Сэтгэлгээний шинэ нутагт буусан нь

Хандгайт 1997 он

 Жамбын ДАШДОНДОГ


Cоёлын гавьяат зүтгэлтэн

Монголын радиод ажиллаж байтал С.Жамбалдорж “Ардын эрх” сонинд ирээч” гэж утасдав. Хуучин эрхлэгч минь хэлж байхад нэгэн цагт цэрэг нь явсан хүн чинь дэгдээд очилгүй яах вэ дээ. Сэтгүүл зүйн салбарт тэр чадамгай баатар Дандар шиг гялалзаж явсан эр. Үзгэн зэвсэгт дайчдаа ямагт шинэ ялалтад уриалан дуудна. Ажлын талбарт хатуу дарга, амралтын цагт дотно найз. Үргэлж л шинийг үүсгэж сэдэж явдаг. Гэм нь жаахан зөрүүд. Тэр нь ч буруу биш, бусдаас өвөрмөц сэтгэх гэсэн бодолтой нь холбоотой.

Тэр үед “Ардын эрх” сонин Төрийн ордонд байрлаж байлаа. Нэвтрэх хуудас бичүүлээд ортол Э.Сонинтогос гэдэг сонин нэртэй, нүд дүүрэн бүсгүй инээмсэглэн угтлаа. “Ням гариг” сониныг эрхлэн гаргадаг юм байна. Албат иргэдээ танилцууллаа. Ц.Хулан, З.Түмэнжаргал, А.Эрдэнэ-Очир, Л.Өлзийтөгс, Ж.Батцэцэг, Б.Галаарид, Д.Энхболдбаатар, Д.Дашмөнх... Юу вэ, дандаа зохиолч. Би чинь зохиолчдын хороонд ороод ирэв үү яав. Дандаа л авьяаслаг залуучууд. Би тэдэнтэй хамтарч ажиллах юм байна.

Алхааг нь гүйцэх болов уу хэмээн эргэлзэн байтал Э.Сонинтогос “Юуны өмнө та эрхлэгчтэй уулз” гэлээ. Ортол Ц.Балдорж сууж байна. Уул нь би С.Жамбалдоржтой уулзах шүү юм бодож байлаа. Гэтэл тэр тэнд ажилладаггүй, харин намайг зуучилсан шиг байна. Ц.Балдорж эрхлэгч суудлаасаа босон ирж, гар бариад “Нэгэнт та манай сонинд ирж байгаа тул бид анхаарах ёстой” гээд санаанд оромгүй өндөр цалин өгөхөөр болов. Итгэлийг нь даан ажиллаж чаддаг л байгаа даа, тэнгэр минь. Би чинь “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн” сонины ерөнхий эрхлэгч байсан юм чинь долоо хоногт ганц гардаг амралтын дугаарыг юухан байх вэ гэх ухааны юм бодсоор ажилдаа орлоо.

“Ням гариг” сонин дотроо ажлын хоёр албатай. Нэгийг нь Ц.Хулан, нөгөөг нь би толгойлох юм болов. Албаны дарга нар ажилтнуудаасаа шинэ мэдээ цуглуулж аваад өглөө бүхэн болох шуурхай цуглаан дээр хэлдэг юм байна. Би анхнаасаа л бүдэрч анхааруулга авах нь тэр. Тэнд, энд ийм юм болов гэсэн мэдээ хэлээтэхсэн чинь дэвшүүлсэн асуудалгүй, хэн ч сонирхохгүй хоцрогдсон юм хэлэв гэсэн зэм хүлээж, шинээрээ хуучирч орхив. Дараа өдөр нь “Дорноговийн нэгэн яруу найрагч “Болор цом”-д оролцохоор тэмээгээр гарчээ” гэсэн мэдээ хэлсэн чинь эрхлэгчийн нүд сэргэж “За наадах чинь лаг мэдээ байна” гэж магтаад “Одоохон бичээд аваад ир” гэв. Тэгсэн чинь мэдээ нийлүүлсэн эзэн олддоггүй.

Над руу дамжуулсан зурвас дээр нэр нь алга. Сүүлдээ худал мэдээ хэлсэн хэргээр цалингаа гучин хувиар хасуулж шийтгүүллээ. Түүгээр ч барахгүй анхны бичсэн зүйл минь (тэмдэглэл ч юм уу, сурвалжилга ч юм уу, ямар төрлийн зүйлийг бүү мэд) шуурхай дээр бут авахууллаа. Уул нь би Төрийн шагналт зураач Д.Чойдогийн бэлэвсэн гэргий Цэрэндулам гуайн сонин дурсамжаас ховор зургуудтай нь хамт уншигчдад дэлгэсэн билээ. Тэр тухай бичихийг миний анд нөхөр Намхайцэрэнгийн Ганбат утасдаж хэлсэн юм. Тэгтэл юу юу гэнэ ээ. Хөнгөн биш, хүнд бичлэгтэй л гэнэ. Шинэлэг биш, хуучинсаг уур амьсгалтай л гэнэ.

...Удалгүй эрхлэгч нэг өглөө “Би, Би, Би” хүүхдийн сонин гаргана” гэж ярилаа. З.Түмэнжаргал санаачилсан юм байна. Харин анхны дугаарыг нь эх барьж авах үүргийг надад өглөө. Тийнхүү “Ардын эрх”-ээс нэгэн жавхлант хүү “Би, Би, Би” гэсэн цовоо дуу цуурайтуулсаар мэндлэв...

Гашуун ч гэсэн үнэн үг байсныг удалгүй ойлголоо. Нөхдийн маань бичлэг минийхээс тэс өөр байлаа. Ц.Хулангийн юунд ч үл баригдах задгай чөлөөт ярилцлагууд замдаа тааралдсан бүхнийг зад татан урсгах уулын үер мэт хүчирхэг түрлэг үүсгэн орж ирлээ. З.Түмэнжаргалын бичлэгийн нарийн ур хийц “Ням гариг” сониныг чимж байлаа. А.Эрдэнэ-Очир, Л.Өлзийтөгс нарын энгүүн бичлэгийн цаанаас яруу найрагчийн гүн бодол, уран сэтгэмж эрдэнийн шигтгээ мэт гялалзана. Шатахууны үнэ нэмэх гэж байсныг ард түмэнд дэлгэж, орон даяар зогсоож чадсан Д.Энхболдбаатарын бяцхан өлгөцөөр бид бахархдаг сан. Б.Галаарид, Ж.Батцэцэг, хожим хүч нэмж ирсэн Б.Чимэдбат, О.Энх-Жавхлан нарын авьяаслаг залуус амралтын сонины өнгө төрхийг улам засаж байлаа. Намайг “Пионерын үнэн” сонины эрхлэгч байхад Д.Дашмөнх гэдэг жаалхүү бараг өдөр өнжилгүй мэдээ авчирч, ийм тийм муу юм бичлээ гэж надад загнуулж явдаг байв. Тэгтэл юу вэ. Маш сайн бичдэг болчихсон намайг загнах нь холгүй явна. Нэгэн цагт багш мэт явсан хүн хожмын өдөр шавь мэт болох нь тэр үү.

Тийнхүү үгийн аялгууг сайтар эзэмшсэн, хүчирхэг залуу авьяастны яруу тунгалаг найрал хөгжмийг Э.Сонинтогос хэмээх чадварлаг хатагтай удирдаж, уншигч олны сэтгэл зүрхийг догдлуулсан олон шилдэг дугаар гаргаж байлаа. Э.Сонинтогосын сэтгэлийн хувирал нүүрэн дээрээ илхэн. Сайн бичлэг уншихаараа андашгүй, нүүрэнд нь солонго татаад л явчихна. Тааруухан нийтлэл таарвал духанд нь аадрын бараан үүл зангирч, хөмсөг нь цахилгаан мэт зуралзаж байснаа тэнгэрийн дуу үүсгээд л ниргэнэ дээ.

Нэг удаа юунаас ч болсныг бүү мэд, нөгөө тэнгэрийн дуугаа бидэн лүү хандуулж, зэмлэлийн аянга буулгаж гарлаа. Сонинд ямар алдаа тасрах биш. Нэг харсан чинь Ц.Хулан ард нь оччихсон улаан суга руу нь гараа хийгээд “Ингээд чи хүн загнаж бай, ингээд чи хүн загнаж бай” гээд гижигдэж гарлаа. Э.Сонинтогос сандлаасаа гулгаж унатлаа инээж “Больё оо, Хулан” гээд шалан дээр өнхөрч уналаа. Цэргүүд нь ч савж унатлаа инээлдэж инээлдэж тарсан.

Бид нэг иймэрхүү л улс байлаа. Одоо эргэн бодоход цэцэрлэгийн хүүхдүүд ч юм шиг. Юу ч гэмээр юм бэ дээ? Хүүхэд шиг сайхан сэтгэлтэй хүмүүс нэгдсэн болохоор бидний сонин сайн гарч байсан байх. Гэсэн ч миний тарьсан балаг үргэлжилсээр байлаа. Сайн нэр дуулахгүй нь бололтой. Нэг удаа “Манайхан” гэсэн нэрийн дор хүүхдийн бүх зохиолчдынхоо шүлгийг бүтэн нүүр болгоод нийтэлж орхив. Хүүхдийн зохиолч болохоороо давуу эрхээ эдэлж байгаа юм биз дээ. “Төрийн болохоос хүүхдийн сонин биш. Яахаараа хүүхдийн зохиол нийтлэв? Тэр ч бүү хэл Төрийн шагналт зохиолчдын шүлгийг ч гаргаагүй” гэсэн яриа газар авч, бас л намайг буруутгав. За тэр ч яах вэ.

“Ардын эрх” сонинд ажиллаж байхдаа би ардчилсан шинэ нийгмийн эзэд нь хүч түрэн орж ирж буйг л сайн мэдэрч байлаа. Хамт ажиллаж байсан залуу авьяастны сэтгүүл зүйн туурвилаас би юу олж харав. Тодотголгүй үгс, гоёчлоогүй үнэн, хаалтгүй эрх чөлөө. Түүгээрээ хуучин цагт бидний бичлэгийн багагүй хувийг эзэлдэг байсан нар салхи, навч цэцэгний дүрслэл, сонинд гаргах хүнийг өндөг шиг өөгүй болгон гоёчилж чимдэг элдэв магтаал үгс, үзэл суртлын алдаанаас болгоомжлон, хал балгүй юм бичих гэсэн баригдмал сэтгэлгээнээс үнэхээр ондоо байсан. Бас нэг өөрчлөлт бол сонины загвар хийц.

Бичгийн машин тачигнуулж, мөр тоолж, загвар шугамдаж, үсэг өрж, халуун хайлмаг тугалгаар хэв цутган, сонины эх бэлтгэдэг байсан үе маань нүдэнд дээр өөрчлөгдөхийг үзэв. Залуучуудын сонинд ажиллаж байхад Л.Түдэв дарга манай нэгэн хурал дээр “Та нар удахгүй халуун тугалганаас салж, цахим бичвэрээр сонин хийж, мэдээ сурвалжилгаа заавал сонины өрөөнд биш, өмнийн говьд ч юм уу, эсвэл Алтайн ууланд шууд бичиж ирүүлээд хэвлүүлэх цаг ирнэ” гэхэд зөгнөлт зохиол мэт санагдаж байж билээ. Зөгнөл биелэх нь тийм ч холгүй байж. “Ардын эрх” сонины өрөөнүүдэд нэг л өглөө цахим бичвэрийн цаасан хайрцгууд шар шар хийн задарч, Жагдагдорж, Нямжав нарын залуу тэр дор нь угсарч, юу юугүй бидний бичсэнийг шивж, загвар хийгээд гаргадаг байна шүү. Хожим нь Жагдагдоржтой Сан-Франциско хотноо уулзаж, сонины зүс царайг өөрчилсөн цахим хувьсгалын тухай дурсан ярьж, нэгэн үдшийг өнгөрүүлж билээ. Сонины салбарт шинэ үеийг авчралцсан Жагдагдорж маань одоо АНУ-ын томоохон компанид монгол хүний сэтгэх чадварын гайхамшгийг үзүүлэн ажиллаж явна.

“Ардын эрх” сонин Төрийн ордноос нүүж, өөрийн байшинтай болоод, өрх гэр тусгаарлан төвхнөв. Бид өдөр нь сониноо хийж, шөнө нь шал тавьж, цэвэрлэх тохижуулах ажилд оролцдог байлаа. “Ням гариг” сонин уншигчдын дунд нэр хүндтэй болж үлдсэн нь сайн баг бүрдүүлсэнтэй холбоотой. Нэг өглөө ажилдаа иртэл манай багийн гишүүн З.Түмэнжаргалыг ажлаас халсан тухай шийдвэр уншлаа. Урьд орой нь бор дарс хүртээд Ц.Балдорж эрхлэгчид агсам тавьсан гэнэ. Бид дотроо халуулахгүй санаатай, нэрийг нь сонины зөвлөлийн гишүүний жагсаалтаас авалгүй байлгасан хэвээр байв. Нэгэн шуурхай дээр эрхлэгч нэрийг нь харчихаад “Яагаад та нар халагдсан хүний нэрийг хасахгүй байгаа юм бэ?” гэж байна. “Эргүүлж авах цаг ирэх болов уу гэж найдаад” гэтэл Бал эрхлэгчийн царай хувьсхийж “Үг дуугүй хас” гэлээ. Дараа нь би Э.Сонинтогостоо хэллээ, “Энэ хүнийг архины хар ангал руу түлхэж болохгүй. Түүнээс дахин хэзээ ч гарч ирэхгүй” гэж. “Харин тийм ээ, би эрхлэгч дээр орж чадахгүй байна. Өмнөөс загнана. Таныг орвол яах ч үгүй байх” гэхээр нь орлоо. Эрхлэгч намайг ч бас загнан гаргалаа. Хэд хоногийн дараа дахин орж “Та Түмээг уучилж үз. Түүнийг одоо л алдвал дахин хэзээ ч татаж авч дийлэхгүй. Нэгмөсөн алдах нь тэр” энээ тэрээ гэсээр байтал эрхлэгч “За яах вэ, таныхаар болъё. Эхнэрийг нь дууд” гэлээ. Би Тунгалаг руу ярилаа. Хар гүйхээрээ ирж байна. Үгийг нь зааж өгөөд эрхлэгчтэй уулзуулчихлаа. Үүдэнд нь сууж байтал Тунгалаг инээсээр гарч ирлээ. Тийнхүү бид Түмээтэй дахин хамт ажиллах болж билээ.

Удалгүй эрхлэгч нэг өглөө “Би, Би, Би” хүүхдийн сонин гаргана” гэж ярилаа. З.Түмэнжаргал санаачилсан юм байна. Харин анхны дугаарыг нь эх барьж авах үүргийг надад өглөө. Тийнхүү “Ардын эрх”-ээс нэгэн жавхлант хүү “Би Би Би” гэсэн цовоо дуу цуурайтуулсаар мэндлэв. Хүүхдийн уран зохиолын “Хэнз хурга” уралдаанд З.Түмэнжаргал түрүүлж, сонин маань ч түүнийг давхар шагнав. Би түүнийг санаачилсан мөртлөө хоёрдугаар байрт орсон ч харамссангүй. Түүнээс хойш Түмээ маань танигдахгүй болтлоо өөрчлөгдөж, ажил, амьдрал нь дэвшиж, уран бүтээл нь цэцэглэж эхэлсэн дээ. “Би, Би, Би” сониныг эрхлэн гаргах болсноос хойш удирдлагын зүгээс надад хандах хандлага ч өөрчлөгдөж, сайн үгс над руу хөврөх болов. Бичлэгийг маань ч өөлөх хүн гарахаа байв. Миний ажиллах ёстой талбар бол хүүхдийн сонин байсан шиг байна. “Би Би Би” сонины захиалгыг 11 мянган хувь болгон хүлээлгэж өгөөд “Алтан үлгэр” гэдэг хүүхдийн номын цуврал гаргах ажилдаа шуурхайлан орж билээ.

Би шинэ цагийн эзэд, авьяаслаг залуу нөхөдтэй гар сэтгэл нийлэн, нэг баг болж ажилласны хүчинд хуучин балрын сэтгэлгээг даван туулж чадсан юм болов уу гэж боддог. Сэтгүүл зүйн салбарын хуучин бууцнаас сэтгэлгээний шинэ нутагт буух их нүүдлийг “Өнөөдөр” хэмээх нэгэн хүчирхэг омгийн ахлагч Цэрэндоржийн Балдорж эхлүүлж, түүний үр шимийг өнөө хүртэл бид хүртсээр явна. Оюун санааны их нүүдэл өнөөдөр ч үргэлжилсээр.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай