“Өнөөдөр”-ийнхөн залуужин, байнга эрэл хайгуул хийж, хөгжин дэвжиж буй нь итгэл төрүүлж байна

“Өнөөдөр”-ийнхөн залуужин, байнга эрэл хайгуул хийж, хөгжин дэвжиж буй нь итгэл төрүүлж байна

Э.СОНИНТОГОС (СУИС-ийн захирал)


Хэвлэл мэдээлэл бол ярвигтай, хүнд салбар. Одоогийнх шиг өдөр өдрөөр нийгэм хувьсаж, үнэн худал өчнөөн янзын мэдээлэл цахим ертөнцөөр санаатай, санамсаргүй тарж буй, бас бараг л хүн бүр “сэтгүүлч” болсон ийм үед мэргэжлийн түвшинд орон зайгаа хадгалж, хамгаалж үлдэнэ гэдэг бол уйгагүй хөдөлмөр, тэвчээр, том зориг, хариуцлага юм. Нийгмийн сэтгэл зүйг зөв чиглүүлэх, сэтгэл хөдлөлд автаж дуулиан шуугианыг дэвэргэхгүй, хэвлэлийн эрх чөлөө нэрийн дор популизм хийхгүй байх, цаг үеэ мэдэрч ажиллах нь хэвлэлийнхний үүрэг. Урлаг, соёлыг хүн зөвхөн амрах үедээ зугаацдаг, арын нүүрийн сэдэв юм шиг эндүүрдэг. Энэ хандлага амь бөхтэй байгаа нь өнөөдөр монголчууд эв түнжингүй, оюун санааны элитгүй, ийм сайхан газар нутгийн эзэн болж төрсөн мөртлөө эх орондоо хоноцын сэтгэлээр хандаж, учраа олохгүй мунгинахад хүргэсэн ч байж магад.

Монголчууд монгол хэлээрээ яриад бие биенээ ойлгохоо больжээ. Тэгвэл тэр ойлголцлын нэг хэл нь сэтгүүл зүй юм. Дөрөв дэх засаглал гээд байгаа нь улс орны том ачаанаас үүрч, хариуцлага хүлээнэ, өргөн цараатай сэтгэнэ гэсэн үг. Яаж гэдгийг сэтгүүлч та нар мэднэ.

Танай хамт олон залуужиж, байнга эрэл хайгуул хийж, хөгжин дэвжиж буй нь итгэл төрүүлж байна. Бал эрхлэгчийн эзгүйд, түүний шалгуурт нийцүүлэн, сониноо өдий дайтай тулхтай авч яваа “Өнөөдөр”-ийн хамт олноор би бахархдаг. Үндэсний эрх ашигт үнэнч байж, бодитой, хурдтай, уртай, нухацтай, хурц бөгөөд соёлтой мэдээ, нийтлэлээр уншигчдаа дагуулах эрхэм хөдөлмөрт нь амжилт хүсье!

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай