Бид “Монгол ньюс”-ийнхэн

Бидэнтэй 20 жилийн турш хамт байж, манай үйл ажиллагааг дэмжсээр ирсэн эрхэм хүндэт уншигчид, “Монгол ньюс” медиа группэд элэгтэй хүн бүрт баярлалаа. Сонин хэзээ ч ганц хүний бүтээл байдаггүйтэй адил уншигчидгүйгээр бид өдий зэрэгт хүрэхгүй байсан.

Өнөө цагийн сэтгүүлчид техник технологийн эрин зуунд амьдарч байна. Өдөр тутам мэдрэгдэж буй энэ дэвшил мэдээ боловсруулах, мэдээллийг хүлээн авах арга барилыг орвонгоор нь өөрчилжээ. Хэвлэл мэдээллийнхний дундах өрсөлдөөн ширүүсэн, уншигчдын сонголт хэмжээлшгүйгээр өргөжиж буйг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс ч “Монгол ньюс” медиа групп өмнөө гурван зорилго тавин ажиллаж байна.

Нэгдүгээрт, уншигч бүр өөрийн хүсэл сонирхолд тохирсон мэдээллийг “Монгол ньюс” медиа группийн аль нэг мэдээллийн хэрэгслээс олж авдаг болтол төрөлжүүлэх. Уг зорилгынхоо хүрээнд бид Монголд анх удаа “Вашингтон пост”, “Нью-Йорк таймс” гэх мэт дэлхийн алдартай, уламжлалт хэвлэл мэдээллийн байгууллагуудын жишгээр сониныхоо шилдэг нийтлэлүүдийг байршуулахаас гадна өөрсдийн контенттой цахим хуудсыг нээсэн. Манай онлайн нийтлэл нь өнгө төрхийн хувьд сониныхоос ялгарч, өөрийн гэсэн дүр төрхийг бүрдүүлэн, уншигчдадаа шинэ сонголтыг бий болгосноороо онцлогтой юм.

Хоёрдугаарт, цаг үедээ тохирсон хэв маягийг бий болгон, сонины нийтлэлээ илүү чанаржуулах зорилго бий. Сайт нь түргэн шуурхай мэдээлдэг, шүүлтүүр багатай мэдээллийн хэрэгсэл бол сонин нь дүн шинжилгээ хийсэн, даацтай нийтлэлүүдийг уншигчдадаа хүргэх үүрэгтэй.

Гуравдугаарт, бид мөн “Өнөөдөр” болон “UB post” сонины шилдэг нийтлэлийг сайт, телевизээс гадна үүрэн телефон ашиглан тухайн түгээлтийн хэрэгсэлд тохируулан өөрчилж, мэдээллийн хүртээмжээ нэмэгдүүлэх болно.

Ирэх 20, 30 жилийн хугацаанд бид “Монгол ньюс” медиа группийнхээ амин сүнс нь болсон уламжлалуудыг хадгалж үлдэхийн хамт цаг үетэйгээ хөл нийлүүлэн шинэ сэтгүүл зүйг эх орныхоо хөрсөн дээр нутагшуулахын төлөө ажиллана. Бидэнтэй хамт байсан уншигчдадаа дахин баярлалаа. Манай группийн өөрчлөгдөшгүй эрхэм зорилго нь та бүхэнд хэрэгтэй контентыг бүтээх юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай