“Өнөөдөр”-ийн гэрэл зурагчид үүцээ задаллаа

“Өнөөдөр”-ийн гэрэл зурагчид сониныхоо ойн баярт зориулсан том бэлгээ өнөөдөр задлах гэж байна. Монголын үндэсний музейд 12.00 цагт нээгдэх “Өнөөдөр”-ийн гэрэл зурагчид” хэмээх энэ үзэсгэлэнд Монголын өдөр тутмын амьдралын 20 жилийн түүхийг гэрлээр бичсэн бүтээлүүд багтаж буй. 1996 онд чөлөөт хэвлэлийн шанг татан мэндэлсэн манай сонинд үе үеийн шилдэг гэрэл зурагчид ажиллаж, тэр хэрээрээ хамгийн том гэрэл зургийн албатай байсныг хэвлэлийн салбарынхан андахгүй сайн мэднэ.

Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун болон Н.Байгальмаа, С.Энхжаргал, Ж.Орхон, Б.Тошка, Т.Чимгээ, Г.Эрдэнэтуяа, Ц.Батбаатар, П.Баттулга, Э.Харцага, Б.Бямба-Очир, Д.Эрдэнэцэцэг, Б.Мөнх-Эрдэнэ, Н.Амгаланбаатар бол манай зурагчид. Тэдний зарим нь Бал эрхлэгчийгээ дагаад “Өнөөдөр”-ийг байгуулалцаж, анхны дугаараас нь эхлээд ажиллаж байсан бол залгамжилсан залуус нь өнөөдрийг хүртэлх түүхийг хамт буулгалцаж явна.

Бие биеэ нөхөж, нэг нэгнээсээ суралцаж, өөрсдийгөө залгамжлуулан үргэлжлүүлсэн амь нэгтэй улс ч гэж тэднийг хэлж болно. “Энэ сонинд орж ажиллаад, мундаг зурагчдаас суралцаж зурагчин болсон доо” гэж ярих хүн цөөнгүй байгааг сонсоод манайд гэрэл зургийн хамгийн том лаборатори сургууль байсан юм байна гэдгийг бэлхнээ ойлгосон.

Үйл явдлын халуун мөрөөр орж, оновчтой өнцгөөс, өнгө будаг нь таарсан, өгүүлэмжтэй зураг авахын төлөө цаг нартай уралдан, унд хоолоо мартан “гүйдэг” зурагчидтайгаа энэ удаа хөөрөлдөх гэж оролдлоо. Тэд маань бүтээлээрээ санаагаа илэрхийлчихдэг болохоор уран цэцэн үг хэлэх нь ховор. Гэхдээ сэтгэлээс нь гарсан үгсийг сийрүүлж бичсэнээ хүргэе.

Соёлын гавьяат зүтгэлтэн Р.ЧУЛУУН: АЛЬ Ч ӨДӨР ТУТМЫН СОНИН МАНАЙХ ШИГ ОЛОН ФОТО СЭТГҮҮЛЧГҮЙ

-“Өнөөдөр” сонинд ажиллаж байсан фото сэтгүүлчид 20 жилийн ойгоор үзэсгэлэн гаргаж байгаа нь сайн юм. Ц.Батбаатар нарын туршлагатай хүмүүс сайхан юм хийж байна. 10 жилийн ойгоор бид үзэсгэлэн гаргаж байсан. Аль ч өдөр тутмын сонин нэг зурагчинтай байвал их юм байхад манайд 3-4 хүн байнга ажиллуулдаг байсан. Тиймдээ ч бүтээл нь чанартай. Би энэ сонины гэрэл зургийн албаны даргаар тэтгэвэрт гартлаа ажилласан.

Тэр нь миний сайных биш. Сонины сэтгүүлч бүр гэрэл зурагчдын дарга болдог. Хамт ажилладаг хүмүүсийн нөмөр нөөлөг гэж лут юм байдаг болохоор манай гэрэл зурагчид сайхан өсдөг. Г.Эрдэнэтуяа, Э.Харцага, Б.Мөнх-Эрдэнэ гээд манайхан уралдаан болгонд байр эзэлдэг. Би өөрөө шагнуулсан шиг баярладаг. Манайд ажилладаг байсан бүх л зурагчид чадварлаг. Зургаа аваад бичдэг зурагчид ч сайхан санагддаг. Миний зургийг энэ үзэсгэлэнд оруулж байгаа дүү нартаа баярлалаа.

Н.БАЙГАЛЬМАА: ХЭЦҮҮГ НЬ МЭДРЭЛГҮЙ Л АЖИЛЛАСАН

-“Үнэн” сонины бичээч, “Засгийн газрын мэдээ” сонины эрхлэгчийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад “Өнөөдөр”-ийн анхны гэрэл зурагчдын нэг болсон доо. Тэр үед С.Энхжаргал, Б.Тошка бид хэд ажиллаж байлаа. Т.Чимгээ, Э.Харцага нар дараа нь орж ирсэн. Ажил маань сонирхолтой болохоор хэцүүг нь ч мэдрэхгүй ажиллаж явлаа. “Никон”-ы нэг аппараттай, хальсаа хэмнэнэ гэж жигтэйхэн. Одоо зураг авахаа больсон ч хааяахан найз нарынхаа зургийг аятайхан авч өгөөд баярлуулчихдаг л юм.

С.ЭНХЖАРГАЛ: ЗУРГААРАА Л БҮГДИЙГ ИЛЭРХИЙЛЧИХДЭГ БОЛОХООР ЯРИХ ДУРГҮЙ

-Манай аав гэрэл зурагчин хүн. Би аавтайгаа “Спортын мэдээ” сониноос эхлэн энэ салбарт ажиллаж 1996-2002 онд “Өнөөдөр” сонинд ажиллажээ. Сэтгэгдэл хэлэхдээ маруухан, яриа муутай хүн шүү дээ, би. Халуун сэдэв дунд ажиллаж л явлаа. Гэхдээ зургаараа бүхнийг өгүүлчихдэг болохоор ярих зүйл тааруу даа.

Энэ ажилдаа дурлаж, гал уснаас халшрахгүй явж 40 гаруй жил зураг авсан байна. Хамгийн сүүлд Р.Чойномын нэрэмжит “Өд” сангаас зохион байгуулсан “Оюухай” яруу найргийн наадмыг сурвалжлаад ирлээ. Баахан л яруу найрагчдын зураг авлаа.

Би зургийн аппаратуудаа их хадгалдаг. Анхны аппарат минь ч бий. Өдийг хүртэл “Этюд”-ээс эхлээд “Никон” хүртэл 10 зургийн аппарат барьжээ.

Ж.ОРХОН: САЛБАРЫНХАА ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ, ГЭРЭЛ ЗУРАГЧИДТАЙ МӨР ЗЭРЭГЦЭН АЖИЛЛАСНААРАА БАХАРХДАГ

-“Ардын эрх” сонины гэрэл зургийн албаны фондын эрхлэгчээр ажиллаж байгаад “Өнөөдөр”-ийг байгуулагдахад Бал эрхлэгчийгээ дагаж, шинэ сонинд ирж байлаа. Одоо мэргэжлээ өөрчилж, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан болсон. Гэхдээ хар, цагаан өнгөтэй зураг авч, үйл явдлын бодит төрхийг хальсандаа буулгаж, хэвлэл мэдээллийн салбарын шилдгүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байснаараа их бахархдаг.

Сонирхлоороо зураг авч эхлээд “Өнөөдөр” сониндоо ирчихээд байж байтал Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лигдэн эрхлэгчийн “Захирлуудын хар баасан гариг” нийтлэлд тохирох зураг авах даалгавар авлаа. Н.Лутбаяр эрхлэгчид цув өмсүүлээд, Бал эрхлэгчийн машины дэргэд цааш нь харуулж алхуулаад зураг дарсан. Угаагаад үзтэл үнэхээр тухайн нийтлэлд тохирсон аятайхан зураг болсон. Бас Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хуланг Хүүхэн хутагт Тагарваатай ярилцлага хийхэд авсан хөрөг зураг их тоогдсон. “Өнөөдөр” сонины анхны дугаарын гол зургийг мөн авснаараа бахархдаг.

Тухайн үед яг сонгууль болж таараад, орос гуравдугаар сургууль руу хөлгүй нэг залууг найз нь үүрчихсэн сонгууль өгүүлэх гээд явж байсан. Тэр зургийг дарах агшинд жаахан хүүхэд инээд хөөртэй сургуулиас үсрэн гарч ирж байгаа нь мөн тэр кадрт багтсан. Тухайн үед бид нийгмийн амьдралын өнгө төрхийг л буулгадаг байж дээ.

Б.ТОШКА: БИ ӨГЛӨӨ АЖИЛДАА ЭРТЛЭН ОЧИХ ДУРТАЙ

-Монголд байхгүй гэрэл зургийн том бүрэлдэхүүн, тоног төхөөрөмжтэй “Ардын эрх”, “Өнөөдөр” сонинд ажиллаж байлаа. Улс төр, нийгмийн чиглэлийн үйл явдлын зураг их авдаг байж. Өглөө хурлаас даалгавар авч гараад, өдөржин үүрэгт ажлаа хийгээд орой 16.00 цагт эргээд ирнэ. Ажлын байр гэдэг бол хүний хоёр дахь гэр шүү дээ. Хальснаас зургаа угаадаг болохоор ямар кадр авсан бол, яаж гарах бол гэсэн догдлол өдөр бүр л байдаг байсан.

Одоо бол аппаратан дээрээ зургаа хараад муухайг нь устгаад дахиад л авчихаж байгаа юм. Тэр үед бидэнд 36-хан кадр байдаг байсан болохоор оновчтой зураг авах нь чухал. Харанхуй өрөөнд, улаан гэрэл асаачихаад хальстайгаа ноцолдож байх айдастай хэрнээ сайхан шүү дээ.

“Өнөөдөр”-т ажиллаж байхдаа өөртөө хэвшүүлсэн зуршил бол ажилдаа эртлэн очих л юм байна. Би 10.00 цагаас хойш ажилдаа очно гэж бараг байхгүй дээ.

Т.ЧИМГЭЭ: “СЭТГҮҮЛЧ ХҮН ХӨЛӨӨРӨӨ ХООЛ ОЛЖ ИДДЭГ” ГЭСЭН ЭРХЛЭГЧИЙНХЭЭ ҮГИЙГ ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ

-Ахуйн үйлчилгээний гэрэл зурагчнаас амьдралын хурдтай уралддаг сонины гэрэл зурагчин болж байлаа. Анх зурагчин болчихоод УИХ-ын 76 гишүүний царай төрх, нэрийг гурван хоногийн дотор цээжлэх даалгавар авч, түүндээ тэнцэж ажиллахыг хичээж байв. Уг нь би 1984 оноос хойш гэрэл зураг авч байгаа юм. “Өнөөдөр” сонинд 1996-2009 онд ажиллаж, ихийг сурсан.

“Сэтгүүлч хүн хөлөөрөө хоолоо олж иддэг” гэж хэлсэн Бал эрхлэгчийнхээ үгийг хэзээ ч мартдаггүй. Энэ зарчмаар л би өдий хүртэл ажиллаж яваа. Соёл, урлагийн сэдэвтэй олон зураг авч, Бал эрхлэгчийнхээ даалгаснаар Н.Сарангэрэл, Ц.Энхмаа бид гурав “Алтан үеийнхэн” гэдэг булан хөтөлж, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав, Г.Бирваа гуайтай үүрийн 04.00 цаг хүртэл ярилцаж сууж байлаа шүү дээ.

Амраад, эсвэл өвдөөд гэртээ суусан ч ямар үйл явдлыг яаж авсан бол, манайхан байсан болов уу гэж үргэлж сэтгэл зовнидог тийм л их хайртай даа, ажилдаа.

Г.ЭРДЭНЭТУЯА: “ӨНӨӨДӨР” ШИГ ГЭРЭЛ ЗУРАГТАА АЧ ХОЛБОГДОЛ ӨГДӨГ СОНИН ҮГҮЙ

-“Өнөөдөр” сонины гэрэл зурагчид сэтгүүлчгүй явсан ч мэдээгээ биччихдэг чадвартай. Би дурсамж нийтлэл бичихдээ энэ тухай оруулсан. Бал эрхлэгч биднээс тийм зүйл шаарддаг байсан. Би бүх зургандаа сэтгэлээ зориулдаг. Зорьж авсан зургууд гэвэл 2005 онд “Шилдэг гэрэл зураг” шагнал хүртсэн “Чингисийн охин” зураг юм байна.

Гэрэл зураг авч хөдөө явахын тулд угаагч хүртэл хийж байлаа. Ажил хийнгээ зургаа аваад тэр жил Ц.Батзориг агсны уралдаанаас шагнал хүртсэн. Тайга руу өөрөө сонирхлоороо явж гэрэл зургийн сурвалжилга хийж байлаа. Бид энэ ажлаараа өвчилчихсөн байдаг юм. Гал гарч байхад ч сайн зураг авах гээд гуйсаар байгаад л гүйгээд орчихно.

Өдөртөө 10 орчим кг ачаа буюу зургийн гурван аппарат, түүндээ тохирсон дурангуудаа үүрээд л явдаг.

“Өнөөдөр” сонин шиг гэрэл зурагтаа ач холбогдол өгдөг сонин, сайт үгүй. Тийм болохоор эндээс сайн уран бүтээл гарч, сургалтын онцгой нэгэн дэг бий болсон байна. Үеийн үед л шилдэг гэрэл зурагчдыг ажиллуулж, тэдний нөмөр нөөлөгт олон хүнийг зурагчин болгожээ.

Ц.БАТБААТАР: ГЭРЭЛ ЗУРАГЧИД БҮХ ҮЙЛ ЯВДЛЫН ЦӨМД НЬ ЯВДАГ

-“Өнөөдөр” сонины гэрэл зурагчнаар 2004-2010 онд ажиллаж байх хугацаандаа үйл явдал болон улс төрийн зургууд их авчээ. Аливаа үйл явдлын цөмд нь явж байдаг нь гэрэл зурагчдын онцлог. Хамгийн их мэдээлэлтэй байдаг ч байж болох юм. Би Эрдэнэт үйлдвэрийн зурагчнаар 10-аад жил ажиллачихаад “Өнөөдөр”-т орж ирсэн. 1992 оноос хойш л зураг авч байна. Гэрэл зураг сонирхогч залууст зориулсан анхан шатны сургалт явуулж, 200 гаруй хүнийг хамруулаад байна.

П.БАТТУЛГА: БИЧДЭГ ЗУРАГЧИН БАЙХ ИХ ДАВУУ ТАЛТАЙ

-Анх “Өнөөдөр” сонин “Өдрийн сонин” салахад “Өдрийн сонин”-д үлдэж гэрэл зураг авч байгаад 2006-2007 онд “Өнөөдөр”-т ажиллахдаа сэтгүүлч байсан. Өдөр тутмын зурганд гүйж байгаагүй. Улс төр болон аж амьдралын зураг түлхүү авдаг. Монгол ахуйг бүтээлдээ буулгах дуртай. Г.Эрдэнэтуяа, Ц.Батбаатар бид гурав мэдээгээ бичээд зургаа авчихдаг болохоор давуу талтай. Б.Бямба-Очир ч бас Хэвлэлийн хүрээлэнгийн дээд курс төгссөн. Нэг толгойгоор бодож зургаа аваад, бичих давуу тал шүү.

Манай сонинд ажиллаж байсан зурагчид илүү бүтээлч, эрэл хайгуулч хүмүүс байдаг нь ижилсэх тал юм уу даа. Редакц ч бас их шахдаг байх. Үзэсгэлэнгийн нэрийг анзаараарай. Энэ нэр хоёр талтай. “Өнөөдөр” сониных гэдэг нэг санаа. Хоёрдугаарт, өнөөдөр гэрэл зураг гэж юу болохыг энэ хэдэн хүмүүс харуулж яваа гэдэг утга ч бий.

Ц.Батбаатар гэрэл зургийн холбоог хариуцаж байна, Б.Бямба-Очир гадаадын агентлагт зургаа өгч байна, Г.Эрдэнэтуяа хэн билээ. Зурагчны ажил ямар билээ, түүнийг даагаад явж байгаа энэ бүсгүйн хөдөлмөр онцгой.

​Э.ХАРЦАГА: БИ БОЛ ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦЭРЭГ

-Би 21 настайдаа их сургууль төгсөөд “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин болж байлаа. Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун гэдэг даргатай, Т.Чимгээ гэдэг архивын эрхлэгчтэй, Б.Тошка, С.Энхжаргал гэдэг хоёр айхтар зурагчинтай албанд л орж ирсэн дээ. Тэднээс, энэ хамт олноос би их зүйл сурсан. Тухайн үед гэрэл зургийн уралдаан их болдог байсан ч би огт шагнал авч байгаагүй. Би гэрэл зураг авч сурах гэж олон жил явж байна.

Одоо галаа манаад энэ сониндоо ажиллаж байна. “Өнөөдөр” сонинд ажиллаад хоёр хүү, эхнэртэйгээ орон гэртэй, унах унаатай, сайхан амьдарч байна. Энэ байгууллагын угшил мундаг учраас би ямар ч зураг авсан “Энэ зураг “Өнөөдөр” сонинд гарна шүү дээ” гэж хичээдэг. Тухайн үед гэрэл зургийн албанд зургуулаа байсан бол одоо гурвуулаа болохоор зургийнхаа чанарт анхаарч чадахгүй л байгаа.

Өглөөний шуурхай хурлаас үүрэг даалгавар аваад ямар ч буцах эрхгүйгээр зүтгэх албатай хүн, би. Тиймдээ ч би өөрийгөө гэрэл зургийн цэрэг гэж боддог. Цаг завтай байгаад, “цадталаа” зураг авсан үе гэвэл Азийн наадам л юм даа. Би хоёр удаа Азийн наадам сурвалжилж, аваргалсан хүмүүсийн зургийг дараад, дэмжсэн тамирчин ялж байсан тэр өдрүүдэд сэтгэлдээ хүртэл зураг авсан гэж боддог юм.

Б.БЯМБА-ОЧИР: МОНГОЛД БАЙХ ЁСТОЙ Ч БИЙ БОЛООГҮЙ ОРОН ЗАЙГ НӨХӨЖ АЖИЛЛАХЫГ ХҮСДЭГ

-2005-2010 онд “Өнөөдөр” сониндоо ажиллаж байлаа. Эрсдэлтэй мэргэжлийн тоонд ордог ч ажилдаа би дуртай. Гадаадын дайн дажинтай улс, оронтой харьцуулахад манайхан тайван хэдий ч эрсдэлийг зурагчин ганцаараа л үүрдэг. Одоо би www.mpa.mn-ээсээ 4-5 байгууллагад гэрэл зураг өгөхөөс гадна “Франц пресс” агентлагт хувиараа зураг нийлүүлдэг. Хүн хайртай зүйлээ хийхээрээ бүх сэтгэлээ зориулдаг болохоор Монголд байх ёстой ч бий болоогүй байгаа тэр орон зайг нөхөж сайн ажиллахыг зорьж явна.

Д.ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ӨНӨӨДӨР”-ИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН АЛБА НЬ СОНИНЫГ ХӨДӨЛГӨГЧ ГОЛ ХҮЧНИЙ НЭГ

-2008 оны тавдугаар сард сургуулиа төгсөж, зургадугаар сард нь “Өнөөдөр” сонины гэрэл зургийн албанд орж байлаа. Редакцид хөл тавиад анх уулзсан хүмүүс минь Ш.Даваадорж эрхлэгч, Д.Заяабат дарга. Бидний таван нөхдөөс ямар чиглэлээр бичих сонирхолтой байгааг асуухад, би “гэрэл зураг” гэж хариулснаар тус албанд томилогдсон юм. Хүсэлтийг минь найрсгаар хүлээн авч, биелэл болгож өгсөн энэ хоёр хүнд одоо хүртэл маш их баярлаж явдаг.

“Өнөөдөр”-ийн Гэрэл зургийн алба нь сониныг хөдөлгөгч гол хүчний нэг. Тиймдээ ч дөнгөж орсон шинэхэн ажилтны авсан зургийг тэр бүр нэгдүгээр нүүрт нийтлэхгүй. Тухайн үед манай албаны даргаар Т.Чимгээ эгч ажиллаж байсан. Загнана, зөвлөнө, хааяахан магтана. Яг л ээж шиг, эгч шиг. Удаах “дарга” нь Ц.Батбаатар ах. Үргэлж урам өгнө, тэр үгээр нь би босно, өндийнө. Э.Харцага туршлага, ур чадвараар хавьгүй илүү ч хэзээ ч ихэрхэж байсангүй, намайг шинэ хүн гэж шоовдорлосонгүй. Яг л үе тэнгийн найз шиг сэтгэгдэл төрүүлдэг байсан даа.

Ажилд орсон анхны өдөр Т.Чимгээ дарга намайг “Өнөөдөр Б.Бямба-Очирыг дагаж яваад зураг хэрхэн авч буйг нь сайн хар” гэсэн үүрэг өгч билээ. Б.Бямба-Очирыг хүн бүр л магтдаг байсан болохоор хэзээ нэг өдөр энэ залуугаас дээгүүр гарна даа гэж боддог байж. Харин одоо гэргий нь болчихсон явна. Харин намайг ажилд орох үед Г.Эрдэнэтуяа эгч маань шинэ хүнээ өлгийдөх гээд чөлөө авсан байсан. Хэзээ юм бүү мэдээ, нэг л мэдэхэд дэндүү дотно хүмүүсийн минь нэг болжээ та.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ: “ӨНӨӨДӨР”-ИЙН ОТГОН ЗУРАГЧИН БОЛООД АЖИЛЛАЖ БАЙНА

-“Өдрийн сонин”-д ажиллаж байгаад “Өнөөдөр”-т 2014 онд ажилд орж, саяхан сониныхоо ойгоор МСНЭ-ийн “Ган үзэгтэн” шагналыг хүртлээ. Нийгэм, үйл явдлын зураг их авч байна. Сайн “зэвсэг”-тэй байж сайн зураг авах байх.

Ганц камертай болохоор заримдаа хүний камер гуйгаад зураг авдаг л даа. Гэхдээ аливаа үйл явдлын зургийг буулгахдаа зөв өнцгийг оновчтой олж, сайн зураг авахыг л хичээдэг. 

Би хэвлэлийн технологич мэргэжилтэй боловч долоон жил гэрэл зурагчнаар ажиллаж байна.

Н.АМГАЛАНБААТАР: “ӨНӨӨДӨР”-ИЙН ХҮН БОЛЖ БАЙЖ Л АЖЛЫН ДӨРТЭЙ, ХҮНИЙ ҮГ ДААХ ЧАДАЛТАЙ БОЛСОН

-Би МУБИС төгсөөд 2010-2014 онд “Өнөөдөр” сонинд ажилласан. Г.Эрдэнэтуяа эгчийгээ дагаж л зурагчин болсон доо. Сэтгүүлч мэргэжилтэй ч зураг авах нь илүү сонирхолтой санагдсан. Би энэ хамт олны гишүүн болж байж л ажил хийх, хүнээс үг даах чадвартай болсон. Маш сонирхолтой ажил хийж дөрвөн жил болсон байна.

Хөгжилтэй нэг дурсамж бий. Нэг өдөр чухал үйл явдалд явж магадгүй гээд ёслолын хувцастай ажилдаа иртэл үер болсон тухай сурвалжлагад явсан юм. Тэгж яваад сайн зураг авах гэж хичээж байгаад үерийн усанд унаад бүр баларсан. Хамт олондоо ойн баярын мэнд хүргэе.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай