Ш.Магван: 1984 оны олимпод тамирчдаа оролцуулсан бол алтан медаль хүртэх боломж байсан

Ерэн насны өндөр босгоор ануухан алхаад орж буй түүн шиг буурал олон байдаг болоосой. Ямар ч кино, номноос илүүтэй түүхийн эдгээр амьд гэрчүүдээс үнэнийг сонсох, өөрсдийнхөө өдий зэрэгтэй явааг хэний гавьяа вэ гэдгийг, өвөг дээдэс маань ямар зам туулж өнөөдөртэй золгосныг ухаарах боломж залуу үеийнхэнд олддог юм шиг ээ.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон зуны олимпын XXXI их наадам дөрөв хоногийн дараа эхэлнэ. Энэ өдрүүдэд Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Магван гуайд дурсах, сануулах ч зүйл олон байгаа болов уу гэсэндээ Гоодойн аман дахь зусланг нь зорилоо. Зуны 12 дахь олимпдоо оролцохоор Рио Де Жанейрог зорихоос нь өмнөхөн “Олимпын өвөө”-тэй хөөрөлдсөнөө хүргэе.

-Та сайхан зусаж байна уу. Олимпыг зорих бэлтгэлээ базаагаад дуусчихав уу?

-Сайхан зусаж байна аа. Зуслан дээр үр хүүхэд, ач, зээ, гуч нартайгаа бужигнаад сайхан байдаг болохоор хавар аль болох эртхэн эндээ гарахыг боддог юм.

Олимпын наадамд явахад миний хувьд бэлтгэл гэж айхтар сүйд болох юм байхгүй дээ. Өвөл, зун, залуучуудынх нийлсэн 28 дахь олимпдоо оролцох гэж байна. Олон улсын олимпын хорооны гишүүн болсноос хойш 40 жил өнгөрч. Энэ хугацаанд би юу хийх ёстой, ямар үүрэгтэй билээ, тэр дагуу ажлаа төлөвлөөд л явж ирсэн.

-Олимп бүр өөрийн онцлогтой болдог. Цаг төрийн болоод янз бүрийн саад бэрхшээлийг даван туулсан ч гэлээ олимп болдгоороо болох гэж байна. Таныхаар Риогийн олимп юугаараа онцлог байх бол?

-Олимп болгон өөрийн гэсэн нүүр царайтай байдаг нь үнэн. Өмнөх наадмуудаасаа заавал ямар нэг зүйлээр давж гардаг нь олимпын уламжлал. Энэ удаагийн олимп гэхэд оролцож байгаа орны тоо болоод тэмцээн уралдааны төрлүүд өмнөх наадмуудаас олон гэдгээрээ онцлогтой. Тиймээс зохион байгуулагч орны хувьд илүү хариуцлагатай байж, улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд хамгаалах, өндөрт өргөхийг хичээх нь дамжиггүй. Хэдийгээр Бразилд цаг төрийн байдал ярвигтай байгаа ч Олон улсын олимпын хороонд өгсөн амлалтаа биелүүлж, наадмыг сайн зохион байгуулна гэдэгт итгэж байгаа.

-Тэгвэл та Монголынхоо тамирчдыг энэ олимпод ямархуу амжилттай оролцоно гэж бодож байна вэ?

-Манай тамирчид өмнөх олимпуудад гаргасан амжилтаа ямар ч байсан ахиулна гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Мөн энэ олимпод Монголын төрийн дуулал эгшиглэнэ гэж итгэж найдаж байна. Маш олон монгол хүн ингэж хүсэж байгаа болов уу. Гэхдээ олимпод оролцоно гэдэг нь өөрөө маш чухал амжилт, нэр төрийн хэрэг гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Олимпод оролцож байгаа 10500 тамирчин бүгд энэ наадмаас медаль авах хэмжээний, шигшигдсэн хүмүүс. Тэдэн дундаас тодрон гарч, шагналт байрт шалгарах хүртэл чамлахааргүй амжилт юм шүү.

-ОУОХ-ны гишүүд наадам эхлэхээс дуусах хүртэл тухайн хотод байх ёстой юу. Өөрсдийн орны тамирчдынхаа тэмцээн уралдааныг үзэх зав боломж гардаг уу?

-Олимп эхлэхээс өмнө ОУОХ ээлжит чуулганаа хийж, уламжлал ёсоор хэлэлцэх асуудлуудаа хэлэлцдэг. Тэгээд наадам дууссаны дараа зохион байгуулагч орны үйл ажиллагааг үнэлж, цэгнээд чуулганаа хаадаг. Бид олимп зохиогдож байгаа газарт очоод, бүх тэмцээн уралдааныг үзнэ гэж байхгүй. Нээлт, хаалтад нь бол оролцоно. Олимпын тосгонд тамирчид л байрладаг. Бидэнд ганц нэг тэмцээнийг ерөнхийд нь ажиглах маягаар хариуцуулдаг.

Тэр үед нь Монголынхоо баг тамирчдын тэмцээн уралдааныг үзэж, гадаадынхантай харьцуулахад манайхны амжилт ямархуу байна, бэлтгэл сургуулилалт, зохион байгуулалтын алдаа, оноо нь юундаа байна вэ гэдгийг ажиглаж суудаг.

Би бас Монголын үндэсний олимпын хороонд сонгуульт алба хашдаг. Тийм учраас нэгэнт очсон дээрээ олон юм үзэж, харж ирээд, биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд харьяа байгууллагууд юу хийх ёстой, төрөөс ямар бодлого баримталбал зохилтой юм бэ гэдэгт санал хүсэлтээ хэлэхийг зорьдог юм.

-ОУОХ-ны гишүүн бус, монгол хүний тань хувьд хамгийн сайхан олимпын наадам хэзээнийх байв?

-Монгол Улсын маань Төрийн дуулал хоёр удаа эгшиглэсэн 2008 оны Бээжингийн олимп байлгүй яах вэ. Гурван сая хүрэхгүй хүн амтай Монголын тамирчдаас дөрөв нь алт, мөнгөн медалийн тавцанд зогсож, улсынхаа далбааг мандуулан, дэлхийд нэрээ цуурайтуулж байхад өвгөн би хажуугаас нь баярлаад нулимсаа цийлэлзүүлж л зогслоо шүү дээ. Хэдийгээр би ОУОХ-ны хүндэт гишүүн мөн боловч монгол хүн.

Тэр тусмаа 1946 онд нам төрийн буянаар мэргэжил боловсрол эзэмшсэнээс хойш 70 жилийн турш эх орныхоо соёлын хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүн. Миний ажил, амьдрал Монголын соёлын салбарын 70 жилийн түүхтэй салшгүй холбоотой. Тиймээс энэ улс орон урьд нь ямар байгаад одоо ямар болсныг маш сайн мэднэ. Чадал минь хүрвэл ирээдүй хойчдоо үүнийг байнга хэлж, ойлгуулахыг хичээдэг.

Ерөөс миний амьдралын гол зарчим бололцоо бүхнээ ашиглаж, чадал бүхнээ дайчлах. Эх орон, түмэн олон, нам төрийнхөө өгсөн үүрэг даалгаврыг гайгүй сайн биелүүлж явсныхаа үр шимийг ч одоо хүртэж явна.

-Олимп яагаад эв нэгдлийн бэлгэдэл байдаг вэ гэдгийг 2008 онд монголчууд жинхэнэ утгаар нь мэдэрсэн шүү дээ. Олимпын наадам түүхэндээ олон саад бэрхшээлийг даван туулсан гэдэг байх аа?

-Тийм ээ. Олимпын түүхэнд хүнд хэцүү жил цөөнгүй байсан. Олимпыг хясан боох, улстөржүүлэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахаас эхлээд янз бүрийн шалтгаанаар олимпизмын хөдөлгөөнд саад учруулдаг байлаа. 1936, 1976, 1980, 1984, 1988 оны олимпын наадмууд капиталист, социалист хоёр систем бие биенээ ялан дийлэх гэсэн улстөрийн хүчин зүйлээс шалтгаалсан шахалтыг илүүтэй амссан даа.

Гэвч Олон улсын олимпын хороо олимпын хартийн дагуу ажиллаж, энэ бүхнийг даван гарсан нь спорт гэдэг ямар хүчирхэг зүйл байдгийн нотолгоо юм. Тийм ч учраас жил бүрийн дөрөвдүгээр сарын 6-ныг Спорт, хөгжил, энх тайвны олон улсын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг уржнан НҮБ-аас гаргасан. 1894 оны дөрөвдүгээр сарын 6 бол олимпын анхны наадам зохион байгуулсан өдөр шүү дээ.

Ер нь олимпын наадам тэртээ 3000 жилийн өмнө анх үүсэхдээ л дэлхий дахиныг эвлэлдэн нэгдүүлэх, улс орон, ард түмнийг харилцан ойлголцуулах зорилготой байсан. Энэ уламжлалаараа ч явж байгаа. Монгол Улс олимпын хөдөлгөөнд нэгдсэнээс хойш 60 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Иймэрхүү түүхэн үйл явдал тамирчдын амжилтад нөлөөлдөг учраас өнөө жил илүү найдлага тавьж байгаагаа нуухгүй.

-Социализмын үед үзэл суртал гэж бас айхтар юм байсан гэдэг. Манайх иймэрхүү зүйлээс болж сайн тамирчдаа олимпод оролцуулахгүй, хасаж, хавчиж байсан тохиолдол бий юү?

-1980 оны Москвагийн олимпыг хясан боож, гол өрсөлдөгч гэгдэх томоохон орнууд тамирчдаа оролцуулаагүй. Хариуд нь социалист орнууд 1984 оны Лос-Анжелест болсон олимпод “Хөрөнгөтөн оронд зохиогдож байгаа олимпод оролцохгүй” гээд тамирчдаа явуулаагүй. Манайх ч тэгсэн. Хэрэв 1984 оны олимпод манайх тамирчдаа оролцуулсан бол алтан медаль авч, Монголын Төрийн дуулал эгшиглэх боломжтой байсан гэж боддог.

Тэр олимпод тамирчдын үзүүлсэн амжилтыг харахад манай чөлөөт бөх, бокс, буудлагынханд боломж их байсан л даа. Ялангуяа, чөлөөтийн бөхчүүд бэлтгэл маш сайтай байсан. Тамирчдаа олимпын наадамд бэлтгэж байсан манайхны дөрвөн жилийн хөдөлмөр талаар болж өнгөрсөн дөө.

-Тэр үед та Биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөлийн дарга бөгөөд Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэгэхэд та “Манайх энд оролцвол олимпын аваргатай ч болох боломжтой” гэж хэлж үзэв үү. Тамирчдад их харамсалтай байсан байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Тамирчдын бүхэл бүтэн дөрвөн жилийн хөдөлмөр, зүтгэл ямар ч үр дүнгүй болчихож байгаа юм хойно. Гэвч социализмын эрх ашиг гэдэг том далбаан дор болж байгаа үйл явдлын эсрэг би байтугай өөр хэн ч байсан дуугарч, “1984 оны олимпод манай улс оролцоно” хэмээн тэрслэн зүтгэх боломж байгаагүй. Тэр байтугай 1976 оны өвлийн олимпод хүртэл манайх тамирчдаа оролцуулаагүй шүү дээ.

“Медаль авахгүй юм бол оролцоод хэрэггүй” гээд явуулаагүй юм. Уг нь тэр жил манай тамирчид медаль авахгүй ч гэсэн гайгүй өндөр амжилт үзүүлэх боломжтой байсан. Олимпод оролцох тамирчдаас медаль хүсэх нь зүйн хэрэг ч түүнээс дутахгүй чухал зүйл гэж бий. Олимп бол боловсрол, соёл, хүмүүжил, тэвчээр хатуужлын маш том сургууль байдаг. Тэнд оролцож буй тамирчдадаа ч, үзэж байгаа хүмүүст ч олон зүйл өгдөг.

-“Манайх олимпод оролцохгүй” гэсэн улсуудыг ОУОХ-ныхон оролцооч гэж “гуйж”, араас нь хөөцөлддөг үү?

-Үгүй үгүй. Ямар ч зүйл дээр олимпын хартиа баримтлаад явдаг. Энэ хартийг зөрчсөн зарим орон олимпын хөдөлгөөнөөс хэсэгтээ хасагдсан тохиолдол ч цөөнгүй.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарьт айлчлах үеэрээ 2040 оны зуны олимпын наадмыг Монголд зохиох тухай сонирхлын бичигт гарын үсэг зурсан. Манай орны хувьд энэ нь биелэх боломжтой юу?

-Тухайн үед нэрээ дэвшүүлсэн хотууд хоорондоо өрсөлдөөд, хэн ялсан нь олимпын наадмыг зохионо шүү дээ. Олимп зохион байгуулсан хотод олон салбарт хөгжил ирдэг учраас үүнийг эх орондоо хийчих сонирхол олон улсад байдаг ч тэр бүр санаснаар болдоггүй. Жишээ нь, Бээжин гэхэд л 2008 онд түүхэндээ анх удаа олимпын наадмыг зохион байгуулсан. Одоо 2022 оны өвлийн олимпыг мөн л анх удаа эх орондоо зохиох гэж байна.

2024 оны зуны олимп зохион байгуулах эрхийн төлөө одоо Парис, Ром, Будапешт, Лос-Анжелес гэсэн дөрвөн хот өрсөлдөж байх жишээтэй. Олимп зохиох хотыг шалгаруулахад ОУОХ-ны баримталдаг гол шалгуур нь наадам болж өнгөрсний дараа бүтээн байгуулалтууд нь эргээд олон түмэндээ өгөөжөө өгч байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, өнөөх том том цэнгэлдэх хүрээлэнгүүд, тэр олон зочид буудлыг ашиглах боломж энэ хотод бий юү гэдгийг харгалзаж үздэг.

Мөн улс төрийн талаар тогтвортой юу, үгүй юү, эдийн засгийн боломж нөхцөл нь хэр сайн гэдгийг шалгуураа болгодог. Олимп зохиох хүсэлтэй хотууд арван жилийн өмнө нэрээ дэвшүүлж, ОУОХ тэргүүтэй байгууллагын төлөөллөөс бүрдсэн комисс тэндээс өрсөлдөх чадвартайг нь шалгаруулж, долоон жилийн өмнө эцсийн байдлаар сонгодог. Магадгүй манайх 2030 онд нэрээ дэвшүүлээд, бэлтгэлээ сайн хангавал олимп зохиож болох л байх.

Ш.Магван: ЭДНИЙХЭЭ БАРААГ ХАРААД, ЧИМЭЭГ НЬ ЧАГНААД СУУЖ БАЙХАД УЙТГАРЛАХ ЗАВ АЛГА

-Олимпын өвөө маань өөрөө ингэхэд ямар спортод хорхойтой хүн билээ?

-Би ч спортод нэг их сайн хүн биш л дээ. Олимпизмын хөдөлгөөн, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэхийн төлөө олон жил зорьж байгаа ч аль нэг спортоор хичээллэж байсангүй. Хааяа найз нөхөдтэйгөө зугаацах маягаар шатар бол тоглоно оо.

-Таны хараа яагаад ингэтлээ муудчихав?

-1963 онд би автын осолд орсон юм. Тэр ослын нөлөөгөөр нүдний даралттай болсон нь яван явсаар ужгирч, жил гаруйн өмнө хараа гэнэт бүр муудчихлаа.

-Хүн төрөлхтний цэнгэл баярын манлай гэгддэг олимпын наадмаа үзэж чадахгүй нь гэх харуусал танд төрж байна уу?

-Гайгүй дээ. Би ийш тийш явахдаа хүүхдүүдээсээ дагуулдаг. Хуралд оролцох материалаа урьдчилаад бэлддэг. Мөн тэмцээн уралдааны явцад хаана юу болж байгааг, манай тамирчид ямархуу байна, юу өмсөж, зүүсэн байна вэ гэдгийг хүүхдүүд тухай бүрт нь хэлээд өгдөг юм. Тиймээс гонсойгоод байх зүйлгүй.

-“Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл өтөлсөн хойноо эргээд бодоход хоёр амьдарсан юм шиг сэтгэл дүүрнэ” гэж Далай лам хэлсэн байдаг. 50 настайдаа ОУОХ-ны гишүүнээр сонгогдсоноосоо хойш 30, дахиад хүндэт гишүүнээр 10 дахь жилдээ ажиллаж буй ховор сайхан хувь тавилан танд заяажээ. Өнгөрүүлсэн амьдралаа эргээд бодоход танд сайхан байдаг уу?

-Нам, төрийн томилолт, сонгуульт ажлаар Монголын нийгэмд идэвхтэй амьдарсан 55 жил надад байна. 55 жил гэдэг хүний амьдралын урт хугацаа мэт боловч одоо эргээд бодоход ахар богино байжээ. Огт мэдэгдэхгүй, урсаад өнгөрчихөж. Багшаар ажилласан цагаасаа эхлээд өдий хүртэл 70 жилийн турш спортын салбарт тасралтгүй зүтгэж байна. ОУОХ-нд 40 жил ажиллахдаа хүндэт гишүүн нь болж, дээд шагналыг нь хүртэл авлаа.

Ийм байхад Монголын соёлын түүхийг сурталчилж, хойч үедээ таниулахын тулд боломж бүхнээ ашиглаад зүтгэлгүй яах вэ. Амьдарна гэдэг их сайхан юм. Өнчрөл хагацлаас эхлээд миний амьдралд янз бүрийн зүйл тохиолдсон. Гэхдээ тэр яах вэ. Гутаж гуниад байх зүйлгүй. Намайг харж халамжлах үр хүүхэд, ач, зээ нар минь байна. Амьдрал баян шүү дээ.

-Танайх есөн хүүхэдтэй гэсэн байх аа?

-Тийм ээ. Манайх есөн хүүхэдтэй, 23 ач зээтэй, 40 гуч жичтэй. Амралтын өдөр, баяр ёслол болохоор энэ хашаанд 20 айл цуглаад бужигначихна. Эднийхээ барааг хараад, чимээг нь чагнаад сууж байхад баясана уу гэхээс уйтгарлах зав алга (инээв).

-Есөн хүүхдийг өсгөнө гэдэг том ажил. Гэтэл таныг жигтэйхэн их ажилтай, ийш тийшээ ч их явдаг хүн байсан гэдэг. Хүүхдүүдээ өсгөлцөхөд гар бие хэр оролцдог байв?

-Хүүхдүүдээ өсгөх ажилд бараг оролцоогүй дээ. Миний хань, ханийн минь ээж хоёр л энэ хэдэн хүүхдийн хөлийг дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн. Эрх биш өөрөө багш хүн юм болохоор хүүхдүүдийнхээ сургалт хүмүүжлийн тал дээр бол анхааралгүй яах вэ. Гэр бүлийн ажилд бол үнэхээр оролцох завгүй байлаа.

-Ханиа төрөхөд дэргэд нь байгаагүй тохиолдол ч бий байх?

-Бий бий. Завханд багш, сургуулийн захирал, аймгийн Намын төв хороонд ажиллаж байхад ийш тийшээ их явна. Тэр үед хань минь том гэдэстэй үлдэнэ. Нэг ирэхэд хөөрхөн улаан нялзрай амьтнаар манайх гэдэг айл бүл нэмчихсэн байдаг сан. Сүүлд намайг хотод оюутан байхад хоёр хүүхэд маань төрсөн. Хадам ээж минь бидний амьдралд маш их дэм түшиг болсон, үнэхээр буянтай хүн байсан даа. Миний хань бид хоёр хоёулаа өнчин өрөөсөн өсөцгөөсөн болохоор хэн хэн нь олон хүүхэдтэй болохыг хүсдэг байв.

-Олон хүүхэдтэй айлын хүүхдүүд их хүмүүжилтэй байдаг гэдэг. Та хүүхдүүдээ ямар зарчмаар хүмүүжүүлдэг байв?

-Хүүхдүүдээ айхтар захирч зандарч байгаагүй ээ. Өөрөө багш мэргэжилтэй учраас сурган хүмүүжүүлэх ухааны аргаар өсгөхийг хичээсэн. Миний хүүхдүүд мэргэжлээ бүгд өөрсдөө сонгосон. Тэглээ гээд буруудаагүй, одоо сайхан л явцгааж байна.

-Уучлаарай, та тухайн үед хүүхдүүдээ ажил, сургуульд оруулахын тулд албан тушаал, нэр хүндээрээ “арын хаалгадаж” байв уу?

-Тэр үед тийм зүйл тун ховор байсан байх шүү. Сургууль төгсөөд, хаана хуваарилна, тийшээ л явдаг байлаа. Харин нэг удаа том хүүгийнхээ дээд сургуулийн хуваарийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай болоод Дээд боловсролын хороон дээр очсон юм. Гэтэл Дашцэдэн багш урдаас “За, ямар ажлаар энэ хүрч явна вэ.  Аюулаас хамгаалахын сургуулийн боловсон хүчин Цэрэннадмид танай хүүг сурлага сайтай, томоотой боловч үе мөчний өвчтэй тул цэргийн байгууллагад тэнцэхгүй гэхээр нь Холбооны яамны нэр дээр хуваарийг нь шилжүүлчихсэн шүү” гэж билээ.

Тэгэхээр нь “Өө, би танаас тэгж л гуйх гэж яваа юм” гээд гарч байв. Аюулаас хамгаалахын сургуулийн боловсон хүчин хүүтэй минь хамт эмнэлэгт хэвтэж байсан юм билээ. Тэгэхдээ үе мөчний өвчтэй гэдгийг нь мэдээд, тэгж хэлсэн шиг байгаа юм.

-Та багадаа нутгийнхаа хүрээ хийдэд шавилан сууж байсан гэсэн. Тэр чигтээ лам болчихсон бол өнөөдөр Магван гуай ямархуу хүн байх байсан бол?

-(Инээгээд) Яах вэ дээ. Магван Магванаараа л байна. Шашин бол гүн ухаан юм шүү дээ. Бүх шашин эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд байдаг. Гагцхүү зорилгодоо хүрэх арга зам нь л өөр. Тиймээс би одоо ч гэсэн шарын шашинд хүндэтгэлтэй ханддаг. Бурхны номын газар очвол заавал мөргөж, ёс төрийг нь гүйцээдэг. Монголын төрийн шашин юм чинь хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэж боддог.

-Ингэхэд таныг “Соёлын довтолгооны мэргэжилтэн” гэж ярьдаг байсан гэдэг. Ямар учиртай юм бэ?

-Би Төв хорооны үзэл суртлын хэлтэст ажиллаж байхдаа “Соёлын довтолгоон”-нд голлох үүрэгтэй оролцож явснаас л тэр байх даа. Орон даяар улаан тарианы ажил дөнгөж шувтраад, улсаас ард иргэдийнхээ ахуйн соёлыг дээшлүүлэх зорилт тавьж, 1960 оноос үүнийг эхлүүлсэн. “Соёлын довтолгоо”-ны үеэр ямар хөгтэй зүйлүүд болдог байсныг одоо манайхан хааяа нэг үлгэр домог шиг юм ярьдаг шүү дээ. Гэвч тэр бол үнэн. Хойч үеийнхэн өмнөх түүхээ мэдэж байх хэрэгтэй. Энэ улс эх орныг чинь өдий зэрэгт авч ирэхэд хялбар байгаагүй юм.

Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Ш.Магван гуайн амьдрал адал явдлаар дүүрэн ажээ. Лам дээлтэй, түнжин толгойтой жаалхүү Улиастайн бага сургуульд орж, хожим хэл бичиг, уран зохиолын багш болсон гэдэг. Дээд сургуулиа төгсөн, аймагтаа очиж багш, хичээлийн эрхлэгч, сургуулийн захирлаар ажиллаж байтал нь “Захирал хүн намын гишүүн байх ёстой” гээд намд элсүүлсэн түүхтэй. Эндээс түүний амьдралын нэгэн шинэ хуудас сөхөгдсөн гэхэд болно.

1961 оноос Намын Төв хорооны Соёл, үзэл суртлын хэлтэст зохион байгуулагч, Соёлын хэлтсийн орлогч эрхлэгч, 1969-1978 онд Биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөлийн дарга хийж байгаад хэлмэгдэн, ажлаа өгч, Шаазангийн үйлдвэрт очиж байв. “Биеийн тамир спортод үндсэрхэх, нутгархах үзлийг таслан зогсоож чадаагүй, Монгол, Зөвлөлтийн найрамдалд харш үзлийн эсрэг тэмцээгүй” хэмээн түүнийг буруутгаж, намаас хөөхийг сануулан донгодож, хувийн хэрэгт нь тэмдэглэснийг 2000 онд шүүхээс цагаатгасан гэдэг.

Үг өгүүлбэрийг нь одоо сонсоход инээд хүрмээр юм шиг боловч үзэл суртлын нийгэмд бол энэ нь амьдралаараа дэнчин тавихад хангалттай шалтгаан байж. Ардын их хурлын депутатаар гурван ч удаа сонгогдож явсан тэрбээр хэлмэгдсэнээ юман чинээ бодохгүй, “Би улсаас авах зүйлээ авсан хүн. Тиймээс чадлаа барагдтал хийх зүйлээ ч хийх ёстой” гэдэг юм билээ.

Харин миний хувьд түүний амьдралын урт замд өөрчлөгдөөгүй хоёр зүйл байжээ гэж бодогдов. Нэгдүгээрт, биеийн тамир, спортын төлөө гэсэн түүний сэтгэл, зүтгэл. Хоёрдугаарт, тэр сэтгэл, зүтгэлийг олж хараад, 1977 онд гишүүнээрээ элсүүлснээс хойш өнөөг хүртэл өргөмжлөн хүндэтгэж яваа Олон улсын олимпын хорооныхон. Тийм ч учраас түүнийг “Энэрэнгүй үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэнэ” гэсэн тангарагтай олимпизмын хөдөлгөөний гарамгай зүтгэлтнүүдийн нэг гэж зүй ёсоор хүлээн зөвшөөрдөг биз.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай