Өсвөр насны өвөө, эмээтэй болох вий

Өсвөр насны өвөө, эмээтэй болох вий

Насанд хүрээгүй хүнд архи, тамхи, ахуйн хэрэглээний хий худалдахыг хориглосон журам уг нь бий. Гэвч уг журам хэрэгждэггүйг бүгд мэднэ. Түргэн үйлчилгээний цэгээс эхлээд хүнсний дэлгүүрүүд ч тамхи сурагласан хүүхдэд гаргаад л өгчихнө. Үүнээс болоод өсвөр үеийнхэн тамхи татах ихсэж буй. “Тамхины хөнөөл аажимдаа илэрнэ. Гарчих байлгүй дээ” гэж найддагийнх уу эсвэл, дэлгүүрүүд ашгаа боддогийнх уу зарсаар л буй. Гэтэл ийм хайхрамжгүй байдлаас болоод тамхинаас илүү аюултай хүчин зүйлд өсвөр насныхан автаад эхэллээ. Тэр нь ахуйн хэрэглээний хий.

Өсвөр насны хүүхдүүд ахуйн хэрэглээний хий үнэртэн мансуурах, улмаар хүний амь эрсдэх явдал гарах болсонтой холбогдуулан 2012 онд нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид тогтоол гаргаж, 18 нас хүрээгүй хүнд хий худалдахыг хориглосон.

Нэг хэсэг хүнсний дэлгүүрүүдээр худалдахыг ч зогсоож байв. Хий үнэрлэх, түүнийг дагаад гарах эрсдэл цөөрөхгүй байгаа тул аймгуудын Засаг дарга нар 18 нас хүрээгүй хүнд хий худалдахыг мөн хориглож эхэлжээ. Дорноговь аймгийн Сайншанд суманд 2016 он гарсаар 12 хүүхэд хий үнэртэн, мансуурсан тул хориг тавьж. Тэдний ахмад нь 19 настай. Мөн Орхон аймаг ийм хориг тавьжээ. Гэвч ийм журам, хориг, сэрэмжлүүлэг уриа төдий болсныг арав гаруйхан настай хүү дэлгүүрээс хий авахад чихэр юм шиг л ямар ч асуудалгүйгээр өгөөд гарахаас харж болно. “Ахуйн хий худалдан авч буй хүний биеийн байцаалтыг шалгах, хийн жин, худалдсан огноо зэргийг хэрэглэгчийн дэвтэрт бичнэ” гэсэн айхтар анхааруулга сүржигнэл төдий байсаар. Аймаг, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний дэлгүүрүүдэд хяналт тавих үүрэгтэй ч тэр бүр шалгах боломжгүй гэнэ. Удирдамж эсвэл, иргэдийн гомдлын дагуу зөрчлийг шалгадаг учир аль дэлгүүр хүүхдэд хий худалдаж байна гэдгийг хянадаггүй аж.

Хий худалдах ашигтай учир дэлгүүрүүд эрсдлийг нь тооцолгүй борлуулдаг юм байна. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Наран” супермаркетийн худалдагч Т “Манайх уг нь хий зардаггүй. Гэтэл орон сууцны хүмүүс “Цахилгаанд хэмнэлттэй. Яаралтай үед хэрэг болдог, зараач” гэдэг. Тиймээс бид саяхнаас хий худалдаж эхэлсэн. Ямар нэг зөвшөөрөл авдаггүй юм билээ” гэв.

Түүний мэдээллийн мөрөөр “Горгаз” ХХК-ийн мэргэжилтэнтэй холбогдож, дараах асуултад хариулт авлаа.

-Танайх ахуйн хэрэглээний хий худалддаг бил үү. Би хувийн дэлгүүртэй юм. Хий худалдах гээд.

-Худалддаг. Манайх хийгээ Солонгос улсаас оруулж ирдэг.

-Зах, худалдааны төвүүдэд хамгийн хямд нь 1750 төгрөг байх юм. Танайхаас авбал арай хямд уу?

-Манайх нэг ширхгийг нь 1600 төгрөгөөр худалддаг. Олныг авбал 1550 төгрөгөөр өгч болно. Бүр олныг авна гэвэл нягтлантай ярьж, 1500 төгрөг болгож болно” гэв.

Дэлгүүрүүд нэг баллон хийг хамгийн хямддаа 2200 төгрөгөөр худалддаг. Тэгэхээр хий ашигтай наймаа учир “Авъя” гэсэн бүрт худалддаг нь ойлгомжтой ажээ.

Үнэртэж байсан хий нь дэлбэрч, эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүдийн талаарх таагүй мэдээ сүүлийн саруудад тасралтгүй хөвөрсөөр. 2016 оныг бид хий үнэртэж мансуурсан хүү эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ авч чадалгүй нөгөө ертөнцөд очсон гэх бараан мэдээгээр угтсан. Үүний дараахан 16 настай хүү хий үнэртсэний улмаас гудамжинд мансуурч, өөрийгөө хянах чадваргүй хэвтэж байхад нь хүмүүс олж эмнэлэгт хүргэсэн байдаг. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын сургуулийн төгсөх ангийн сурагчдын үнэртэж байсан хий нь дэлбэрч, хүүхдүүд одоо эмчлүүлж буй. Албаны хүний мэдээлж буйгаар он гарсаар ахуйн хий үнэрлэсэн 20 гаруй хүүхэд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тэдний олонх нь дэлгүүрээс хий худалдаж авсан хэмээж буй бол зарим нь “Гэрт хий байсан” гэжээ. Энэ нь хүүхдэдээ тавих эцэг, эхийн хяналт сул буйг харуулна. Нөгөөтэйгүүр болох, болохгүйг учирлаж, хор хөнөөлийг нь тайлбарлахгүй шууд хориг тавьдаг томчуудад ч буруу байгааг албаны хүмүүс хэллээ.

Хий үнэртэх нь мансууруулах бодист донтох эхний шат ажээ. Түүнийг үнэрлэсэн хүүхдийн ухаан самууран хий юм харж, сонсдог гэнэ. Мөн орон зайн баримжаагаа алддаг байна. Цаашлаад сэтгэл санаа нь тогтворгүй болж, харшил өгөн гар, хуруу, нүүрээ байнга мааждаг болдог аж. Энэ мэтээр хий нь хүний биед маш олон сөрөг нөлөөтэй бөгөөд урт хугацааны эмчилгээ шаарддаг гэнэ. Энэ талаар Наркологийн эмнэлгийн их эмч М.Гансүхээс тодруулахад “Хий үнэртсэн хүүхдэд хамгийн эхлээд хордлого тайлах эмчилгээ хийдэг. Цаашлаад хорыг нь биеэс нь гадагшлуулах эм уулгана. Тэр эм өртөг өндөртэйн дээр олдоц муутай. Хийн хордлого биеэс гарах тусам хүний бие түүнийг нэхдэг. Тиймээс эмчилгээ хийлгэж буй бол тэвчээртэй байх нь чухал. Зарим хүүхэд үүнийг тэсвэрлэхгүй дахин үнэртэж, донтсон байдаг” гэв. Хамгийн аюултай нь хий хэрэглэгч өсвөр насандаа ужиг өвчтэй болох магадлалтай ажээ. Тодруулбал, бронхит, астматай болдог гэнэ. Улмаар ухаан нь самуурч, ой тогтоолт нь мууддаг аж. Харин хийг тогтмол үнэрлэвэл хар тамхи хэрэглэх суурь нь тавигддаг аж.

Үүнээс үзэхэд, гаргасан журам, дүрмээ хэрэгжүүлж, хяналтгүй худалдааг хориглох цаг болжээ. Эс бөгөөс 20 орчим настай ч арьс нь унжиж, харшилд дарлагдаад, бөгшүүлэн ханиасан өсвөрийн өвөө, эмээтэй болох нь.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай