“Өнөөдөр” дагаж биш, дагуулж явлаа

Дөнгөтийн ЦООДОЛ


(Ардын уран зохиолч)

Өнөөдөр” сонины 20 жилийн ой болох нь. Хаа л бол жагсаал цуглаан, заримдаа өлсгөлөн гээд нийгмийн доргио донсолгоон арайхийн өнгөрсөн ч цагийн салхи хараахан тогтоогүй үед “Өнөөдөр” өрхөө татаж байснаас хойш 20 жил болчихдог байна.

Ой, тэмдэглэлт үйл явдал элбэгшиж, ой тэмдэглэнэ гэдэг “хүйтэн цай, зайдан морь” болсон цаг юм даа, өнөөдөр. Манай компани, манай холбоо, нийгэмлэгийн ой, зарим нь бүр нэг жилийн ой гэцгээдэг. Компанийг нь ч, холбоо нийгэмлэгийг нь ч мэдэх хүн ховор. Энэ бүхний дэргэд “Монгол ньюс” ойгоо тэмдэглэхээс өөр яах вэ. Ой гэдэг нь зүйрлэвэл нэг даваа юм. Даваа өөд өгсөж гараад морьтой хүнээр жишвэл олмоо чангалж, алсын замаа нэг сайн харж аваад цаашид явах зам, хүрэх газар тодорхой жийгүүлж гарахад сайхан. “Өнөөдөр”-ийн 20 жилийн ой гэхэд надад зүгээр нэг сонины ой, түүнтэй хувь заяа холбогдсон хэдэн хүний баяр хөөр, санаж дурсах ёстой үйл явдал төдий бодогдсонгүй. “Өнөөдөр” Монголын нийгэмд юу юу өгсөн бэ гээд санахаар л иймэрхүү бодол төрж байгаа юм шүү дээ. Ёс зүйтэй хэвлэл гэж юу байдаг юм бэ, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн гэж ямар сониныг хэлдэг байна, мэдээллийн үнэнч шударга, тэнцвэртэй, шуурхай чанар гэж юу вэ, сонин бусдын эрхшээлд оролгүй өөр үгээр хэлбэл, эздийн халаасанд багтаж жижгэрэлгүй оршин амьдрахын төлөө редакц юу хийх, ямар байх ёстой вэ... олон асуултад “Өнөөдөр” амьд хариулт болсоор, үнэн шулуун үгээ хэлсээр, үг нь “инфляцад” оролгүй 20 жил болов. Ерэн оны ардчилсан хувьсгалын уриа цуурай намхарч, зарим сонин, телевиз, радио, сэтгүүлч, нийтлэл, нэвтрүүлгийн хувьд өсөж дэвжихийн оронд нүхээ алдсан оготно шиг байдалд орж сайн нийтлэл, нэвтрүүлгийн эрэлд хатахаасаа илүү толгой хоргодох ноёд эздийн халаасыг сонирхох болсон цагт “Өнөөдөр” нийгэмд шударга дуу хоолойгоо өргөсөөр, нийтлэлийнх нь нэр хүнд өссөөр ойтойгоо золгож байна. Энэ бол том гавьяа. Бохир заваан орчинд халдвар авалгүй эрүүл саруул 20 жил болов гэсэн үг ээ. Ийм болоход амар хялбар байгаагүй гэдэг нь ч ойлгомжтой. Тэгвэл энэ хэний ач, юуны хүч гэдэг дараагийн асуулт гарна. Хамт олны гавьяа зүтгэл байлгүй яах вэ.

Мөн бидний нэрлэж заншсанаар Бал эрхлэгчийн маань гавьяа маш их билээ. Аливаа юманд суурь тавина гэдэг ойлголт байдаг. Бал “Өнөөдөр”-ийн суурийг аварга сайн тавьсан юм. Модоор яривал ямаа төдхөн зажилчихдаг хэдэн годгор бургас биш, үй зууны настай аварга нарс тарьсан юм аа. Бал хүчтэй, хэнд ч ойлгомжтой, ухаарч ойлгосон хүнд өлзийтэй, үнэнийг хэлбэл авралтай ч гэж хэлж болох үг хэлдэг байсан юм.

1990 оны нийгмийн донсолгоонд миний ажиллаж байсан Зохиолчдын эвлэлийн хороо ч өртлөө. Уг хороог төр засгаас санхүүжүүлдэг цаг өнгөрөв. Миний хувьд тус хорооны нарийн бичгийн дарга, Яруу найргийн зөвлөлийн эрхлэгч хэмээн соохолзож явсан учир нэг хэсэг цалинт ажлаа хийж байгаад Зохиолчдын эвлэлийн онц их хурлын дараа шинэ сонгогдсон дарга Д.Маамтай хороондоо үлдэж ажиллахаар болоод байв. Эрдэм боловсролтой, авьяаслаг дарга маань төрөлхийн намуухан дуу, эелдэг зангаараа,

-Эрхэм нөхөр өө! Хоёулаа зах зээлийн үед хороогоо авч явах үүрэгтэй тулгарлаа. Чи уран бүтээл эрхэлсэн зөвлөхөөр ажиллана гэв. Миний хувьд “Зөвлөх”-ийн ажлаа авалгүй хэд хонож, зөвлөж байснаас юмаа бичээд явж байх нь дээр гэж бодсон минь ойлгомжтой. Шороо тавьсан нэг өдөр (дөрөвдүгээр сарын 17 бил үү, 18) Төв цэнгэлдэх орж, бөх үзээд сууж байтал тэнд яах ч гэж явсан юм Балдорж таарч, хоёул бөх харж байтал тэр шулуун зангаараа, “Хөөе чи над дээр ир! Хэдүүлээ төрийн төв хэвлэл гаргая. Хурдан!” гэж тулгав. Юмаа сараачих завтай болов гэж нэг талаар олзуурхаж сэтгүүлчийн хавтастайн хэрэг юу билээ, шинэ тутам сонинд очоод үзмээр бас бодогдож, сүүлдээ хоёр дахь нь дийлэх маягтай болсон үед Бал Маам даргыг зөвшөөрүүлж чадсанаар би 1990 оны зургадугаар сарын 4-нд тэр үед Саарал ордонд сониноо төвхнүүлж байсан Лигдэн эрхлэгч, Бал хоёрын мэдэлд ирэв. Тэр бол “Ардын эрх”, дараа нь “Өнөөдөр” сонинд сэтгүүлч хэмээх тэрэгний аралд орж, олон жил зүтгэхийн эхэн үе байсан. “АЭ”-д М.Цэдэндоржийн “Цоохор цэргийн Самдан” өгүүллэгт гардагчлан алаг цоохор бүрэлдэхүүнтэй сэтгүүлч, зохиолч, хуульч, агнуурзүйч, их сургуулийн багш, эмч, хөдөө сумын намын үүрийн дарга, цэргийн дарга явсан хүн хүртэл байсан юм. Өөрийн байр байтугай ширээ сандал ч үгүй атар газар эзэмшихээр буусан улс шиг хэдэн хүн эрхлэгч Б.Лигдэн, нэгдүгээр орлогч эрхлэгч, Ц.Балдоржийн тугийн дор жагсаж билээ.

Лигдэн, Бал аль аль нь өндөр мэдлэг боловсролтой, сайн сэтгүүлч, төр засгийн ажлыг ч мэдэх, нам нам гэж намба алдахгүй, төр төр гэж түвэг удахгүй, нуруу сайтай, жинхэнэ төрийн харцуул байсан нь сониноо туйлшруулах, улстөржиж цаг алдахаас ангид, дээдэс, түүний дотор төрийн өндөрлөгүүдэд тал засаж долдгонохгүй, их бага шүүмжлэлд эмзэглэх, зарчим алдлаа гэх хандлага гарвал тухай бүрт нь үндэслэлтэй хариу өгдөг чөлөөт хэвлэлийн зангаргаа үзүүлдэг байсан нь Монголд ардчилсан хэвлэлийг төлөвшүүлэхэд “АЭ”, “Өнөөдөр” аль аль нь чигч шударга сонин болоход сайнаар нөлөөлсөн. Ц.Балдорж мэднэ, чадна гэж хашгичаад байхгүй ч П.Очирбат, Д.Бямбасүрэн, П.Жасрай Н.Энхбаяр зэрэг төр, засгийн удирдлагын хэнээс ч бултганалгүй нийтлэлийн бодлогоо, сэтгүүлчдээ ч хамгаалж, өмнөх нийгмийн мохоо байдлаас эрс зоригтой салах алхам хийсээр явсныг нь тухайн цагийн “АЭ”, дараа нь “Өнөөдөр”-ийн шударга, далайцтай нийтлэлүүдийг эргээд унших юм бол гэрчлээд өгнө дөө. Өдөр тутмын хоёр сонины уран барилгач нь Бал мөн. Барилгачид буюу сэтгүүлчид нь Балын шалгуураар орсон, түүний гараар хүмүүжсэн хүмүүс. Хурдан морь таних, таньснаа уяж сойж чадахын хувьд Төв аймгийн Д.Даваахүү, Д.Онон нарыг одоогоор хэн ч гүйцэхгүйг орон даяар мэднэ. Сэтгүүлч таних, таньснаа бүр нэг сэтгүүлч шиг сэтгүүлч болтол нь билүүдэж чаддаг нь Бал. Үүний жишээ маш олон юм аа. Жишээлээд хэлье! Тарвага, хярс мэтийг түүж ханын сонинд гараад сэтгэл ханаж өөрийгөө анчин гэж боддог жол эр шиг бус, баавгай, хандгайн авд гардаг жинхэнэ анчин адил сэтгүүлчдийн халддаггүй цаст уулын царамд тошчихсон сарлагийн бух шиг албан тушаалын тэртээ өндөрт гарчихсан дээр үеийн Улс төрийн товчооны гишүүд, егзөр дарга, сайд, гадаадын олон томчууд Чингиз Айтматов, Евгений Евтушенко... гээд өөр ч олон аргил амьтадтай нүүр тулан ярилцдаг тэр хэмжээгээр уншууртай ярилцлага, мөлжүүртэй тэмдэглэл хийдэг Д.Цэдэн-Иш, “Өнөөдөр”-өөс Монголын радиогийн даргаар очиж олон жил болсон эрдэмтэн, сэтгүүлч Б.Пүрэвдаш, зохиолчийн ч, сэтгүүлчийн ч, утга зохиолын судлалтны хувьд энэ цагийнхаа сүр сүлд болж яваа хэн нэгэнд олгодог шижир алтан титэм гэж байдаг бол магнайд нь үг дуугүй асаагаад өгмөөр, одоо МУИС-ийн багш До.Цэнджав, парламент, олон улсын амьдралаар мэргэжилтэн болтлоо бичээд одоо ч сониндоо залуучуудтайгаа яваа И.Рэнчинханд нар Балын цэрэг. Спорт, фото зургаар насаараа амьсгалж, “Үнэн”, “Өнөөдөр” хоёр том сонинд өргөөлсөөр албаа өндөрлөсөн гээд бодсон ч хэмжээ дамжаа нь мэдэгдэх Соёлын гавьяат Р.Чулуун, боловсролтой, муухан эрсээс ч дайчин, одоо Элчин сайд яваа Т.Ганди, СУИС-ийн захирал, доктор Э.Сонинтогос, сониндоо төдийгүй Монголын сэтгүүл зүйд алдраа орхиод одсон Л.Болормаа, нэрнээсээ эхлээд ганган амьтан Р.Эмүжин, том дарга явсан “Алдар хүндийн боол болсон” хүн гээд сэтгүүлчийн үзгээ тавиагүй одоо ч хааяа нэг амттайхан өгүүлэл бичиж л явдаг найрагч Д.Нямаа, сонин гэдэг адайр хүлгийг эдлэх шиг эдлээд сурчихсан С.Батбаатар, Д.Заяабат, парламентын суудалд хэдэнтээ сонгогдон заларч буй УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, “Төрд хэрэгтэй зайран” гэдэг нь хашиж яваа алба даягаас андашгүй Б.Монхоо, хилийн цэргийн хурандаа Д.Баасанжаргал, “Үндэсний мэдээ” сонины эрхлэгч Ш.Даваадорж, МСНЭ-ийн тэргүүн Б.Галаарид, чимээ шуугиандаа дөжирсөн энэ цагт ховор хүн, дуугүй доогтойхон гавьяат Шаг.Цэнд-Аюуш, “Хөх сувд” хэвлэх үйлдвэрийн захирал Н.Лутбаяр гээд ярихнаа болох нь. Энэ хүмүүс сэтгүүлчийн үзэг жолоодож явахдаа “хулгайн замаар” хэзээ ч үг тээж байгаагүй. Үнэнээс гажиж, нийгмийн гишүүн хэний ч улыг үл шагайж баримтгүй муулах, магтах, хүмүүсийн хооронд яс хаях, нийгмийн гишүүдийг эв эвдрэлцүүлэх байдал гаргаагүй. Түшмэлүүдэд тал засаж, үнэний гэгээн мэлмий рүү шороо цацаж байгаагүй ээ. Энэ зарчим бол буурал сэтгүүлчдээс дараах үедээ үлдээх гол өв юм. “Өнөөдөр”-т ажиллах нь сургууль дүүргэхээс ялгарах юм байхгүй. “Өнөөдөр”-ийн төгсгөгч олон. Нэгэн үе бидэнтэй Ш.Сүхбаатар, Дарь.Сүхбаатар гээд баян айлын мухар бух нь зуу хүрсэн гэдэг шиг зөвхөн “Сүхбаатар” нэртэй сэтгүүлч зургаа ажиллаж байсан гээд бодохуй. Н.Баярсайханы цэргүүд болох Зар сурталчилгааны албаны Н.Оюунчимэг, Ю.Төгсжаргал, Ч.Энхцэцэг гээд хэчнээн ч билээ хүүхэн ажиллана. Тэд гадуур зар реклам хөөцөлдөөд алга болох. Буцаад ирсэн үед өрөөнийх нь хавиар чимээ шуугиан ихтэй, хаврын шувуу ирлээ л гэсэн үг. Даанч явж явж олж ирсэн зар рекламыг сонин тэр дор нь залгичихна. Хүүхнүүд дахиад л яам газраар явж, дарга сайд нарын хөлд сууж, үүсээд удаагүй, шинэхэн баян цээж өвчтэй гэдгээр сагсуу нь дарагдаагүй компанийн захирлуудыг “онхолдуулж” байгаад эрсэн юмаа салгаж, өт олсон шувуу шиг редакцдаа гүйж ирнэ. Дээр нь компьютерынхон гэж будаа түүж байгаа тахиа шиг өмнөх өмнөхөө тоншсон Р.Эрдэнэдэлгэр, Ц.Гарамханд, Д.Цагаанхүү гээд баахан бүсгүй, өөр хэн хэн ч билээ мартана гэдэг маниас өмнийн юмаа гээд өнгөрөхөөс. Сарын дунд, төгсгөл үеэр бидэнд онцгой дотно санагдаад ирдэг Удирдлага, санхүү, аж ахуйн тасаг С.Гүнсмаа, Д.Эрдэнэчимэг, Б.Халиун, Д.Лувсанцэрэн, Б.Даваажав, Ж.Дулмаа гээд бас л олон хүнтэй. Манай сонин шиг шударга сайхан сонин хаа байна. Манайхан шиг эв найртай, хэн нь ч хэнээсээ дутахгүй ажилсаг хамт олон хаа байна гэж итгэж, Балынхаа үгнээс гарах хүнгүй урам зоригтой нас насны маань хэдэн сайхан жил өнгөрчээ. Тэгтэл үүлгүй тэнгэрээс аянга буух мэт 1996 онд засгаас сониныг маань тараан хаяж баахан хүн ажилгүй боллоо.

Төрөө сонинтой болгосон биш гэрээ нураалгалаа гэж яриад өнгөрч дээ. “Лайтай толгой” Балдорж дахиад л бүхнийг шинээр эхэлж, “Өнөөдөр” сонин одоо ямаршуу болоод байгааг мэдэхгүй хүн юм. Уншигчаасаа Улсын ерөнхийлөгч хүртэл ярилаа, магтлаа. Магтахад амархан. Харин Бал шиг, дээрх сэтгүүлчид шиг зүтгэх тийм ч амаргүй. Бал маань маш өндөр мэдрэмжтэй, эцэж цуцашгүй, шаардлага сайтай нэгэн. Санаачилгагүй, сэтгэлгүй, үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажил оромддог хүнийг нэг нүдээр үзэхгүй. Зэмлэх, цалин, бичлэгийн шагнал хасах юу ч биш, халаад хаячихаас ч сийдэггүй байсан. Нэг үе манайхан амралтын цагаар ажиллаж наадам баяр болж байхад сууцгааж, юун сурвалжилгын машин энэ тэр байх вэ “хоёр шаргаараа” жирийцгээж юм юм л болцгоож байлаа. Гэвч ажлаа хаяад явчихсан хүн олон байхгүй байх аа. Сонины нүүр булан гэдэг бол тариа ногооны их бага талбай л гэсэн үг. Тэгвэл “Өнөөдөр” гэдэг аж ахуйн тариа ногооны талбай хэзээд эзэнтэй байжээ. Ургац алдаж байгаагүй, хог ургамалд ч автаагүй. Ажлын цаана гарлаа. Сайхан дугаар хэвлэгдлээ. Эрхлэгч маань ердөө л бидний өрөөсөн болоод ирнэ. Хи хи хи инээсэн шиг хэн нэгнийг явуулж, онигоо ярьсан шиг сууна. Залуудаа яаж алдсан оносноо ярьсан шиг ажилд дарагдаад бичихээр эхэлсэн жүжиг, кино, өгүүллэг, туужиндаа салхи оруулж чадахгүй байна гэж гасалсан шиг л явдаг сан. Энэ мэт энгийн байдал хамт олны агаар амьсгалыг аятайхан засаж орхино. Хааяа хааяа боож үхэхээ магадгүй харагдаж байсан Бал сайн юм бичсэн сэтгүүлчийг шагнах, байсхийгээд хамт олноо салхинд гаргах, спортын уралдаан тэмцээн зохиохоо мартана гэж үгүй. Шинэ жилийг манайхан маш сайхан тэмдэглэдэг байлаа. Тэр бүхэнд өөрөө оройлон оролцоно. Цэмцэгнээд байхгүй. Алив найз нар аа! Болванууд аа! гэсээр инээд алдан үзэж өгнө дөө. Баяр өнгөрнө. Их ажил эхэлсэн шиг эхэлнэ. Шинэ дугаарт орсон материалын чанар, алдаа оноо хэлэлцэнэ. Шагнуулна, зарим нь “алуулна”. Өглөөний мэдээ хүн бүр хэлнэ. Мэдээ олчихсон хүн намайг хэн яадаг юм гэсэн царайтай додигор. Мэдээг нь үзтэл муухай царайтай. Редакцууд нийтлэл мэдээллийн их бага төлөвлөгөөгүй явж их алдсан юм. “Үнэн” сонинд байсных Балдорж хуучны сайн гэсэн уламжлалаа ер хаяагүй. Тэр нь манайханд хэрэг болсон. Дээр үед Хөдөө аж ахуйн нэгдлийн тэргүүний дарга, хөдөлмөрийн баатар гэдэг нийгэмд тустай, нийтэд алдартай хүн олон байв. Магадгүй тэд нэг нэг гол аргатай байсан ч юм бил үү. Тэгвэл Балд тэр бүгдийн ажлын арга барилаас бүгд байдаг юм биш үү гэж надад санагдсан удаа бий. Дандаа л завгүй явна. Гэхдээ хэн, юу хийж байгааг, түүнд яаж туслахаа мэднэ.

Би хааяа уран бүтээл хийнэ гэж чөлөө гуйна. Жаахан цааргалж байгаад зөвшөөрнө, тэгэх тусмаа бүр цалинтай чөлөө өгнө. Бүтэн жилээр яваад ир гэсэн удаа байдаг. Тэр үед сонины сан хөмрөг одоо шиг байсан биш. Би нэг сар, нэг өдрийн ч цалин авч байгаагүй. Зүгээр л чөлөө авсандаа баярлаад уяагаа тавиулсан нохой шиг арилж өгдөг байлаа. Тэгж үе үе алга болсныхоо ачаар л би “Шар тэмээний нутаг”, “Хонины боол” номынхоо ихэнх хэсгийг бичиж, А.Чеховын “Хэтэвч”, Ги де Мопассаны “Сураггүй бологч” номыг орчуулж, хэдэн шүлэг, дуулиа ноороглож авсандаа хэзээ ч эргэж ирэхгүй ухаант нөхөртөө баярлаж явдаг юм аа. Энэ яах вэ гэхэд намайг “Болор цом” авах, төрөөс хайр шагнал хүртэх зэрэгт ч ялгаагүй зөвлөлийн гишүүдээ цуглуулчихсан, таваг тариа засчихсан баяр хүргэж, би болохоор гэнэтийн аюулаас хүн аварсан гавьяатан шиг хүндтэн болон хувирдаг байсан. Надтай надгүй сонин нь мандаж байхад сониныхоо нэр хүндийг өргөлөө гэж талархаж байна гэдэг сайхан сэтгэлтэй, юм бүртээ жигд хүрч чаддаг хүний шинж биз дээ. Тэр ирээдүйдээ, ажлынхаа эцсийн үр дүнд итгэдэг, амласандаа хүрдэг байсан юм. Сайн ажилласан сэтгүүлч сард наад зах нь сая бор юм авдаг болно. Манай сонин яваандаа сэтгүүлчдийн дунд хэдэн саяын шагналтай уралдаан үе үе зарладаг болно. Бүгд түүний хүсэж мөрөөдсөн, сэтгэлд нь багтаж явсан зүйл. Одоо хэрэгжээд эхэлчихсэн явдал. “Балдорж” сангийн (манайдаа дээд шагнал) таван мянган долларын шагналтай байгаа уралдаан үе үе биш бүр тогтмолжсон биз дээ.

Ганц энэ ч биш бодох тусам Бал ядарч зүдэрсэн нэгэндээ яаж тусалж байсан, сониноо яаж байртай болгосон, сурвалжлагчид явган таваргаад байхаар хэрхэн санаа зовж, нэг их удалгүй яаж унаажуулж, редакцаа яаж компьютержуулж, өөрөө сайтар хөөцөлдсөний хүчинд зарим ажилтандаа хэрхэн байрны түлхүүр атгуулж байсан нь санагдах юм. Амьдрал тэр үед, одоо ч гэсэн дээрдэх юм алга. Тэгэхдээ л манай редакц хүмүүсээ захаас нь амралт болон гадаадад явуулж нүд тайлуулдаг байсан билээ. Хүнд хүний тус багадна гэж байдаггүй. Энэ жилийн Цагаан сараар манай ахмадуудыг сонин хүлээн авах үеэр тэд ярьж байх юм. Хүүхдүүд, ялангуяа хөдөөгийн бяцхан жаалууд, ёотон, элсэн чихэр мэдэхгүй өсөж байсан тэр үед Бал хаанаас ч авчирсан юм манайханд үнэгүй ёотон түгээж байсан тухай ярихад би ч гэсэн эргэж санав. Бас нэгэн өвлийн босгон дээр зургаан Сүхбаатарын нэг, гараашийн дарга Сүхбаатараар айлуудад хонь тараалгаж байсан тухай нөгөө нэг нь дурсаад авч байна лээ.

Энэ мэтийн эгэл яриа эрхэм хүмүүст дэндүү юухан хээхэн санагдаж магадгүй. Гэвч манайхны ужиг удаан лайтай шилжилтийн үе дөнгөж эхэлж, амьдрал барзайхаараа барзайчихсан тэр үед хэнд ч юухан хээхэн мэт санагдаагүй биз ээ. Том том ажил амжуулангаа жижгийг нь ч мартдаггүй хүний тухай л яриа байлаа тэр.

“Монгол ньюс”-ийнхэн 20 жилийнхээ их ажлын цаана гарах гэж байна. Ойн хамгийн хүндтэй суудалд суух ёстой хүн ирэхгүй болоод бараг арав шахам жил болов. Тайтгарах юм гэвэл “Өнөөдөр” гардгаараа гарч, Балын эхэлж харж, сайтар чиглүүлээд орхисон сэтгэлийн цэнхэр хөтөл тийш итгэлтэйеэ замнаж явна. Ханийнхаа үүсгэсэн галыг сэтгүүлч Намсрайн Шүр, сонины ерөнхий эрхлэгч Балын маань охин Б.Нандинтүшиг нар авьяас ухаант залуу нөхөдтэйгөө гар нийлэн бадрааж явна. “Өнөөдөр”-ийн Д.Оюун-Эрдэнэ, Г.Цолмон, Х.Болормаа, О.Бат-Ундрахаас эхлээд миний танихгүй авьяаслаг олон дүү дээ их амжилт ерөөе. Өнөөдрийг хүртэл өндөр нэр хүндтэй хэнийг ч дагаж биш, дагуулж яваа “Өнөөдөр”-өө авч явах эрхэм үүрэг Та бүгдийн минь мөрөн дээр иржээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай