Б.Норовсамбуу: Сонгодог хэлбэрээр үүсэж, хөгжсөн циркийн урлаг гудамжинд гартал доройтлоо

Уншигч-сурвалжлагч Д.Зоригт


Монголын циркийн урлагийн түүхийн хуудас эргэсээр 75 оныг тооллоо. Үүсэн бий болж, өсөн хөгжиж, баларшгүй мөрөө үлдээсэн энэ урлагийн амжилт, бахархал болгонтой нэр холбогдон 58 жилийн амьдралаа зориулсан Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уран нугараач Бэгзсүрэнгийн Норовсамбуутай “Шинэ цирк” төвийн захирал Д.Зоригт ярилцсан юм. Манай сонины уншигч-сурвалжлагчаар ажилласан Дондогийн Зоригт ч бас 44 жилийн өмнө 16 настай байхдаа цирк хэмээх их айлын босгыг давж, Москвад суралцан, акробатын жүжигчин, циркийн найруулагч болсон хүн билээ. Уран бүтээлч хүний жаргал, зовлонг адилхан мэдэх ахмад, дунд үеийн төлөөлөл болсон энэ хоёр эрхэм Монголын циркийн урлаг, тэр дундаа уран нугаралтын хөгжил, хойч ирээдүйн тухай ярилцсан юм.

-“Өнөөдөр” сониныхон намайг сурвалжлагчаа болгож, тантай ярилцахыг хүслээ. Энэ хүсэлт санамсаргүй зүйл биш байх. 75 жилийн ой тохиож байгаагаас гадна 350 уран нугараачийг Төв талбайдаа нугаруулахаар бид хамтран ажиллаж байгаа. Энэ бүхэнтэй холбогдож, та бид хоёрт ярилцах боломж олгосон болов уу. Монголчуудын бахархал болсон таны түүх намтрыг олон хүн мэдэх учраас тэр бүхнийг дахин ярих хэрэггүй байх. Гэхдээ таныг яг хэдэн настайдаа циркт ирснийг мэдмээр санагдаж байна. Эндээс яриагаа эхлэх үү?

-Завхан аймгийн Сонгино сумынхаа сургуульд хоёрдугаар анги төгсөөд есөн настайдаа хотод орж ирсэн. Гуравдугаар ангид орох жилээ Улсын циркт туршилтын гурван сарын хугацаатайгаар Төрийн шагналт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш багшийнхаа шавь болсон доо. 1958 оны долдугаар сард, наадмын үеэр манай ээжид захидал ирсэн юм билээ. “Хэрэв та бүхэн амьдралын боломжтой бол охиноо циркт авчирч шалгуулаарай” гэсэн байж. Түүнээс өмнө урлагийн мастерууд баруун аймгаар тоглолт хийж явахад нь Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Мажигсүрэнд манай биеийн тамирын багш хүсэлт тавьж, намайг шалгуулахад “Их уян биетэй хүүхэд юм. Гэхдээ буруу сурч байгаа юм байна” гэж хэлсэн юм билээ.

Тэр үед Гавьяат жүжигчин Д.Ягаанцэцэг, анагаах ухааны доктор, профессор Ж.Цэцгээ бид нар гурван сарын хугацаатай туршилтаар сурсан. Тэр хоёр Гавьяат жүжигчин Ж.Дамдинсүрэн, би Цэндээ багшийн шавь болж сураад гурван сарын дараа шалгуулахад би гологдсон. Гавьяат жүжигчин Д.Норовцэрэн гуай Уран сайхны зөвлөлд байсан бөгөөд “Энэ холын аймгаас ирсэн хүүхдийн ажил амьдралыг нь алдуулалгүй эртхэн буцаая” гэсэн юм билээ. Тэгэхэд Цэндээ багш хүсэлт тавьж дахин гурван сарын хугацаагаар сунгуулж, намайг сургасан. Би рахиттай хүүхэд байсан юм болов уу даа. Загасны тос, Д витамин уулгаж, гурван сар сайн сургасан.

-Таныг циркт орох үед ямар ямар уран нугараач ажиллаж байсан бэ?

-Гавьяат жүжигчин Д.Мажигсүрэн, Д.Доржпалам эгч байсан. Д.Доржпалам эгч есдүгээр ангийн л хүүхэд байсан болов уу. Дунд сургуулиа төгсөөд их сургуульд орж өөр мэргэжил эзэмшээд явчихсан юм.

Тэднээс өмнө мэргэжлийн уран нугаралтыг анх хийсэн хүн нь миний багш Т.Цэнд-Аюуш. Өмнө нь уран нугаралтын элемент зарим үзүүлбэрт байсан түүхтэй. Төв театрын дэргэдэх циркийн дугуйланд Д.Гомбо, Ж.Раднаабазар гуай байж тэдэн дээр Г.Ирина гуай нэмэгдэж ажиллаж байсан гэсэн. Г.Ирина гуай Гавьяат жүжигчин Ж.Раднаабазартай акробат этюд хийдэг байсан юм билээ.

-Би өнгөрсөн жил Г.Ирина гуайн тухай нэвтрүүлэг хийхэд тэр хүн анх Улаан-Үдэд аялан тоглож байхдаа Оросын жүжигчний уран нугаралт хийхийг хараад Монголд авчирсан гэх юм билээ. Гэхдээ манай циркийн түүхэнд Гавьяат жүжигчин Г.Иринагийн тухай материал их хомс байдаг л даа. Та тэр хүнийг харж байв уу?

-Намайг анх ирэхэд Г.Ирина гуай байгаагүй. Москвад багшаар суралцсан болохоор манай багш, Ж.Дамдинсүрэн гуай хоёр л шинэ уран нугараачдыг хүлээн авч, зааж сургаж байсан.

“Ирина шиг тоглолттой хүн гарч ирэхгүй нь” гэх мэтээр түүний тухай ахмадууд их ярьдаг байсан санагдана. Першин дээр тоглож байгаад унаж бэртсэн юм уу даа. Тэр хүнийг бэртэлтэй байхад Уран сайхны зөвлөлийн шийдвэрээр манай багшийг оронд нь ажиллуулсан гэдэг. Нэг удаагийн хурал дээр л их гомдолтойгоор үнэмлэхээ хаяад гараад явчихсан гэсэн.

Дараа нь би Дарханд тоглож байхдаа Л.Нацаг багштай хамт Г.Ирина гуайнд очиж хоол идэж байсан. Хүүхэд болохоор юу мэдэх вэ дээ. Сайхан өндөр, туранхай биетэй, манай багшаас насаар ахимаг эмэгтэй байсан.

-Монголын циркчдийн дундаас төрсөн анхны эмэгтэй Гавьяат жүжигчин Г.Ирина гуай боловч их л бага дурсагддаг юм байна гэж ойлгоод байгаа. 1940-өөд онд ийнхүү Монголын урлагт уран нугаралт орж ирээд, хөгжлийнхөө үе шатыг давж явсаар өдгөө дэлхийн алдартай бүх том шоу, цирк, соёл амралтын хүрээлэн, аяллын усан онгоцон дээр манай уран нугараачид тоглодог боллоо. Дэлхийн хэмжээнд Монголын уран нугаралт хүлээн зөвшөөрөгджээ. Үүнд юу нөлөөлсөн юм бол?

-Монголын циркийн сургалт бол орос суурьтай. Анх Цэндээ багшийн уран нугаралтын үзүүлбэрийг Елена Алексеевна Шкунова багш тавьсан байдаг. Энэ хүн бол А.М.Волошин багшийн гэргий. Багш маань тэр үзүүлбэрээрээ Дэлхийн залуучууд, оюутнуудын их наадамд амжилттай оролцсон. Гэхдээ тэр үед багш зубник зууж тэнцээгүй. Дараа нь Гавьяат жүжигчин Д.Мажигсүрэн багш зубник хийж орж ирсэн. Д.Мажигсүрэн гуайн багш нь хэн гэдгийг би мэдэхгүй. Г.Ирина байж магадгүй. Прагын наадмаас эхлээд хоёр, гурван том арга хэмжээнд тэр үзүүлбэрээрээ Мажигаа багш орж байсан.

Намайг Циркт ирэхэд буюу 1958 онд хятадын циркийн том хөтөлбөр манай улсад тоглосон юм билээ. Хятадын циркчдийн холбооны тэргүүн Ша Жи Хуа тэгэхэд тэнцвэртэй уран нугаралт хийсэн байдаг. 30 гартлаа нугарч, Монте Карлогийн тэмцээнээс шагнал хүртсэн хүн шүү дээ. Тэднийг ирсний дараа буюу 1959 оны арванхоёрдугаар сард миний үзүүлбэр бэлэн болж, хоёр сар тоглоод хаагдсан. Яагаад хаасан гэхээр циркийн удирдлагуудад дээрээс “Энэ уран нугараачийн үзүүлбэрийг Хятадын жүжигчдийнхээс илүү, онцгой шинэ санаатай болгож, эрэл хайгуул хийгээд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор тоглуул” гэсэн чиглэл өгсөн юм билээ. Улмаар намайг хоёр жил шахам бэлтгэл хийлгэж, Цэндээ багш маань шинэ зүйл судалж, ваартай уран нугаруулах санаа олж, сонгодог трюктэй болгосон. Би бол хийсэн л хүн, бодож боловсруулсан нь миний багш. Тийм л нарийн бодлоготойгоор энэ уран бүтээлийг хөгжүүлсэн гэж хардаг.

Д.Мажигсүрэн гуайг Хятадад аялан тоглох үеэр тус улсын циркчид 10 гаруй хүүхэд дагалдуулж сургасны нэг нь Ша Жи Хуа юм билээ.

-1989 онд биднийг Хятадад тоглохоор очиход Ша Жи Хуа “Мажигаа багш аа” гэж ирээд мэндэлж байсныг санаж байна. Үзүүлбэрийг дэглэж байхдаа багш тань Г.Занабазарын бурхны хөдөлгөөнөөс санаа авсан уу?

-Багш миний үзүүлбэрийг сонгодог хэлбэрээр тавьсан. Тэгэхдээ үндэсний хээ угалзаас санаа авч, биеийн хэлбэр, хөдөлгөөнийг дэглэсэн. Бурхны хөдөлгөөнийг оруулаагүй. Тэр үед хориотой байлаа шүү дээ. Гэхдээ нүцгэн нугарахад дасаагүй Энэтхэг, Хятадад тоглохдоо би суулт, хөдөлгөөндөө тиймэрхүү өнгө аяс оруулаад эхэлчихдэг байсан юм.

-Монгол бүсгүйн уян налархай бие дээр үндэсний тавилттай, хөгжим, дэглэлттэй үзүүлбэр бэлтгэн хүргэснээр Орос, Хятадын алинд ч байхгүй цоо шинэ уран нугаралтыг бий болгосон гэж ойлгож болох нь ээ. Бас хос уран нугаралтыг Мажигаа багш эхлүүлж, харин та агаарт нугаруулж, бас олуулаа уран нугарах өөрчлөлт хийсэн байх аа?

-1971 онд Монголын анхны нугараач гэдэг утгаар Цэндээ багшид, хилийн чанадад Монголын урлагийг сурталчилсан гэдгээр нь Мажигаа багшид, Монголын уран нугаралтын сонгодог трюкийг биеэрээ бий болгосон гэж надад Төрийн шагнал өгсөн. Биеийн уян хатныг, хүчний дасгалтай хослуулснаараа миний нугаралт онцлогтой байсан. Яг л сонгодог бүжгийн дэгээр тоо барьж дасгал хийдэг болсон.

Анхны хос нугаралтыг Цэндээ багш тавьсан. Манай багш сонгодог, Мажигаа багш ардын маягийн хөдөлгөөнтэй гэдгээрээ ялгардаг. Гэтэл би бас гурав дахь багш нь болсон хэдий ч өөрийн гэсэн онцлоггүй байсан учраас багш маань намайг эрэл хайгуул хий гэж даалгасан. Анхны хоёр шавьдаа би өөрийнхөө үзүүлбэрийг бараг хуулаад тавиад өгчихсөн юм шүү дээ.

Би гадаадад тоглож байхдаа юу эрэлттэй байна, яаж хийвэл хүний анхаарал татах бол гэж ажиглаж, судалдаг байсан л даа. Тэр үед модерн бүжиг хит болж байсан учраас могой шиг хэлбэрээр уран нугаруулах санааг олсон. Бас каратегийн хөдөлгөөнтэй хослуулсан уран нугаралт хийж болох юм гэж харсан. Дөрвөн хос уран нугаралт хийнэ ч гэж бодсон. Италиас могойны хувцсаа авчирч, дөрвөн хос нугаралтаа харь гаригийнхан дэлхий дээр ирээд буцаж байгаа тавилттай байлгахаар төсөөлсөн байлаа. Гэхдээ техникийн боломж бүрдээгүй учраас тэгж хийгээгүй. 1995 онд могойны уран нугаралтаараа “Хаврын баяр”-т оролцож түрүүлээд, дараа нь Уханьд уригдсан. Үүгээрээ намайг Монголын уран нугаралтад шинэчлэл хийлээ гэж тухайн үеийн циркийн шүүгч нар дүгнэж байсан юм.

-Тэр тухай сонссон юм байна. Дараа нь манай гурван жүжигчин Буриадын циркийг үндэслэн байгуулахаар очиж, Ц.Сэлэнгэ таны энэ үзүүлбэрийг шавь нараараа тоглуулж Учао, Монте Карлогоос шагнал авсан байдаг.

Саяхан та бид хоёр 350 уран нугараач Төв талбайд нугаруулах ажлаар бүх аймаг, хотоор явж уран нугараачдыг бүртгэж шалгахад 380-аас давж байсан. Гадаадад тоглож байгаа жүжигчдээ нэмбэл 500 хүрэх нь. Манайх шиг ийм мэргэжлийн хэмжээнд, олон уран нугараачтай болсон улс байдаг юм болов уу?

-Монголын уран нугаралт ингэж өндөр хөгжсөн нь Төрийн бодлоготой салшгүй холбоотой. Намайг 18-хан настай байхад Гавьяат жүжигчин болгосон. Энэ нь миний хийсэн уран бүтээлд биш, цаашид хийлгэх гэж олгосон шагнал байсан. Ингээд залуудаа шагнал авангуут бусад хүн ч бас уран нугараач болбол амжилтад хүрч, гадаад, дотоодоор явдаг юм байна гэж ойлгоод хүүхдүүдээ циркт өгч, анх ганц байгаад гурав болсон уран нугараачдын тоо өсөн нэмэгдсэн. Гэхдээ Монголд уран нугараачид огт байгаагүй юм биш. Аль дээр үед, “Саранхөхөө” театрт үегүй мэт уран нугардаг бүсгүйчүүд байсан тухай түүхэн баримт бий. Ингээд бодохоор уран нугаралт Монголд ардын язгуур урлагийн хэмжээнд хүрчихсэн хэрэг. Өөр ямар ч оронд ингэж хөгжөөгүй. Зөвхөн сургуульд нь сурсан цөөн хүн л уран нугардаг.

Монголын уран нугараачид уян хатан биетэйгээс гадна хүчний нарийн тэнцвэртэй харилцааг бий болгосон учраас ингэж алдаршсан гэж үздэг. Бас 40-50 нас хүртлээ ч уран нугарч байна шүү дээ.

-Т.Цэнд-Аюуш багшийн шавь, “Нарны цирк”-ийн “О” шоуны багш Ж.Эрдэнэчимэг одоо бараг 60 дөхөж байгаа. Саяхныг хүртэл нугарч байсан гэсэн, үнэн үү?

-Үнэн үнэн. Хатуувтархан нугарна л даа. Ж.Эрдэнэчимэг 50 гаруй настайдаа нугарсан. Бас Гавьяат жүжигчин Л.Энхцэцэг нугарч л байна. Тухайн хүний биеийн уян хатан байдал, төрөлхийн чадвараас шалтгаалаад янз бүр байдаг л даа.

-Та ч бас “Нарны цирк”-т олон жил багшилсан. Анзаараад байх нь ээ, тэр том циркүүд таныг уриад багшлуулж байхдаа ч монгол хүүхдүүдийг өгч, бэлтгүүлдэг. Тэгэхээр монгол хүний онцлог байгааг тэд мэдсэн байна уу?

-Манай сургалтын арга барил л тийм өвөрмөц онцлогтой. Хятадууд тэнцвэрийн чадвар илүү сайн байдаг болохоор би ч бас хятад хүүхэд сургаж байхдаа түүнээс суралцаж байсан.

-Үнэхээр гайхамшигтай, бахархмаар урлаг хэдий ч харамсмаар зүйл бас байна аа. Дэлхийд гайхагдаж байгаа энэ монгол брэндээ бид алдаршуулж, нэг танхим байгуулаад авсан шагналуудаа тавьчихаад, сургалтын дэгээ сурталчлах, музейтэй болж болдоггүй юм болов уу?

-Төрийн бодлого л алдаатай байгаа хэрэг шүү дээ. Дээр үед гадаад дахь тоглолтыг Д.Мажигсүрэн, дотоодын тоглолтыг Б.Норовсамбуу хариуцна. Тэр багшийн шавь таван жилийн дараа тийм тэмцээнд оролцоно гээд нэгдсэн бодлоготой явдаг байлаа.

Ямар төрөл илүү хоцрогдож байна вэ, мэргэжилтнүүдээ яаж бэлтгэх үү гэх мэт нарийн төлөвлөгөөтэй ажиллаж байжээ. Одоо тийм зүйл алга.

-Хоёулаа уран нугаралтын 20 гаруй студи, сургалтын төвд очиж хүүхэд шалгасан шүү дээ. Тэгтэл бас АСА цирк дэргэдээ Монголын уран нугаралтын академи гэж байгуулаад Асашёорюү Д.Дагвадорж аваргын ээж Х.Пүрэвбадам тэргүүнээр нь ажиллаж байна. Энэ зөв үү?

-Академи гэж байгаа бол тэндээс олон улсын тэмцээнд орох, шагнал авах хэмжээний үзүүлбэр бэлтгэх хэрэгтэй. Би энэ тухай бас Х.Пүрэвбадамтай ярьж санал бодлоо хэлсэн.

Нэг багш дээр 10-аас илүү хүүхэд авалгүй, тулж ажиллах боломж олгохоос гадна хэнээр ямар хичээл заалгах вэ гэдгээ бодож төлөвлөх ёстой. Энэ сургалт ямар ч хөтөлбөргүй явж байна. Сунгалтыг нь хэн, хэрхэн заах вэ, ямар трюк хийлгэх вэ гээд тусгайлсан хөтөлбөр гаргаж ажиллах ёстой байтал мөнгөний сонирхолтой ийм сургалт явуулж байгааг би ойлгодоггүй. Академи гэж байгаа бол би биш юм гэхэд Цэндээ багшийн шавь Т.Буд эсвэл Гавьяат жүжигчин Л.Энхцэцэг үүнийг авч явах ёстой.

Уран нугаралтын сургалт явуулж байгаа хүмүүсээс би дээр дурдсан хоёр хүнээс гадна Эрдэнэтийн Дэлгэрцэцэг, танай гэргий Д.Отгонцэцэг гээд цөөн хүнийг л хүлээн зөвшөөрнө. Хундагаа бас л мэргэжлийн болох гээд явж байгаа юм билээ. Багшлах гэдэг чинь огт өөр ажил. Би хэдийгээр өөрөө уран нугардаг байсан ч ямар гартай хүүхдэд хэрхэн стойк хийлгэхээ мэдэхгүй, багшаараа заалгаж байсан. Сургалт явуулж байгаа энэ багш нарыг зуны сургалтад хамруулж зааж, зөвлөж явах ёстой юм. Тэгэхгүй бол бид хөдөө, орон нутгаар явж байхдаа хүүхдийн бие, сэтгэл, эрүүл мэндээр тоглосон арилжааны шинжтэй сургалтын төвийг зөндөө л харлаа шүү дээ. Энэ нь тухайн хүүхдийн ирээдүйд маш аюултай шүү дээ.

-Монголын уран нугаралт эдүгээ дэлхийд шагшигдаж байгаа ч энэ эрчээрээ хэр олон жил явах бол?

-Мэргэжлийн багш, найруулагч бэлтгэхгүй бол сөнөнө. Ардын урлагийн хэмжээнд, өсөлтгүй нэг байрандаа байлгаад байж болохгүй. Хэн дуртай нь сургалтын төв нээж, эцэг, эхчүүд ч дур зоргоороо 4-5 настай хүүхдээ сургахаар өгч байна. Би долоогоос дээш насны хүүхдийг сургадаг. Уран нугаралт нь гимнастик болон бусад спортын төрөлтэй адилгүй шүү дээ. Тэр хэцүү сунгалт, нурууны уян хатан байдал шаардаж байгаа урлагаар хэт багаас нь хичээллүүлбэл хүүхдийнхээ эрүүл мэндээр тоглоно.

Циркчид яг өнөөдрийн байдлаар орон гэрээсээ хөөгдчихсөн, бэлтгэл хийх өрөө тасалгаагүй, хаа дуртай газраа түрээсийн байранд сургуулилалтаа хийгээд явж байгаа нь алдаа завхрал юм.

Монголын цирк анх сонгодог хэлбэрээр үүссэн. Үүнийг ЗХУ-ын мэргэжилтэн Юрий Дмитрий хүлээн зөвшөөрч онцолсон байдаг. Тэгвэл одоо сонгодог хэлбэрээр үүссэн цирк маань гудамжны хэмжээнд явж байна. Зай талбай, тоног төхөөрөмж нь байж л хөгждөг урлаг шүү дээ.

-Бид бүгд л энэ бүхнийг ойлгож, мэдэрч, харж байна. Амьтан сургалт, агаарын үзүүлбэр, илбийн гайхамшиг гээд байсан бүхэн маань алга болоод байна. Яах хэрэгтэй юм бол оо?

-Эргээд тэр түвшиндээ хүрэхийн тулд бидэнд байр, тоног төхөөрөмжөөс гадна 10 гаруй жилийн хөдөлмөр хэрэгтэй. Казахстан шиг хувьчилсан циркээ эргүүлж аваад өгдөг ч болоосой. Тэгвэл манай жүжигчид цалингүй ч байсан уран бүтээлээ хийгээд, өөрсдийнхөө зардлыг тоглолтоосоо олоод, гадаад руу яваад ирнэ.

Зөвхөн өвөл халаалтын зардал, цахилгааны төлбөрийг л өгчихдөг бол Монголын циркчид ажиллахад бэлэн байна. Тэр хувьчилж, зарсан мөнгөө энэ хүмүүст нь өгөөд циркийг маань аваад өгчихдөг ч болоосой.

-Эцэст нь танд сүүлчийн асуултыг үлдээе. Хэлж сануулахыг хүссэн зүйл байвал энд та яриарай.

-Циркчдэд байр хэрэгтэй. Би Монголын үндэсний циркт ажилладаг хэрнээ л 14.00 цагаас хойш энэ байранд бэлтгэл хийж болохгүй гэнэ. Хийнэ гэвэл цахилгааны төлбөр шаардаж байна.

Монголын бахархал болсон 350 уран нугараачийг Төв талбайд нугаруулна гэчихээд зардал мөнгийг нь шийдэхгүй, хувцсыг нь оёхгүй байсаар сар хүрэхгүй хугацаа л үлдлээ. Дэлхийд гайхагдах өв соёлоо харуулах гэж байгаа юм шүү гэж бодоод энэ том байгууллагын захирлууд энэ үйл ажиллагааг ивээн тэтгээсэй.

Д.Дагвадорж аваргаас онцгойлон хүсмээр зүйл бас байна аа. Энэ хэдэн хүүхдээс түрээсийн төлбөр нэхэлгүй ганцхан сар бүтэн цагаар бэлтгэл хийлгэх боломж олгооч ээ. Байраараа ивээн тэтгээч ээ гэж би гуйж байна.

Урлаг, уран бүтээлийг зөвхөн зоосны нүхээр харж болохгүй шүү. Урлаг бол хүний ухамсарт нөлөөлж, хүнийг хөгжүүлж байдаг гол хөдөлгөгч хүчин юм шүү.

Тэмдэглэсэн Ж.СОЛОНГО

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай