“Өнөөдөр” бол олон анхдагчийн эзэн

Ж.ЭРДЭНЭБАТ (Монгол Улсын Ерөнхий сайд)


Монголын хэвлэл, мэдээллийн салбарт өөрийн гэсэн байр суурь, өнгө төрх, нийтлэлийн бодлогоороо эрс ялгарч, түүчээ нь болж яваа “Өнөөдөр” сонины хамт олон Та бүхэнд 20 жилийн ойн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Энэ 20 жилд танай хамт олон хэнээс ч хараат бус байж, зөвхөн үнэнийг түмэнд түгээх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, уриалан дуудахын төлөө хүчин зүтгэж ирснийг бүгд хүлээн зөвшөөрнө. “Өнөөдөр” сонин гадаадын улс оронд анх удаа монгол хэлээр хэвлэгдсэн, хамгийн анх цахим хувилбараар уншигчдад хүрсэн, анхны өнгөт сонин болсон гээд олон анхдагч төрүүлсэн, бахархам амжилттайгаар ойтойгоо золгож байна.

Энэ ойн өдөр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсныг дурсан санахгүй байхын аргагүй. Хараат бус, чөлөөт хэвлэлийн төлөө бүхнээ зориулсан эрхэм хүндэт энэ хүний бий болгосон орон зайд олон сонин мэндэлж, өөр өөрийн гэсэн дүр төрхөө бүтээж байна. Цаашид энэ хүрээ улам өргөжиж, энэ хэрээр Монголын гэсэн тодотголтой сэтгүүл зүй чанаржиж, хөгжих нь лавтай.

“Өнөөдөр” сонины хамт олонд дахин баяр хүргэж, цаг ямагт шударга үнэний талд байж, ард иргэдийнхээ үзэл бодол, үгээ илэрхийлэх чөлөөт индэр нь хэвээр байхыг хүсэн ерөөе.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай