“Монголын Их Гурвал” бүрдчихжээ

Алдарт хөгжмийн зохиолч Чайковскийн нэрэмжит сонгодог хөгжмийн олон улсын наадам ОХУ-ын Засгийн газар, Соёлын яамных нь ивээл дор Москва хотноо 4 жил тутамд зохион байгуулагддаг уламжлалтай. Нэр хүнд өндөр, цар хүрээ өргөнтэй энэ наадам “Сонгодог урлагийн олимп” гэгддэг аж. Чайковскийн нэрэмжит 2015 оны олон улсын 15 дугаар наадмын эрэгтэй /vocal, male/ дуучны төрөлд Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар түрүүлж, нэгдсэн гала концертын “Гран при” шагналыг давхар хүртжээ. Наадмын “Гран при” шагналыг уралдааны өнгөрсөн хугацаанд ердөө 3 хүн хүртсэн, тэдний нэг нь манай Ариунбаатар. Бахархмаар. Шүүгч нарын оноонд хүрэхгүй бол заавал ялагч тодруулах гээд байдаггүй нь тус наадмын чансааг бас илтгэнэ.

Их Британийн хэвлэлийн гигант ВВС агентлагаас “Cardiff Singer of the World” олон улсын дуурь дуулаачдын наадмыг 1983 оноос уламжлал болгон 2 жил тутамд зохион байгуулдаг аж. Мэргэжлийн дуурь дуулаачдын дунд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн, ялангуяа барууны орнуудад өндөр нэр хүндтэй, алдартай наадам. 2015 оны “Cardiff Singer of the World” олон улсын наадамд Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин оролцон хүчтэй өрсөлдөж, “Audience Prize” үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртжээ. Тэрээр урьд нь 2011 оны Чайковскийн нэрэмжит наадмын дэд байрт шалгарч байсан удаатай.

Хуучин ЗХУ-ын ардын жүжигчин Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын 2015 оны уралдаанд 20 гаруй орны 200 орчим хүн өрсөлдсөнөөс манай улсын Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадрал дэд байрт шалгарчээ. Тэрээр өмнө нь олон улсын нэлээд уралдаанд тэргүүн, тусгай шагнал хүртэж байсан юм байна.

Социализмын үеэс уламжлан Монгол Улсын дуурийн урлаг өндөр түвшинд хөгжжээ. Мэргэжлийн дуучин бэлтгэх залгамж нь азаар тасарсангүй. Багш нарын гавьяа зүтгэл их нь мэдээж. Дуурийн дуучид маань зөвхөн 2015 онд гэхэд дээр дурдсан өндөр амжилтыг олон улсын тавцанд гаргав. Гэтэл ямар ч салбарт, гайгүй сайчуудаа хооронд нь өрсөлдүүлэх, хутгах сонирхолтой “Монгол зан” тэднийг зүгээр суулгахгүй бололтой. Үр дагаварыг нь таахад бэрх. Гарц байна.

Дуурийн алдарт “The Three Tenors” болох Италийн Лучиано Паваротти, Испанийн Пласидо Доминго, Хосе Каррерас нарын гурвалыг бүх дэлхий андахгүй. 1990 онд Испанийн дуучин Хосе Каррераст зориулсан буяны тоглолт дээр энэ гурвал анх хамт дуулсан түүхтэй.
“The Three Tenors” 1994-2003 онд, бүтэн арваны турш дэлхийн 16 оронд нийт 34 удаа концерт тавьжээ. Тэдний гаргасан цомог бүр амжилт олсон. Энэ гурвал 1994, 1998, 2002 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд дуулж байсан удаатай. Гайхамшигтай.

Дээрх гурван тенор шиг алдартай байж болох “гурван баритон” Монголд төрчихсөн биш үү. “Mongolia’s three baritons” Ариунбаатар, Амартүвшин, Бадрал.
Гурван дуучин хамтраад олон улсын зах зээлд гарах хэрэгтэй. Энэ талаар манай урлаг, соёлын мэргэжилтнүүд зөвлөмж, саналаа хэлэх ёстой. Тус бүртээ мөрөө хөөж дуулаад тодорхой амжилтад хүрнэ. Харин “The Three Tenors” шиг “Mongolia’s three baritons” гэсэн гурвалаар стратеги, бас маркетингаа хийгээд зүтгэхэд илүү амжилттай байж болно. Монголчууд бид дотооддоо биш харин гадагш гарч өрсөлдөх хувь тавилантай. 
Олон улсын зорилтот зах зээлд экспорт хийх Монгол Улсын соёлын үйлдвэр “Culture industry” энэ байж болохгүй гэж үү. Зөвхөн маркетинг, менежмент хийх тухай асуудал биш, харин тодорхой салбарын бодлого, санхүүгээр дэмжих шаардлага гарна байх.

“The Three Tenors” шиг дэлхийн улс орнуудаар 10 жилийн турш аялан тоглож, олимп, дэлхийн аварга шалгаруулах спортын тэмцээнүүдийг нээж дуулах, хамгийн чухал нь “нүүдэлчин Монгол”-ыг биш харин “сонгодог Монгол”-ыг дэлхийд сурталчлах “Mongolia’s three baritons”-ыг мөрөөдье. Боломжгүй биш. 
Нэмэр үг номын хэсгээс авав

АСЕМ-ийн үеэр дуулуулах хэрэгтэй.

Манай сайтын уншигч Б.Батбаатар энэхүү захиаг ирүүллээ

2016.06.17 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)

Илгээх

Энэ тухай