Ажил, амьдралын минь эхлэл “Өнөөдөр”

Ажил, амьдралын минь эхлэл “Өнөөдөр”

Ц.Мөнхцэцэг


МУБИС-ийн багш, Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор

Миний ажил хөдөлмөрийн гараа 1997 онд сэтгүүлчээс эхэлсэн билээ. Их сургуулиа төгссөнөөс хойш 19, академик ертөнцөд хөл тавьснаас хойш мөн төдий дайны хугацаа өнгөрчээ. Энэ жилүүдэд хийж ирсэн ажил бүтээлээ эргээд харахад ажил, амьдралын гараагаа эхлүүлсэн “Өнөөдөр” сонин маань надад ямар их зүйл сургасныг мэдэрдэг юм.

Би МУИС-ийн улс төр судлалын анхны ангийн 13 төгсөгчийн нэг байлаа. Уг нь төгсөөд их сургуульдаа багшаар үлдэх хүсэлтэй байсан ч бүтээгүй. Харин намайг төгсөхөөс өмнө “Өнөөдөр” сониноос улс төрийн сэтгүүлчээр ажиллах санал тавьсан юм. Учир юу гэвэл би тэр жил буюу 1997 онд бакалаврын дипломын ажлаа “Сонгогчдын зан үйлийн судалгаа” гэсэн сэдвээр бичсэн бөгөөд тэр жил аз таарч Ерөнхийлөгчийн сонгууль болж байсан тул судалгааны материалдаа түшиглэн “Монгол Улсын Ерөнхийлөгч хэн болохыг халз маргаан шийднэ”, “Зарим улс оронд санал асуулгын дүнг хэвлэлд нийтлэхийг хязгаарладаг” зэрэг нийтлэлийг “Өнөөдөр” сонинд хэвлүүлээд байсан билээ.

Тухайн үед “Өнөөдөр” сонины эрхлэгч Б.Пүрэвдаш (өдгөө Соёлын гавьяат зүтгэлтэн), Нийгмийн мэдээллийн албаны дарга Долгорын Цэнджав (өдгөө доктор, профессор, нэрт зохиолч) нар миний нийтлэлүүдийг ихэд үнэлэн “Барууны стилиэр бичдэг, задгай сэтгэлгээтэй хүүхэд байна” хэмээн магтаж, сургуулиа төгсөөд манайд ирж сэтгүүлчээр ажиллаарай гэж санал тавьсан юм.

Гэвч би сэтгүүлчээр ажиллах сонирхолгүй, их сургуулийн багш болох хүсэлтэй байдаг. Ингээд сургуулиа төгсөж дипломоо авчихаад хэсэг амарлаа. “Өнөөдөр” сонинд очоогүй байв. До.Цэнджав гуай намайг дуудсан хэвээр. Удалгүй намар болж магистрантурт элсэв. Үүний зэрэгцээ МУИС-д улс төр судлалын цагийн багш хийх болов. Тэгээд намайг ажиллаач гэсэн газар ороход юу нь болохгүй байв гэж бодоод нэг өдөр “Өнөөдөр” сонины редакцад яваад очлоо. Эрхлэгч нар маань сэтгүүлчийн орон тоон дээр тушаал гарган намайг ажилд авсан юм. Уг нь сонины сэтгүүлч болно гэдэг их амаргүй даваа. Наанадаж гурван сар дагалдан хийж, цаанадаж зургаан сар ч дагалдангаар ажилладаг байсан үе. Одоо бодоход надад их л итгэл хүлээлгэж байсан аж.

Ингээд 1997 оны есдүгээр сарын 17-ноос “Өнөөдөр” сонины нэг жилийн ойн үеэс хойш сэтгүүлчээр ажиллаж эхэллээ. Намайг Улс төр, гадаад мэдээний редакцад Б.Лигдэн (өдгөө Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын сэтгүүл зүйн домог болсон хүн) гуайн удирдлаган дор хуваарилав. Ийнхүү аз түшиж Монголын сэтгүүл зүйн алтан үеийн томчуудын шавь болж, сонины халуун тогоонд гурван жил чанагдсан нь өнөөгийн судалгаа шинжилгээний ажлын маань үндсийг тавьсан билээ.

Их сургуульд улс төр судлалаар суралцсан, онц сурлагатан байсан хэдий ч ажил дээр гарахад бас л түүхий байдаг юм билээ. Б.Лигдэн гуай намайг улс төрийн үйл явцад анализ хийх, баримтуудыг яаж ашиглах, улс төрийн нийтлэл хэрхэн бичих гээд олон зүйлд сургасан бол До.Цэнджав багш намайг анх сонины редакцад хөтлөн оруулж урам зоригоор хөхүүлэн дэмжиж байв. Б.Пүүжээ эрхлэгч улс төрийн ерөнхий чиг баримжааг хэлж өгнө. И.Рэнчинханд ах, орчуулагч, найз Б.Энхцэцэг нараасаа гадаад хэлнээс эх хэл рүүгээ хэрхэн утга найруулгын алдаагүй орчуулах талаар суралцсан билээ.

Ажилд орсон анхны өдөр тэр үед хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан Б.Монхоон ах намайг дагуулан нэг Элчин сайдтай хийсэн редакцын уулзалтад шууд дагуулан орж байсан. Сүрдмээр, аймаар байсан даа. Тэр өдөр бил үү, маргааш нь ч бил үү бас л манай нэг нэртэй сэтгүүлч Д.Баасанжаргал ax “Орос хэлтэй юү? Юм орчуулж чадах уу?” гэж асууж байна. Би ч “Чадна аа” л гэлээ. Тэгээд надад Их 7-гийн уулзалтын талаарх орос хэлээр гарсан нийтлэлийг орчуулах даалгавар өгөв. Орчуулаад өгтөл “Болж байна шүү, гадаад мэдээнд хүн хүч хэрэгтэй. Чи улс төрийн нийтлэл бичихээс гадна орчуулга хийж бай” гэж урам өгсөн.

Үүнээс хойш би улс төрийн мэдээ, нийтлэлээс гадна орчуулга хийх боллоо. Гэхдээ тухайн үед сонины редакц интернэтэд холбогдоогүй байсан учраас шуудангаар захиалсан Оросын сэтгүүл, сонин болон Оросын “Риа новости”, Хятадын “Синьхуа” агентлагийн төлөөлөгчийн биеэр хүргэдэг мэдээнүүдийг л орчуулдаг байв. Интернэтэд холбогдоогүй өдөр тутмын сонины редакц байна гэдгийг одооны хүүхдүүд огт төсөөлөхгүй дээ Лигдэн гуайн хяналт дор төлөвлөгөөт нийтлэлүүдээ заавал бичиж өгнө. Заримдаа төлөвлөгөө хоцроож, олигтой сайн нийтлэл бичээгүй тохиолдолд Лигдэн гуай “Энэ хүүхэд зэвэрлээ. Жаахан юм бич, анализ хий, битгий бэлэн юм орчуулаад суугаад бай” гэж зөөлхөн загнана. Ингээд “Өнөөдөр” сонинд ажиллах гурван жилийн хугацаанд одоо хийж буй судалгааны ажлын маань гол чиглэл болох улс төрийн коммуникаци буюу улс төр, хэвлэл мэдээлэл, сонгогчийн харилцан хамаарлын талаарх асуудалтай холбогдож эхэлсэн билээ. Улмаар МУБИС-д багшилж, олон арван шавьтай болсны зэрэгцээ ХБНГУ, АНУ зэрэг орны их сургуульд энэ чиглэлээрээ суралцаж судалгаа хийж ирэв. Эргээд бодоход тэр үед сонины сэтгүүлч бололгүй шууд багшилсан бол улс төрийн үйл явцад дүн шинжилгээ хийх, найруулан бичих, гадаад хэлнээс орчуулах зэрэг дээ. Гэвч 1997 онд интернэт нэвтрээгүй байсан юм. Харин тухайн оныхоо арванхоёрдугаар сард “Данида”-гийн төслийн шугамаар сонинуудаас “Өнөөдөр”, “Ардын эрх” хоёрыг “Датаком” компанийн интернэтийн сүлжээнд анх холбуулж, хоёр мэргэжилтэн ирэн, гадаад мэдээний сэтгүүлч Энхцэцэг бид хоёрт интернэтээс хэрхэн мэдээ авах тухай зааж өгч байлаа. Ингээд 1998 оноос бид анх удаа Монголын өдөр тутмын сонинд орос хэлээс өөр эх сурвалж, англи хэлээр CNN, BBC-гийн мэдээг, герман хэлнээс “Deutsche Welle”-ийн мэдээг орчуулан гаргадаг болов.  Үүнээс хойш “Өнөөдөр” сонины гадаад мэдээ зөвхөн “Синьхуа”, “Риа новости” гэсэн хоёр хөршийн эх сурвалжаар хязгаарлагдахгүй, Өрнөдийн ертөнцийн эх сурвалжуудыг ашиглах болсон юм.

Гадаад мэдээ орчуулахын зэрэг чадварыг эзэмшихэд их л цаг зарцуулах байсан болов уу. Сонины сэтгүүл зүй өндөр хариуцлагатай, ганц үг, үсгийн алдаанаас болж хурлаар хэлэлцэн арга хэмжээ авахуулна. Найруулгын алдаатай өгүүлбэр, буруу тавигдсан цэг, таслал бүрт арга хэмжээ авдаг тул аливаад хариуцлагатай хандах чадварыг сургасан байх. 

“Өнөөдөр” сонинд байхад До.Цэнджав багш нэг баярын үеэр жаахан халамцуухан “Мөнхцэцэг уг нь эрдэмтэн болох байсан юм. Би л энд ир гэж дуудсаар байгаад аваад ирсэн” гэж өөрийгөө жаахан буруушаах маягтай үгийг манайханд хэлж байсан юм. Харин одоо бол намайг сонины ажилд анх хөтлөн оруулсан До.Цэнджав багшдаа гүнээ талархаж, амьдралын минь үүд хаалгыг нээж өгсөн гэж бодож явдгаа хэлмээр байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай