Манай Д.Оюун-Эрдэнэ “Алтан гадас” одонгоор шагнууллаа

Үндэсний их баяр наадмын босгон дээр манай “Өнөөдөр” сонины тоймч Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ “Алтан гадас” одонгоор шагнууллаа. Сэтгүүл зүйн салбарт 18 жил ажиллаж буй түүнийг ихэвчлэн байгаль орчны сэдвээр нийгмийг хамарсан, төр, засгийн бодлого шийдвэрт нөлөөлөхүйц даацтай нийтлэл бичдэг гэдгийг уншигчид андахгүй. Тэрбээр 2010 онд “Хөшөөтийг хөшигний ард нуух сонирхол”, “Далай ээж маань дахин цаазын тавцанд” зэрэг нийтлэлээрээ Монголын сэтгүүл зүйн шилдгийн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагналыг хүртсэн билээ. “Өнөөдөр” сониныхоо 20 жилийн ойн босгон дээр ийнхүү хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлж, эрхэм хүндтэй шагнал хүртсэн тоймч Д.Оюун-Эрдэнэдээ уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе.

Шагнал гардах үеэрээ тэрбээр “Ц.Балдорж эрхлэгчийнхээ үүсгэн байгуулсан “Өнөөдөр” сониноос би хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн сэтгүүл зүй гэж юу болохыг ойлгож ухаарсан. Тиймээс цаашид ч хариуцлагатай, мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ гэдгээ хэлэхийг хүсэж байна. Хамт олондоо маш их баярлалаа. Мөн миний бие МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд сэтгүүлчдийн төлөөлөл болж ажилладаг. Зөвлөлийн гишүүний үүргээ сайн биелүүлэхийг хичээнэ ээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай