Та нартай туждаа хамт яваа шүү

С.ЭРДЭНЭ (УИХ, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд)


Хүний амьдрал маш энгийндээ сургамж, итгэл, хүсэл мөрөөдөл гурвын цогц юм гэж би боддог. Өөрөөр хэлбэл, өчигдөр, өнөөдөр, маргааш гурвын нэгдэл гэсэн үг л дээ. Өчигдрөөсөө сургамж авч, өнөөдөртөө итгэж, маргааш хийж бүтээх бүхнээ мөрөөдөж, зорьж амьдрахад минь “Өнөөдөр” сонин, түүнийг амьдруулагч хамт олон 20 жилийн турш тууштай нөхөр минь байж чадсан болохоор би танай сонинд итгэдэг түнш чинь болсон юм аа.

20 жил би ч та бүхэнтэй хамт байж чадлаа, та бүхэн ч надтай хамт байж бас чадсан. Задгай мэдээлэл ноёрхсон энэ цаг үед маш энгийн хэдий ч үнэний талд баттай зогсож, түүнд тууштай үйлчилнэ гэдэг тийм ч хялбар зүйл биш. Үүнийг тодорхой зорилготой, түүндээ үнэнч, чадвартай, нэгдмэл хамт олон хийж чадна. Танайхан бол тийм л хамт олон.

Цаг үеэ мэдэрсэн, чухамхүү өнөөдөр л хэлэх ёстой тийм мэдээ мэдээлэл, нийтлэл, сурвалжилгуудыг өөрийн эрхгүй унших хорхой хүрэм чадварлагаар бичиж чаддаг авьяаслаг олон сэтгүүлчийн тань бичсэнийг уншиж, шүүрс алдах үедээ шүүрс алдаж, ухаарах үедээ ухаарч, тунгаах үедээ тунгааж, та нартай туждаа хамт яваа шүү гэж хэлэхэд таатай байна. Ард тань та бүгдийн туулсан 20 жилийн мөр дурайж, урд тань та бүгдийн туулах олон олон 20 жилийн ирээдүй тосож байна. Өнөөдөр бүхэнд өнөөдрийнх шигээ үнэнч яваарай гэж хүсье. Урлан бүтээх ганзгыг тань маргаашийн тань ӨНӨӨДӨР-өөр мялаая.


Энэ тухай