Б.Тэгшбаяр: Барианд орсны дараа тэнгэрт одсон аавыгаа их үгүйлсэн

Б.Тэгшбаяр:  Барианд орсны дараа тэнгэрт одсон аавыгаа их үгүйлсэн

Щвейцарь улсад дугуйн тойрог замын залуучуудын ДАШТ-ий бөөн гараат 10 км-ийн уралдаанд Монгол Улсын тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр оролцож, алтан медаль хүртлээ. Энэ төрөлд нийт 20 орны тамирчин өрсөлдсөнөөс Чех, Италийн тамирчид мөнгө, хүрэл медаль авчээ. Ийнхүү Батсайханы Тэгшбаяр дугуйн төрлөөр дэлхийн аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болсон юм. Тэрбээр өдгөө Швейцарь бэлтгэлээ хийж байгаа бөгөөд бид түүнтэй фэйсбүүкээр холбогдон ярилцлаа.

-Монголын дугуйн спортын түүхэнд шинэ хуудас нээж, залуучуудын дэлхийн аварга болсон танд баяр хүргэе.

-Баярлалаа. Би дугуйн тойрог замын уралдаанд хурд сориод удаагүй. Энэ төрлөөр богинохон хугацаанд хичээллэн өндөр амжилт үзүүлж чадлаа.

-Залуучуудын ДАШТ-ий бэлтгэлээ Швейцарьт базаасан гэж сонслоо.

-Тэгсэн. Би өнгөрсөн дөрөвдүгээр сард энд ирсэн юм. Гурван сар гаруйн хугацаанд дугуйн тойрог замын уралдааны бэлтгэл хийлээ. Миний бэлтгэлийг англи дасгалжуулагч Б.Скотт хийлгэдэг юм.

БАТСАЙХАНЫ ТЭГШБАЯР

1998 оны зургадугаар сарын 1-нд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн. Биеийн өндөр 174 см, жин 67 кг. “Tour de Mongolia 2015” тэмцээний шилдэг залуу тамирчин. “Yunnan Grandfondo 2015” олон улсын тэмцээний хүрэл, Парисын цомын тэмцээний мөнгө, “Troffen anadia 2016” тэмцээний хошой хүрэл, УАШТ-ий гурван алт, нэг мөнгөн медальт. 2016 оны тойрог замын залуучуудын ДАШТ-ий аварга.

-Өмнө нь тойрог замын уралдаанд хурд сорьж байгаагүй юу?

-Монголд байхдаа зөвхөн засмал замын уралдаанд оролцож байсан. Энд ирээд бэлтгэл хийж эхлээд тойрог замын дугуйн төрлөөр Франц, Португал улсын цомын АШТ-д оролцож, мөнгө, хүрэл медаль хүртсэн. “Track Mongolia” төслийн хүрээнд Швейцарь улсад ирж, дэлхийн дугуйн бэлтгэлийн төвд залуучуудын ДАШТ-ий бэлтгэлээ хангасан.

-Оролцох зорилготой очсон ч бүр давуулан биелүүлж түрүүлсэн байна. Түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?

-Би залуучуудын ДАШТ-д бөөн гараа, оноот уралдаан болон ганцаарчилсан хөөх уралдаанд оролцлоо. Эндээс бөөн гараатай буюу 10 км-ийн уралдаанд түрүүлсэн юм. Маш хурдтай гараад бусдаасаа тасарч чадсан. Яг уралдааны өмнө түрүүлэх тухай бодоогүй ч надад боломж бий гэдэгтээ итгэж байлаа. Дэлхийн шилдэг тамирчид ирж оролцсон учраас тэмцээн их өрсөлдөөнтэй болсон.

-Барианд орох мөчид юу бодогдож байв?

-Мөрөөдөл минь биелсэн болохоор сайхан байсан. Хоёрдугаар байр эзэлсэн дугуйчнаасаа хол тасарсан болохоор барианд орохын өмнө өөртөө “Чи чадлаа” гэж хэлсэн шүү. Салхи татуулан хамгийн түрүүнд барианд орох тэр мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Барианд орсны дараа тэнгэрт одсон аавыгаа их үгүйлсэн. Хүүгээ дэлхийн аварга болж байгааг аав минь харсан бол үнэхээр их баярлах байсан.

-Швейцарьт бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж байгаа юу. Монголдоо хэзээ ирэх вэ?

-Тийм ээ. Бэлтгэлээ сайн хийж байгаа. Нутагтаа очих бодол байгаа ч хугацаа нь тодорхойгүй байна. Удахгүй очих байх.

-Гэрээ санаж байна уу?

-Хааяа санадаг. Гэхдээ амжилтын төлөө зүтгэж яваа болохоор бүх зүйлийг даван туулах хэрэгтэй гэж боддог.

-Энэ амжилтад хүрэхийн тулд хэдэн жил дугуйн спортоор хичээллэж байна вэ?

-Би Сүхбаатар аймгийн Асгат суманд 1998 онд төрсөн. Анх гурван настай байхад эмээ надад дугуй авч өгсөн. Юу ч мэдэхгүй жаахан хүү ингэж анх дугуйтай нөхөрлөсөн юм. Манай гэрийнхэн намайг маш их дэмждэг. Аав, ээж хоёр минь жил бүр шинэ дугуй авч өгдөг байсан. Тэднийхээ ачаар би өдий зэрэгтэй явж, залуучуудын дэлхийн аварга боллоо.

-Багадаа дугуй унаж сурчээ. Дугуйн спортын А үсгийг хэн заасан бэ?

-Асгат сумын дунд сургуулийн биеийн тамирын багш Т.Арслан. Би анх 2011 онд Арслан багштайгаа аймгийн АШТ-д хурд сорьж түрүүлсэн юм.

-Сүхбаатар аймгийн дугуйн спортын “Шилийн богд” клубт хэзээ оров?

-Аймгийн аварга болсны дараа есдүгээр ангиа төгсөөд аймгийн төвд ирлээ. Улмаар Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч, ОУХМ С.Төмөрхуягийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж эхэлсэн. Энэ үеэс дугуйн спортод хоёргүй сэтгэлээр тууштай зүтгэх болсон доо.

-С.Төмөрхуяг багш та хоёр удалгүй УАШТ-д өндөр амжилт үзүүлж эхэлсэн шүү дээ.

-Багш маань “Чи улсын аваргад түрүүлж чадах уу” гэж асуулаа. Хариуд нь би өөртөө итгэлтэй “Чадна” гэсэн юм. Бэлтгэл сургуулилалтаа сайн хийсэн болохоор 2014 оны УАШТ-ээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртэж билээ.

-Одоо ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ?

-Энэ жилийн эхний зорилго залуучуудын ДАШТ байсан. Одоо ирэх аравдугаар сарын 9-16-нд болох засмал замын ДАШТ-д оролцох төлөвлөгөөтэй байгаа. Энэ тэмцээнд чухал ач холбогдол өгч байна.

-Амжилт хүсье.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай