэн төсөл хэлэлцэж байна. Мөн хувьчлал, үнэ чөлөөлөх гэх мэт асуудал байна. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, Германд саяхан дэлгүүрүүд ажиллах хугацаагаа хоёр цагаар сунгалаа. Парламент нь өчнөөн жил маргаан болж байж шийдлээ. Гэтэл манайд ийм асуудлуудыг УИХ шийдэхгүй, Засгийн газар дураараа шийдээд байна.

Засгийн газрын тогтоолуудад тиймэрхүү зүйл олон бий. Би гайхаад хуульчдаас ямар асуудлыг нь УИХ, ямрыг нь Засгийн газар шийдэх ёстойг нь тодруулж өгөөч гэж асуудаг. Миний ойлголтоор бол, Засгийн газар зөвхөн хэрэгжүүлэгч байгууллага. Гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх учиртай. Түүнээс нийгмийн амьдралтай холбоотой бие даасан шийдвэр гаргах байгууллага биш.

Энэ нь ганц эрх баригч эвсэл биш, нийт гишүүдэд хамаатай асуудал, сүүлийн долоон жил үргэлжилж байгаа үзэгдэл юм. Хяналтын үүргээ дутуу биелүүлж байгаа нь хяналт шалгалт хийгээд хариу арга хэмжээ авдаггүйгээс харагдана. Парламент шийдвэрээ ямар нэг хэлбэрээр гаргаад арга хэмжээ авч байх ёстой. Чиглэл өгнө гэдэг нь хэм хэмжээ тогтоох аргагүй бөөрөнхий ойлголт юм.

Энэ хоёр асуудлаар тууштай ажиллах шаардлагатай. УИХ хариуцлагаас зугтаад байна уу, эсвэл эрх мэдлээ ойлгохгүй байна уу, нэг л тиймэрхүү байдалд байна. Үндсэн хуулиар төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ гэж байгаа атал яг бодит амьдрал дээр хамгийн их эрх мэдэлтэй нь Засгийн газар болчихоод байна.

-Сүүлийн үед Засгийн газар ийм арга хэмжээ авч байна гээд УИХ-ын дарга, гишүүд нь яриад байдаг. Гэтэл УИХ-аас ийм хууль, тогтоол, шийдвэр гаргалаа. Бид түүнийг ингэж хэрэгжүүлж байна гэж Засгийн газрынхан ярих нь тун ховор юм. Та энэ дүгнэлттэй санал нэг байна уу?

-Тийм. Жишээ хэлье. Намрын чуулган дуусаж байнгын хороод тайлангийн хурлаа хийж байна. Энэ чуулганаар ийм хууль баталлаа. Тэр гишүүн хуралд төдөн цаг оролцсон, тасалсан, чөлөөтэй, өвчтэй байлаа гээд хурал дуусаж байна. Гэтэл тэр Байнгын хороо өөртөө харьяалах асуудлаар хууль тогтоох бодлогоо хэрэгжүүлж хяналтаа тавьж чадав уу гэх зэргээр бодлогын асуудлаа ярих ёстой байсан.

Миний хэлэх гээд байгаа нь юу вэ гэвэл, УИХ өөрөө өөртөө тогтносон жижигхэн вант улс шиг болчихоод, Засгийн газар нь тусдаа гарчихаад байна. Түрүүн би хэлсэн. Ажлын таван өдөрт шилжинэ гэж яриад байна. Засгийн газар ийм тогтоол гаргалаа гэж бодъё. Гэтэл УИХ зургаан өдөр ажиллах өөрийн дэгтэй.

Ингэхээр шал өөр, хоёр тусдаа зүйл болоод байгаа биз. Улс таван өдөр, УИХ нь зургаан өдөр ажиллах болж байдаг. Тиймээс шийдвэр хаанаас гарч байх ёстой гэдэг нь ийм энгийн жишээнээс харагдаж байна. УИХ гаргах ёстой.

-УИХ-ын зарим гишүүн, Засгийн газар өөрт ашигтай хувилбараар төсөл боловсруулж батлуулаад байгаа юм биш биз?

-УИХ-д орж ирсэн хуулийн төслийн ихэнх нь Засгийн газраас ирүүлсэн төсөл. Зарим хуулийн төслийг заавал Засгийн газар оруулаад яах вэ гэж шийдэж гишүүд боловсруулдаг. Тиймээс ихэнх нь Засгийн газрын бодлого гэж ойлгох хэрэгтэй.

Гэхдээ хуулийн төсөл өргөн барих асуудалд өөрчлөлт оруулах шаардлагатай. Зөвхөн нэг гишүүн өргөн барина гэдэг хангалтгүй юм шиг байна. Түрүүн хэлснээр, хувийн сонирхлоор өргөн барих бололцоо бийг үгүйсгэх аргагүй.

Тиймээс хуулийн төсөл өргөн барихад болж өгвөл бүлэг гишүүн оролцвол олон талаасаа боловсрогдох бололцоотой. Тодорхой тооны хүмүүс нэгдэж байж хуулийн төсөл өргөн барих эрхтэй болгох хэрэгтэй.

-Улс төрийн томилгооны ихэнхэд нь С.Зориг гишүүн сэтгэл дундуур байсан гэж сонссон юм байна.

-Ямар ч гэсэн жил ажилласны дараа харагдана. Эхний үр дүн нь гарна. Дөрвөн жилийн дараа үр дүн нь гарна гээд хүлээгээд байвал дараагийн сонгууль болчихно. Дүгнэх ямар ч аргагүй болно.

УИХ өөрөө өөрийгөө дүгнэх биш, хуулийг яаж хэрэгжүүлж байна гэж Засгийн газраа дүгнэх ёстой. Ажиллаж чадаж байвал магтъя. Чадахгүй байвал арга хэмжээ авъя гэсэн байр суурьтай байгаа.

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэж Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрийг хэр оновчтой гэж та боддог вэ?

-Үндсэн хуульд парламентын Бүгд найрамдах улс гэж тодорхойлсон. Тиймээс сонгодог парламентын улсуудад давхар хаших бололцоотой. Уг нь тийм боломжийг ашигласан бол бодлого УИХ дээр төвлөрөх тал руугаа илүү ойртох байсан юм.

Одоо өмнөх шигээ салангид байдалд ороод байна. Манай сайд нар бодлого талаа илүү анхаарахын оронд хуучин шиг аж ахуйн ажил хөөцөлддөг болоод байна.

-Засгийн газраа дагаад давхиад байвал парламент уначихна шүү гэж Ц.Нямдорж хэлж байсан. Энэ үнэн үг байх. Ер нь Зас гийн газрынхаа толгойг илэх маягаар хандаад байна аа даа?

-Эхний үед бид Засгийн газартаа бололцоо олгосон. Та нар юмаа хий. Гэхдээ цаашдаа ингэхгүй шүү гэдгээ хэлсэн. Зун нэг жилийн үйл ажиллагааг нь дүгнэнэ. Тэгэхдээ дагаж явах уу, эрхээ аваад бодлогоо тодорхойлох уу гэдэг нь гарч ирнэ байх.

-Сүүлийн үед УИХ-ын зарим гишүүн Ерөнхийлөгчид үл тоомсорлосон байдлаар хандах болсон юм шиг санагдаж байна. Ерөнхийлөгчийн зарлиг, ҮАБЗ-ийн зөвлөмжийг заавал биелүүлэх албагүй хэмээн ярих болж.

-Төрийн салаа мөчир бие биеэ хүндэтгэх ёстой. Болж өгвөл зөвшилцөөнд үндэслэн шийдвэр гаргаж, тэр утгаараа ҮАБЗ-ийн зөвлөмжийг сайн судлаад үнэхээр зөв асуудал байвал түүнийг хэрэгжүүлэх талаар ажиллах шаардлагатай.

Тухайлбал, Ерөнхийлөгчтэй хамтарч зөвшлийнхөө арга замыг сонгож баймаар. Манайд санал бодол солилцох, зөвшилд хүрэх механизм дутагдаж байна. Намууд нь ч, төрийн өндөрлөгүүд нь ч бие биедээ ихэрхээд, хурдан шийдэх асуудлыг удаашруулаад байдаг.

-Төрийн удирдлагын бүтцийг өөрчилж, цомхотголоо гэсэн чинь харин ч илүү олон агентлаг байгуулчихлаа. Хуучин байснаасаа том болчихлоо. Энэ талаар таны бодол...

-Чуулганы завсарлагаанаар энэ асуудлыг авч үзье гэж бодож байгаа. Шинэ бүтэц үнэхээр үр ашигтай байна уу, үгүй юү. Зардал төсвөө хэмнэж үү гэх мэт. Ингээд хаврын чуулганаар оруулах бодол байна.

Агентлаг дэндүү олон, яамдын хэлтэс, газруудын үүрэгтэй давхардсан юм ажиглагдаж байгаа. Зарим агентлаг яамнаас ч илүү эрх мэдэлтэй, бие даасан байдал илэрч байна.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөний тухай хууль ирэх чуулганаар хэлэлцэгдэх болов уу?

-Төр бүх юмыг доороо хумих шаардлага байхгүй. Төр бол хамгийн муу менежер гэсэн ойлголт байдаг. Тэр утгаараа, болж өгвөл нэлээд олон үүрэг, хийх ёстой ажлуудаа дээрээс нь хянаад төрийн бус байгууллагуудад өгөх ёстой. Энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой.

Засгийн газрын шууд мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Засгийн газраа л хамгаална. Радио, телевиз олон нийтийн хяналтад байдаг (дотор нь Засгийн газрын төлөөний хүн байж болно) болчихвол зүгээр.

Нэгэнт ард түмэнд мэдээлэл түгээх шаардлага байгаа болохоор хэрэгтэй. Нөгөө талаар, Үндсэн хуульд заасан чөлөөтэй хэвлэн нийтлэх эрхийг нь хангаж байгаа хэрэг. Ойрын үед үүнийг шийдэх шаардлагатай.

-Та МАХН-ын талаар ямар бодолтой байдаг вэ. Энэ нам шинэчлэгдвэл эвслийн тодорхой хэсэг нь нэгдэх тухай яриа байх юм.

-МАХН-ын хувьд шинэчлэгдэх шаардлага бий. Түүнийг ямар хэмжээнд хийж чадахыг одоохондоо хэлэхэд хэцүү. Өмнөх үзэл баримтлал нь дэндүү хийсвэр. Энгийн хүн ойлгоход хэцүү. Шашны шинэчлэл гэж байдаг. Шарын шашин гэхэд төвд хэлээр номоо уншаад байдаг. Гэтэл христосын болон бусад шашин шинэчлэгдээд, монгол хэлээр хүртэл номлолоо хэвлэдэг шүү дээ.

Түүнтэй адилхан нам гэдэг чинь өөрийн гэсэн сурталтай байдаг. Суртал нь хүнд ойлгогдохын тулд энгийн байдлаар илэрхийлэгдэх ёстой. Харин МАХН-ын өмнөх үзэл баримтлал цэвэр философийн талаас нь боловсруулчихсан зүйл л дээ. Тийм үзэл баримтлал байж болно. Түүнийг үгүйсгэхгүй.

Гэхдээ тэр нь тодорхой улс төрийн хөтөлбөр дээр яаж буух вэ гэдгээ тодруулсан байх шаардлагатай. Тийм холбоос нь хомс байсан. Одоогийн яригдаж байгаа үндэсний ардчилсан болон социал-демократ үзэл нь арай дөхөмтэй байж магадгүй.

Улс төр судлаачийн хувьд хэлэхэд, болж өгвөл нийгэмд энгийн бүтэц байх тусмаа сайн. Тэр утгаараа Монголд хоёр намын систем (зарим нам дургүй нь хүрч магадгүй) тогтсон тохиолдолд хүмүүст бодлого нь ойлгогдохдоо хялбар, сонголтоо хийхэд дөхөм, цаашдаа шийдвэр гаргах механизм нь хүртэл амар болно. Хоёр намын систем тогтвол сайн л байна. Гэхдээ хэн нь яаж нэгдэх нь одоохондоо мэдэгдэхгүй байх.

-Төр, засгийн бодлогыг та хэр зэрэг хүнлэг байна гэж үзэж байна вэ. Сүүлийн үед Засгийн хүнлэг бус шийдвэр гаргах нь ихэслээ гэж хүмүүс ярьж байна?

-Хүмүүстээ ил тод ярих ёстой. Тэр хүний амьдрал сайжрах эсэх тухай өөрт нь ойлгуулах хэрэгтэй. Тухайлбал, улсын төсвийг юунд зарцуулах вэ гэдгээ зарлаж маргалдаж, хэлэлцэж байгаад шийдэх ёстой юм. Зарцуулалтаа хүмүүст тайлбарлах хэрэгтэй.

Өнгөрсөн жил төсөв батлахад би заалт заалтаар нь гаргая гэж шаардаад дийлээгүй. Энэ мөнгийг энэ сургуульд зарцуулна гээд хүн мэдэж байвал илүү оновчтой. Төсөв дотор эргэлдээд хүмүүсийн амьдрал сайжрах бололцоо байхгүй.

Төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлийг сэргээж хөрөнгө оруулалт, шинэ техник технологи оруулж ирэх шаардлагатай. Дотоодын хөрөнгө оруулалт бага учраас гадаадын хөрөнгө оруулалтыг нэлээд татах нь зүйтэй.

-Таныг Ерөнхий сайдын алба хаших хэмжээнд хүрсэн улстөрч гэж үзэж болох уу?

-Ерөнхий сайд гоц ухаантай хүн байх албагүй. Гол нь ухаантай хүмүүсийг зөв зохион байгуулаад оновчтой шийдвэр гаргадаг байх ёстой. Энэ албыг УИХ-ын аль ч гишүүн хашиж чадна гэж бодож байна.

Гол нь Ерөнхий сайдын ажлыг сайн хийх үү, муу хийх үү гэдэгт асуудал байгаа юм. Улс орныг босгох чадвартай Ерөнхий сайд уу, эсвэл зүгээр унагах ч үгүй, босгох ч үгүй мөлхүүлээд байдаг Ерөнхий сайд уу гэдгээс хамаарна.

-Зориг гишүүн эвслийн доторх зөрчлийг зөөлрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг гэж сонссон юм байна.

-Үүнийг сонсоогүй юм байна.

-Одоо сонсоод танд юу бодогдож байна вэ?

-Сайн мэдэхгүй юм аа. Ер нь эвсэл дотроо, МСДН-д надтай сайн харьцаатай хүмүүс бий. Манай намд ч тийм хүмүүс байгаа. Эвслийг би хоёр нам гэж ялгадаггүй. Нэг бүтэн цөм гэж боддог.

Зарим хүн өөрөөр ойлгодог юм билээ. Зөвхөн намын сонирхлоо боддог хүмүүс ч ажиглагддаг. Эвсэл бүхэл бүтэн байж л нэгдсэн бодлогоо хадгалж тууштай явна.

-Ардчилсан холбоог үүсгэн байгуулагч зарим хүн хурал цуглаан хийгээд шаардлага тавьж эхэллээ. Тэдэнд албан тушаал оногдоогүйгээс тэр үү, эсвэл Засгийн газар хууль бус ажиллагаа явуулаад байна уу?

-Ардчиллын төлөө тууштай зүтгэж байсан цөөн тооны хүн бий. Ажил, амьдралаа хаяад долоон жил зүтгэчихсэн хүмүүсийг тодорхой хэмжээгээр тэргүүн ээлжинд харж үзэх ёстой.

Энэ талаар тусгай хөтөлбөр гаргасан ч болохгүй юмгүй. Тэр хүмүүст заавал албан тушаал чухал биш. Гайгүй амьдралтай л болъё гэсэн ойлголт шүү дээ.

-Тэр хэсгийн хүртэх юмнаас нь хуваалцчихсан хүмүүс ч бас байх шиг бололтой?

-Байлгүй яах вэ. Нутгархах, нэг сургуулийнх, нэг байрных, хамаатан садан ч гэдэг юм уу, ийм маягаар албан тушаалд томилогдсон хүмүүс бий.

-Үүнийг “багаа бүрдүүлэх” гэсэн ойлголтоор тайлбарлаад байна. Та энэ асуудлыг юу гэж бодож байна вэ?

-Энэ бол утгагүй ойлголт. Улс төрийн хүчин зорилго тавьсан. Тодорхой улс төрийн албан тушаал дээр намын гэсэн боловсон хүчин байж байгаа. Тиймээс заавал баг гэдгээр найз нөхдөө авчрах нь утгагүй. Бодлого хэрэгжүүлэх гэж байгаа болохоос биш хөлбөмбөг тоглох гээгүй шүү дээ.

-Судалгааны ажлаа дууссан уу, зэрэг цолоо хамгаалсан уу?

-Дуусдаггүй. Зав гаргаж байгаад дуусгана даа.

-Ямар сэдэв билээ?

-Монголын улс төрийн тогтолцоог боловсронгуй болгох асуудал.

-Манай залуу улстөрчид цагаасаа арай эрт төрийн эрхэнд гарлаа гэсэн яриа байдаг юм байна. Эрийн цээнд хүрсэн гэж бодож байна уу?

-Эрийн цээнд хүрэх нь хүрсэн. Гэхдээ боловсон хүчний бодлогоо буруу явуулаад байна. Залуучуудыг дэвшүүлж гаргах нь зөв. Харин өмнө нь ажиллаж байсан мэргэжлийн өндөр ур чадвартай хүмүүсийг зайлшгүй ашиглах шаардлагатай.

Одоо тэднийхээ үгийг сонсохгүй байх хандлага зарим газар илрээд байна. Төрийн залгамж холбоо гэдэг нь зайлшгүй зүйл.

-Таныг хамгийн их хурал тасалсан тухай сонинд мэдээлсэн. Энэ талаар..?

-Анх УИХ-ын хуралдааны дэгийг өөрчлөөд үг хэлэх, санал хураах хугацааг тогтоосон юм. Гэтэл одоо гишүүд гарчихаад буцаад ирэхгүй болчихно гэж УИХ-ын дарга айгаад тасралтгүй хуралдааны систем (би нэг удаа шүүмжилж байсан шүү дээ) гэдэгт дахиад оруулчихлаа.

Үг хэлэх, санал хураах цаг нь хутгалдчихсан болохоор сэтгэлийн хөдөлгөөнөөр санал хураалтад оролцох нь хэвээрээ байна. Энэ нь санал савлахад их нөлөөлж байгаа юм.

-Ярилцлага өндөрлөх дөхөж байна. Амьдралын тань талаар цухас ярилцъя. Ам бүл нэмэгдсэн үү?

-Одоогоор нэмэгдээгүй. Цаашдаа нэмнэ. Авгайтай, нэг хүүхэдтэй гурвуул. Гэхдээ манай хүүхэд хадмынд байдаг.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай