Д.Сэрээтэр: Улсын начин болоход аав минь “Миний хүү овоо доо. Гэхдээ чи чөлөөт бөхөөр явбал дээр шүү” гэж билээ

1971 онд Софид болсон чөлөөт бөхийн ДАШТ-д Монголын бөх Д.Сэрээтэр тав ялж, нэг тэнцэн, огт өвдөг шороодоогүй хэрнээ халаасны оноо нь дууссан тул тухайн үеийн дүрмээр барилдаанаа өндөрлөн, VI байрт орсон юм. Тэр үед манай бөхтэй таарч барилдаагүй тамирчин алтан медаль хүртсэн бол Д.Сэрээтэрт ялагдсан бөх нь мөнгөн медаль авсан юм. Дэндүү шударга бус энэ явдалд Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо дүгнэлт хийн, дүрмэндээ өөрчлөлт оруулсан түүхтэй.

Ингэснээр халаасны оноо гэдэг орооцолдсон утгагүй зүйлийг үгүй болгож, барилдаанд ялсан бөх цаашид дэвшиж барилдах нөхцөл бүрдсэн гэдэг. Бөмбөрцгийн олон бөхийн нулимстай ялагдлыг эцэс болгоход өөрийн барилдаанаар үлгэрлэсэн гавьяатан болохоор нь олимп, дэлхийн олон удаагийн аварга, дэлхийн алдарт бөх Л.Тедеашвили “Сэрээтэрийг дэлхийн аварга болоогүйд үнэхээр харамсаж явдаг. Түүн шиг бөх ховорхон шүү” хэмээн өмнөөс нь халагласан биз.

48 жилийн тэртээ Мехикогийн зуны олимпын наадамд манай бөхчүүд одтой сайхан барилдаж, дөрвийн дөрвүүлээ медаль хүртсэний нэг нь Монгол Улсын Ардын багш, Гавьяат тамирчин, улсын харцага Данзандаржаагийн Сэрээтэр гэдгийг монголчууд андахгүй. Олимп, дэлхийн хос медальт энэ эрхэм хүнийг “Хоймор”-тоо урьж хөөрөлдөхөөр төрсөн нутаг буюу Төв аймгийн Лүн суманд нь очсон билээ.

-Төрж өссөн нутаг тань хоттой ойрхон болохоор та байсхийгээд л наашаа гүйдэг байх даа?

-Тэгнэ ээ. Жилд 2-3 удаа нутагтаа заавал ирнэ. Сумын төвийн баруун талаар урсаж байгаа Туул голын цаад талын тэр өндөр хар уул миний төрсөн бууц юм. Хангай хайрхнаа харахаар өөрийн эрхгүй аавын минь төрх нүдэнд тодроод ирдэг. Аавын минь шүтэж ирсэн уул байгаа юм. Манайх энэ хайрхнаа тойроод өвөлжиж, зусдаг байлаа.

-Багадаа Туулын эрэг дээр “хөх үдээр” болтлоо тоглож өссөн байлгүй. Бага насныхаа сайхан дурсамжаас хуваалцахгүй юу?

-Зун болохоор Туулынхаа эрэг дээр ёстой л цэлдэн хөх болтлоо тоглож өссөн дөө. Одоо Туул маань хүн байтугай мал тоож уухааргүй болтлоо бохирджээ. Хөвөөнд нь очиход л өмхий үнэртээд удаан байхын эцэсгүй болж. Улаанбаатарынхан хамаг л муу муухайгаа Туул руу урсгасаар ингэтэл нь бохирдуулчихлаа шүү дээ. Энэ гол ямар сайхан тунгалаг байсныг би мэдэх учраас одоо байгааг нь харахаар “Даанч дээ” гээд нулимс гарах шахдаг.

Манайх их олон малтай айл байсан. Дүү, бид хоёр аавд тусалж, гар, хөлийн үзүүрт их зарагдана аа. Ээж минь эрт өөд болсон учраас миний аав хоёр жаахан хүүгээ өсгөхийн хажуугаар 3-4 азарга адуу, 700-гаад хонь, 300 орчим ямаа, 70 гаруй үхэр адгуулах амаргүй байсан байлгүй. Сүүлд нэгдэлжих хөдөлгөөн эхлэхэд манайх 25 хонь, ганц үнээтэй үлдээд, бусдыг нь нэгдэлд өгч байлаа. Аав минь “Энэ миний хоёр хүүгийн өмч юм шүү” гэх мал хуй ч үлдээгээгүй. Тэглээ гээд муудаагүй ээ. Төр, түмэн олныхоо буянаар одоо бид сайхан л амьдарч байна.

-Та хэдэн настайдаа сумаасаа гарсан бэ. Танай удамд бөх байгаагүй гэдэг. Бөхийн спорттой холбогдсон нь тэгэхээр хувь тавилан юм болов уу?

-Тийм ээ. Хүнд хувь тавилан гэж нэг юм үнэхээр байдаг бололтой. Аав минь барилддаггүй ч их бяртай хүн байсан. Жин их тээдэг, морь сайн уургална, малд нүдтэй хүн байлаа. Лүнгийн долоон жилийн сургуульд сурч байхдаа би барилдаж ноцолддог л байсан. Манай сургуульд аймгийн заан Банзрагч, Бадамгарав гэж багш нар байлаа. Одоогийн дархан аварга Ж.Мөнхбат тэргүүтэй олон хүүхэдтэй дээл хувцсаа элтэл ноцолдож өссөн дөө. Тэгээд 1960 онд намайг долдугаар анги төгсөхөд манайх Улаанбаатар хот руу орсон. Дүү бид хоёр сургууль соёлын мөр хөөж, аав минь манаачаас эхлээд хийж болох ажил бүхнийг гололгүй хийж байв.

Нэг өдөр Мөөеөтэй таартал намайг нэг барилдаанд дагуулж очоод, дараа нь “Чи ер нь барилдах нөхөр байна. Спортын төв ордонд очиж, үндэсний бөхийн секцэнд хичээллэ” гэсний дагуу Б.Түвдэндорж аварга дээр очиж байлаа. Нэг их удалгүй ЗХУ-аас чөлөөт бөхийн дасгалжуулагч ирээд, “Чөлөөт бөхөөр хичээллэх хүүхэд сонгож авмаар байна” гэтэл Түвдэн багш хамгийн түрүүнд намайг барьж өгснөөр цаашдын зам мөр минь зурагдсан даа. Удалгүй улсын шигшээ багт орж, цалинтай тамирчин болоод, багагүй амжилт гаргасан нь миний заяа төөрөг ч биз. Хамгийн гол нь улс орон, ард түмнээсээ ганц адуу ч харамлаагүй, бүгдийг нь нэгдэлд өгсөн аавын минь цагаан сэтгэлийн буян заяа юм болов уу гэж залбирдаг юм.

-МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан таны Ардын багш цолны найран дээр “Улсын наадамд таван удаа шөвгөрсөн Д.Сэрээтэрийн амжилт давхардсан тоогоор гурван начин, хоёр харцага цолтой тэнцэнэ. Энэ бол бөх хүн цолондоо багтаж ядан, эзэн шиг эзэн болж явах үүргээ үлгэрлэн биелүүлсэн гавьяа” гэж үнэлсэн байдаг. Таны хөлд орох арга техник онцгой, бас их хурдан шаламгай барилдаантай бөх байсан гэдэг юм билээ. Одоогийн бөхчүүд тан шиг хөл авч чадаж байна уу?

-Чөлөөт, үндэсний бөх хоёрт аль алинд нь их хурдтай барилддаг гэж нөхөд маань хэлдэг л юм. Би өөрийнхөө хурдыг яаж мэдэх билээ. Надад мэх хийж, барилдаж байгаа зураг бараг байдаггүй. Зурагчид, сэтгүүлчдээс “Миний барилдааны зураг байвал өгөөч” гэхээр “Хурдыг чинь гүйцэж авч болохгүй байна” гэдэг байсан. Тэгэхээр ортой байх. Би жин, чац багатай учраас бусад бөхөөс хурдаараа л илүү байхгүй бол надад унах хүн олдохгүй. Тиймээс хурдтай байж, олон мэхний хувилбар хийхгүй л бол ганц мэхээр өрсөлдөгчөө ялах амаргүй. Бас сайн багш нар, чадварлаг бэлтгэл хангагчдын хичээл зүтгэлийн ачаар би огт ядардаггүй байсан.

Одоо манай чөлөөтийнхөн хөлд орох нь орж байна. Гэхдээ хөлд ороод, оноо авч чадахгүй байхыг бодоход мэхээ даацтай хийхгүй байгаа юм болов уу даа. Би өрсөлдөгч бөхийнхөө хөлд орсон л бол гарцаагүй оноо авдаг байсан. Гэхдээ тэр үед хөлд нь ороод, дэвжээний дотор л унагахгүй бол оноо авахгүй. Харин одоо том мэхэнд шууд таван оноо өгч байна. Хөдөлгөөн болгон үнэлгээтэй, сайхан л болж. Тиймээс одоо манайхан хөлд л сайн орж сурах хэрэгтэй. Хөлийг нь авсан байхад ямар ч сайн бөх тэвдэнэ шүү дээ. Ер нь үндэсний бөхийн зогсолт чөлөөт бөхөд дээд зэргээр нөлөөлдөг байсан гэж би боддог юм. Манайхан үндэсний бөхөөрөө сайн барилдвал хөлөө хамгаалж, тэнцвэрээ ч хадгалж сурна.

-1968 оны Мехикогийн олимпоос хүрэл медаль авчрахад тань төр, засгаас Алтангадас одон, 3000 төгрөгөөр шагнасан гэдэг бил үү. Тэр үеийн 3000 төгрөг гэдэг их мөнгө байх. Уучлаарай, гэхдээ анхны олимпын медальтнуудаа Монголын төр харьцангуй бага үнэлсэн юм шиг танд санагддаг уу?

-Бидний үед медаль авсан хүнд төдөн төгрөг өгнө гэсэн юм байгаагүй. Медаль аваад ирэхэд төр, засаг хэрхэн үнэлнэ, түүгээр л явдаг байлаа. Ж.Мөнхбат мөнгөн медальтай ирээд, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 4000 төгрөгтэй авсан байх. Би Алтангадас одон, 3000 төгрөгөөр шагнуулсан. Бид хоёрын хувьд өмнө нь гавьяат цол авчихсан байсан учраас гомдоод байх зүйлгүй. Харин Т.Артаг, Ч.Дамдиншарав хоёрыг Хөдөлмөрийн хүндэт медаль, 3000 төгрөгөөр ч бил үү шагнасан нь тэдний хөдөлмөр зүтгэлийг үнэхээр доогуур үнэлсэн гэж боддог.

Артаг маань бүр 1991 онд гавьяат цолоо авсан шүү дээ. Одоо ч шал өөр болж дээ. Тамирчид өөрсдөө л сайн хичээж, бэлтгэл сургуулилалтаа хийвэл, бас багш дасгалжуулагчид нь “Энэ миний шавь”, “Тэр хүний шавь” гэсэн ялгавартай сэтгэлээр хандалгүй, шударга байвал спортынхныг улсаас шагнаж урамшуулах болзол нь тодорхой болчихлоо. Дээрээс нь компани, албан байгууллагууд байр сууц, машин тэрэг хүртэл бэлэглэж байна шүү дээ.

-Харин жирийн монголчууд тухайн үед олимпын наадмын талаар хэр ойлголттой байсан бол?

-Манай монголчууд бөхөө хүндэтгэн дээдэлдэг ард түмэн шүү дээ. Хэдийгээр тэр үед зурагт, интернэт байхгүй ч биднийг ДАШТ, олимп зэрэг томоохон тэмцээнд явахад “Манай тэр бөх тэмцээндээ яажшуухан оролцож байгаа бол” гээд нэг нэгнээсээ асууж сураглана. Зарим үед улаанбаатарчууд тэмцээний мэдээ сонсох гэж МОНЦАМЭ-гийн үүдэнд шавчихаад, урд талын зам нь битүү хүнтэй болдог байсан гэж улсууд ярьдаг юм. Монголд олон улсын тэмцээн зохиогдоход үзэгчид Спортын төв ордонд багтахгүй. Залуучууд бие бие дээрээ давхарлаж зогсоод, цонхны гаднаас үздэг байв. Голд нь эсгийгээр хийсэн ганц дэвжээтэй, тэндээс нь шороо бужигнаад жигтэйхэн. Тийм л нөхцөлд тэмцээн уралдаан болдог байлаа.

-Та нарын үед хангамж сайн байсан гэдэг. Харин янз бүрийн мэдээлэл хаалттай тийм цагт спортын анагаах ухааны хөгжил, эрдэм шинжилгээ ямар байсан бол. Сэргээх эм бэлдмэл гэж байгаагүй тул оронд нь 24-ийн чихэр өгдөг байсан гэдэг үнэн юм уу?

-“Би эх орон, ард түмнийхээ нэрийн өмнөөс барилдаж байгаа учраас төрийн далбаагаа заавал мандуулна шүү” гэсэн хатуу зорилготой, тэр итгэл үнэмшлээрээ бид уйгагүй хөдөлмөрлөдөг байлаа. Түүнийг нь улсаас ч маш сайн дэмждэг байсан. Тэр тусмаа 1968 оны Мехикогийн олимпод биднийг оролцох жил Ю.Цэдэнбал дарга ихээхэн анхаарал хандуулсан даа. Тэр жилийн наадмын дараа олимпод оролцох бөхчүүд Отгонтэнгэр ууланд очиж, ЗХУ-ын мэргэжилтэн Лоиск гэж багшийн удирдлагад есдүгээр сар гартал бэлтгэл хийж билээ.

Д.СЭРЭЭТЭР: Түвдэндорж багш, Норов начин хоёроор заалгаад зодог, шуудаг оёж сурсан

Учир нь тэнд Мехико хотын далайн түвшний өндөртэй адилхан тул агаарын даралт нь ч тун ойролцоо гэдгийг судалчихсан байсан хэрэг. Миний хувьд анх Отгонтэнгэрт очоод эхний үед толгой эргэж, хамраас цус гараад нэлээд хүнд байсан ч аажимдаа дасаад зүгээр болсон. Отгонтэнгэрийн амралтад бид хонины тарган мах чануулж идээд, тараг, айраг, сүү, цагаан идээгээ хэрэглээд, ууланд гүйж, хөлбөмбөг тоглож, бэлтгэлээ хангасан даа. Тэр нь бидний амин дэм болдог байсан учраас Мехикод манайхан өндөр амжилт гаргасан.

Одоогийнх шиг мэдэх мэдэхгүй элдэв юм хэрэглэчихээд допингийн асуудалд орооцолдохгүй, болоод л байсан юм. Цагаан баавгайны зурагтай 24-ийн чихрийг “Энийг идвэл биед чинь их хэрэгтэй” гээд өдөрт нэгийг өгдөг ч манай бөхчүүд юу гэж идэх вэ дээ, хуруудаж тоглоод нэгэндээ хураалгачихна (инээв). Тэр олимпын үеэр Япон, Зөвлөлтийн зарим бөхөд Мексикийн цаг уур, агаарын даралт тохирохгүй толгой нь эргэж, ухаан алдаад, дэвжээнээс дамнуургатай бууж байх жишээтэй. Тэгэхээр манайхны судалгаа шинжилгээ сайн байсан байгаа биз дээ.

Миний нэг онцлог гэвэл би маш их хөлөрдөг. Тэгэхээр өрсөлдөгч маань надаас барьц авч чадахгүй, гар нь хальтраад байдаг. Эцэж ядрахгүй, дээрээс нь шалба нортлоо хөлөрдөг байсан учраас ДАШТ-ий нэг барилдааны үеэр надаас гурван ч удаа допингийн шинжилгээ авч билээ. Тэгсэн олон улсын бөхийн холбооны нэг тэргүүлэгч бүр “Та нар Монголын Сэрээтэрээс хэдэн удаа шинжилгээ авдаг юм. Нэг удаа аваад болоо юм биш үү. Хүнийг барилдуулахгүй зовоогоод байх юм. Наад хүнээс чинь допинг илрэхгүй” гэж загнасан гэдэг. Жин их хассан, баахан хөлөрчихсөн учраас допингийн шинжилгээ өгөх гэхээр шээс гарахгүй, их хэцүү байдаг юм л даа.

-Хоёр сарын дараа олимпын наадам эхэлнэ. Таны бодлоор энэ жил манайхан хэр амжилттай оролцох бол?

-Зөв бодолтой, зөв удирдлагатай, алсын хараатай байцгааж, нэгдсэн нэг зорилгын төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж чадвал манайханд амжилт гаргах бүрэн боломж бий шүү. Монголын энэ сайхан байгаль, цаг уурын онцлог ч бидний хувьд том өгөгдөл. Яая даа гэтэл халууцуулдаг газар ч Монголд байна. Айхтар хүйтэн сэрүүн байлгадаг газар нь ч манайд бий. Тиймээс одоо сайхан залуу тамирчдадаа итгэл хүлээлгээд харж л сууна.

-Манайхан яагаад ч юм чөлөөт, жүдо, үндэсний бөх гээд хэдэн талд хуваагдчихаад байх юм. Жишээ нь, Монголын чөлөөт бөхийн хүнд жинг Ж.Чулуунбат гэдэг залуу ганцаараа тахалж явна. Монголд 120- 130 кг жинтэй өчнөөн бөх байсаар атал түүнд бэлтгэл хангагч олддоггүй гэхээр сонин юм шүү.

-Энэ бол бөхийн холбооны удирдлагууд болоод тухайн бөхийн багш дасгалжуулагчидтай холбоотой. Чөлөөт, жүдо, үндэсний бөхчүүдийг хооронд нь талцуулж тэмцэлдүүлэхийн оронд хэн сайныг нь дэмжээд, дээш нь гаргаж ирэхийн төлөө явах учиртай юм. Гэтэл одоо багш нар нь өөрийнхөө шавийг л дээш гаргаж, өөрсдөө нэр алдарт хүрэхийн төлөө яваад байх шиг анзаарагддаг. Тухайлбал, чөлөөтийнхөн үндэсний бөхийн клуб, дэвжээнийхэнтэй ойр хамтарч ажиллавал өнөөдөр Монголд Чулуунбат шиг хэд хэдэн залуу гарч ирэх боломж их бий.

-Та энэ санал бодлоо зохих хүмүүст нь хэлдэг үү?

-Хэлээд нэмэргүй юм байна шүү дээ. Хөгшин хүний үгийг хэн ч тоож сонсохоо больдог юм биш үү. Тэгэхээр хэлье ч гэж бодохоо больдог бололтой. Надаас асууж зөвлөх гээд зориод ирвэл хэлээд л өгнө.

-Ардын багш болтлоо та олон хүний гарыг ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн байж таарна. Шавь нартаа хэр өндөр шаардлага тавьдаг багш вэ?

-Багш болсноосоо хойш өнгөрсөн хугацаанд бүх аймгаас олон сайхан цолтон төрүүлжээ. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат хоёроос эхлээд улсын аварга, арслан, гарьд, заан, харцага, начин болсон олон бөх миний гараар дамжсан даа. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч байхдаа ч олон шавь төрүүлсэн. Намайг зориод, надад итгээд ирж байгаа залуусыг би цааш гэдэггүй.

Хамгийн гол нь “Миний тавьсан шаардлагыг биелүүлэх хэрэгтэй. Чадахгүй бол эртхэн зам мөрөө хөөсөн чинь дээр шүү” гэж л хэлдэг. Багш хүний хувиар болохгүй зүйлийг ч болгохын төлөө би хатуу шаардлага тавьдаг л даа. Хүн болгонд өөр өөрийн гэсэн хүрэх өндөрлөг байдаг. Улсын заанаас дээш ахихааргүй хүнийг “Чи чадсангүй. Ёстой хэрэг алга. Чи муу бөх байна” гэж хэлж ерөөсөө болохгүй. Багш хүн бүгдийг нь адилхан л хайрлах хэрэгтэй.

-Монгол эр хүний жудаг, ноён нуруу, ахас ихсээ хүндэтгэх уламжлал, ухаан үндэсний бөхөд илүүтэй шингэсэн байдаг болов уу гэж бид итгэсээр ирсэн. Гэтэл одоо энэ жудаг, ноён нуруу алдагдаад байх шиг...

-Цаг үе өнгөрөхийн хэрээр янз бүрийн шалтгаанаар аливаа юм өөрчлөгддөг л байх. Гэхдээ монгол үндэсний бөхөд байдаг жудаг, эрэмбэ ёс, дэг жаяг тийм ч айхтар дор орчихсон гэж би хэлэхгүй. Хэчнээн өндөр настай улсын заан байлаа ч энэ жил наадмаар түрүүлсэн арслан, аваргынхаа дээр гарч суудаггүй бичигдээгүй хууль монгол бөхөд үйлчилдэг. Энэ ёс одоо ч хэвээр байгаа гэж бодож байна. Яах вэ, одоо хэт задгай эрх чөлөөт байдал, зарим улстөрчийн увайгүй, ёозгүй үг, үйлдлээс болоод бөхчүүдийн дунд ахас дээдсээ хүндэтгэх ёсон жаахан алдагдах гээд байгаа тал байна.

Гэхдээ л наад зах нь монгол түмний уламжлалт өв соёл болох дээл, гутал, малгайгаараа бөхчүүд маань аль ч үед гоёсоор ирсэн шүү дээ. Социализмын үед биднийг монгол дээл, гуталтайгаа даргын өрөөнд орохоор “Халхайчихаад чи яаж байгаа юм. Ямар соёлгүй нөхөр вэ” гэж загнадаг байлаа. Тэгж загнуулан байж энэ өв соёлыг бөхчүүд өнөөдөр авч үлдсэн юм. Хөдөлмөрийн баатраараа Сэлбийн гүүрэн дээр, гудамжинд хуушуур хайруулаад, заруулж л байсан нийгэм шүү дээ, энэ чинь. Бид үүнийг бодох л ёстой юм даа. “Цаг цагаараа байдаг юм” гээд өнгөрсөн үеэ ад үзэж болохгүй.

-Өнөөдөр жинхэнэ монгол эр хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэг хэмжүүр үгүй болоод байна уу даа гэж эмзэглэдэг. Тогоо шанага, ор хөнжлийн хэрүүл хийсэн гэрийн эзнээс үр хүүхэд нь ямар үлгэр дуурайл авах бол гээд бодохоор дэндүү харамсалтай.

-Тийм шүү. Үлгэр дуурайл гэж айхтар зүйл монголчуудад байсан. Бөх ч бай, үгүй ч бай, ер нь гэрийн эзэн хүн уужуу, хүлээцтэй байх хэрэгтэй. Үр хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж, зодолдох шиг муухай зүйл үгүй. Хааяа балгачихаад ирэхээрээ уусан идсэнээ шингээж чадахгүй, эхнэр нь хэдэн үг хэлэхээр “чи, би”-дээ тулдаг шиг байгаа юм. Тэгээд хэн хэнийхээ үгийг даахгүй салж сарних дээрээ хүрдэг байж огт таарахгүй.

Хоёр сэтгэл нийлээд ханилсан бол анх хэлсэндээ л байх хэрэгтэй. Өнөөдөр болохоор “Чамд сайн сайн” гэж шон дээр суусан шаазгай шиг үглэж дуулчихаад, жаахан юм л болохгүй бол нисээд явчихдаг тийм эр хүн байгаад яах вэ. Эр хүн наслах тусмаа ханиа улам хайрлаж, хүндэтгэх учиртай юм. Залуу сайхан насанд нь авч сууж, түмэн бэрхшээл элдэв бүхнийг туулчихаад өтлөхөөр нь үг хаяад мэрээд байвал утгагүй.

-Ардын жүжигчин Н.Сувд гуайн тоглосон “Хань” киног үзэхээр бөхчүүдийн амьдрал, ар гэрийнхэн ямар зүйл туулдаг вэ гэдгийг илүүтэй мэдэрдэг юм. Таныг эзгүйд хань тань ар гэрээ авч явдаг байсан байлгүй.

-Ёстой л тийм. Бөхчүүдийн ар талыг дааж явна гэдэг амаргүй даваа. Намайг бэлтгэл сургуулилалт, тэмцээн уралдаан гээд завгүй, эзгүй байхад миний хань л хэдэн хүүхдээ өсгөсөн. Би хүүхдийнхээ шээс баасыг нэг өдөр ч цэвэрлэж үзээгүй. Тийм учраас “Бүхнийг энэ хүний нуруун дээр даатгаж орхиод, нэг их гавьяатай хүн шиг тэнэж явсан байж одоо ханьдаа үг хаяад яах вэ дээ” гэж би хувьдаа боддог. Одоо харин ч үр хүүхэд, ач зээдээ үлгэрлэж, дутуугаа гүйцээн, ханиа илүү хайрлаж амьдрах ёстой гэж хичээдэг юм.

-Танай охид Бүүвэйхүү, Дүүдэйхүү, Баасанхүү гэдэг нэртэй юм билээ. Охидодоо яагаад ийм нэр өгсөн юм бэ?

-Миний охидын нэрийг хамаатны ах маань өгсөн юм аа. Хүү хүсэж л тэгсэн байх даа. Дараа нь манайд хоёр сайхан хүү төрсөн л дөө.

-Та залуудаа од байсан байх аа?

-(инээгээд) Үхсэн хойноо, ямар юмных нь од байх вэ дээ. Одоогийн энэ сайхан мундаг хүмүүсийн дэргэд жирийн л амьдралаар амьдарсан хүн шүү дээ.

-Таны үед олны танил хүмүүсийн туулдаг байсан жаргал, зовлонг одоогийнхтой харьцуулахад их өөр байх, тийм үү. Адаглаад бүх зүйл хэт нээлттэй биш байсан тул олны хэл ам бага байсан болов уу?

-Хэл ам байхдаа байна аа. Хааяа үнэхээр ядраад, олигтой барилдаж чадахгүй байхад нэг бөхтэй таараад, ялагдчихвал “Өө, нөгөө сүрхий гээд байсан хүн чинь ийм амархан ялагдчихдаг юм уу. Энэ “махыг” зайлуулбал таарна” гэх тохиолдол цөөнгүй. Тэр үгэнд хүн харин гутарч, муу санаад байх шаардлагагүй юм. Барилдаж болохгүй, үхсэн могой шиг гулзайж ядрах өдөр гэж үнэхээр байдаг. Тийм үед хүнтэй ноцолдож давах нь байтугай, өөрийнхөө зовлогыг дааж явахад ч хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр дараа нь нөгөө хүнтэйгээ таарч барилдахдаа дахиад урмыг нь хугалахгүйн төлөө сайн хичээх хэрэгтэй л гэж би боддог.

-Удахгүй наадам болох нь. “Амьд явбал Улсын наадам үзнэ” гэж монголчууд ярьдаг. Улсын наадмын бөхийн барилдаанд Сэрээтэр, Өвгөнхүү, Мягмар, Бадамсэрээжид, Цогзол, Чанрав гэх мэт хүмүүсийн нэр дуулдахгүй бол төсөөлөхөд бэрх санагддаг. Ингэхэд та наадмын торгон дэвжээн дээр хэдэн жил гарч байна вэ?

-1961 оноос хойш тасралтгүй наадмын дэвжээн дээр гарч байна даа. 10 гаруй жил барилдсан. Дараа нь багшилж, шавь нартайгаа хамт очдог байлаа. Одоо шүүгчээр ажиллаж байна.

-Аль нь танд сайхан байсан бэ?

-Аль аль нь сайхан.

-Наадмын тухай сайхан дурсамжаасаа хуваалцана уу. Таныг улсын цол авахад аав тань их баярласан байх даа?

-Багадаа хурдан морь унадаг байлаа. Миний унасан морь түрүүлж гавиагүй ч сүүлдэж шараа болгож байгаагүй. Аав, ээж хоёр минь “Наадам сайхан боллоо. Морь эцээгүй, хүүхэд эсэн мэнд ирлээ” гээд хуушуур, уух юм барьчихсан угтаж ирдэг нь сайхан. Өөр яах ч билээ. Морио түрүүлэх хэмжээнд уяа сойлгыг нь тааруулж чадаагүй бол миний буруу биш, тэдний буруу юм хойно (инээв). Хожим аав намайг Улсын наадамд барилдахыг үзэж ирчихээд “Чи арай л болоогүй байна даа” гэдэг байсан. Үнэхээр болоогүй л байсан юм чинь. Харин улсын начин болоход “Миний хүү овоо доо. Анхны цолоо авлаа. Гэхдээ чи чөлөөт бөхөөрөө явбал илүү дээр шүү” гэж билээ.

-Та зодог, шуудгаа өөрөө оёод өмсчихдөг байсан гэл үү. Бас олон хүний захиас гуйлгаар зодог, шуудаг оёж өгч байсан гэдэг юм билээ.

-Намайг анх барилдаж байхад зодог, шуудаг оёдог хүн ховор байсан. Миний ээж их уран хүн байсан гэдэг. Надад авьяасынх нь жаахан хэсэг нь өвлөгдсөн юм уу, Түвдэндорж багш, Норов начин хоёроор заалгаад зодог, шуудаг оёж сурсан. Шавь нартаа цөөнгүй зодог, шуудаг оёж өгч байлаа. Одоо бол барахгүй л дээ. Зодогны оёдол маш нарийн ур чадвар шаарддаг юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай