АВРААЧ, гэхдээ би нөхөртөө гомдохгүй

АВРААЧ, гэхдээ би нөхөртөө гомдохгүй

Гэр бүлийн хүчирхийлэл хаалттай хаалганы цаана өрнөдгийг хүн бүр мэддэг болсон. Үүнээс болж хэчнээн эмэгтэй, хэдэн хүүхэд айдас дунд өдөр хоногийг өнгөрөөж буй нь тодорхойгүй. Ямар олон хүү аавынхаа “шийрийг хатааж”, хүний охиныг хүчирхийлэгч араатан болон хувирч буйг ч таах аргагүй. Гэр бүлийн хүчирхийлэл бусад гэмт хэргийг бодвол нийгэмд үзүүлэх хор хохирол илүү байдаг гэж мэргэжлийн хүмүүс хэлэх юм билээ. Учир нь хүчирхийлэгч хүчирхийлэгчийг төрүүлдэг. Ийм айлд өссөн хүү хүчирхийлэгч болж, охин нь үүнийг тэвчин өнгөрөөгч болж хувирдаг гэнэ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Өвөрхангай аймагт албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч амиа алдсаныг уншигчид санаж буй биз ээ. Талийгаач гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар очоод амиа алдсан. Наад захын ийм жишээнээс айлын хаалганы цаана өрнөж буй хүчирхийлэл ямар олон хүнд халгаатай болохыг харж болохоор юм шиг. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 98 хувийг эмэгтэйчүүд, 60 гаруй хувийг хүүхэд эзэлдэг гэнэ.

Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэж байхад мөрдөгч байсан эр эхнэр, хүүхдээ удаа дараа хүчирхийлэн, шүүхээр бүгд найрамдахаа уншуулж байв. Зарим тоо баримтаас эш татахад, хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн дийлэнх хувийг дээд боловсролтой хүн эзэлж байгаа бол хүчирхийлэл үйлдэгчийн олонх нь ажилгүй нөхөр байна.

Өнөөдрийг хүртэл гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэг биш, харин түүний шалтгаан байсан юм. Олон хүн хүчирхийллийн гол шалтгаан нь архидалт гэж үзэж байжээ. Гэтэл цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаанаас үзэхэд хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэргийн 32 хувийг нь согтуу хүн хийсэн байж. Ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдөх Эрүүгийн шинэ хуульд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэдэг шинэ зүйл анги орсон.

Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ нэн яаралтай батлах хэрэгтэй байгаа юм. Уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд хоёр жил орчим болж буй. Нийгэмд хамгийн хэрэгтэй байгаа хуулиа ингэж удаан хойшлуулж байгааг гайхах хүн олон.

ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд энэ оны эхний гурван сард гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 5166 дуудлага иржээ. Түүнчлэн улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 400 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 46 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Нийслэлийн хэмжээнд ч энэ төрлийн хэрэг 60 гаруй хувиар өсчээ.

Гэр бүлийн хүчирхийллийн талаар бид байнга л ярьж, бичиж, уншиж, сонсож байдаг. Гэвч энэ нь зарим хүний чихний хажуугаар өнгөрдөг бололтой. Иймээс бид үүний талаар жишээ баримттайгаар, ямар хор хохирол учирсан болохыг уншигчдадаа хүргэхээр зорилоо. (Доорх жишээнүүдийн хохирогч, холбогдогчийн нэр болон гэрийн хаягийг нууцалсан.)

БАРИМТ 1

Өсвөр насны хүү Баяр ангийнхаа охиныг зоджээ. Бүр үснээс нь зулгаагаад, газраар чирсэн байна. Охины үс алга дарам газар халцарчихаж. Ээж нь охиноо дагуулан, цагдаагийн байгууллагад хандсан байна. Ингээд яагаад, юунаас болж, охиныг Баяр ингэтэл зодох болов хэмээн шалгаж эхэлжээ. Мэдээж маргалдсан шалтгаан нь өчүүхэн байх нь ойлгомжтой.

Гэтэл хүүгийн аав гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч байв. Ээжийг нь үргэлж зодож, тарчлаасаар нэг л өдөр биед нь хүнд гэмтэл учруулаад, одоо хийсэн хэргийнхээ ялыг эдэлж буй гэнэ. Харин ээж нь “Манай гэрийн орлого олдог ганц хүн байсан юм. Гаргаад өгөөч. Бид яаж амьдрах юм бэ” хэмээн шүүх, цагдаагийн үүд сахиж суугаа зовсон эмэгтэй аж.

Эндээс гэр бүлийн хүчирхийлэл гэгч “хадны мангаа” өөрийн тойргийг үүсгэн, дараагийн хүчирхийлэгчийг бэлтгэж байдаг нь харагдаж буй юм.

БАРИМТ 2

Дунд сургуулийн долдугаар ангийн сурагч охин Гэрэлээ нэг өдөр ээждээ “Би ер нь тэнэг мангар хүүхдүүд сурдаг сургуульд оръё доо” гэжээ. Энэ охин сүүлийн хэдэн жил хичээл сурлагадаа эрс муудаж, хэнтэй ч найзалдаггүй, үг ч дуугардаггүй болсон гэж багш нар нь ярьсан байна. Хичээлээ огт хийдэггүй, багш нь юм асуухад өөдөөс нь ч хардаггүй байсан тул сургуулийн удирдлага түүний сэтгэцэд эргэлзэж эхэлжээ. Тиймээс охиноос гурван ч удаа сэтгэц мэдрэлийг нь шалгах сорил авсан байгаа юм. Үүнээс болж охин өөрийгөө үнэхээр сэтгэцийн өөрчлөлттэй хэмээн итгэсэн гэнэ.

Гэрэлээгийн гэр бүлийг судлаад үзтэл аав нь үргэлж ээжийг нь зодож, аймшигтайгаар харааж, зүхдэг байж. Энэ нь өсвөр насны охины сэтгэл зүйд нөлөөлж өөрийгөө нийгмээс тусгаарлаж эхэлжээ. Энэ байдлыг багш нар нь зөвөөр ойлгож, нийгэмшихэд нь туслахын оронд эсрэгээрээ өөрийгөө тэнэг гэж бодтол нь түлхсэн аж. Охины сэтгэл санаа үүнээс болж, улам доройтон “Би тэнэг болж төрсөн учраас аав ээж хоёр ингэж хэрэлдэж муудалцдаг юм байна. Би л энэ гэр бүлд гай таригч бололтой” гэж өөртөө итгүүлсэн гэнэ. Шилжилтийн насны хүүхэд ийм зүйл бодож явах нь дараагийн болчимгүй алхам хийх нэг шалтгаан болно гэдэгтэй маргах хүн үгүй биз.

БАРИМТ 3

Даш, Саруул хоёр гэр бүл зохиогоод 20-иод жил болж буй, дөрвөн хүүхэдтэй. “Хөөрхөн хүү, охин төрүүлээд өгчихвөл хардаж, зодохоо болих байх” гэсэн бодол Саруул гэрлэсэн цагаасаа хойш тээж явжээ. Даш эхнэрээ үргэлж хардан, зоддог байж. Бүр “Дэлгүүр ороод хүнс цуглуулаад ир” гэж Саруулд мөнгө өгч явуулчихаад араас нь яг л тагнуулчтай кинонд гардаг шиг нууцаар дагадаг байжээ. Араас нь ийнхүү дагаад байгааг мэдсэн Саруул “Чи яах гээд ингэж юм юмны араар нуугдаж, хүн дагаад байгаа юм бэ? Тэгвэл өөрөө явахгүй яасан юм бэ” гэхээр нь “Чи юугаа нуугаад байгаа юм бэ. Чамайг дагахаар яадаг юм” гээд гудамжинд явж буй олон хүний нүдний өмнө хайр гамгүй зодсон гэнэ.

Энэ мэт олон зодуурын эцэст Саруул биедээ хүнд гэмтэл авч, баруун гарынхаа шууг хугалуулжээ. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан байна. Хэрэг нь шүүхээр шийдэгдэж нөхөр Даш нь шоронд орохын даваан дээр Саруул “Үр хүүхдүүдээ өнчрүүлээд яах вэ. Би гомдолгүй. Архи дарс огт амсдаггүй хүн юм чинь засрах найдвар бий. Нөхрийг маань суллаач” гэж өргөдөл өгөөд, хэргийг хэрэгсэхгүй болгуулжээ. Гэвч яг нэг жилийн дараа Саруул дахин цагдаад хандсан байна. Тэрбээр өмнөх жил нь хугалуулсан гараа дахин гэмтээгээд, зүүн гуяндаа хутгалуулаад иржээ.

Үүнээс хүчирхийлэгч тийм амархан засардаггүй, эхнэр нь өөрийг нь яаж хамгаалсныг юман чинээ боддоггүйг харж болох юм. Тиймээс үнэхээр харгис, хэрцгий авиртай бол эр нөхрийнхөө гарт амиа алдаж, үр хүүхдээ жинхнээсээ өнчрүүлэхээс өмнө хууль хяналтын байгууллагаар шийдүүлж байх нь зүйтэй болов уу.

БАРИМТ 4

Чимэгээ нөхөр, хоёр хүүхэдтэйгээ нийслэлд амьдардаг. Гэр бүл болоод арав гаруй жил болж буй. Хамтдаа босгосон амьдрал нь тийм ч сайхан байгаагүй гэнэ. Үргэлжийн хардалт, доромжлол, зодуур дунд амьдарсан ч “Дахиад намайг зодохгүй байх” гэсэн итгэл найдварын хүчээр тарчлаант олон жилийг даван туулжээ. Гэвч нэг л өдөр өөрөө ялтан болов. Тэсэхийн аргагүй өвдөлт, доромжлолыг мэдэрч байсан Чимэгээ биеэ хамгаалахын эрхэнд гарт таарсан модоор нөхрийнхөө толгой руу цохичихов.

Үүнээс болж нөхөр нь тархиндаа хүнд гэмтэл авч хоёр нүд нь сохорч, насаараа тэргэнцэр дээр суух болжээ. Хүн зодох нь байтугай бусдын тусламжгүйгээр “морь харж” ч чадахаа больсон гэнэ. Харин Чимэгээ бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр шүүхээр ял шийтгүүллээ. Өсвөр насны хоёр хүүхэд нь хараагүй, суумгай аавыгаа асрах болж, ээжийгээ шорон руу “үдэв”.

Эхнэр, хүүхдэдээ хааяа гар хүрчихдэг хүн дээрх жишээг дахин нэг уншихад гэмгүй. Учир нь хүчирхийлэгч ч бас хохирогч болж болдгийг дээрх явдал харуулсан. Бяр чадлаар илүү байсан ч адилхан махан биетэй гэдгээ мартаж болохгүй. Энэ бүхний эцэст үр хүүхэд л хамгийн их зовж, шаналж, хүүхэд насаа үгүй хийж байна шүү дээ. Та тоон мэдээнээс манай улсад гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүгээр л яриад өнгөрөх биш бүх нийтээр тэмцэх учиртай аюул гэдгийг харж болно.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Хүн бүр хүчирхийллийг үл тэвчигч байх ёстой

Гэр бүлийн хүчирхийллийн талаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.

-Гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс үүдэн гарах гэмт хэрэг жил бүр нэмэгдэж байна. Үүний шалтгааныг та юу гэж бодож байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оныхоос нэмэгдсэн нь статистикаас харагдаж буй. Өнгөрсөн 2014 онд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бие даасан нэгж байгуулсан. Үүнтэй холбоотойгоор энэ төрлийн гэмт хэргийн тоо өсөж байгаа. Далд байсан гэмт хэрэг одоо ил болж буй.

Өмнө нь иргэд “Эхнэр, нөхрийн хэрүүл бидэнд ямар хамаа байх вэ” гээд тоодоггүй, зарим нь “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гээд холбогдох байгууллагад мэдээлдэггүй байсан. Харин одоо бол “Хажуу айлын хүн эхнэрээ зодоод байна, дээд айлын хүүхэд их чанга уйлаад байна” гэх зэргээр мэдэгддэг болсон. Хүүхдийн утас 107 дугаарт “Ээжийг минь аав зодоод байна” гэж ярих нь бий. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийн тоо нэмэгдсэн гэхээсээ ил гарч байгаа гэж хэлмээр байна.

-Гэр бүлийн хүчирхийлэлд манай иргэд яаж ханддаг вэ. Ходоод хагаравч тогоондоо гээд аль болох бусдад мэдэгдэхгүй байхыг хичээдэг юм шиг.

-Харин наадах чинь л гэр бүлийн хүчирхийллийг цэцэглүүлэгч байж магадгүй. Учир нь эмэгтэйчүүд гэр бүлийн, өөрийн болон нөхрийнхөө нэр төрийг боддог. Нэг удаа зодуулаад чимээгүй өнгөрдөг. Ийм үйлдэл хэд хэд давтагдсаны дараа аав, ээж хадмууддаа хэлдэг. Түүнийг гэр бүлийнхээ хүрээнд ярьж тохироод шийддэг. Гэвч өөрчлөлт гарахгүй.

Энэ нь даамжирсаар хүний амь нас, эрүүл мэндийг хохироох талтай. Хохирогч болж буй эмэгтэй зодуулах дуртайдаа тэвчиж амьдардаггүй. Хүчирхийлэгч нь хүүхдийн аав, гэр бүлээ тэжээгч нь байх магадлал хамгийн их байдаг. Тэгэхээр хүүхдээ өнчрүүлээд, хоолгүй хоцорсноос дээр гэж олон эмэгтэй үздэг юм.

-Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийг хэрхэн шийдэж байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэхэд их түвэгтэй. Энэ бол иргэд хоорондын маргаан биш. Гэр бүлийнхээ хүрээнд ярьж тохироод шийдэх зүйл бүр ч биш. Учир нь энэ бол удаа дараа давтагддаг, даамжирдаг, хүнд хэлбэр рүү орж гэр бүлийн гишүүдийн хэн нэгний амь нас, эрүүл мэнд ноцтой хохирдог. Даамжирсаар хүчирхийлэгч ч өөрийгөө “Миний эхнэр юм чинь би зодож болно”, харин хохирогч нь “Би угаасаа л ийм тавилантай хүн юм байна” гээд өөртөө итгүүлчихдэг. Үнэндээ хүн бүр хүчирхийллийг үл тэвчигч байх ёстой.

Бид хүчирхийлэл үйлдэж буй хүмүүсийн зан үйлд өөрчлөлт оруулахын тулд сургалт зохиож байна. Мөн “Хөршийн хяналт” аян зохион байгуулснаас хойш энэ төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэх нь олширсон. Тиймээс иргэд ч гэсэн хөршийнд чинь хүчирхийлэл үйлдэж байж болзошгүй байвал нэн даруй бидэнд мэдэгдэх хэрэгтэй. Тэнд чинь хүний амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр байдаг юм.

ТООН МЭДЭЭ

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай