Х.Эрдэнэт-од: Сумъяа тэнд миний ч медалийг хамт зүүсэн мэт санагдсан

Хишигбатын Эрдэнэт-Одыг “Монголын спортын эрдэнэт од” хэмээн спортын сэтгүүлчид нэгэнтээ тодорхойлсон байдаг. Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од 1988 оноос эхлэн жүдо бөхөөр хичээллэхдээ Монголын эмэгтэй тамирчдын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх олон дээд амжилтын анхдагч болж, дэлхийд нэрээ дансалсан нэгэн.

2005 онд эмэгтэйчүүдээс жүдо бөхийн ДАШТ-ий анхны медалийг эх орондоо авчирсан тэрбээр Азийн аваргын хошой алт, Азийн тоглолтын анхны алт, Универсиад наадмаас анх удаа медаль хүртсэн жүдочин билээ. Мөн самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга, гурван мөнгөн медалийн эзэн гэсэн түүхэн амжилт түүний намтарт бий.

Хэдийгээр найман жилийн өмнө тэр зодог тайлсан ч их спортдоо хэзээд эрдэнэт од нь байсаар байх болно гэдгээ сая Риогийн тэнгэрт мандсан төрийнхөө далбаагаар баталсан. Зуны олимпын XXXI наадмаас алтын дайтай мөнгөн медаль авчирч, монголчуудын магнайг тэнийлгэсэн Доржсүрэнгийн Сумъяа гарцаагүй түүний бэлтгэсэн шавь болохоор тэр баяр талархлын тал хувь нь Х.Эрдэнэт-Од гавьяатад ногдох учиртай биз. Түүнийг “Хоймор”-тоо урьж хөөрөлдсөнөө хүргэе.

-Тан шиг дөрвөн олимпод өөрөө зодоглож, өдгөө дасгалжуулагчийн хувиар хоёр дахь удаагаа оролцож буй хүн манайд тийм ч олон биш болов уу. Энэ удаагийн олимп танд мартагдахааргүй дурсамж үлдээсэн нь дамжиггүй. Олимпын медалийн тавцанд зогсохсон гэдэг хүслээ гарын шавиараа дамжуулан гүйцээх тэр агшин ямар байдгийг та өөрөө л үнэнээр нь илэрхийлж чадах байх?

-Тамирчин хүний гол зорилго олимпоос медаль авах. Гэвч би өөрийн хүссэн амжилт болох олимпын медальд хүрч чадаагүй. Харин энэ удаа миний шавь олимпоос мөнгөн медаль авлаа. Өөрөө медаль авснаас өөрцгүй, магадгүй түүнээс ч илүүтэй баярлаж байна. “Олимпын медаль авахаар ийм л гоё байдаг байх нь дээ” гэсэн мэдрэмж тэр үед надад төрсөн. Сумъяа маань тэр тавцанд миний медалийг хамт зүүгээд зогсож байгаа юм шиг санагдаж билээ. Түүний ялалтаас би тамирчин байх үеийнхээ алдааг олж харсан даа.

-Олимпын наадмын аваргын төлөө хүссэн тамирчин болгон барилдаад байдаггүй. Аваргын төлөөх барилдааны дараагаар жүдо бөх сонирхогчид янз бүрээр л тайлбарлаж байлаа. Яг дэргэдээс нь заавар зөвлөгөө өгч байсан хүний хувьд шигшээ барилдааны талаар бидэнд ярьж өгнө үү?

-Би Сумъяаг аваргын төлөө барилдахаар гарахад нь түрүүлчих болов уу гэж итгэж байсан. Учир нь манай хүн өмнө нь Бразилийн Рафаэла Сильватай томоохон тэмцээнүүдэд хэд хэдэн удаа таарахдаа өгөө аваатай байсан юм. Сүүлийн хоёр барилдаандаа бол хоёуланд нь цэвэр ялаад байсан шүү дээ. Гэвч сая шигшээ барилдаанд ялагдлаа.

-Барилдааны шүүлтийн талаар юу хэлэх вэ. Бразил бөхийг хориотой мэх хийсэн гэж тайлбарлагч олон нийтэд зарласан. Тийм болохоор манайхан ялалтаа луйвардууллаа гэж бодоод байсан шүү дээ?

-Жүдо бөхийн спорт Япон улсаас үүсэлтэй. Тиймээс зарчимтай, дэг журамтай, харьцангуй шударга спорт гэж би боддог. Шүүлтийн хувьд ч гэсэн луйвар орох нь тун бага. Яах вэ, 100 хувь төгс зүйл ховор учраас хааяа ганц нэг маргаантай зүйл гарахыг үгүйсгэхгүй.

Гэхдээ ерөнхий зарчмаасаа тэгтлээ хазайдаггүй спорт. Шигшээ барилдааны тухайд бол ОУЖБХ-ны дүрмийн цоорхойг Бразилын бөх ашигласан л даа. Жүдогийн дүрмэнд хөл хөлөндөө, гар нь гартаа барьц авч мэх хийдэг. Гэтэл бас барьцтай байхад өмдөнд хүрч болно гэсэн ойлгомжгүй тайлбар байдаг юм.

Харин Сильвагийн тухайд өмдөнд зүгээр ч нэг хүрээд зогсоогүй, гараараа мэх хийсэн. Тэр барилдааны дараа ОУЖБХ-ны шүүгчид биднийг дуудаж уулзаад, энэ олимпын дараа дээрх асуудлыг цэгцэлж, саяынх шиг тохиолдолд тухайн тамирчныг тэмцээнээс хасдаг болох тухай хэлж байна билээ.

-Хагас шигшээ барилдаанд олимп, дэлхийн аварга Каори Мацүмотог 22 секундэд цэвэр ялах тэр мөчид дэвжээний хажууд та “Баярлалаа, бурхан минь” гээд залбирч байх шиг харагдсан. Таны тэр сэтгэл хөдлөлөөр манай цахим ертөнц хэсэгтээ амьсгалсан даа. Та үнэхээр залбирсан уу, эсвэл?

-Яг үнэнийг хэлэхэд тухайн үед би ямар сэтгэлийн хөдөлгөөн гаргаснаа мэдээгүй. Сүүлд нь Сумъяа “Багш аа та ёстой галзуу баярлажээ. Та энийг үз дээ” гэхэд нь үзээд, өөрийгөө баахан шоолж инээсэн дээ. Манай нэг дүү бас тэр үеийн зургуудыг эвлүүлж, хүүхэлдэйн кино шиг хөдөлгөөнд оруулаад над руу явуулахад нь үзээд “Яана аа, би юу үзүүлчихээ вэ” гэж санаа ч зовох шиг (инээв).

Худлаа яриад яах вэ, үнэндээ Сумъяагаа би Мацүмотог ялна гэдэгт итгэж байсан ч 22-хон секундэд цэвэр ялна гэж төсөөлөөгүй. Би дотроо энэ хоёрын барилдаан цаг сунгах ч юм уу, эсвэл торгуулиар шийдэгдэх болов уу гэж бодож байсан. Гэтэл яг миний өмнө цэвэр ялчихсан. Нэг мэдэхэд л Сумъяа миний өөдөөс ирж яваа харагдсан. Тэгэхэд “За, одоо дараагийн чухал барилдаандаа бэлдэх хэрэгтэй” гэж бодсоноо л санаад байгаа юм.

-Ингэхэд Сумъяа та хоёр анх хэрхэн багш, шавийн барилдлага тогтоож байв?

-Сумъяаг би тамирчин байхаасаа мэддэг байсан. 2007 онд би бэртсэн байсан учраас хөнгөн бэлтгэл хийдэг байлаа. Тэгэхэд шинээр орсон бололтой 3-4 охин заалны буланд бүртэлзээд, тэрүүхэндээ ноцолдож байгаа харагддаг байсан юм.

Нэг удаа тэднээс нэгийг нь дуудаад “Хоёулаа хөнгөхөн барилдаан хийе. Миний өвдөг бэртэлтэй байгаа учраас битгий хөл рүү өшиглөөрэй” гээд ноцолдов оо. Гэтэл удалгүй нөгөө охин бэртсэн хөл рүү минь өшиглөж байдаг байгаа.

Тэгэхээр нь “Би чамд хэлсэн биз дээ, яагаад өвчтэй хөл рүү өшиглөөд байгаа юм бэ” гэтэл хамар нь байдгаараа сартайчихаад, бууж өгөх шинжгүй өөдөөс хараад байдаг. Тэгсэн тэр шазруун, шартай охин Сумъяа байсан юм билээ. Баргийн охид тийм шазруун байдаггүй.

-Ядаж л таны нэр сүрээс эмээнэ биз дээ?

-Манай жүдогийн ёс жаяг чинь хатуу шүү дээ. Дээд үеийнхнийхээ хэлсэн үгийг ямар ч үн дагадаг. Гэтэл Сумъяа хамраа сартайлгаад дайраад байсан нь нэг талаараа харин ч надад үнэлэгдсэн. Зорилготой, эрмэлзэлтэй, тэмцэгч, шазруун охин тэгж миний нүдэнд өртсөн дөө.

Ноцолдоод үзэхэд техникгүй л болохоос бас ч гэж хоосонгүй гэдэг нь анзаарагдсан. Тэр үед Сумъяагийн хичээллэж байсан “Монгол охид” клуб нь тараад цөөн тооны хүүхдүүд спортоо орхилгүй тунаж үлдсэн юм билээ.

2008 оны сүүлчээр намайг “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч болоод очиход Сумъяа тэндхийн тамирчин болчихсон байсан. Түүнээс хойш багш шавийн барилдлагатай өнөөг хүрч байна. Энэ амжилтад хүрэхийн тулд бид олон зүйлийг даван туулсан даа.

-Ингэхэд та яагаад дасгалжуулагч болохоор шийдсэн юм бэ?

-2008 оны Бээжингийн олимпод оролцсоны дараа надад гадагшаа ч юм уу явж сурах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх тухай бодол төрсөн. Гэтэл тэр үед манай холбооны ерөнхийлөгч Х.Баттулга “За, чи Монголын эмэгтэй жүдо бөхийн нэгэн үеийг төлөөллөө. Одоо харин өөрийнхөө залгамж халааг заавал бэлдэх ёстой шүү” гэж билээ. Тэр үг надад эрхгүй нэгийг бодуулсан шүү.

Би 20 жил жүдогоор барилдсан. Тиймээс энэ олон жилийн туршлагаас минь суралцаасай, миний гаргасан алдааг эд маань дахиж битгий давтаасай гэсэндээ дараа үеийнхэндээ хэлж зөвлөх зүйл надад бишгүй байсан. Тэгээд л 2009 оноос шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн дээ. Тэр нь ч онож дээ боддог юм.

2008 онд намайг зодог тайлахад Монголын эмэгтэй шигшээ багийнхан ДАШТ-ий нэг хүрэл, Азийн АШТ-ий хоёр алт, гурван мөнгөн медаль л аваад байлаа. Харин одоо шавь нар маань миний амжилтаас хол тасраад, олимп, дэлхийд нэрээ дансалж байна шүү дээ.

Мөн манай охид багийн тэмцээнд маш амжилттай оролцож байгаа. 2014 оны ДАШТ-ий багийн тэмцээнд охид маань мөнгөн медаль хүртэж багшийгаа их баярлуулсан даа. Энэ бол манай нийт баг хамт олны хичээл зүтгэлийн үр дүн юм.

Хамгийн гол нь Монголын жүдо бөхийн холбооны үйл ажиллагааг зөв менежментээр удирдан, өдий зэрэгтэй авч яваа хүмүүсийн чин сэтгэлийн хариу гэж боддог.

-Тэгвэл та “Хилчин” спорт хороотой анх яаж холбогдсон түүхээ хуваалцана уу?

-2008 оны олимпоос ирээд хоёр сар гаруй хугацаанд амраад байж байтал “Хилчин” спорт хорооны Д.Дашжамц багш, 0253 дугаар ангийн захирагч Ч.Лхагвасүрэн хурандаа хоёр намайг “Манай эмэгтэй багийн дасгалжуулагчаар ажилла” гэхэд нь олон юм бодолгүй зөвшөөрчихсөн.

Одоо бодоход ямар их зоригтой байсан юм. Тэр үед “Хилчин”-гийн эмэгтэй тамирчдын амжилт бусад спорт хороог бодоход нэлээд сул байсан. Сүүлд нь бодоход намайг тив, дэлхий, олимпын наадмаас медаль авах хэмжээний тамирчдыг бэлтгэ гэж цэргийн хүний ёсоор үүрэг өгсөн юм билээ л дээ.

Энэ дашрамд “Хилчин” спорт хорооныхондоо 70 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

-Манай жүдогийнхноос амжилт гаргах боломжтой олон тамирчин энэ олимпод чамлалттай барилдсан. Ялсан тамирчны баярыг хуваалцах сайхан ч ялагдсан нэгнийх нь харуусал гунигийг дэргэдээс нь мэдрэх тун амаргүй байх даа?

-Бид олимпод явахдаа 2-3 медаль авна гэж бодож байлаа. Энэ нь ямар ч баримжаагүй, ор үндэслэлгүй зүйл биш л дээ. Олимпод оролцсон манай 13 тамирчны хэн нь ч медалийн төлөө барилдах боломжтой шилдэг залуус. Тийм ч учраас манай монголчууд медалийн өнгийг голох хэмжээнд хүрчээ.

Гэвч тамирчин хүн ялагдъя гэж хэзээ ч дэвжээн дээр гардаггүй гэдгийг ойлгоосой. Олимпын дэвжээ ямар хатуу болохыг би өөрийн биеэр мэдэх учраас тамирчдад маань ямар байсныг ойлгож байгаа.

-Одоо хоёулаа сэдвээ жаахан өөрчлөөд, таны тамирчин байх үеийн тухай ярилцая. 1988 онд таныг жүдо бөхөөр анх хичээллэхэд гэр бүлийнхэн тань юу гэж байв. Тэр үед эмэгтэй хүн бөх байна гэдэг манайхны санаанд тийм ч амархан буухгүй байсан болов уу?

-Тийм хандлага байсан шүү. Намайг анх жүдо бөхөөр хичээллэж байхад эхэндээ хүмүүс ойлгохгүй, янз бүрээр л хүлээж авдаг байсан. Манай монголчууд бөх гэхээр үндэсний спортоороо төсөөлөөд байдаг. Гэтэл жүдо бол нэг талаараа халз тулааны спорт ч гэлээ нөгөөтэйгүүр сагсан бөмбөг шиг спортын нэг л төрөл шүү дээ.

Х.ЭРДЭНЭТ-ОД: Их спортын хүнд үеийг сэтгэлийн галаараа даван туулсан өөрөөрөө, үеийнхнээрээ бахархдаг

Аав маань намайг жүдогийн секцэнд орсныг мэдээд нэг удаа “Яах гээд байгаа юм” гэж хэлсэн. Гэхдээ би шийдвэрээ нэгэнт гаргасан байсан. Би ер нь багаасаа биеэ даасан хүүхэд байлаа. Хичээлдээ сайн байсан хэрнээ спортод илүү сонирхолтой. Тамирчин болохыг мөрөөддөг охин байв.

Сонирхолдоо хөтлөгдөөд нэг удаа гимнастикийн секцэнд орохоор очтол “Миний дүүгийн нас оройтсон байна” гээд намайг бүртгээгүй. Тэгэхээр нь ангийнхаа хоёр охиныг дагаад жүдогийн секцэнд очиж, үзүүлэх тоглолт харангуутаа л бөхийн спортод их хүчтэй татагдсан.

Яагаад ч юм 13 настай охиныг “Би жүдочин болох ёстой юм байна” гэсэн зөн совин хатгаснаар өдий хүртэл энэ замаараа явж байна.

-Таныг ид барилдаж байх үе буюу 1990-ээд онд манай улсын нийгэм эдийн засаг хүндхэн, монголчуудын амьдрал ч тааруу байсан. Тэр үед та энэ замыг сонгосондоо харамсаж байв уу?

-Үгүй. Яаж ийгээд болгохыг л хичээдэг байлаа. Ах, эгчээсээ царайчилна, албан байгууллагын үүд сахина, заримдаа ч хөгтэй явдал их болно шүү дээ. Гэхдээ би их азтай. Тэр үед би “Аварга” клубийн тамирчин байсан. Б.Бат-Эрдэнэ аварга намайг “Говь” компанийн тамирчин болгож өгснөөр миний карьерт их нөлөөлсөн шүү.

Түүнээс биш 1990-ээд онд манай тамирчид жилдээ олон улсын ганц хоёрхон тэмцээнд л оролцдог байлаа. Бидний үеийн тамирчид тийм үеийг туулсан байхгүй юү. Тэмцээнд явахын тулд хүнээс зээлсэн зардлын мөнгөө буцааж төлөх гээд хувцас хунараа хүртэл зарж байлаа.

Одоо ингээд ярихаар инээдтэй сонсогдох байх. Гэвч миний амьдралын үнэн энэ.

-Тухайлбал ямар тэмцээнд оролцохын тулд тэгж байв?

-Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гээд хүнээс мөнгө зээлчихсэн юм. 1996 оны олимпын эрх олгох тэмцээн байсан учраас ямар нэг аргаар заавал оролцохыг хүссэн хэрэг. Тэгээд Улаанбаатараас Эрээн, Эрээнээс Бээжин хүртэл орон нутгийн галт тэргээр явж байгаа юм.

Бээжинд суугаа Монголынхоо Элчингийнхний тусламжтайгаар онгоцны тасалбар аваад, Энэтхэгт очтол манай багийн мэдүүлэг хоцорсон гээд тэмцээнд оруулаагүй.

-Ямар харамсалтай юм бэ. Тэгээд л та 1996 оны олимпод оролцоогүй юм байна шүү дээ.

-Тийм ээ. Үүнээс болоод Атлантын олимпод оролцож чадаагүйдээ харамсаж явдаг юм. Тэр үед би Азийн аваргаас заавал медаль авна гэж л бодоод байснаас биш ирээд зээлээ яаж төлөх тухай огт бодоогүй. Тэгээд ирээд мөнгөний эрэлд гарч байгаа юм даа (инээв).

Ганц нэг шинэ хувцсаа хүмүүст зарж, зээлээ төлөхөд нэмэрлэнэ. Шигшээ багийнхаа цалингаас сарын хэрэглээндээ 50 мянгыг авч үлдээд, үлдсэнийг нь нөгөө хүндээ өгнө. Тэгж уван цуван явсаар бараг хоёр жилийн дараа өрөө дарсан байх аа.

Сүүлдээ нөгөө хүн маань уурлаад, намайг “буруу гарын” хүүхэд гэж ойлгосон шиг байгаа юм.

-1990-ээд онд Х.Эрдэнэт-Од, О.Пүрэвбаатар тэргүүтэй хэдхэн тамирчин Монголын нэрийг дэлхийд тахалж, тэр хэрээрээ ард түмний дунд од байсан. Гэтэл санасныг бодоход та их энгийн, нээлттэй хүн юм. Өнгөрснийг эргээд харахад танд өөрөөрөө бахархах сэтгэл хааяа ч болов төрнө биз?

-Тэр үед манай нийгэм ямар байлаа. Ард түмний амьдрал ямар хэцүү байсан билээ. Ямартаа л нэг хэсэг Монгол Улс бараг тамирчингүй болсон шүү дээ. Спортын төв ордон хоосорч, баахан цоожгүй хаалга зэвийгээд байж байдаг. Хүний амьдрал юм хойно бүгд мөр мөрөө хөөгөөд явсан.

Тэр үед ёстой л чин сэтгэлтэй, тэвчээртэй хэдхэн хүн манай спортынхны амжилтын замналыг таслалгүй авч үлдсэн дээ. Би нэг хэсэг Дашдулам гэх мэт хоёр гуравхан найзтайгаа зааланд бэлтгэл хийдэг байв. Цалин гэж олигтой юм байхгүй. Мөнгөгүй учраас гадаад руу тэмцээнд явахгүй. Ямар ч тэмцээнд оролцохгүй хэрнээ бэлтгэл хийнэ гэхээр зарим хүнд утгагүй, ойлгомжгүй санагддаг байсан болов уу.

Манай спортын нэг эрхэм намайг найзтайгаа кроссонд гүйж байтал таараад “Чи юуны төлөө бэлтгэл хийгээд байдаг юм бэ” гэсэн нь сэтгэлд хүнд тусаж билээ. Нээрээ л ордны сахиул аятай, бэлтгэлээ огт таслалгүй хийж явахад тэр үед яагаад ч юм миний сэтгэлд нэг тийм гал байгаад байсан. Тэр сэтгэлийн галаараа тийм хүнд үеийг туулсан өөрөөрөө, үеийнхнээрээ бахархдаг.

-Таны зодог тайлах ёслолыг Спортын төв ордонд маш сайхан хүндэтгэлтэй болж байсан гэдэг. Дэвжээндээ мөргөөд буух тэр агшин амаргүй байсан уу?

-Гавьяат дасгалжуулагч Машбат багшийнхаа нэрэмжит тэмцээний үеэр зодог тайлсан. Гэхдээ би тийм сүртэй арга хэмжээ болно гэж огт бодоогүй. Тэгээд ч тэр юм уу, өөрийн эрхгүй огшоод нулимсаа барьж дийлээгүй.

Бас тэр үед би давхар биетэй байсан болохоор сэтгэл амархан хөдөлснийг ч үгүйсгэхгүй. Нэг харсан чинь дэвжээний хоёр талаар зогсож байсан жүдогийн охид маань хүртэл хэнгэнтэл уйлчихсан байж билээ (инээв). Тэдэн дунд Сумъяа ч байсан.

-Та 2009 онд анхны хүүхдээ төрүүлж байсан. Одоо хэдэн хүүхэдтэй болсон бэ?

-Манайх хүү, охин хоёртой. Охин маань сая хоёрдугаар ангид орсон. Хүү цэцэрлэгт явдаг. Хааяа хүүхдүүдийнхээ өмнөөс бодоод үзэхээр тэднийгээ арай л хайнга, “хатуу гар”-аар өсгөөд байгаа юм шиг санагддаг.

Үр хүүхдээсээ илүү шавь нарынхаа төлөө ихэнх цагаа зориулдаг ээж юм даа гээд бодохоор амаргүй л байдаг. Гэхдээ яах вэ, би энэ спортод үнэн сэтгэлээсээ хайртай.

-Монголын жүдогийн холбооныхон зарим холбоо шиг талцаж хуваагдаад, “чи, би”-дээ тулсан тохиолдол бараг үгүй. Энэ нь жүдо бөхийн соёл, дэг жаяг, үндсэн зарчмыг улс орнуудын холбоод ч ягштал баримталдагтай холбоотой юу?

-Манай жүдо бөхийн холбоо дээр үеэсээ л зарчмаа баримталж ажиллаж ирсэн. Ер нь манайхан бүгд дэгтэй шүү. Гэхдээ бас тамирчдынхаа амжилтын төлөө хүмүүс хувь хувийн үзэл бодлоо илэрхийлэх, ажлаас болж санал зөрөх, маргах үе байна. Гагцхүү тэр нь ажил хэрэгч шинжтэй болохоос хов жив, явган хэрүүл манайхны дунд байдаггүй.

Тэр тусмаа сүүлийн арваад жил манай холбооны үйл ажиллагаа эрс сайжирч, зөв менежментээр далайцтай хөдөлснөөрөө өндөр амжилт гаргасныг хүн болгон хүлээн зөвшөөрдөг. Манай холбооны тамирчдаас олимпын наадамд 19 тамирчин оролцох эрх авсан. Гэхдээ нэг жинд нэг улсаас ганцхан тамирчин оролцдог учраас 13 нь Рио-де-Жанейрод барилдсан.

Мөн жүдо бөхийн төрөлд М.Бөхбат Монголоос анх удаа Риод шүүгчээр ажиллалаа. Энэ бүхэн мөн л Х.Баттулга ерөнхийлөгч тэргүүтэй холбооны удирдлагуудын зөв менежментийн үр дүн шүү дээ. Одоо манай холбоо аймаг, сум болгонд жүдогийн дэвжээ байгуулж, сонирхсон хүүхдүүдийг хичээллүүлж эхэлсэн.

-Ингэхэд та олимпоос ирээд сэтгэл тайван, сайхан амарч чадав уу?

-Уг нь нэг сар амрах эрх бий л дээ. Гэхдээ чадаагүй ээ. Би шигшээ багийн тамирчдынхаа хажуугаар өсвөр, залуучуудын ангилалд хэдэн сайн охин бэлдэхээр ажиллаж байгаа юм. Олимпоос ирэнгүүтээ тэр охидтойгоо ажиллаж байна. Тэднийгээ шигшээ багийн эгч нартай нь хамт бэлтгэл хийлгэж, мэдлэг, туршлагаас нь суралцуулахыг хичээдэг.

Яг л анх Сумъяад, Уранцэцэгт, Мөнхзаяад тулгарч байсан бэрхшээлүүд одоо энэ охидын өмнө ирээд байна. Жүдогоор хичээллэх гэсэн чин сэтгэл, зүтгэлтэй ч нааш гээд зааж зөвлөх хүнгүйгээс болоод учраа олохгүй хэсэг явж байгаад, спортоо орхисон олон авьяастай охиныг би мэднэ.

Тиймээс бөх болох ирээдүйтэй охидын зам мөрийг зөв зааж чиглүүлээд, чаддаг зүйлээрээ тусалж дэмжихийг хүсдэг. Санаагаар болдог бол залуучуудын, өсвөрийн шигшээ баг байгуулж, тэдний ар гэрийнхний нуруун дээрх ачаанаас хөнгөлөхсөн.

-Майкл Фелпс, Каори Ичо, Шохей Оно шиг супер тамирчныг бэлтгэхэд магадгүй ийм тогтолцоо л манайд дутагдаад байгаа гэдэгтэй та санал нийлнэ биз?

-Тэгэлгүй яах вэ. Манайхан олимпоор спортын хөгжлийг хэмжээд байдаг. Үнэн хэрэгтээ олимп бол пирамидын зөвхөн орой хэсэг нь. Асуудлын гол нь юунд байна вэ гэдгийг уг ундаргаас нь эхэлж хайгаад, суурийг нь зөв цутгаж байж тамирчид тогтмол амжилт гаргана.

Өөрөөр хэлбэл, топ тамирчин бэлтгэхийн тулд хүүхдүүдийг багаас нь дуртай спортоороо хичээллэх боломж нөхцөлийг эхлээд хангах хэрэгтэй. Аажмаар түүнийг нь шинжлэх ухааны үндэстэй, системтэйгээр гүнзгийрүүлэн сургаж байж тэр олон дундаас чинь нэг нь цойлж гарч ирнэ.

Түүнээс биш манайх шиг өсвөр, залуучуудын шигшээ багаа гаргуунд нь гаргачихаар яаж амжилт байх билээ. Энэ асуудлыг ганц нэг холбооны нуруун дээр даалгаад орхих бус, төр, засгийн, аймаг орон нутгийн дэмжлэг их чухал.

-Гэтэл эдийн засгийн хямралын үед тамирчдад өгдөг урамшууллыг болиулах хэрэгтэй гэсэн яриа өдгөө мэр сэр гараад байна. Төр, засаг яагаад спортыг онцгойлон дэмжих ёстойг та хэлж өгнө үү?

-Аймаг, сумуудад жүдогийн дэвжээ байгуулж өглөө гээд хүүхэд болгон жүдочин болох албагүй. Гол нь спорт хүнд хүмүүжил, тэсвэр тэвчээр, бас эрүүл мэнд өгдөг. Эрүүл чийрэг бие бялдартай, баргийн бэрхшээлийг даван туулах тэсвэртэй, хүний үг дааж чаддаг, ах захаа мэддэг, баг хамт олныхоо төлөө сэтгэл гаргадаг хүмүүс спортоос төрөн гардаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олимп, дэлхийн медальтнуудад сар бүр урамшуулал олгодог болсон нь олон залуу тамирчин амжилт гаргахын төлөө мэрийх, ардаа санаа зовох зүйлгүй бэлтгэлээ хийж, тэмцээн уралдаандаа оролцох хөшүүрэг болж өгсөн.

Зорьсон зүйлдээ хичээж байгаад хүрч, олимп, дэлхийн аваргаас медаль авбал хожим спортоо орхилоо гэхэд амьдрал нь баталгаатай болох боломж нээгдсэн. Спорт нэг талаараа их хатуу шүү дээ. Хамаг сайхан залуу насаа амжилтын төлөө зориулчихаад, эцэст нь бэртэж гэмтвэл тухайн хүн өөрөө л амьдралаараа хохироод хоцордог.

Тиймээс амжилт гаргасан хүнийг урамшуулах нь буруу биш гэж боддог. Хамгийн гол нь дээрх урамшуулал олон хүүхэд залуусыг спортоор хичээллэх хүсэл тэмүүлэлтэй болгож байгааг мартаж болохгүй.

Х.Эрдэнэт-Од гавьяат сая олимпоор тамирчдынхаа дээлийн захыг мушгиж байсан Монголын ард түмэн болоод төр, засаг, Биеийн тамир спортын газар, Үндэсний шигшээ баг, Жүдо бөхийн холбооны нийт баг хамт олонд халуун талархал илэрхийлснийг энд уламжилъя.

Тэрбээр ирснийхээ дараахан Д.Сумъяагаа дагуулан аав, ээж дээрээ очжээ. Дөрвүүлээ хамтдаа авахуулсан зургаа ч надад үзүүлэв. Ануухан хоёр хөгшний царайд нүүр дүүрэн мишээл тодорчээ. Хишигбат гуай 2004 оны Афины олимпод охиныхоо өмсөж оролцсон, хажуудаа таван цагаригтай, сийрсэн малгайгаар өнөө хэр гангардаг аж. Аав, охин хоёрын сэтгэлийн нандин холбоог 12 жилийн турш “нууцалж” яваа тэр малгайг хараад, дотроос нэг зүйл огшоод ирэв. Аав хүний сэтгэл л ийм байдаг байх даа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

Илгээх

Энэ тухай